| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 1714000500049 |
| Дугаар | 2018/ДШМ/015 |
| Огноо | 2018-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2018/ДШМ/015
С.Мд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Цогжавхлан
Шүүгдэгч Д.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул
Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Мгийн гаргасан давж заалдах гомдлоор С.Мд холбогдох эрүүгийн 1714000500049 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Боржигон овогт С.М, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,
С.М нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Гийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Боржигон овогт С.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийг шүүгдэгч С.Мг 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар С.Мгийн эзэмшлийн “Grand-2” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч С.Мд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.М гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие ам бүл 5, эмээ, ах, 2 хүүхдийн хамт амьдардаг. Анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, энэхүү ялаа 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тогтоосон.
Миний хувьд торгох ялыг зөвшөөрч байгаа бөгөөд гагцхүү төлөх хугацааг нь богино тогтоосныг зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно хэмээн заасан байдаг.
Иймээс миний ар гэрийн байдал, хөрөнгө зэргийг харгалзан үзэж торгох ялыг төлөх хугацааг 6 сараас нэг жилийн хугацаагаар тогтоон өөрчилж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би одоо эмнэлэгт хүүхэдтэйгээ хэвтэж байгаа, анхан шатны шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг төлөх боломжгүй байна. Иймд уг хугацааг нэг жилийн хугацаагаар тогтоож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Мг торгох ялыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тогтоосныг эс зөвшөөрч гомдол гаргасан байдаг. Шүүгдэгч нь 73 настай эмээ, ах, 2 хүүхдийн хамт амьдардаг, өнөөдөр ч гэсэн эмнэлэгт хэвтэж байгаа дулаан улиралд ажил хийж орлого олох боломжтой тул торгуулын ялыг төлөх хугацааг нэг жил болгон хойшлуулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Цогжавхлан гаргасан дүгнэлтэндээ: Д.Мгийн үйлдсэн хэрэг нь тогтоогдсон, анхан шатны шүүхээс оногдуулсан ял, уг ялыг биелүүлэх хугацааг үндэслэлтэй тогтоосон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
С.М нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сум, 3 дугаар баг, 35 дугаар гудамж, 25 тоотод Б.Гийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Гийн “...тэгтэл С.М зарагдаагүй үлдсэн хуушуурыг аваад шидээд гэрээр дүүрэн тараасан, манай хоёр дүү хамж хийсэн, тэгэхээр нь хүний найз ийм байдаггүй юм, чи өглөөнөөс хойш уурлаж ажил амжилтгүй болгоо биз дээ гэж хэлтэл С.М над руу зуурсан гурил авч шидсэн тэр гурилыг нь эргүүлээд шидсэн тэгтэл намайг босож ирээд чам шиг хүүхэн намайг амжихгүй, намайг хэн ч амжихгүй, надад хэн ч нөлөөлөхгүй гэж орилоод намайг орон дээр үсдэж дарж өнхөрүүлээд орноос унагаад үснээс чирээд, манай ээж дүү хоёр салгах гээд салгаж чадаагүй, ээж наад үснээс нь битгий татаад бай гэхэд больсон, тэгээд баруун талын орон дээр суугаад цагдаа руу утасдаж байхад чи цагдаад өг л дөө манай эгч нар чамайг цагдаа дээр чинь очиж үсдэнэ гээд байснаа гэнэт босож ирээд нүүр рүү самардаад баруун талын нүд рүү цохиод үсдэж дараад унагаасан, манай хүргэн ах босож ирээд салгасан..., ...миний биед янз бүрийн зовиур байхгүй, надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгүүд. /хх-ийн 7-8, 18-19-р тал/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №334 тоот хохирогч Б.Гийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор хийсэн “....1. Б.Гийн биед тархи доргилт, дух, баруун дээд доод зовхи, хамар хөмсөг, хацарт зулгаралт, зүүн дээд доод зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Иргэн Б.Гийн биед 2017.07.21-ний өдрөөс өмнө гэмтэл авсан гэх шинж тэмдэг тогтоогдоогүй.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 26-27-р тал/
Шүүгдэгч С.Мгийн зөрчил шалган шийдвэрлэх болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...хуушуур хийгээд сууж байхад Б.Г гаднаас орж ирээд битгий хий, зарагдахгүй, яах гээд байгаа юм бэ гээд над руу дайраад бас ээж рүүгээ өглөөнөөс хойш сонин юм яриад байсан гэж дайраад бас нөхөр рүүгээ хүний нөхөр ийм байдаггүй юм, чамтай хэрэлдсэнээс хойш гээд дайраад байсан, тэгэхээр нь би хүнд баахан зарлага гаргачихаад гэж хэлсэн, тэгтэл энэ үлдсэн хуушуураа авахгүй юу гэсэн, би энэ хөрсөн хуушуураар яадаг юм гээд түмпэнтэй хуушуурыг түлхэж унагаасан, Б.Г нүүрээ цэвэрлэж байгаад над руу алчуур аваад шидсэн, би очоод үсдээд авахад намайг зөрүүлээд үсдээд авсан тэгээд ээж нь бид хоёрыг салгасан, салаад сууж байхад Б.Г намайг нөхөртөө зодуулаад явж байхдаа таарсан гэж хэлэхээр нь би очоод баруун гараараа нүд рүү нь цохьсон..., ...би энэ хэргийг зөрчлөөр шалгагдаж байхад болсон явдлыг үнэн зөв мэдүүлсэн тул одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй, би хохирогчид учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан, өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 9-10, 32-33-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан С.Мгийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилжээ.
Дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3-т “...Прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон энэ хуулийн Дөчин хоёрдугаар бүлэгт заасан журмаар гадаад улсаас ирүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно...” гэж заасны дагуу зөрчил шалгах ажиллагааны явцад авагдсан хохирогч Б.Г болон шүүгдэгч С.М нарын 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өгсөн /хх-ийн 7-8, 9-10-р тал/ мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцон үнэлсэн бөгөөд дээрх нотлох баримтуудын хүрээнд хэргийг шүүхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч С.Мгээс анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг төлөх хугацааг ар гэрийн байдал, хөрөнгө зэргийг харгалзан зургаан сараас нэг жилийн хугацаагаар тогтоон өөрчилж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргажээ.
Хэдийгээр анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Мд түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан төрөл хэмжээний хүрээнд торгох ялаар шийтгэж эрүүгийн хариуцлага оногдуулсан хэдий ч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасантай нийцэхгүй байна.
Учир нь тухайн этгээдэд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан ял, эрүүгийн хариуцлага нь бүрэн бодитой биелэгдэх эсэх, цаашид ялтны эрх зүйн байдалд нөлөөлөх нөхцөл байдал үүсэж болзошгүй зэргийг харгалзан С.Мд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт С.Мг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт С.Мг хоёр зуун дөчин цаг /240/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй...” гэж,
3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000/ төгрөгийг шүүгдэгч С.Мг 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тогтоосугай...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэж,
4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэж тус тус өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч С.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Н.ЭНХМАА