| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0011/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/23 |
| Огноо | 2021-01-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/23
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч Э.Гантулга,
өсвөр насны шүүгдэгч Ц.Б , түүний хууль ёсны төлөөлөгч Б.П , шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э ,
өсвөр насны шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Г.Гочоо, өсвөр насны шүүгдэгч Б.Д , түүний өмгөөлөгч П.Ган-Очир, гэрч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Ц.Б , Б.Д , Б.Г нарт холбогдох эрүүгийн 1915002980178 дугаартай, 163/2021/0011/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эмээ өвөө нарын хамт Булган аймгийн ... ийн “Д ” гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ц.Б,
Монгол улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Булган аймгийн ... ийн “Ж” хороонд оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Б.Д,
Монгол улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эмээ, өвөө, ээж, дүү нарын хамт Булган аймгийн ... ийн “Б” гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Б.Г.
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Ц.Б , Б.Д , Б.Г нарыг бүлэглэж
2017 оны 10 дугаар сард Булган аймгийн ... од байрлах иргэн О.Н н гэрт хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний нэг ширхэг мөнгөн бүс хулгайлж 304.000 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч Б.Д ыг 2018 оны 06 дугаар сард Булган аймгийн ...од оршин суух иргэн Х.Х ын гэрт хууль бусаар нэвтэрч нэг хос хромон гутал хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч Ц.Б ыг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн ... од оршин суух иргэн Б.Т ийн гэрт хууль бусаар нэвтэрч 500.000 төгрөг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ц.Б ын өгсөн: Т ийн гэрээс 500000 төгрөгийг авсан нь үнэн. Гэхдээ хулгай хийх зорилгоор ороогүй, мотоциклийн түлхүүрээ авах гэж цонхыг цохиж ороод түлхүүрээ эрж хайх явцад гэнэт их мөнгө гараад ирэхээр нь авчихсан юм, энэ хохирлыг төлсөн. Н гэх айлаас бүсийг аваагүй, хулгай хийгээгүй. М , Н байцаагч нар нь хэргийг хүчээр хүлээлгэсэн. Би 2017 оны 9 дүгээр сараас 12 дугаар сард Монгол Солонгосын хамтарсан политехникийн коллежид сурч байсан ба энэ хугацаанд Улаанбаатар хотод байсан гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Д ын өгсөн: 2018 оны 06 дугаар сард Булган аймгийн ...од оршин суух иргэн Х.Х ын гэрээс хромон гутал авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, би энэ гутлыг өөрөө өмссөн, хохирлыг төлнө. Н гийнд ороогүй, хулгай хийгээгүй. Мэдүүлэг шалгах ажиллагааг оныг нь санахгүй байна, 6 сард хийсэн. Н , Н байцаагч, төлөөлөгч Б бид 4 байсан. Цагдаагийн газраас гараад Ш ынхоор орчихоод Н эмчийнд очсон, явж байхдаа байцаагч, төлөөлөгч хоёр “М д өмнө нь хэлсэн, заасан зүйлээ заагаарай” гэж хэлж надад хэргийг хүчээр хүлээлгэсэн гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Г ийн өгсөн: Н г танина, манай сумын эмч. Тэндээс ямар нэгэн зүйл хулгай хийгээгүй. Н байцаагч, төлөөлөгч Б хоёртой очиж зураг авахуулсан. Тэр үед Н байцаагч хаалга руу заа гэхээр нь заасан, гэрт бол ороогүй. Зодох байх гэж айгаад мэдүүлэг өгсөн гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хууль ёсны төлөөлөгч Б.