Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1089

 

 

Л.Сайнбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/00587 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Сайнбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Эрдэнэбатад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 6 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Л.Сайнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь хурдан морь сайн шинждэг, сайн уядаг байсан тул морь хамтарч уяахаар ярилцаад 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Х.Эрдэнэбаттай хамт Сүхбаатар аймаг руу хурдан морь худалдаж авахаар явсан. Бид хоёртой цуг гэрч Ц.Шагдарсүрэн хамт явсан. Ингээд Х.Эрдэнэбат нь хамт явж байх хугацаандаа надаас мөнгө авч Сүхбаатар аймгийн Асгат сумын иргэн Н.Хүрэлбаатараас 1 500 000 төгрөгөөр сартай хээр үрээ, Н.Энхтөрөөс буурал соёолон 1 900 000 төгрөгөөр, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Н.Гантөмөрөөс 1 500 000 төгрөгөөр хар даага, Баяндэлгэр сумын иргэн Н.Одбаярт хүрэн азарган соёолон хотоос авч очсон мотоциклоор /1 250 000 төгрөг/ сольж авсан. Дээрх адуунуудыг авсан мөнгө нь 6 150 000 төгрөг болсон бөгөөд мөн Говь-Алтай аймгийн Жаргалан сум руу адуу ачиж явах зардалд 850 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөгийг надаас зээлж авсан. Х.Эрдэнэбат нь Сүхбаатар аймгаас худалдаж авсан дээрх 4 тооны адуугаа зарж борлуулаад ашиг гаргаад надаас зээлсэн мөнгөө буцааж өгнө, би чамаас морь уясаны хөлс, мөнгө авахгүй гэж хэлж байсан. Эхний үед зээлсэн мөнгөө эгүүлэн өгнө гэж хэлдэг байсан боловч сүүлдээ өгөхгүй гэдэг болсон. 2015 онд 200 000 төгрөг л өгсөн. Сүхбаатар аймагт явахад гарсан бүх зардлыг миний бие гаргаж байсан ба адуу авах мөнгийг би бэлнээр өгч байсан, энэ талаар гэрчүүд сайн мэдэж байгаа. Иймд хариуцагч Х.Эрдэнэбатаас зээлийн гэрээний дагуу 6 800 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 10-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт Х.Эрдэнэбат, Л.Сайнбаяр нар хамт явсан ба энэ үед Х.Эрдэнэбат 4 тооны адуу бэлэн мөнгөөр худалдаж авсан нь үнэн, гэхдээ энэ мөнгийг Л.Сайнбаяраас зээлж аваагүй, хариуцагч өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан. Л.Эрдэнэбат мөнгө зээлж аваагүй, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Сайнбаярын гаргасан хариуцагч Л.Эрдэнэбатад холбогдох зээлийн гэрээний үүрэг 6 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 123 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Сайнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа "бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй байна" гэж тайлбарладагаас ямар үндэслэлээр бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй байгааг тайлбарлаагүй. Шүүх хуралдаанд гаргасан "морь мал авсан нь үнэн, хэний мөнгөөр авсан тодорхойгүй байна. Ямар нэгэн байдлаар эрх зүйн акт байхгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэсэн тайлбар нь нэхэмжлэгчийн "надаас мөнгө авч, морь мал авсан" гэх тайлбарыг үгүйсгэхгүй байхад шүүх хариуцагч өөрийн мөнгөөр адуу худалдаж авсан, нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй гэж маргасан мэтээр бичсэнд гомдолтой байна.

Шүүх гэрчүүдийг "...адуу худалдаж авсан мөнгийг Х.Эрдэнэбат нь Л.Сайнбаяраас авсан эсэх, авсан бол буцаан төлөх үүрэг хүлээж авсныг гэрчилж нотолсонгүй" гэж шийдвэрээ үндэслэсэн. Гэтэл хавтаст хэргийн 4-7 хуудсанд Ш.Одбаяр, Г.Энхтөр, Ч.Хүрэлбаатар, Г.Гантөмөр нарын бичсэн тодорхойлолтууд, гэрчээр асуугдсан Ч.Хүрэлбаатарын "...энэ морины үнийг Л.Сайнбаяр гэдэг хүн л төлсөн" гэх мэдүүлэг, гэрч Г.Гантөмөрийн "1 500 000 төгрөгөөр зарсан. Төлбөрийг мөнгөөр бэлэн төлсөн. Сайнаагаас авч өгсөн. Би өөрийн нүдээрээ харсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнгөнхуягийн "Х.Эрдэнэбат нь 2014 оны 7 дугаар сард надтай уулзаж Л.Сайнбаяраас 7 000 000 төгрөг зээлж аваад Сүхбаатар аймгаас адуу худалдаж аваад Говь-Алтай аймгийн Жаргалан суманд өвөлжүүлсэн. Одоо Говь-Алтай аймгийн Жаргалан сумаас Ховд аймгийн Цэцэг сум руу ачиж авч ирэх шаардлагатай байна гэж гуйсан учраас би өөрийнхөө автомашинаар 4 тооны адууг ачиж Ховд аймгийн Цэцэг суманд авч ирж өгсөн. Тухайн үед Х.Эрдэнэбат энэ 4 тооны адууг зарж, Л.Сайнбаяраас зээлсэн мөнгөө өгнө гэж хэлж байсан" гэх мэдүүлэг, гэрч Б.Батчингисийн "Х.Эрдэнэбат нь Л.Сайнбаярт 7 юмуу 8 сая төгрөгийн өглөгтэй гэж ярьж байсан" гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Ц.Шагдарсүрэнгийн "мөнгө зээлж авсан, буцааж төлнө гэж байсан" гэх утгатай мэдүүлгүүдээр тус тус 4 морины мөнгийг нэхэмжлэгчээс зээлж авсан, моринуудаа зараад зээлсэн мөнгөө төлнө гэж байсан гэдэг үйл баримт тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Сайнбаяр нь хариуцагч Х.Эрдэнэбатын худалдан авсан 4 адууны мөнгийг өмнөөс нь төлсөн тул уг зээлийн 6 800 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчээр өөрийн худалдан авсан адууны үнийг төлүүлээгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Сайнбаяр, хариуцагч Х.Эрдэнэбат нар хамт Сүхбаатар аймагт очиж хариуцагч Х.Эрдэнэбат 4 адуу худалдаж авсан үйл баримт хэргийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаангүй.

 

Харин, зохигчид тухайн үед хариуцагчийн худалдан авсан адууны үнийг хэн төлсөн, хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлж авсан эсэх үйл баримтын талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Сайнбаяр нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Х.Эрдэнэбатад 4 адуу худалдан авахад нь зориулж 6 800 000 төгрөг зээлдүүлэх замаар 4 адууны үнийг төлсөн гэх байдлаа гэрч Ц.Шагдарсүрэн, Ш.Одбаяр, Г.Энхтөр, Ч.Хүрэлбаатар, Г.Гантөмөр, Г.Мөнгөнхуяг, Б.Батчингис нарын мэдүүлгээр нотлох талаар шүүхэд хүсэлт гаргажээ. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Шагдарсүрэн, Ш.Одбаяр, Г.Энхтөр, Ч.Хүрэлбаатар, Г.Гантөмөр, Г.Мөнгөнхуяг, Б.Батчингис нараас гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд гэрч Ц.Шагдарсүрэн шүүхэд мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэгчтэй худ ургийн холбоотой тул түүний мэдүүлэг ашиг сонирхлын зөрчилтэй, гэрч Ш.Одбаяр, Г.Энхтөр нар худалдсан адууны үнийг Х.Эрдэнэбат төлсөн талаар мэдүүлсэн байна.                                                              /хх-73-74 дүгээр тал/

 

Харин, гэрч Ч.Хүрэлбаатар, Г.Гантөмөр нар худалдсан адууны үнийг Л.Сайнбаяр төлсөн гэж, гэрч Б.Батчингис, Г.Мөнгөнхуяг нар “Х.Эрдэнэбатын 4 адууг автомашинд ачиж хүргэж өгсөн бөгөөд тэрээр Л.Сайнбаяраас 7-8 сая орчим төгрөг зээлж 4 адууг худалдаж авсан гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг өгчээ. Эдгээр гэрчүүдийн мэдүүлгээр хариуцагчийг нэхэмжлэгчээс мөнгө авсан гэх үйл баримт бүрэн тогтоогдохгүй байх боловч гэрч Ш.Одбаяр, Г.Энхтөр нарын мэдүүлэгтэй харьцуулан үнэлэхэд мэдүүлэгт зааж буй мэдээлэл нь илүү нарийвчлалтай, хоорондоо төстэй байгаа эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Талуудын тайлбар, хариуцагчийн 200 000 төгрөг төлсөн байдал болон гэрч Ш.Одбаяр, Г.Энхтөр, Ч.Хүрэлбаатар, Г.Гантөмөр, Г.Мөнгөнхуяг, Б.Батчингис нарын мэдүүлгийг хооронд нь харьцуулан дүгнэвэл гэрч Ч.Хүрэлбаатар, Г.Гантөмөр, Г.Мөнгөнхуяг, Б.Батчингис нарын мэдүүлэгт заагдаж буй мэдээллийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу тэрээр татгалзлаа баримтаар нотолж чадаагүй болно.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан иргэд хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Х.Эрдэнэбатаас 6 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Сайнбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/00587 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Эрдэнэбатаас 6 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Сайнбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Х.Эрдэнэбатаас 114 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Сайнбаярт олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Сайнбаяраас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