Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2022/0518/З |
Дугаар | 221/МА2022/0694 |
Огноо | 2022-11-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2022/0694
С.Мын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж
Нэхэмжлэгч: С.М
Хариуцагч: ГЕГД
Нэхэмжлэлийн шаардлага: “ГЕГД-ын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Чингис хаан нисэх онгоцны буудал дахь гаалийн газрын Ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Д.Ц нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 128/2022/0518/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.М нь “ГЕГД-ын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Чингис хаан нисэх онгоцны буудал дахь гаалийн газрын Ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ээр маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.4, Гаалийн тухай хуулийн 2711.1 дүгээр зүйлийн 2711.1.11, 274 дүгээр зүйлийн 274.2.5-д заасныг тус тус баримлан С.Моос ГЕГДд холбогдуулан гаргасан “ГЕГД-ын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Чингис хаан нисэх онгоцны буудал дахь гаалийн газрын Ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
3.1. Анхан шатны шүүхээс ГЕГД-ын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагчаас уг тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 48 дугаар зүйлийн 48.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.4-т төрийн албанаас халах, Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 4.1.6-д ажлын байранд, албан үүргээ гүйцэтгэх болон дүрэмт хувцастай үедээ сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа хэрэглэх, Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1-д ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандаж гаалийн байгууллагын нэр хүндийг эрхэмлэж, олон нийтийн итгэлийг хүлээх, 2.1.2-т төв, шударга ёсыг сахих, зохисгүй харьцаа, үйлдэл /эс үйлдэхүй/ гаргахгүй байх гэж тус тус заасныг үндэслэж, нэхэмжлэгчийг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзээд төрийн албанаас халахаар шийдвэрлэсэн байдаг.
Нэхэмжлэгч С.М нь урд өмнө нь ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, анх удаа зөрчил гаргасан ба архи согтууруулах ундааг ажлын байран дээрээ хэрэглээгүй байхад шууд халах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж маргасан.
Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэхдээ Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1 дүгээр зүйлийн 1.4.2-т Сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх зарчимд нийцсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч С.М нь зөрчил гаргаснаа сахилгын зөрчлийг шалгаж эхэлснээс хойш хүлээн зөвшөөрсөн байсан бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гаалийн байгууллага, иргэн, хуулийн этгээдэд хохирол учраагүй, өмнө нь сахилгын зөрчил хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой.
Анхан шатны шүүхээс С.Мын өмнө нь зөрчил гаргаж байгаагүй, архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гаалийн байгууллага, иргэн, хуулийн этгээдэд хохирол учраагүй зэрэг нөхцөл байдлыг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан “зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан үзэх зохицуулалтын хүрээнд дүгнэлт хийж чадаагүй байна.
3.2. Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3-д гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийг Засгийн газар батална гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм байдаг. Уг дүрмийн 5.2-т гаалийн удирдах төв байгууллага нь гаалийн улсын байцаагчийн сахилгад хяналт тавих, үнэлгээ өгөх, зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох бүрэх эрх бүхий Сахилгын хороотой байна. 5.3-д сахилгын хорооны бүрэлдэхүүн, хуралдааны дэг, сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална гэж тус тус заасны дагуу сахилгын зөрчлийг Сахилгын хороо шалгаж, ямар төрлийн сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар санал гаргах ёстой.
Гэтэл сахилгын хорооны гишүүд, дарга гэх хүн нэхэмжлэгчтэй уулзаагүй, тайлбар аваагүй, сахилгын хороо огт хуралдаагүй, шийдвэр гаргуулаагүй болох нь тогтоогдсон. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа захиргааны байгууллага нь батлагдсан дүрэм, журамд заасан процесс ажиллагааг заавал хийх шаардлагатай бөгөөд эдгээр ажиллагааг хуульд нийцүүлэн огт явуулаагүй гэж үзэж байна.
Гэтэл Сахилгын хороог дүрэм журамд заасны дагуу хуралдуулж, нэхэмжлэгчээс тайлбар, мэдүүлэг авахгүйгээр Гаалийн улсын байцаагчийн сахилгын зөрчлийг хянан шалгах журмыг зөрчсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасныг зөрчсөн.
3.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолд “Бид хоёрыг карго дээр загнуулаад зогсож байхад гаалийн эмэгтэй 2 байцаагч орж ирсэн тэр 2 байцаагчийг хаачсан та 2 архи уусан байна гэж загнаад маргааш та хоёрт арга хэмжээ авна одоо та 2 яв гэсэн. Бид хоёрыг цагдаа ирэхээр авч яваад үнэртүүлээд согтолтын зэргийг нь тогтоогоод зургийг нь аваад явуул гээд Энх-Амгалан гэдэг байцаагчид хэлсэн. Тэгээд цагдаа ирээд нисэхийн цагдаагийн байранд очоод хүлээж байгаад үнэртүүлсэн. Тухайн үед цагдаатайгаа яриад зогсож байтал Энх-Амгалан гэдэг байцаагч өөр байгууллага байж байгууллагын нэр хүнд гутаагаад гээд цагдаагийн хажууд сонин сонин юм яриад байхаар нь би ер нь бол тэр эмэгтэй 2 байцаагчийг үнэртүүлээгүй байж яагаад бид хоёрыг ингэж их үнэртүүлэх гээд улайраад байгаа юм бэ гэж хэлсэн. Бидэнд маш их ялгавартай хандсан” гэж ижил төрлийн сахилгын зөрчил гаргасан бидэнд ялгавартай сахилгын шийтгэл ногдуулсан гэж маргасан ба энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон. Энэ талаар анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна. 106 дугаар зүйлийн 106.4-т шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна гэж тус тус заасныг зөрчсөн.
3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ялгавартай хандсан, тэгш байдлын зарчим зөрчигдсөн гэж маргасан үндэслэлд шүүхээс дүгнэлт хийх үүрэгтэй. Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тэгш байдлын зарчим зөрчигдсөн болохыг хариуцагчаас үгүйсгээгүй тул ижил төрлийн зөрчил гаргасан 2 эмэгтэй гаалийн улсын байцаагчид сахилгын шийтгэл ногдуулаагүй байна гэж үзнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байсан.
Иймд Нийслэл дэх Захиргааных эргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч С.М нь “ГЕГД-ын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Чингис хаан нисэх онгоцны буудал дахь гаалийн газрын Ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Анхан шатны шүүх “... Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.4, Гаалийн тухай хуулийн 2711.1 дүгээр зүйлийн 2711.1.11, 274 дүгээр зүйлийн 274.2.5-д заасныг тус тус баримтлан С.Моос ГЕГДд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцсэн байна.
3.1. ГЕГД-ын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 дугаар захирамжаар Гаалийн ерөнхий газрын Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын Ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчаар түр томилогдсон С.Мыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.4, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.11, 274 дүгээр зүйлийн 274.2.5, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1.6, Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3.1, 1.5.3, ГЕГД-ын 2009 оны 534 дүгээр тушаалаар баталсан “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
3.2. Маргаан бүхий актад заасан “... С.М нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж согтолтын зэрэг 1.32 хувьтай нь тогтоогдож төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг үл сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ зөрчсөн” зөрчлийг нэхэмжлэгч С.М гаргасан болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
3.3. Тодруулбал, ГЕГД-ын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Алба хаагчдын сахилга хариуцлага, ажлын цаг ашиглалтад хяналт тавьж ажиллах удирдамж”-ийн дагуу Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын албан хаагчдын ажлын цаг ашиглалт, албаны бэлэн байдалд шалгалт хийхэд Гаалийн хорио цээрийн албаны гаалийн улсын байцаагч С.М ажлын байранд албаны дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба Чингис хаан олон улсын нисэх буудлын Тээврийн цагдаагийн хэлтсээс согтолт хэмжих багажаар С.Мыг 1.32 хувийн согтолттой байсныг тогтоосон тул хариуцагчаас “С.М ... ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр түүнийг төрийн албанаас халах шийдвэрийг гаргасан байна.
4. Нэхэмжлэгчээс албаны шалгалтаар тогтоогдсон зөрчлийг үгүйсгэж, ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглээгүй гэж маргаагүй, зөрчлийг хүлээн зөвшөөрдөг.
4.1. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд “... шүүх Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нөхцөл байдлыг харгалзаж тохирсон шийтгэл ногдуулаагүй ...”, “... батлагдсан дүрэм, журамд зааснаар зөрчлийг сахилгын хороо шалгаагүй, зөрчилд холбогдогчоос тайлбар, мэдүүлэг аваагүй ...”, “... өөр зөрчил гаргасан 2 улсын байцаагчид ижилхэн сахилгын шийтгэл ногдуулаагүй, ялгамжтай хандсан байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй ...” гэсэн үндэслэлийг дурджээ.
5. Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасан байна.
5.1. Мөн Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Дараах тохиолдол нь сахилгын шийтгэлийг хүндрүүлэн авч үзэх нөхцөл болно” гээд 6.3.5-д “сэтгэцэд нөлөөлөх бодис /эм/, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн” гэжээ.
5.2. С.Мын гаргасан зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.5, Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.4, Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.2, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1 дүгээр зүйлийн 1.3.1-д заасныг тус тус зөрчсөн байх тул түүнд ногдуулсан сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байна гэж шүүх үзлээ.
5.3. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэж заасны дагуу ГЕГД-ын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 дугаар тушаал хуульд нийцсэн, эрх хэмжээний хүрээнд гарсан байна.
6. Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Гаалийн удирдах төв байгууллага нь гаалийн улсын байцаагчийн сахилгад хяналт тавих, үнэлгээ өгөх, зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох бүрэн эрх бүхий Сахилгын хороотой байна”, 5.3-д “Сахилгын хорооны бүрэлдэхүүн, хуралдааны дэг, сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж заасан байх боловч тус зохицуулалтын дагуу батлагдсан журам, байгуулагдсан сахилгын хороо байхгүй байна.
6.1. Мөн С.Мын ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил нь дээд шатны албан тушаалтан, цагдаагийн алба хаагчийн хийсэн шалгалтаар илэрч, согтолтын зэрэг хэмжих багажаар тогтоогдсон бөгөөд өөрөө хүлээн зөвшөөрсөн байхад сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалгах, холбогдогчоос тайлбар авах шаардлагагүй байна.
6.2. Маргаан бүхий тушаалд холбогдуулан гаргасан С.Мын гомдлыг Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах комисс хүлээн авч хянаад 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээр “ГЕГД-ын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 дугаар тушаал Төрийн албаны тухай хууль болон Гаалийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн тул зөрчлийг зохих журмын дагуу шалгасан гэж шүүх үзлээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөр зөрчил гаргасан 2 улсын байцаагчид ижил шийтгэл ногдуулаагүй гэж маргадаг боловч Тээврийн цагдаагийн албанаас улсын байцаагч С.М, Т.Хишигсүрэн нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг илрүүлж, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14-5/76 тоот албан бичиг, цагдаагийн алба хаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
7.1. Өөрөөр хэлбэл, тухайн өдөр С.М, Т.Хишигсүрэн нараас өөр согтууруулах ундаа хэрэглэж зөрчил гаргасан албан хаагч байгаагүй буюу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлүүд үгүйсгэгдэж байна.
Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