П гийн өгсөн: Н гийн гэрт хулгай орох үед миний хүү байгаагүй. Улаанбаатар хотод Монгол, Солонгосын хамтарсан коллежид 2017 оны 9 дүгээр сард сурч эхлээд, хичээлийнхээ амралтын үеэр буюу нэгдүгээр сард гэртээ ирсэн. Д.Н цагдаа миний хүүг зодсон нь үнэн. Улаанбаатар хот явж байх замд засмал дээр баахан бичиг баримт дээр гарын үсэг зуруулсан. Ямар учиртай бичиг баримтан дээр гарын үсэг зуруулаад байна вэ? гэж асуухад аймаг руу явуулах гэж байгаа юм аа зүгээр гэж хэлсэн. Бид нар хууль сайн мэдэхгүй болохоор гарын үсэг зурчихсан. Хэрэг шалгагдаж байх хугацаанд миний хүүгийн толгой нь өвдөж, доголоод бөөлжиж гэртээ ирсэн. Тэгээд би нутгийнхаа хүнд очиж толгойг нь бариулж байсан. Миний хүү тэр 500.000 төгрөгийг санамсаргүй авчихсан юм шиг байна лээ. Ийм үр дагавартай гэдгийг тухайн үед ухамсарлаж ойлгохгүй л байсан байхаа. Т гэдэг хүнтэй уулзаж ярилцаж ойлгуулж хэлсэн гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Н гийн өгсөн: Би энэ гурван шүүгдэгчийг хэргийг шалгах явцад танидаг болсон. 2019 онд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд Б ын ар гэрээс Ш гэж нагац ах нь байсан. Д ын хууль ёсны төлөөлөгч Э гэж хүн, Г ийн ар гэрээс түүний төрсөн ээж гэх хүмүүс оролцсон. Би тэмдэглэлийг хууль ёсны дагуу танилцуулсан. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн байгаагүй хүнээр нөхөж гарын үсэг зуруулсан асуудал байхгүй. Ш гэх айлд 2016 онд хулгай орсон. Тэр үед Г ийн ээж нь би санаа зовоод байна, орохгүй гэж хэлээд гадаа машинд суугаад хүлээж байсан. Бусад хүмүүс бүгд ажиллагаанд оролцсон. Б ын хууль ёсны төлөөлөгч Ш мэдүүлэг шалгах ажиллагаанд оролцсон. Би Б ын хууль ёсны төлөөлөгч Ш аар ямар нэг баримтан дээр гарын үсэг зуруулаагүй. Тийм зүйл болоогүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 1915002980178 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч Ц.Б , Б.Д , Б.Г нарын бүлэглэж болон дангаараа хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл, бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн О.Н д 304000 төгрөгний хохирол, Х.Х ад 650000 төгрөгний хохирол, Б.Т өд 500000 төгрөгний хохирол тус тус учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, учирсан хор уршиг, шалтгаан нөхцөлийн талаар:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Х ын өгсөн: “2018 оны 6 дугаар сарын сүүлээр санагдаж байна, ямар ч байсан сумын наадам дөхөж байхад Булган аймгийн ...од байрлах манай гэрээс хромон гутал алдагдсан байсан. Тухайн үед манай байшингийн урд талд байдаг хаалганы цоожийг эвдэж ороод авсан байсан. Уг гутал нь хар өнгөтэй, 40 размерийн монголд үйлдвэрлэсэн, шинэ гутал байсан. Огт өмсөөгүй байсан. ...2018 оны 7 дугаар сарын сүүлээр манай сумын Д гэх хүүхэд манай гутлыг өмсөж яваад манайд авчирч өгсөн. Тухайн үед манайхаас шинэ, хуучин хоёр хос гутал хулгайлсан байсан. Тэгээд нэгийг нь хашаанд үлдээсэн байсныг сүүлд өөрөө олж өгсөн” гэх /хх-20-21 тал/,
...шинэ хромон гутлынхаа мөнгийг гаргуулж авна, ...2018 оны хавар 650000 төгрөгөөр Улаанбаатар хоын захаас авч байсан юм гэх /хх-23тал/ мэдүүлэг,
Хохирогч О.Н н өгсөн: “2017 оны намар санагдаж байна, би яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Булган аймгийн ... од байрлах манай гэрт хулгай орсон байсан. Тухайн үед манай гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод буцаагаад цоожилсон байсныг хаалгаа онгойлгож орох гэж байгаад мэдсэн. Гэртээ ороход өөдөөс харсан шүүгээний доторх эд зүйлийг эмх замбараагүй болгоод сервантан дотор байсан зүйлийг бүгдийг нь гаргаад газар тавьсан байсан. Тэгээд би эх баригч эмч Д ыг үүдэн дээрээ гуйж зогсоосон... манайд хулгай орсоныг мэдэж байгаа... гэх /хх-74 тал/,
