Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/10

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                      Б.Наранжаргал

Улсын яллагч                                         Б.Буяндэлгэр

Хохирогч                                            Г.О-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                     Л.Г-

Шүүгдэгч                                     А.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Б-д холбогдох эрүүгийн 2004000770102 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “....” ХХК-д гэрээний ажилтнаар ажилладаг, ам бүл 6, эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, ...оршин суух хаягтай боловч одоо тус дүүргийн ..хашаанд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 49  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Б- овгийн А-ийн Б- /РД:....... /.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч А.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 13-14 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хэрлэн голын сав газар “Улаан эрэг” гэх газар төрсөн дүү А.Б-ийг өмөөрч Г.О-ын цээжин тус газарт хөлөөрөө олон удаа өшиглөж зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн талын 5-8-р хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндийд цус, хий хуралт, зүүн мөр, далны арьсан доорхи хий хуралт, духанд зулгаралт, цус хуралт, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч А.Б-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь миний буруутай үйлдлээс болсон. Гэм хорын хохирлыг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Г.О-ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “2020 оны 6 дугаар сарын 14-нд найзуудтайгаа гол дээр амраад байж байтал хэдэн залуучууд ирээд тамхи асуусан. Би тэдэнд хандаж “тамхи өгөхгүй, аав шиг чинь улсууд байна, та нарт архи, тамхи өгөхгүй” гэсэн. Тэгээд энэ байдлаас үл ойлголцол үүсч зодоон болсон. Тухайн үед би толгойгоо гараараа хамгаалаад доошоо харж хэвтсэн. Намайг хэн өшиглөж зодсоныг хараагүй. Хөдөлж чадахгүй бие эвгүй байсан болохоор би өөрөө ойрхон байсан айл руу очиж түргэн тусламж дуудуулсан. Багануур дүүргийн эмнэлэгт тав хоног хэвтэж эмчлүүлсэн. Хохирол барагдуулсан тохиолдолд гомдолгүй.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,

Зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15, 16-р хуудас/,

Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Г.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

Насанд хүрээгүй М.-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 47-48, 171-174-р хуудас/,

 Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

О.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,

Ж.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр  мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 175 дугаартай дүгнэлт /хх-ийн 87-88-р хуудас/,

Шүүгдэгч А.Б-ийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 102-105-р хуудас, шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт/,

А.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 106-р хуудас/,

Хохирогч Г.О-т учирсан хохирлын тооцоо /хх-ийн 17-р хуудас/,

Г.О-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Өвчтөний түүх, холбогдох баримт /хх-ийн 70-85-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч А.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 13-14 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хэрлэн голын сав газар “Улаан эрэг” гэх газарт төрсөн дүү А.Б-ийг өмөөрч Г.О-ын цээжин тус газарт хөлөөрөө олон удаа өшиглөж зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн талын 5-8-р хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндийд цус, хий хуралт, зүүн мөр, далны арьсан доорхи хий хуралт, духанд зулгаралт, цус хуралт, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч Г.О-ын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч А.Б-ийн хохирогчийн цээжин тус газарт нь олон удаагийн үйлдлээр өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл үүсгэж буй идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, энэ нь:

- Хохирогч Г.О-ын мэдүүлсэн: “...Тухайн үед би толгойгоо гараараа хамгаалаад доошоо харж хэвтсэн. Намайг хэн өшиглөж зодсоныг хараагүй. Хөдөлж чадахгүй бие эвгүй байсан болохоор би өөрөө ойрхон байсан айл руу очиж түргэн тусламж дуудуулсан. Багануур дүүргийн эмнэлэгт тав хоног хэвтэж эмчлүүлсэн. Хохирол барагдуулсан тохиолдолд гомдолгүй....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Багануур дүүргийн 5-р хороо “Улаан эрэг” гэх газарт танихгүй залууст хүн зодуулсан байна” гэх тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,

-Зураг таньж олуулах ажиллагаа явуулсан ”Гэрч Ж.Уянгаар 1-4 хүртэл дугаар тавьсан гэрэл зургаас 2 гэж дугаарласан А.Б-ийн гэрэл зургийг зааж байгааг харуулав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15, 16-р хуудас/,

- Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн: “...14 цагийн үед гэрийн үүдний чигтээ нэг эрэгтэй хүн “хүнд зодуулчихлаа” гэсээр мөлхөж орж ирсэн. Тэр хүний хавирга нь гэмтсэн бололтой хавиргаа дараад байсан. Архи уусан бололтой байсан, чанга ярьж чадахгүй байсан. Эхнэр бид хоёр цагдаа, эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

- Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн: “Миний төрсөн ах Г.О- нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед хүнд зодуулаад эмнэлэг дээр байна гэхээр нь очсон. ...тэр өдөртөө хагалгаанд орж уушгиндаа гуурс тавиулсан. Ах чанга юм ярьж чадахгүй цээжээр нь хатгуулаад байна  гэсэн зовиуртай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

- Насанд хүрээгүй М.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн: “...А.Б-э настай эрэгтэй хүний дээр гарчихсан, тэр хоёр харилцан цохилцож байсан. А.Б-ийн хөмсөгнөөс, нөгөө ахын уруулнаас цус гарсан байсан. Тэр үед Төрөө /Б-/ ах гүйж очоод “манай дүүг яаж байна аа” гэж хэлээд Б-ийг татаж аваад нөгөө эрэгтэйн цээж рүү хөлөөрөө өшиглөж байсан. Төрөө ах яг хэдэн удаа өшиглөсөн эсэхийг мэдэхгүй байна. Хоёр эмэгтэй хүн “хавирга нь хугарчихсан байна” гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48, 171-174-р хуудас/,

 - Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн: “...2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би О-, Н-, У-, У- нартай 13 цагийн үед салхинд гарах гээд Багануураас Хэрлэн голын “Улаан эрэг” гэх газарт таксигаар очсон юм. Бид нар Багануураас гарахдаа 1 шил архи хувааж уусан байсан. Гол руу явахдаа 3 шил архи, идэж уух зүйлс аваад явсан. Биднийг гол дээр очиход бидний буусан газраас 100 метр орчимын зайд цагаан өнгийн машинтай хэсэг залуучууд байсан. Тэд нар усанд орж байсан. Удалгүй нэг машинтай хүмүүс тэдэн дээр очсон. Бид нар архи тойруулаад ууж байтал нэг жижиг биетэй залуу ирээд бид нараас тамхи асууж байсан. Тэр үед О- зайл гэх утгатай ёдор үг хэлсэн. О- тэр хоёр муудалцаад маргаад байх шиг байсан. О- тэр жижиг биетэй залууг гараараа цохиод газар унагаачихсан. Тэр үед цаанаас баахан залуучууд гүйгээд ирсэн. Нэг шар царайтай махлаг залуу нь О-ыг газар унагаад цээж рүү нь хөлөөрөө дэвсээд, өшиглөөд байсан. Хэдэн удаа өшиглөсөн гэдгийг  нь мэдэхгүй. Цаанаас гүйж ирсэн залуусын нэг нь намайг газар сууж байхад гэдэс болон хөлийн шилбэ рүү өшиглөсөн. Нэг залуу нь “та нар аав шигээ хүмүүсийг зодлоо” гэж хашхирч байсан. О- зодуулчихаад цээжээ дараад их зовиуртай байж байгаад эмнэлэг дуудуулахаар айл руу ганцаараа алхаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

- О.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн: “...2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би О-, Б-, У-, У- нартай 13.00 цагийн үед салхинд гарах гээд Багануураас Хэрлэн голын “Улаан эрэг” гэх газарт таксигаар очсон юм. Биднийг гол дээр очиход бидний буусан газраас 100 метр орчимын зайд цагаан өнгийн машинтай хэсэг залуучууд байсан. Ойролцоогоор 5 орчим залуучууд байсан. Удалгүй нэг машинтай хүмүүс тэдэн дээр очсон. Бид нар нэг шил архи тойруулаад ууж байтал нэг жижиг биетэй залуу /Б-э/ ирээд бид нараас тамхи асуухад У- ах тамхи өгсөн. Тэр үед О- ах “чи яасан том банди вэ, зайл” гэх утгатай үг хэлсэн. О- тэр хоёр муудалцаад маргаад байх шиг байсан. О- тэр жижиг биетэй залууг гараараа цохиод газар унагаачихсан. Тэр үед цаанаас баахан залуучууд гүйгээд ирсэн. Нэг махлаг залуу нь О-ыг газар унагаад цээж рүү хөлөөрөө дэвсээд, өшиглөөд байсан. Нэг залуу гүйж ирээд Б-г газар унагаад цохиод байсан. Бид нар тэр залуучуудыг салгах гээд дийлээгүй, тэр үед бөөн бужигнаан болсон. О- ах  зодуулчихаад цээжээ дараад их зовиуртай байж байгаад эмнэлэг дуудуулахаар айл руу ганцаараа алхаад явсан, бид нар араас нь Багануур руу алхаад явцгаасан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,

