Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Хохирогч, шүүгдэгч Ж.Л ,

Шүүгдэгч Л.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Л.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж.Л  нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015000860239 дугаартай, 163/2021/0007/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймаг ... од оршин суух, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 150000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

Б  овогт Л.Г Монгол улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Булган аймгийн ... од оршин суух, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт Ж.Л.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Г ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 Шүүгдэгч Ж.Л ыг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Ж.Д ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Л ын өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г ын өгсөн: Орхон сумын “М” гэх газарт би Д  гэх айлын мал маллаж байгаад Булган аймагт гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд эхнэр гэртээ байхгүй байсан учраас би эхнэрээ хайсан. Нэг хүн таараад “танай эхнэр Д ийн гэрт байгаа” гэж хэлсэн. Тэгээд Д ийн гэрт ороход гэрэл нь унтраалттай, манай хүүхэд гэр дотор зогсож байсан. Эхнэр Д той хамт согтуу орон дээр унтаж байсан. Би эхнэртээ “гэртээ харъя” гэж хэлэхэд явахгүй байсан. Тэгээд би эхнэр хүүхдээ аваад гарсан. Д ийн гэрт 2-оос, 3 эмэгтэй согтуу байсан. Эхнэрээс “утсаа яасан бэ” гэж асуухад “мэдэхгүй” гэж хариулсан. Гар утсаа хаячихсан байсан. Тэгээд “гэртээ харъя” гэж хэлээд байхад явахгүй байсан учраас би хүүхдээ аваад гэртээ орой 22 цаг болж байхад харьсан. Тэгээд хүүтэйгээ хамт гэртээ хоносон. Өглөө Д ийн гэрт очиход манай эхнэр Д ийн гэрт байсан. Хаалга нь түгжээтэй байсан учир цонхыг нь тогшиход цонх хагарсан. Манай эхнэрийг Д ийн гэрт 7, 8 хоног хоносон гэж хүмүүс надад хэлж байсан. Мөрдөгч дээр байх хугацаандаа гэрээсээ гараад 2, 3 хоног алга болчихдог байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Л ын хохирогчоор өгсөн: Д ийн гэрт А , Т , Д , танихгүй нэг хүн байсан. Би нэрийг нь санахгүй байна. Би орон дээр унтаж байсан. Тэгтэл Г  гаднаас орж ирээд намайг “гэртээ харь, банзал янхан минь” гэж хэлээд орноос чирч гулдраад өшиглөж буулгасан. Ингээд би Д ийн гэрт хоночихоод өглөө нь гэртээ харьсан. Тэгтэл нөхөр маань намайг загнаж, зодсон. Ер нь архи уухаараа намайг хардаж хэл амаар доромжилж, хэрүүл маргаан хийдэг. Миний буруу ч байдаг болохоор нөхөр минь загналгүй яахав. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015000860239 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Г  нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт өөрийн гэртээ болон Ж.Д ийн гэрт хамтын амьдралтай Ж.Л ыг зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Ж.Л  нь мөрдөн шалгах ажиллагаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа болсон үйл баримтын талаар зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Хохирогч Ж.Л ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 10-ны 05 цагийн үед манай нөхөр Л.Г  надад агсам согтуу тавиад байхаар нь би Д  ахынд очсон ба 07 цагийн үед манай нөхөр Л.Г  миний араас Д  ахынд хүрч ирээд намайг орон дээрээс татаж унагаагаад миний нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Би нөхөр Л.Г ын хамтаар гэр лүүгээ харьсан. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орой байх цагийг санахгүй байна нөхөр Л.Г  бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн тэрнээс болж манай нөхөр Л.Г  намайг газар түлхэж унагаагаад миний толгой хэсэг рүү нэг удаа дэвсэж байхад Д  ах хүрч ирээд Л.Г ыг надаас салгасан. Д  ах намайг газраас татаж босгоход миний толгой хагарсан байсан. Урьд өмнө нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бага насны хүүхдээ болон нөхрийгөө бодоод Ж.Д  ах намайг зодсон гэж худал мэдүүлсэн юм. ...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /хх-25 тал/,

Гэрч Ж.Д ийн өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 05 цагийн үед Л  манайд ирээд “Г  намайг зодож, дарамтлаад дээрэлхээд байна” гээд согтуу ирэхээр нь гэртээ оруулаад унТ сан.  Манай байшингийн хаалгыг 06 цагийн үед хүн нүдэхээр нь би цонхоороо хартал Г  5 настай эрэгтэй хүүхдээ дагуулаад согтуу байж байхаар нь Л ыг дуудаад “чи босоо гэр лүүгээ харь, нөхөр хүүхэд чинь ирсэн байна” гэж хэлтэл Л  “битгий хаалгаа онгойлгоорой Г  орж ирээд намайг зодно” гэж хэлэхээр нь би хаалгаа онгойлгож өгөөгүй. ... 07 цагийн үед Г  ганцаараа манайд орж ирээд Л ыг орноос татаж унагаагаад нуруу хэсэгт нь нэг удаа өшиглөөд, гараа атгаж байгаад толгой хэсэгт нь нэг удаа цохихоор нь би “болиоч” гэж хэлсэн чинь Г  Л ыг чирээд үүдэнд очиход Л  “чи хүний утас өгөөч” гэж Г ад хэлэхэд Г  “май утсаа ав” гээд надад өгсөн. Тэр утас нь Самбуу ахын утас байсан. Тэгээд Г , Л ыг чирээд манайхаас гараад байшингийн үүдэнд зодоод байх шиг байсан. ...18 цагийн үед сэрээд гар утсаа хайтал байхгүй болохоор нь Г , Л  хоёр авсан байх гэж бодоод Г ынд очиж байхад Г  согтуу хашааныхаа үүдэн дээр Л ын толгой хэсэгт нь нэг удаа дэвсэж, нуруу хэсэгт нь нэг удаа өшиглөж байхад нь би очиж болиулаад “наад хүн чинь үхлээ шүү дээ, эмэгтэй хүн чинь эрэгтэй гарын доор байдаг юм” гэж хэлээд Г ыг түлхээд “миний гар утсыг аваад ир” гэж хэлтэл гэр лүүгээ орсон. Л  хашааны жижиг хаалганы дунд, цээжин хэсэг нь хашааны гадаа, бөгсөн хэсэг нь хашааны дотор газар хэвтэж байхаар нь “босоорой” гэхэд “ёо, ёо” гэж хэлээд “босож яадахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Л ыг татаж босгоод газар хөлийг нь жийлгээд суулгаж байхад Г  гэрээсээ миний гар утсыг барьсан гарч ирэхээр нь би утсаа аваад Ч ынд очсон. ...” гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,

Гэрч Б.А гийн өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр орой Ж.Д  ахынд буу халахаар очсон. Хэдэн цагт очсоноо санахгүй байна харанхуй болсон байсан, Ж.Д  ахтай юм яриад сууж байгаад би харих гээд явах гэтэл Ж.Д  ах намайг “ахтайгаа хамт хоночихооч” гэж хэлэхээр нь би “за” гэж хэлээд хамт хоносон. “Өглөө хэдэн цагт гэдгийн мэдэхгүй байна, гадаа харанхуй байхад Ж.Д  ахын гэрийнх нь хаалгыг хүн нүдэхээр нь би сэрсэн. Ж.Д  ах “хэн бэ” гээд асуусан чинь нэг эмэгтэй хүн “би байна” гэж хэлэхээр нь Ж.Д  ах хаалгаа онгойлгож өгсөн чинь нэг согтуу эмэгтэй хүн орж ирээд “манай нөхөр намайг зодож нүдээд байна, танайд хоноё” гэж хэлсэн чинь Ж.Д  ах “юу яриад байгаа юм, чи согтуу байна. Одоо нөхер чинь ороод ирнэ харь” гээд хөөсөн чинь нөгөө эмэгтэй хүн Ж.Д  ахын байшингийн зүүн талын орон дээр унтаад өгөхөөр нь Ж.Д  ах бид хоёр бас унтсан. Тэгтэл 30-40 минутын дараа байх байшингийнх нь цонх хагарахаар нь Ж.Д  ах бид хоёр хамт орноосоо боссон. Ж.Д  ах байшингынхаа хаалгыг онгойлготол цонхыг нь хагалсан хүн орж ирээд нөгөө согтуу орж ирээд орон дээр унтдаг эмэгтэйг орноос нь чирч буулгаад Ж.Д  ахын гэрээс чирээд аваад гарсан. Би “энэ хоёр юун хүмүүс бэ” гэж асуусан чинь Ж.Д  ах “миний таньдаг хүмүүс, ...хоорондоо эхнэр, нөхөр байгаа юм” гэж хэлсэн. Гадаа юу болсоныг нь Ж.Д  ах бид хоёр хараагүй...” гэх мэдүүлэг /хх-30-31 тал/,

Гэрч Д.Б ын өгсөн: Г , Л  нар хааяа архи уусан байдаг. Уух болгондоо л хоорондоо хэрүүл маргаан хийдэг. Үе үе цагдаа ирдэг, өөрсдөө л дууддаг байх. ...” гэх мэдүүлэг /хх-32-33 тал/,

Гэрч М.Ч ын өгсөн: “Би ажилдаа 07 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад явсан. Д ийнх манай урд талын гудамжны баруун талын үзүүрийн хашаанд байдаг юм. ...Эмэгтэй хүн болиоч дээ гээд хашгираад байсан. Гадаа харанхуй байсан болохоор ямар хүмүүс байсан нь харагдаагүй. Яг цохиж, зодож байхыг нь хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх-36-37 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 50 дугаартай: “Ж.Л ын биед тархи доргилт, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мнэдийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-47-48 тал/,

Шүүгдэгч Л.Г ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Л  бид хоёр 2014 онд танилцаад гэр бүл болсон, албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. Бид хоёрын дундаас 1 хүүхэд гарсан. Л  бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо хэрүүл маргаан, зодоон хийдэг нь үнэн....” гэх мэдүүлэг /хх-81-82 тал/,

Шүүгдэгч Ж.Л ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Тухайн үед манай нөхөр миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний толгой хагарч цус гарсан. Тухайн үед Д  ирж явсан юм. Тэгэхээр нь нөхрийгөө өмөөрч хамгаалаад Ж.Д ийг зодсон гэж худал мэдүүлсэн юм. Урьд өмнө Ж.Д  бид хоёрын хооронд хэрүүл маргаан, зодоон хийж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-87-88 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч

Ж.Л ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Л.Г ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Л.Г  хохирогч Ж.Л  нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн гэр бүлийн маргаан үүссэн байх ба 02 дугаар сарын 10-ны өглөө 05 цагийн үед хохирогч түүнээс зугтаж Ж.Д ийнд очсон боловч  араас нь очиж зодсон, орой 18-19 цагийн үед гэртээ зодож өөрийн хууль бус үйлдлээ тодорхой хугацаанд үргэлжлүүлэн бага насны хүүхэд болон гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, гэр бүлийн хамаарал бүхий хүний амь бие, эрх чөлөөнд халдан хүчирхийлж буй гэм буруугийн санаатай хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

        Харин шүүгдэгч Ж.Л ыг 2020 оны 02 дугаар сарын 14, 19-ний өдрүүдэд  хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Ж.Д ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Прокурорын яллах дүгнэлтэд авагдсан шүүгдэгч Ж.Л ын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн  “Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед эгчийндээ орох гээд Л.Г  гэх 5 настай хүүгээ дагуулаад гудамжинд байсан чинь  Д  гэдэг хүн гартаа чулуу барьчихсан  явж байснаа “пизда минээ” гэж хэлээд ...толгой руу минь 2 удаа цохьсон, ...хайч гаргаж ирээд “алчихна шүү” гээд дайраад байсан...” гэх /хх-14 тал/ мэдүүлгийг түүний гаргасан гомдол, мэдээллийн хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлд заасны дагуу зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор түүнд үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж авсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу шүүгдэгч Ж.Л ын гаргасан гомдол, мэдээлэлд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 201500086 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, уг хэрэгт 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ж.Л ыг хохирогчоор тогтоож /хх-19 тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн  эрх, үүргийг тайлбарлан хууль сануулж баталгаа гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх хуулийн зүйл заалтыг хэрэглэж мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн, түүнчлэн хохирогчийн  Монгол улсын Үндсэн хуулиийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх зөрчигдсөн гэж үзнэ.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар дээрх мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцоогүй болно.

Харин хохирогч Ж.Л ын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед Д ийнд байшингийнхаа түлхүүрийг авах гэж очсон. Тухайн үед би эрүүл байсан. Тэгээд Г  миний араас ирээд Д  гэрээс түлхүүр аваад бид хоёр хамт харьсан. Г  эрүүл байсан. ...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед Г  надад ерөөсөө гар хүрээгүй. Харин Д  Г ыг заамдаж аваад нэг удаа нүүр рүү нь цохиж унагаасан. Тухайн үед бидний хажууд 2-3 хүн байсан, нэрийг нь мэдэхгүй унтаж байсан” гэх мэдүүлэг /хх-23 тал/ нь прокурорын яллах дүгнэлтэд авагдсан түүний 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн “2020 оны 02 дугаар сарын 10-ны 05 цагийн үед манай нөхөр Л.Г  надад агсам согтуу тавиад байхаар нь би Д  ахынд очсон 07 цагийн үед манай нөхөр Л.Г  миний араас Д  ахынд хүрч ирээд намайг орон дээрээс татаж унагаагаад миний нуруу хэсэг рүү 1 удаа өшиглөсөн би нөхөр Л.Г ын хамтаар гэр лүүгээ харьсан. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орой байх цагийг санахгүй байна, нөхөр Л.Г бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн тэрнээс болж манай нөхөр Л.Г  намайг газар түлхэж унагаагаад миний толгой хэсэг рүү 1 удаа дэвсэж байхад Д  ах хүрч ирээд Л.Г ыг надаас салгасан. Д  ах намайг газраас татаж босгоход миний толгой хагарсан байсан. Урьд өмнө нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бага насны хүүхдээ болон нөхрийгөө бодоод Ж.Д  ах намайг зодсон гэж худал мэдүүлсэн юм. ...Ж.Д  ах намайг цохиж зодоогүй. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх /хх-25 тал/  гэж мэдүүлсэн байгаа хэдий ч хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Л  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Ж.Д ийг шууд зааж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн, гүтгэсэн түүний үйлдэл нотлогдоогүй, харин болсон үйл баримтын талаар зориуд худал мэдүүлэг өгсөн нь нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Л ын зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймээс шүүгдэгч Б.Л т холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн  өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Л.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Г ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ж.Л  иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Л.Г  болон шүүгдэгч Б.Л  нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Г , Ж.Л  нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Л.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Л ыг үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Г , Ж.Л  нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Г , Ж.Л  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 57-65, 70-75 дугаар талд авагдсан шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлгүй талаарх лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Л.Г , Ж.Л  нар нь хамтын амьдралтай, бага насны хүүхдийн хамт Булган аймгийн ... од амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэн аль нь ял шийтгүүлж байсан зэрэг тэдний хувийн байдал тогтоогдсон байна.

Иймд гэмт хэрэг гарсан нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Л.Г ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг сонгож, гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ж.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг сонгож, зургаан сарын хугацагаар Булган аймгийн Булган сумын нутгаас гадагш зорчих эрхийг хязгаарлах нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Л  нь Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож торгох ялаар шийтгүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Л д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган  төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.Л , Л.Г  нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн  өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Б  овогт Л.Г ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд,    Шүүгдэгч Б овогт Ж.Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Л.Г ыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ж.Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацагаар Булган аймгийн Булган сумын нутгаас гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Ж.Л д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 /таван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар шүүгдэгч Л.Г ад оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Булган сумын нутагт өдрийн найман цагаар хийлгэхээр тогтоосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Г ад, Булган аймгийн Булган сумын нутгаас гадагш зорчих эрхийг хязгаарласан ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Л д  тус тус сануулсугай.
  7. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Л , Л.Г  нар нь цагдан хоригдсонхоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Шүүгдэгч Л.Г , Ж.Л  нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчгомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    С.ЦЭРЭНХАНД