Хохирогч Б.Т ийн өгсөн: “2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн ... од байрлах манай гэрт хулгай орж манай ээж Б ын бэлэн 500.000 төгрөг хулгайд алдагдсан байсан. Тухайн үед манай ээж банкнаас тэтгэврийн зээл авсан байсан. Тухайн үедээ 976.000 төгрөг аваад хүмүүст өрөө өгөөд үлдсэн 500.000 төгрөгөө манай гэрт үлдээсэн байсан. Манай гэрт хэн нэгэн хүн байгаагүй. Ээж Б ганцаараа байсан. Тэгээд орой нь хот явах байсан бөгөөд мөнгөө алдсанаа орой нь мэдсэн байсан. Тухайн үед манай гэрийн гадаа өнгө маркийг нь санахгүй байна, мотоцикль байхаар нь би хүү М гээс асуухад Б ын мотоцикль байна гэж хэлсэн. Б нь манай нөхөр Г ийн хамаатан Г гэдэг хүүхэдтэй найзалдаг юм. Тухайн үед би Г , Б нартай уулзаж “би цагдаад мэдэгдэхгүй, та нар хохирлоо барагдуул” гэсэн чинь хохирлоо барагдуулах талаар хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед Г , Б нар уг мөнгийг аваад Улаанбаатар хот явсан байсан. Яг манай гэрт орж хулгай хийсэн нь Б юм...” гэх мэдүүлэг /хх-124 тал/,
Гэрч Ж.Д ын өгсөн: “2017 оны намар яг хэдэн сарын хэдэн гэдгийг нь санахгүй байна. Намайг ажлаасаа тараад явж байхад Н эмч дуудаад “манай гэрийн хаалганы цоожийг эвдсэн байна, хулгай орсон юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд намайг харж байгаа ч гэж дуудахаар нь гэрийн гадаа нь зогсоод үлдсэн. Н эмч өөрөө цагдаад мэдэгдэнэ гээд явсан” гэх мэдүүлэг/хх-81 тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Г ийн өгсөн: “Би Х.Х гэх хүнийг танина, манай сумын иргэн. Гэр нь дээд эгнээнд байдаг хүрэн модон байшинтай айл байдаг. 2018 оны 6 дугаар сарын үед Д уг айлаас хулгай хийж хромон гутал авсан гэж ярьж байсан ба ...өмссөн байсан” гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,
Гэрч Б.Т ын өгсөн: “...Д өөрөө надад хэлэхдээ би Д гэж дууддаг айлын гэрээс 2 хос хромон гутал авсан үнэн, ...тэр гутлыг эргүүлээд өгчихсөн” гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-87 тал/,
Гэрч М.Г ын өгсөн: “Би 2016 оноос одоог хүртэл Булган аймгийн Гурванбулаг сумын төвөөс Улаанбаатар хот руу хүн тээвэрт явж байна. ...2018 оны 05 дугаар сард надтай хамт Б , Г хоёр явсан. Тухайн үед надад ямар нэгэн зүйл хэлээгүй хот орно гээд суусан” гэх мэдүүлэг /хх-127 тал/,
Гэрч Б.С ын өгсөн: “2018 оны 05 дугаар сард хонхны баяр болохын өмнөх өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын төвийн морь барианы газар очиход манай найз Д , Б , Г , Б нар байсан. Тухайн үед намайг очиход хоёр ширхэг “Боргио” нэртэй том пиво байсан. Тухайн үед Б авч өгсөн гэж
Б , Д хоёр хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-128-129 тал/,
Гэрч Д.Г ийн өгсөн: 2018 оны 06 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, Булган аймгийн Гурванбулаг сумын төвд байрлах манай байшингаас манай хадам ээж Б бэлэн 500000 төгрөгөө алдсан байсан... банкнаас мөнгөө аваад манай гэрт аваачиж далд хийсэн байсан ба тэр өдрөө хулгайд алдсан. ...” гэх мэдүүлэг /хх-131 тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-08-11,
64-69 тал/,
Хохирлын үнэлгээ тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №19/95 дугаартай: “эмэгтэй мөнгөн бүс нэг ширхэг 304000 төгрөг” гэх дүгнэлт /хх-91-95 тал/,
Хохирлын үнэлгээ тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210512 дугаартай: “орос хромон гутал 1 ширхэг 650.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-41-44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн ... од оршин суух иргэн Б.Т ийн гэрт хууль бусаар нэвтэрч 500.000 төгрөг хулгайлсан, өсвөр насны шүүгдэгч Б.Д нь 2018 оны 06 дугаар сард Булган аймгийн ...од оршин суух иргэн Х.Х ын гэрт хууль бусаар нэвтэрч нэг хос хромон гутал хулгайлсан гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь тухайн орон байранд хэзээ, хэрхэн, яаж нэвтэрсэн талаарх “гэрийн цоож болон цонхыг эвдлэн дотогш нэвтэрч дээрх эд зүйлийг авсан, эдгээр эд зүйлийг хаана хэрхэн зарцуулж байсан талаарх” хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ц.Б , Б.Д , Б.Г нар нь бүлэглэж 2017 оны 10 дугаар сард Булган аймгийн ... од байрлах иргэн О.Н н гэрт хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний нэг ширхэг мөнгөн бүс хулгайлж 304.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч О.Н , гэрч Ж.Д нарын тухайн цаг хугацаанд О.Н н гэрт хулгай орж цагдаагийн байгууллагад мэдээлж байсан талаархи мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч Ц.Б , Б.Д , Б.Г нараас гэрчийн мэдүүлэг авч илэрсэн нөхцөл байдлыг шалгах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлд заасны дагуу хийгдсэн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, хохирогч О.Н гийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үеийн нөхцөл байдлын талаар өгсөн “...Манай гэрт хулгай орж эд зүйл алдагдсанаас хойш манай гэрт 2 удаа засвар хийгдэж байрлал өөрчлөгдсөн. Хамгийн гол өөрчлөгдсөн зүйл нь үүдний хэсэгт байсан дотор талд нь хулгайд алдагдсан бүс байсан хүрэн өнгийн 2 хаалгатай мебель шкафны байрлалыг өөрчилж өөр өрөөнд тавьсан өөр тавилга өөрчлөгдөөгүй гэх /хх-76 тал/, ...2019 оны 07 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд гэртээ байж байхад Н мөрдөгч “мэдүүлэг шалгах гээд явж байна, танай гэр рүү очих гэсэн юм” гэхээр нь “би тэг тэг, гэртээ байна” гэж хэлсэн. Тэгээд манай гэрт Б , Д , Г нар ээлж ээлжээрээ мөрдөгч Н , хэсгийн байцаагч Б болон өөр бусад хүмүүс байсан. Одоо бол сайн санахгүй байна. Тухайн үед Б болон Г нарын хэлсэн яриа сайн сонсогдохгүй байсан. Би бүүр арын өрөөнд байсан. Харин Д болохоор үүдний өрөөнд зуухны хажууд зогсож байгаад гараараа заагаад “энэ хэсэгт шүүгээ байсан байхгүй байна, энд байрлуулсан байна” гэж зааж хэлж байсан. Мөн Б гал тогооны цонхоор хүн харж байсан гэх үгийг би тод сайн сонссон. Бусад яриаг нь сайн сонсоогүй. Миний алдсан мөнгөн бүс Д ын яриад байсан шүүгээнд байсан юм. Тухайн үед миний харж байгаагаар тухайн хүүхдүүдийг зодож цохисон, айлгасан, үг хэлэхийг заасан зүйл ажиглагдаагүй. Мөн цонхоор гадагш харахад нилээн олон хүмүүс харагдаж байсан. Тухайн хүүхдүүдээс урьд өмнө манай гэрт орж ирж байгаагүй. Тийм болохоор манай гэрийн тавилгыг хаана хаана байгааг сайн мэдэх учиргүй. Д тэр үед “энд байсан шүүгээ, одоо энд байна” гэж хэлэхэд нь энэ хүүхэд үнэн ярьж байх шиг байна, хулгай хийсэн байна гэж дотроо бодож байсан” гэх мэдүүлэг /хх-78 тал/, хууль ёсны төлөөлөгч Б.