Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Э.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б т холбогдох 163/2021/0018/Э индекстэй, эрүүгийн 211500000007 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 02-нд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Булган аймгийн ...  гэх газар оршин суух, У овгийн Э.Б ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б  нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ... од байрлах өөрийн гэртээ эхнэр Б.О тэй хэрүүл маргаан хийж түүний гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

211500000007 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.О ийн өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай нөхөр Б  12 цагийн орчимд хоёр хүүгээ манай аавын гэрт хүргэж өгөөд тэгээд өөрөө хөдөө банз ачаад гарна гэж байсан юм. Би 16 цаг болж байхад гэртээ харихгүй шууд аавын гэрт очоод тэнд хоол цай идэж уугаад сууж байгаад 20 цаг болж байхад ааваараа хоёр хүүгийн хамт гэртээ хүргүүлсэн. Гэртээ ирэхэд манай гэрийн цоожыг эвдчихсэн дотроос нь хаалга цоожтой байсан. Би тухай үед нөхрөө хаалга эвдэж ороод дотор нь байна гэж бодоод хэсэг хаалгаа нүдэж байгаад онгойлгохгүй байхаар нь хажуу талд байх Х  гэх айлд ороод сууж байтал манай гэрийн хаалга дуугарах чимээ гарсан. Тэгэхээр нь би гараад хартал манай нөхөр Б  сэрчихсэн хашаан дотор явж байхаар нь би хоёр хүүхдээ Х  эгчийн гэрт үлдээгээд Б ыг гэрлүүгээ дагуулаад орсон. Манай нөхөр Б  нилээн согтуу байсан. Тэгээд намайг унтья гээд орон дээрээ гараад унтах гээд хэвтэж байсан би тэр үед нь жижиг өрөөнд галаа түлээд сууж байсан юм. Тэгсэн гэнэт танайхан дандаа намайг дорд үздэг пиздакуудыг ална гээд босч ирээд тогооны сав уудлаад хутга барьж аваад би зугтаагаад хойд өрөө лүү ороход араас ирээд барьж аваад намайг доороо хийсэн би ноцолдоод байж байхад миний гарыг зүссэн. Би гараа зүсүүлчихээд хурдан зугтаая гэж бодоод арай гэж мултраад гарч зугтаагаад хашаанаас гараад Х  эгчийн гэрт ороход араас Б  бөөн цус нөж болчихсон орж ирсэн. Гэрт байсан хүүхдүүд айгаад Х  эгч манай нөхрийг загнаад цагдаад дуудлага өгөөд цусаа цэвэрлээд тэнд хэрэлдээд байж байх зуур би эгчийгээ дуудаад машинд нь ороод сууж байхад цагдаа ирээд Б ыг аваад явсан. Миний зүүн гарын эрхий хуруу долоовор хуруу хоёрын завсар зүссэн.Эмнэлэгт очоод зүссэн газарт нь 4 оёдол тавиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

Гэрч Г.Х гийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 19 цаг өнгөрч байхад манай хажуу талын О  хоёр хүүхдээ дагуулаад манай гэрт орж ирсэн. Орж ирэхдээ Б  хаалгаа дотроос нь түгжчихээд нам унтчихсан юм шиг байн. Согтуу юм байлгүй дээ өдөр юм ууж байна гэж ярьж байсан.Тэгээд удаагүй байж байхад Б гийн хаалга дуугарах чимээ гарахаар нь би Б  сэрчихсэн юмуу гэж хэлэхэд О  гараад орж ирээгүй хэсэг алга болоод тэгсэнээ 20 минут орчим болсон байх О  манайд орж ирээд Б  зүгээр хэвтэж байгаад ална гээд хутга шөвөг хайгаад би ч арай над руу дайрахгүй байлгүй дээ гэж бодож байхад надруу дайраад миний гарыг хутгаар исгээд ийм болгоод хаячихлаа гэсээр орж ирсэн. Тэгээд удаагүй араас нь Б  согтуу араас нь цус нөжтэйгээ холилдсон юм орж ирээд гэр нил цус болгоод би уурлаж Б г загнаад цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Б.Ц ийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхад манай төрсөн дүү О  миний гар утас руу залгаад " та манай гэрт хүрээд ир Б  хутга бариад намайг илдээд байна" гэж уйлж яриад утсаа салгасан. Тэгэхээр нь би машитайтаа тэдний гадаа очиход гэр нь гэрэлгүй юм харагдахгүй байхаар нь О ийн гар утас руу залгахад хажуу талын Х  эгчийн гэрээс гарч ирээд миний машинд суусан. Тэгээд би юу болов гээд асуухад уйлаад зүүн гарын алга хавьд зүсүүлчихсэн тэрийгээ ариун цэврийн цаасаар дарчихсан байж байсан.

Тэгээд бид хоёр сууж байхад Б  араас нь гарч ирээд машин дотор суугаад надтай хэрэлдэж байгаад буцаад гэрлүүгээ орчихсон. Бид хоёр тэгээд яваад өгсөн. О ийн яриагаар бол зүгээр гэртээ орон дээрээ хэвтэж байснаа танайханыг ална гээд шууд хутга бариад дайраад дарж аваад ноцолдож байгаад гарыг нь зүсээд О  зугтаагаад гараад гүйсэн гэж байсан. Хажуу талын Х  эгчийн гэрийн гадаа гэр дотор нь баахан цус болчихсон байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Яллагдагчаар Э.Б  мэдүүлэхдээ: “...Надад санад хүсэлт байхгүй. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Мөн гэм буруугаа ухаарч байна. Тухайн өдөр би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд хүнээр гэртээ хүргүүлсэн байсан. Тухайн үед би ухаан алдчихсан буюу тасарчихсан байсан юм. Тэгээд би цагдаад баригдаж эмнэлэг рүү явж гараа оёулж байхдаа ухаан орсон юм. Тэгээд дараа нь эхнэр болон саахалт айлын хүнээс асуухад би эхнэр О ийн гарыг болон өөрийнхөө гарыг хутгаар зүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 351 тоот дүгнэлтэнд: 1. Б.О ийн биед зүүн сарвууны дотор хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б  нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ... од байрлах өөрийн гэртээ эхнэр Б.О тэй хэрүүл маргаан хийж түүний гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.О , гэрч Ц.Х , Б.Ц   нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Б.О ийн биед зүүн сарвууны дотор хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 351 тоот дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Э.Б ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Э.Б ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Б.О  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Э.Б ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Б ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Б  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

  1. Шүүгдэгч У овгийн Э.Б ыг “хүний эрүүл мэндэд хөнгөнхохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Э.Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Шүүгдэгч Э.Б  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй,нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Ж.ДЭЛГЭРМӨРӨН