Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0706

 

 

 

 

 

 

 

С.Аын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Х.Нямдулам

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2102000021 дүгээр газар чөлөөлөх тухай албан даалгавар илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 718 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, хариуцагч Х.Н нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0283/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.А нь Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагч Х.Нямдуламд холбогдуулан “Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2102000021 дүгээр газар чөлөөлөх тухай албан даалгавар илт хууль бус болохыг тогтоолгох”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2022/0718 дугаар шийдвэрээр “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2102000021 дүгээр газар чөлөөлөх албан даалгавар илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 5 дугаар байрын 10 тоотод оршин суугч Соронзонболдын Анхцогтын нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Нямдуламыг хариуцагчаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2022/0718 дугаар шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/53 дугаар тушаалаар байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын байцаагчийн чиг үүрэг болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх харьяаллыг тогтоосон бөгөөд газар чөлөөлөх эрх хэмжээг олгоогүй байна” гэжээ.

3.2. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Нямдулам би иргэн Б.Оюунаас ирүүлсэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 6 буудлын автобусны буудал дээр түргэн үйлчилгээний цэг байршуулсан зөрчлийг шүүхийн журмаар албадан чөлөөлсөн боловч дахин байршуулж, өнөөдрийг хүртэл зөрчил арилахгүй байгааг шалгуулах тухай гомдол мэдээллийг хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т заасан харьяаллын дагуу прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2102000021 дүгээр зөрчлийн хэрэг нээсэн.

3.3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад газар дээрх нөхцөл байдал болон оролцогчдын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар С.А нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр түргэн үйлчилгээний цэг байршуулан газар ашигласан нь тогтоогдож, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.11 дэх /Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх/, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь /Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих мэргэжлийн хяналтыг хууль тогтоомжийн дагуу эрх олгогдсон байгаль орчны хяналтын газар болон ургамал, хорио цээр, эрүүл ахуй, геологи, уул уурхайн зэрэг мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлнэ/, Зөрчлийн тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх /хууль, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах, учирч болзошгүй хохирол, хор уршгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна/ хэсэгт тус тус заасан чиг үүргийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасны дагуу 500,000 төгрөгийн шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавартай танилцуулахад шийтгэлийн хуудсан дээр гарын үсгээ зурж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг эс зөвшөөрч гарын үсэг зурахаас татгалзсан.

3.4. Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2102000021 дүгээр албан даалгавар нь хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээний хүрээнд гаргасан шууд дангаараа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, захиргааны актын шинжийг агуулаагүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэр билээ.

3.5. С.А нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх /оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй/, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдлоо гаргаагүй байна.

3.6. Иймээс улсын байцаагч Х.Нямдулам би 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ногдуулсан 0069155 дугаар шийтгэлийн хуудас болон 2102000021 дүгээр зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаварт С.А нь хуулийн хугацаанд гомдол гаргаагүй тул эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.12 дахь /Зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд шийтгэл ногдуулсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, зөрчлийн үр дагаврыг арилгахтай холбоотой зардлыг нөхөн төлөөгүй бол албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргах/, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь /Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл энэ арга хэмжээний зардлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ/ хэсэгт тус тус заасан чиг үүргийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02-02/1081 тоот албан бичгээр хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 7654 дүгээр захирамж, 266 дугаар гүйцэтгэх хуудсаар 2102000021 дүгээр албан даалгаврын дагуу газар чөлөөлөхийг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байдаг.

3.7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2102000021 дүгээр газар чөлөөлөх тухай албан даалгавар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-д “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасанчлан өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар гарсан байх тул илт хууль бус захиргааны актад тооцогдох үндэслэлтэй байна гэж үзсэнийг:

3.8. Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2102000021 дүгээр албан даалгавар нь хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээний хүрээнд гаргасан шууд дангаараа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, захиргааны актын шинжийг агуулаагүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэр бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлтийг гаргаснаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 9 дэх /Шүүх энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан хүсэлтийг ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзвэл албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичнэ/, 10 дахь /Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй/ хэсэгт тус тус заасны дагуу эцсийн шийдвэрийг шүүхийн байгууллага гаргахаар хуульчилсан.

3.9. Хуульд заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02-02/1081 тоот албан бичгээр хүсэлтийг хүргүүлж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 7654 дүгээр захирамж, 266 дугаар гүйцэтгэх хуудсаар 2102000021 дүгээр албан даалгаврын дагуу газар чөлөөлөхийг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн билээ.

3.10. Мөн захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх /Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно/ хэсэгт заасан.

3.11. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 7654 дүгээр захирамж, 266 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байхад С.Аын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь /Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ/, мөн хуулийн 54.1 дэх хэсгийн 54.1.6 дахь /Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа/, 54.1.8 дахь /Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн/ заалтууд илт зөрчигдөж байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3 /тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан/ дахь захиргааны акт илт хууль бус болох захиргааны актын шинжгүй, гарсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй байх тул хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн улсын байцаагчийн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Захиргааны ерөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

3.1. Нэхэмжлэгч С.Аоос “Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2102000021 дүгээр газар чөлөөлөх тухай албан даалгавар илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

4. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч нь иргэн Б.Оюунаас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн “Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 6 дугаар автобусны буудал дээрх түргэн үйлчилгээний цэг нь танай байгууллагаас арга хэмжээ авч, шүүхийн шийдвэрээр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн боловч дахин түргэн үйлчилгээний цэгээ байршуулсан зөрчил нь өнөөдрийн байдлаар үргэлжилж байгааг шалгаж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авч, прокурорын зөрчлийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн нэхэмжлэгч С.Аын түргэн үйлчилгээний цэгт шалгалт хийсэн байна.

4.1. Шалгалтаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2120000021 дүгээр зөрчлийн хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж С.А нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй газар ашиглаж,  түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байгаа эсэх талаар холбогдох баримт бичгийг гаргуулахаар 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02-03/358 тоот албан бичгийг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлэхэд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15/212 тоот албан бичгээр “Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасны дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж түргэн үйлчилгээний цэгийг албадан нүүлгэж газар чөлөөлсөн боловч дээрх зөрчлийг давтан үйлдэж байна. Тухайн түргэн үйлчилгээний цэг нь газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээгүй дур мэдэн газар ашиглаж байгаа” гэсэн хариуг ирүүлсэн байх ба С.А эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа явуулж байгаа болох нь гэрч, холбогдогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж зөрчлийн хэргийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлд дурдсан байна.

4.2. Уг шалгалтын дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан буюу Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул 500,000 төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай албан даалгавар өгчээ.

4.3. Гэвч зөрчил гаргагчаас албан даалгаврыг биелүүлээгүй, зөрчлийн үр дагавар арилаагүй тул хариуцагчаас хуульд заасны дагуу шүүхэд хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, мөн өдрийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 0069155 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан 500,000 төгрөгийг албадан гаргуулах, газрыг албадан чөлөөлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгчээс газар чөлөөлөх эрх хэмжээг харьяалах шатны Засаг дарга хэрэгжүүлэхээр Газрын тухай хуульд зохицуулсан гэж маргасан.

5.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг заасан бөгөөд 6.10-д заасан зөрчлийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалган шийдвэрлэхээр зохицуулж мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д “Зөрчлийн тухай хуулийн ... 8.1-д заасан зөрчил” гэж заасан байх ба Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэж заасан байна.

5.2. Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/53 дугаар Чиг үүрэг шинэчлэн батлах тухай тушаалын 1-д Тамгын газрын чиг үүргийг хоёрдугаар хавсралтаар баталсан байх ба хоёрдугаар хавсралтын 3-д “Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн чиг үүрэг, орон тоо: Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналт. Хяналт шалгалтын дүнг мэдээлэх, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах” гэжээ.

5.3. Иймээс хариуцагч нь хууль тогтоомжоор өөрт олгосон чиг үүргийн дагуу С.Аод эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтыг зөрчсөн болох нь газар дээрх нөхцөл байдал холбогдогч, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж үзээд 500,000 төгрөгийн шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авч, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлөхийг мэдэгдэж, биелүүлээгүй тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсэн албан даалгаврыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан илт хууль бус захиргааны акт гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0069155 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан 500,000 төгрөгийн торгуулийг төлсөн хэдий ч үргэлжлүүлэн нийтийн эзэмшлийн талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

6.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 1.11-д “зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх”, Зөрчлийн тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д “Хууль, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах, учирч болзошгүй хохирол, хор уршгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна” гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч хугацаатай албан даалгавар өгч биелүүлээгүй тохиолдолд хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр хандсан нь хууль зөрчөөгүй, Газрын тухай хуульд заасан Засаг даргын эрх хэмжээнд халдсан гэж үзэхгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

6.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0069155 дугаар шийтгэлийн хуудас, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2102000021 дүгээр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд тус тус гомдол гаргаагүй, зөрчлийг хүлээн зөвшөөрч, торгуулийг төлсөн хэр нь тухайн нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөлгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байх тул эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар гаргасан албан даалгавар нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2022/0718 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Аоос Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2102000021 дүгээр газар чөлөөлөх тухай албан даалгавар илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ШҮҮГЧ                                                                        С.МӨНХЖАРГАЛ

    

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