Э ийн гэрчээр өгсөн “2019 оны 07 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь бол сайн мэдэхгүй байна. Би Гурванбулаг суманд ээжийнхээ гэрт байж байхад манай эгчийн хүүхэд Д утсаар надруу яриад “та хүрээд ирээч насанд хүрсэн хүн байх хэрэгтэй гээд байна, цагдаа дээр яваад ир” гэж хэлсэн. Би тэнд яваад очиход цагдаа надад “Д ын хулгай хийсэн айлуудаар орж мэдүүлгийг шалгаад зураг дарна хамт яваад өг” гэж хэлсэн. Тэгээд эхлээд Н эмчийн гэрт очоод тэндээс хөдлөөд хоёр айлаар ороод буцаад цагдаагийн хэсэг дээр хүрч ирээд Д ыг мэдүүлэг өгөхөд би хажууд нь хамт суусан. ...Н эмчийн гэрт хүүхдүүд уруу татаад орсон гэж ярьж байсан. Авсан юм аа сайн мэдэхгүй, санахгүй байна гэж байсан” гэх /хх-88-89 тал/ мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Өөрөөр хэлбэл мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед өсвөр насны шүүгдэгч Б.Д ын “энэ хэсэгт шүүгээ байсан байхгүй, энд байрлуулсан байна” гэж зааж хэлж байсан нь гэрт хулгай орж эд зүйл алдагдсанаас хойш хоёр удаа засвар хийгдэж үүдний хэсэгт байсан дотор талд нь хулгайд алдагдсан бүс байсан хүрэн өнгийн хоёр хаалгатай мебель шкафны байрлалыг өөрчилж өөр өрөөнд тавьсан талаарх хохирогч О.Н гийн мэдүүлгээр тогтоогдож байх ба мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нарыг оролцуулсан, тухайн үед өсвөр насны шүүгдэгч нарыг зодож цохисон, айлгасан, үг хэлэхийг заасан гэх мэт энэ ажиллагаатай холбоотой гомдол гаргаагүй байна.
Өсвөр насны шүүгдэгч Ц.Б , Б.Д , Б.Г нарын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, эд зүйлсийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх төдийгүй хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн хүндрүүлэх шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Ц.Б , Б.Д , Б.Г нарын гэм буруутай үйлдлийн улмаас Булган аймгийн Гурванбулаг сумын иргэн О.Н д 304000 төгрөгний, иргэн Х.Х ад 650000 төгрөгний, иргэн Б.Т өд 500000 төгрөгний хохирол тус тус учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ц.Б нь Б.Т ийн хохирлыг төлсөн банкны мөнгөн шилжүүлгийн баримт хэргийн 192 талд авагдсан байна.
Иймд хохирогч Х.Х ын хохирлыг өсвөр насны шүүгдэгч Б.Д аас, хохирогч О.Н гийн хохирлыг дээрх шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, өсвөр насны шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Т өд төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Гурав. Эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээний талаар:
Өсвөр насны шүүгдэгч Ц.Б , Б.Д , Б.Г нарын бүлэглэж болон дангаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.Б , Б.Д , Б.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Ц.Б , Б.Д , Б.Г нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал, түүнчлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 170-190 дугаар талуудад авагдсан өсвөр насны шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа, нас тоолсон тэмдэглэл, багийн Засаг даргын тодорхойлолт, сурагчийн хувийн хэрэг, Гурванбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт зэрэг баримтуудыг шинжлэн судлаж үзэхэд өсвөр насны шүүгдэгч Ц.Б , Б.Д , Б.Г нар өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, Булган аймгийн Гурванбулаг суманд өвөө, эмээ, ах, дүү нарын хамт мал маллан амьдардаг, тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед Б.Г нь 15 нас 8 сар 17 хоногтой, Б.Д нь 14 нас 8 сар 24 хоногтой, Ц.Б нь 15 нас 25 хоногтой байсан зэрэг тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт илүү хөнгөн, тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Ц.Б , Б.Д , Б.Г нар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: