Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч П.Шижиртуяа, шүүгдэгч Э.Д , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Д т холбогдох 163/2021/0021/Э индекстэй, эрүүгийн 2115000000014 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй, мал малладаг, ам бүл 1, Булган аймгийн ... од оршин суух, ял шийтгэлгүй, Ц  овгийн Э овогтой Д,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Д  нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих Булган аймгийн ... ийн нутаг дэвсгэрт хохирогч О.Э ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтаг шалтгаангүйгээр хохирогч О.Э ын хэвлийн зүүн дээд хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2115000000014 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч О.Э ын өгсөн: “...Д  гэрийн баруун талаас босч ирээд ахаа би таныг хутгалчихуу гээд хоёр гартаа хутга барьчихсан над руу хүрээд ирсэн. Тэгэхэд Д ын зүүн гарт байсан хутга нь эвхээстэй баруун гарт барьсан хутга нь дэлгээстэй байсан. Тэгээд над руу хүрээд ирэхээр нь би тоглож байна гэж бодоод хоёр гарыг нь бариад авахад Д  баруун гараа шувт татаж аваад дахиад бариад авахын завдалгүй миний зүүн талын хавирганы доор хэвлий хэсэгт нэг удаа хутгалсан....гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

Гэрч Г.М ын өгсөн: “...машин асаагаад байж байтал Э  ах гэдэснийхээ зүүн талд гараараа дарсан цамц нь жаахан цус болсон байдалтай өөрөө алхаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Э , Д  хоёрыг суулгаад ...  гэх газар Э  гэх ахын гэрт очоод утсаар нь сумын эрүүл мэндийн төв рүү залгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Яллагдагчаар Э.Д  мэдүүлэхдээ: “...Би тогтоолыг танилцсан хүлээн зөвшөөрч байна.Э  ахаа би таныг хутгалчих уу гээд тоглоод баруун гартаа өөрийнхөө өвөрт явдаг эвхэгддэг хутгыг дэлгэлгүй чичих гээд очиход Э  ах миний гараас бариад авсан.Тэгэхээр нь би тоглож байнаа гээд баруун гараа татаж аваад дахиад Э ыг чичихэд биеийнх нь зүүн хэсэгт хэвлий орчим луу нь хутгалчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 тоот дүгнэлтэнд: 1. О.Э ын биед хэвлийн зүүн дээд хэсэгт шарх үүсчээ. 2 Дээрх гэмтэл нь үзүүр иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шинэ гэмтэл ба 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Уг шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Гэмт хэрийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Д  нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих Булган аймгийн ... ийн нутаг дэвсгэрт хохирогч О.Э ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтаг шалтгаангүйгээр хохирогч О.Э ын хэвлийн зүүн дээд хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч О.Э , гэрч Г.М  нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Э.Д ын биед хэвлийн зүүн дээд хэсэгт шарх учирсан болохыг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 тоот дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Э.Д ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Э.Д ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Хохирогч О.Э  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг бусдад төдөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Э.Д ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Д ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Д  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

  1. Шүүгдэгч Ц овгийн Э овогтой Д ыг “хүний эрүүл мэндэдхөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Э.Д ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тустус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахьхэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвхдэг никель бор шаргал өнгийн нийт 19 см урттай, 8 см ажлын хэсэгтэй эвхэгддэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгасугай.
  5. Шүүгдэгч Э.Д  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй,нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Ж.ДЭЛГЭРМӨРӨН