- Ж.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр  мэдүүлсэн: “...2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би О-, Н-, Б- /О-/, У- нарын хамтаар 13 цагийн үед салхинд гарах гээд Багануураас Хэрлэн голын “Улаан эрэг” гэх газар таксигаар очсон. Бид нар голын эрэг дээр очооод 1 шил архи тойруулж уунгаа хөзөр тоглож байсан. Биднийг очиход биднээс холгүйхэн цагаан өнгийн машинтай хэсэг залуус байсан. Биднийг тоглоод сууж байхад дахиад нэг машин ирж тэр залуучууд дээр очсон. Бидэн дээр үсээ жижиглээд засуулчихсан нэг хүү ирээд бид нараас “тамхи байна уу” гэж асуусан. Тэр үед О- ах тэр хүүд хандан “тамхийг чинь бид нар бэлдэх ёстой юм уу” гэсэн. Улмаар О- ах тэр хүүг “чи одоо яв, бид нар найзуудаараа сууж байна” гэж хөөсөн. Тэр хүү явахгүй олон юм яриад байсан. Тэр үед О- ах “зайлаач” гээд шанаа руу нь цохиод унагчихсан. Тэр үед нөгөө залуучууд гүйлдэж ирээд нэг махлаг, намхан биетэй, шар царайтай, нүүр нь жоохон барзгардуу, хүзүү билүү мөрөн дээрээ шивээстэй залуу О- ахыг шавар дээр унагаад нүүр, цээж, бөөр, нуруу хэсэр рүү өшиглөөд эхэлсэн. Хэдэн удаа гэдгийг хараагүй, тэр залуу “хөгшин кобра минь май” гээд өшиглөөд байсан. Би голоор нь ороод “миний дүү боль хүн аллаа, цагдаа ирж байна” гэхэд тэд нар машиндаа суугаад явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 175 дугаартай: “Г.О-ын биед зүүн талын 5-8-р хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндийд цус, хий хуралт, зүүн мөр, далны арьсан доорх хий хуралт, духанд зулгаралт, цус хуралт, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 87-88-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

А.Б-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч А.Б-ийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Г.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 175 дугаартай дүгнэлт /хх-ийн 87-88-р хуудас/, хохирогч Г.О-т учирсан хохирлын тооцоо /хх-ийн 17-р хуудас/, Г.О-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Өвчтөний түүх, холбогдох баримт /хх-ийн 70-85-р хуудас/-аар тус тус тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Г.О- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...эрүүл мэндэд учирсан хор уршигийн төлбөрт 1,000,000 төгрөг нэхэмжилж байна” /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

Гэмтлийн “хүнд” зэрэгт амь биед аюултай гэмтлүүд, уршигт үлдэц бүхий гэмтлүүд, энгийн хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр /33-100 хувь/ алдсан гэмтлүүд хамаарна.

Хохирогч Г.О- шүүхэд болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын талаар ямар нэг баримт ирүүлээгүй боловч хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл, түүний эдгэрэлт, хүний эрүүл мэнд хэвийн нөхцөл байдалд хүрэх хугацаа зэргийг харгалзан хохирол, хор уршигт нэхэмжилсэн 1,000,00 төгрөгийг шүүгдэгч А.Б-өөс гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.           

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч А.Б-ийг хохирогч Г.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сар /хоёр жил гурван сар/-ын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний бие шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар гаргах саналгүй. А.Б- нь эхнэр, бага насны дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Том хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асрамжид байдаг, хамгийн бага хүүхэд нь 2 сар гарантай нярай хүүхэд байгаа. Шүүгдэгч нь ам бүлээ тэжээх, амьжиргаагаа залгуулдаг ганц хүн нь. Иймд ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн дээрх хувийн байдлыг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын төрлөөс торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. А:Б- нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байгаа.” гэв.

Шүүгдэгч А.Б- гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Хохирогчийн эмчилгээнд гарсан зардал болох 1,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Хувийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан торгох ялыг 24 /хорин дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б- овгийн А-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овгийн А-ийн Б-д 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б-д оногдуулсан 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 24 /хорин дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Б-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Б-өөс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.О-т  олгуулсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, А.Б-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН