Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1098

 

      “Жиашидэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/00535 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ганхуягт холбогдох

Гэрээний үүрэгт 28 867 740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Орон сууцны талбайн зөрүү 9 212 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дамдинжав,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д.Ганхуягтай “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих” №73 тоот гэрээ байгуулсан. Д.Ганхуяг уг гэрээгээр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 74 тоот 54.92 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалсан бөгөөд гэрээний дагуу “Жиашидэ” ХХК-д 68 650 000 төгрөг төлөх ёстой байсан. Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээний 1.2-т зааснаар 1 м.кв талбайг 1 250 000 төгрөгөөр тооцсон. “Жиашидэ” ХХК нь орон сууц барих үүргээ хугацаанд нь биелүүлж, улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд орон сууцны урьдчилгаа төлбөр болох үнийн дүнгийн 58 хувь буюу 40 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 28 650 000 төгрөгийг төлөөгүй. Гэрээнд зааснаар улсын комисс хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор захиалагч үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т “захиалагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт үнийн 0.01 хувийн алданги гүйцэтгэгчид төлнө” гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн 76 хоногийн /28650000 x 0.01%= 2 865/ 217 740 төгрөгийг алдангид төлнө. “Жиашидэ” ХХК-иас Д.Ганхуягт 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тус тус бичгээр үлдэгдэл төлбөрөө төлөх талаар хугацаатай мэдэгдэл хүргүүлж, Д.Ганхуяг хүлээн авч гарын үсэг зурсан боловч үүргээ биелүүлээгүй. Иймд Д.Ганхуягаас гэрээний үлдэгдэл төлбөр 28 650 000 төгрөг, алданги 217 740 төгрөг нийт 28 867 740 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дамдинжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ганхуяг 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ”-г “Жиашидэ” ХХК-ийн захирал Шү Шианхуатай байгуулж гэрээнд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 74 тоот 54.92 м.кв байрыг захиалж 1 м.кв талбайг 1 250 000 төгрөгөөр тооцож, үнийн дүнгийн 58 хувь болох 40 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээний хавсралтаар төлж дуусгахаар гэрээ байгуулсан. Энэ байранд орсны дараа ус болон тог байнга тасарч, гүйцэтгэгч талтай холбогдох арга хэмжээг авч засуулж хэвийн, аюулгүй орчинд амьдрах арга хэмжээг авах, улсын комисст хүлээлгэн өгсөн талаар тодруулах гэсэн боловч гүйцэтгэгч талын эзэд хоорондоо маргаантай, эзэн тодорхой бус байсан учир төлбөрийг хэнд, хаана төлөх боломжгүй болсон. Ингээд 2016 оны 5 дугаар сард гүйцэтгэгч талаас мэдэгдэл ирүүлсний дагуу тухайн компанийн хуулийн зөвлөх гэх залуутай уулзахдаа “төлбөрийг төлнө, гэхдээ бид “Голден моргон” ХХК-иар орон сууцны талбайн хэмжилт хийлгэхэд 48.24 м.кв талбайтай гэж тооцсон учраас нийт байрны мөнгийг 48.24 м.кв гэж тооцон үлдэгдэл төлбөр 20 300 000 төгрөгийг төлөхөд бэлэн байна” гэж хэлэхэд “за, би танд хариу хэлье” гэж хэлээд сураг алдарсан. “Голден моргон” ХХК-иас Монгол Улсын стандарт МS6058:2009-д зааснаар орон сууцны талбайн хэмжээг тооцсон. Гэрээний 4.3-т “захиалагч нь 4.1 болон 4.2-д заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөх ёстой нийт үнийн дүнгийн 0.01%-ийн алданги гүйцэтгэгчид төлнө” гэсэн боловч төлбөр төлөх хугацааг гэрээнд тусгайлан зааж, төлбөрийн график байхгүй тул алданги төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлээс талбайн зөрүү 8 350 000 төгрөг, алданги 217 740 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дамдинжав шүүх болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 01 дүгээр сараас “Жиашидэ” ХХК-иас мэдэгдэл ирүүлсний дараа байрны талбайн хэмжээг Д.Ганхуяг хөндлөнгийн байгууллагаар тогтоолгоход 48.24 м.кв талбай гарах учир “Жиашидэ” ХХК-ийн хуулийн зөвлөх Л.Гансүхтэй удаа дараа уулзаж, “талбайн хэмжилт гэрээ байгуулснаас дутуу байна” гэж хэлэхэд тэрээр “таньтай эргэж холбоо барьж хэлье” гээд алга болсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Д.Ганхуяг орон сууцны талбайг гэрээний дагуу 54.92 м.кв гэж бодсон боловч “Жиашидэ” ХХК орон сууцны талбайн хэмжээг гаргахдаа Монгол Улсын стандарт МNS:6058-2009 гэснийг мөрдөлгүйгээр орон сууцны талбайн хэмжээг 49.85 м.кв, сууцны бус зориулалттай туслах талбай тагтыг 0.5 гэсэн итгэлцүүрийг хууль бусаар хэрэглэж төөрөгдөлд оруулж, талбайн хэмжээг тооцон гарган, Д.Ганхуягаар гарын үсэг зуруулсан байна. Учир нь Д.Ганхуяг орон сууцны талбайн хэмжээг хэрхэн яаж тооцон гаргахыг мэдэхгүй, “Жиашидэ” ХХК-д итгэн гэрээ байгуулж, орон сууцыг 54.92 м.кв гэж тооцон захиалсан. “Жиашидэ” ХХК-ийн хүсэлтийн дагуу шүүхээс шинжээч томилоход орон сууц 47.55 м.кв талбайтай болох нь “Эм Эм Инженеринг” ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд орон сууцны 7.37 м.кв талбайн зөрүү 9 212 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Талууд гэрээ байгуулж, урьдчилгаанд 40 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 28 650 000 төгрөгийг төлөөгүй мөн байр ашиглалтад орсон, улсын комисс хүлээн авахад бэлэн болсон байсан талаар маргахгүй. Нэхэмжлэгч дутуу шилжүүлсэн талбайн үнэ, алдангийг төлөх ёстой төлбөрөөс хасчихвал үлдсэн төлбөрийг төлөх боломжтой гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагчаас “Жиашидэ” ХХК-д төлбөрөө төлж, байрны гэрчилгээг авахаар удаа дараа хандсан боловч ямар ч хариуцах эзэнгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. “Жиашидэ” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байсан БНХАУ-ын иргэдээс одоогийн тус компанийн захирал С.Эрдэнэ худалдан авч, компанийн 100 хувийн эзэмшигч болсон. Хариуцагч байрны талбайн хэмжээ дутуу байсныг мэдээгүй, мэдэх боломжгүй гэж байна. Гэтэл хариуцагч байрыг авахгүй байх эрхтэй, өөрөө манай санал болгосон гэрээг хүлээн зөвшөөрч худалдаж авсан. С.Эрдэнэ захирал “Жиашидэ” ХХК-ийг худалдаж авснаас хойш буюу Д.Ганхуягт 2016 оны 4 дүгээр сараас эхлэн алданги тооцохыг мэдэгдсэн. Хариуцагчид байрны түлхүүр гардуулснаас өнөөдрийг хүртэл байрандаа амьдарч байгаа атлаа талбайн зөрүү үнэ нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй. Бид анх гэрээ байгуулахад орон сууцны бус талбайн хэмжээг хэрхэн тохирох талаар харилцан тохирсны үндсэн дээр хариуцагч байрыг худалдаж авсан. Гэрээнд сууцны бус зориулалттай тагтны талбайг 0.5 гэж бодохыг Д.Ганхуяг зөвшөөрсөн. Хариуцагчийн маргаж буй дутуу гэх балконыг задгайгаар 0.3, битүүмжилсэн бол 0.5 хувийн итгэлцүүрээр бодсон. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ганхуягаас 28 867 740 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “Жиашидэ” ХХК-д олгож,     

