Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/218

 

 

 

 

  2021       02         10                                        2021/ШЦТ/218

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг,

шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ц.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О, Ц.Г нарт холбогдох эрүүгийн 2106 00000 0017 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О, Ц.Г нар нь бүлэглэж 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 17 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 32 дугаар байрны 21 тоотод иргэн Г.Ариунболдыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                                                       

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.О, Ц.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг, тэдний хүсэлтийн дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Д.О, Ц.Г нар нь хохирогч Г.Ариунболдын бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Г.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 43 минутын орчим танил дүү О над руу залгаад “цэнэглэгчийг авах хэрэгтэй” гэж ярихаар нь би “хүрээд ир” гэж дуудсан. Маргааш өглөө нь 07 цагийн үед О манай гэрт ирээд бид хоёр хэдэн пиво ууж байх үедээ О Г гэх эмэгтэй дуудсан. Г манай гэрт 13 цагийн үед ирээд бид гурав нэмж пиво ууцгаасан. Тэгээд би тэр хоёрыг яв гэхэд явахгүй байсан ба Г нь хүнд архи захиж авч ирүүлсэн. Архиа ууж байхдаа О нь “ална шүү, би бокс тоглодог, гоё цохидог хүн шүү” гэж агсраад байсан. Тэгээд намайг ванны өрөө рүү оруулаад гараа далайгаад байхаар нь би Ог түлхээд өрөөнөөс гарсан ба ванны өрөөний үүдэнд О бид хоёр давхралдаж унаад босоход О, Г нар над руу зэрэг дайраад О миний толгой руу 10 гаруй удаа цохиод гарч явсан. Удалгүй эргэж орж ирээд дахин миний толгой руу цохисон. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цагдаа нар ирж тэр хоёрыг аваад явсан.

Архи талдаа орж байх үед О надтай уулзъя гээд ариун цэврийн өрөөнд дуудахаар нь очиход над руу гараа далайхаар нь би гарыг барьсан ба бид хоёр газарт давхралдаж унасан. Г гэх хүүхэн бид хоёрыг зууралдаж байхыг хараад Ог өмөөрч намайг цохиод, хэл амаар доромжилж, надтай зууралдаж эхэлсэн. О, Г нар нийлээд над руу дайраад миний толгой руу олон удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 04-05, 38-39/,

 

Гэрч Д.Мөнхсэргэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүнтэй уулзахаар гэрээсээ гарсан. Уулзах хүн маань болоогүй байна гэхээр нь Ариунболд руу залгаж яриад гэрт нь очсон. Надад хоол хийж өгсөн ба өөрөө пиво уусан. Удалгүй Ариунболдын хуурай дүү О утасныхаа цэнэглэгчийг авахаар ирээд Ариунболд тэр хоёр хамт пиво ууж эхэлсэн. Ганаа гэх эмэгтэй 1 цагийн дараа ирсэн. ...намайг нөгөө өрөөнд утсаар яриад орж ирэх үед О, Ариунболд нар зодолдож эхэлсэн. Би салгах гэж оролдсон боловч намайг түлхээд ойртуулахгүй байсан. Би нялх хүүхэдтэй учир хүнтэй хэрүүл маргаан үүсгэмээргүй санагдаад нөгөө өрөөнд ороод утсаар ярьж байсан. Ариунболд “манай гэрээс бүгдээрээ зайл” гэж хөөсөн. Би Ариунболдыг тайвшруулах гэж оролдсон боловч та нар нийллээ гээд уурлаад байхаар нь түүнийг орхисон” гэх мэдүүлэг /хх 49-51/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №13407 дугаартай:

“Г.Ариунболдын биед баруун хацар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамарт зулгаралт, хэвлийд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 12/,

 

Шүүгдэгч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Г 13 цагийн үед ганцаараа эрүүл ирээд Ариунболд бид гурав пиво уусан. Сэргэлэн гэх эмэгтэй, Ариунболд хоёр урд өдөржин уусан гэж ярьж байсан. Г хятад захирлынхаа ярьсан зүйлийг жолооч руугаа дамжуулан орчуулан ярьж байхыг сонссон Ариунболд ах “чи миний гэрт хятадаар ярьдаг, хятад шээс” гэх мэтээр хэл амаар доромжилж эхэлсэн. Би Ариунболд ах “ажлаа хийж байгаа хүн шүү дээ” гэж хэлэхэд Ариунболд ах хэсэгтээ тайвширсан. ...Архинаас хоёр эмэгтэй уугаагүй ба архи дуусаж байх үед Ариунболд ах “чи ахыгаа хүндлэхгүй байна уу, миний гэрт энд тэндгүй хятадаар яриад яваад байна” гэж хэлсэн ба сүүлд бүүр “та нар манай гэрээс зайл” гэж хэлсэн. ...Намайг ариун цэврийн өрөөнд ороход Ариунболд ах араас орж ирээд “чи намайг өдөөд байна уу, би 089-д тахал байлдагч байсан, хэнийг ч зодно” гэж хэлээд миний хоолойг боосон. Тэгээд бид хоёр газар давхралдаад унасан. Ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд том өрөөний буйдан дээр суухад хажууд Г ирээд суутал гар утас нь дуугараад утсаа аваад хятадаар ярихад Ариунболд ах Гийн нүүр рүү алгадаад газарт унахад шууд өшиглөсөн. ...Би Гийг аваад гарах гэхэд Ариунболд ах гэрээсээ гаргахгүй хаалган дээрээ зогсоод байсан. Ариунболд ах Гийг цохисон болохоор нь би Ариунболд ахын нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохисон. Ариунболд ах бид хоёрыг явах гэхээр явуулахгүй зууралдаад байсан” гэх мэдүүлэг /хх 63-65/,

 

Шүүгдэгч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би ажлаа гар утсаараа амжуулдаг ба хятад хэлээр утсаар ярихад Ариунболд “миний гэрт хятадаар ярьдаг хэн бэ” гэж хэлээд миний толгойн хэсэгт гараараа 1 удаа цохиход би хроптой пиво дээр унахад миний хөл руу өшиглөсөн. О намайг өмөөрөөд Ариунболдод хандаж “та яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм бэ” гэж маргалдсан ба сүүлдээ барилцаж аваад ноцолдсон. Ариунболд намайг “манай гэрт хятадаар ярьдаг, хятад янхан” гэж хэл амаар доромжилсон. ...Ог Ариунболдыг цохихыг харсан. Харин удаа цохисныг мэдэхгүй байна. Тэр хоёрыг салгахдаа Ариунболдын толгой, гар хэсэгт цохисон тэрийгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх 82-83/,

 

- зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 02-03/,

- эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 52-54/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс:

шүүгдэгч Ц.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Урчуул отог ХХК-ийн тодорхойлолт,

шүүгдэгч Д.Огийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.О, Ц.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.О, Ц.Г нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.О, Ц.Г нарын бүлэглэн иргэн Г.Ариунболдын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Ариунболд нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх ба түүнд шүүх хурлын тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг үндэслэж шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Д.О, Ц.Г нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Д ийн О, Б  овогт Цийн Г нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Ц.Г нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Ц.Г нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нар нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.О, Ц.Г нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