Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2018/ДШМ/014

 

 Б.Бд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Бын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 1714001090069 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Гангаа овогт Б.Б, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,

Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 18-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .......... тоотод иргэн П.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ................ тоотод хамтран амьдрагч А.Быг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Гангаа овогт Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Гангаа овогт Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 9 сар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 30 буюу нэг 1 сарын хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 9 сарын хугацаагаар оногдуулсан хүнд ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар Б.Бгаас 136.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны дотор гаргуулж хохирогч П.Ад олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн учир хохирогч А.Бад төлөх төлбөргүй, уг хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Б.Бн эзэмшлийн 24 инчийн “Сони” маркийн зурагтыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокрорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж хохирлыг нөхөн төлөх зорилгоор Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Хохирогч А.Ба гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие нь нөхөр Б.Бд зодуулж хөнгөн гэмтэл авсандаа хохирогчоор тогтоогдсон. Нөхөр минь энэ үйлдэлдээ ял аваад хоригдсон. Манай амьдрал нэн ядуу би хүүхдүүдээ харж асрах үүргийг хүлээдэг. Миний нөхөр ажил хийж алт, шороо ухаж хэдэн биеэ хооллож хувцаслах буюу түлээ нүүрсээ олдог байсан. Одоо нөхөр минь 10 сарын хорих ял авсан нь давхар биднийг яллаад байгаа. Эхнэр А.Ба би гомдол санал байхгүй тул миний хүнд бэрх амьдралыг харж үзэн ялыг нь хөнгөлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Болдог бол ялыг нь тэнсэж суллаж өгөөч гэж хүсч байна гэжээ.

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Бгийн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлож чадаагүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган тогтоосон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч А.Бын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Бг 2017 оны 08 дугаар сарын 18-ний өдөр иргэн П.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэснээс гадна мөн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........... тоотод хамтран амьдрагч А.Быг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллагдагчаар татан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан гэдэг нь хэвшмэл маягтай буюу гурав ба түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл үйлдэн зодсон, эсхүл хууль бусаар хорих, бэлгийн хүчирхийлэлд оруулах, өлсгөх, цангаах, орон гэрээс нь хөөх зэргээр харгис хэрцгий хандан тарчлаасан, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, ичгүүр сонжуургүй догшин авирласан байхыг хэлэх байтал прокурорын яллах дүгнэлтэд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэг удаа зодсоныг байнга зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн ойлгомжгүй байна.

Хэдийгээр Б.Б захиргааны арга хэмжээ авагдаж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа хэдий ч үүнд аюулгүй байдлын болон эрсдэлийн үнэлгээ зэрэг хийгдээгүй, түүний нэг удаагийн зодсон гэх үйлдлийг байнга гэж үзэх боломжгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож дээр дурдсан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар хохирогч А.Бын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Бн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Б.Бд холбогдох эрүүгийн 1714001090069 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Бд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

              ШҮҮГЧ Н.ЭНХМАА

                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