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг баримтлан “Жиашидэ” ХХК-иас 9 212 500 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Ганхуягийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 290 төгрөг, хариуцагчаас төлсөн 163 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 302 289 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дамдинжав давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээ салгаж үл болох эд хөрөнгө юм. Гэтэл шүүх "...эд хөрөнгийг бүхэлд нь доголдолтой гэж үзэх үндэслэл болохгүй...” гэж буруу, мөн хариуцагчийг "...өөрийн эзэмшилд шилжүүлэх үед... мэдэх боломжтой байсан..." гэж үзсэн нь ташаа болсон. Орон сууцны талбайн хэмжээг хувь хүн өөрөө хараад хэмжээд дутуу гэж мэдэх боломжгүй. Түүнийг мэргэжлийн байгууллага тогтоодог. Хариуцагч Д.Ганхуяг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсныг шүүх үгүйсгээгүй. Иймд шүүхийн шийдвэрт орон сууцны талбай тохирсон хэмжээнээс 7.37 м.кв талбай дутуу буюу 9 212 500 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага 28 867 740 төгрөгөөс хасч 19 655 240 төгрөгийг төлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК хариуцагч Д.Ганхуягт холбогдуулан гэрээний үүрэгт 28 867 740 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны талбайн зөрүү 9 212 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Талууд 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 37 дугаар байрны 74 тоот, 54.92 м.кв талбайтай, нийт 68 650 000 төгрөгийн үнэ бүхий орон сууц /1м.кв 1 250 000 төгрөг/-ыг хариуцагч Д.Ганхуягт 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр, хариуцагч нь гэрээний хавсралт №1-т тусгасан хуваарийн дагуу орон сууцны төлбөрт 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40 000 000 төгрөгийг, 2011 онд үлдэх 28 650 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцжээ. /хх 12-15/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч дээрх гэрээний дагуу 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны урьдчилгаа төлбөр 40 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэгдэл 28 650 000 төгрөгийг төлөөгүй үйл баримтын талаар талууд маргаагүй, хариуцагч орон сууц худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт алданги төлөх эсэх, орон сууцны талбайн зөрүүтэй холбоотой шаардах эрхтэй эсэх талаар маргасан.

Талуудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих” гэрээ нь эх хувиараа хэрэгт авагдсан, талууд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байх тул талууд орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1 250 000 төгрөг гэж нэгжийн үнийг тодорхой буюу худалдах худалдан авах гэрээний зүйлийн хэмжээний талаар тохиролцсон гэж үзэхээр байна.

Түүнчлэн хэргийн 18 дугаар талд авагдсан талуудын гарын үсэг бүхий “талбай тооцсон аргачлал” гэх баримтад тагтны хэмжээг 0.5 хувиар хэмжих талаар заасан байгааг хариуцагч тал баримтаар няцааж чадаагүй болно.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа өөрийн хүсэлтээр маргаан бүхий талбайг хэмжүүлсэн “Голден морган” ХХК нь 48.24 м.кв гэж, гаргасан шүүхээс томилогдсон шинжээч “Эм Эн Инженеринг” ХХК-ийн гаргасан дүгнэлтэд тагтны талбайн хэмжээг стандартын дагуу 0.3 хувиар тооцож орон сууцны нийт талбайг 47.55 м.кв гэж, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тохирсон 2 тагтны хэмжээг талуудын анх тохиролцсон 0.5 хувийн итгэлцүүрээр тооцвол нийт орон сууцны талбай 52.06 м.кв гэж заасан байна. /хх-18,33,49/

Дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, дүгнэлтэд заагдсан хэмжилтийн үр дүнг харьцуулан тооцож үзвэл тагтны талбайн хэмжээг талуудын тохиролцсон 0.5 хувийн итгэлцүүрээр тооцохыг хариуцагч тал мэдэж байсан учраас Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд тагтны талбайн хэмжээг 0.5 хувиар хананаас хананы хооронд тооцож нийт 49.22 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК нь хариуцагч Д.Ганхуягт шилжүүлсэн гэж үзнэ. Ийм учраас нийт 54.92 м.кв орон сууцны талбайн зөрүү 5.7 метр квадратад ногдох үнийг 1 250 000 төгрөгөөр тооцоход 7 125 000 төгрөгийг хариуцагч Д.Ганхуяг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шаардах эрхтэй.

Маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй байснаас гадна хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн зөрчил гаргасан нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги шаардах эрх үүсээгүй гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.2-т ”захиалагч нь үлдэгдэл төлбөрийг энэхүү гэрээний хавсралт №2-т тусгасны дагуу төлнө” гэж заасан боловч уг гэрээний хавсралт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн уг шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлоогүй байна. Иймд  хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийвэл хариуцагч Д.Ганхуяг үлдэгдэл төлбөр төлөх үүргийн хугацааг тодорхой заагаагүй, төлбөр төлөх үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт зааснаар шаардсан хугацааг тогтоох нотлох баримтгүй, хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчлийг тогтоох боломжгүй байх тул алдангид шаардсан 217 740 төгрөгийг нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нь орон сууцны үлдэгдэл төлбөр 28 650 000 төгрөгөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг хасч тооцохыг хариуцагч зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэл болох бөгөөд талууд худалдах худалдан авах гэрээнээс үүссэн үүрэгтэй холбоотой шаардлагуудыг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар харилцан шаардлагыг тооцоход боломжтой агуулгаар тайлбар өгсөн байх тул хариуцагчийн нэхэмжлэгчид төлбөл зохих гэрээний үүрэг 28 650 000 төгрөгөөс сөрөг нэхэмжлэлээс хангагдсан 7 125 000 төгрөгийг хасч, үлдэх 21 525 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/00535 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан “Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ганхуягаас 21 525 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 4 342 740 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн орон сууцны талбайн зөрүү 9 212 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “302 289” гэснийг “265 575” гэж, “3” гэснийг “2” гэж, “4” гэснийг “3” гэж “5” гэснийг “4” гэж  дугаарлан тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дамдинжаваас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧИД                                        Б.НАРМАНДАХ

                                                                                              Д.БАЙГАЛМАА