| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0007/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/17 |
| Огноо | 2021-02-24 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/17
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж, Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, шүүгч Ч.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр
Иргэдийн төлөөлөгч Ш.Бүрэнсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа
Хохирогч Ж.А
Шүүгдэгч П.Б
Шинжээч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Б-т холбогдох 2016001430122 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч П.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 29-өөс 2020 оны 08 дугаар сарын 30-нд шилжих шөнө 24 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэр 15-31 тоот хашааны гадна зүүн хойд буланд байрлах цэнхэр амбаарт Ж.Алтангэрэлийг агсам тавилаа гэж гараараа олон удаа цохиж, түүний биед тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтэл үүсгэн санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Бшүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан.
Хохирогч Ж.Алтанбагана шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Бигэр сумд ачаа буулгаад цаашаа хот явах байсан. Тэгсэн чинь эхнэр залгаад ахын бие муу байна. Хүнд зодуулсан юм шиг байна. Чи ирэхгүй бол болохгүй юм шиг байна гэсэн. Тэгээд би ачаа буулгаад даргатай яриад эргээд машинтайгаа 16 цагийн үед ирсэн. Ажлын газар дээрээ машинаа тавиад гэр лүү явж байхдаа өнгөрсөн гэдгийг нь мэдсэн ... Талийгаач банкны 1.500.000 төгрөгийн зээлтэй байсан. Одоо тэр нь “Хаан” банк дээр төлөлт хийгдээгүй байж байгаа. Түүнийг нэхэмжилж байна гэв./ шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шинжээч Д.Даваахүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Талийгаач Ж.А-ийн биед 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэмэлтээр дүгнэлт гаргасан. Т.Алтайбаатарын гаргасан байсан дүгнэлт дээр нэмж дүгнэлт гаргасан. Гэмтлийн зэрэг тогтоох журам дээр бол хүнд зэрэг гэдэг бол гэмтлийн зэрэг тогтоох журам дээрээ заасан. Ер нь авч байгаа гэмтэл нь хүнд гэмтэл гэдэг нь тодорхой гэмтэл байгаа юм. Энэ гэмтлээсээ болоод шууд нас барсан учраас гэмтлийн зэрэг тогтоохгүй байгаа юм. Хэрвээ энэ гэмтлээсээ болоод хүндрэл үүсээд нас барсан бол бид нар гэмтлийн зэрэг тогтоох журмын тэдийн тэдэд хүнд гэмтэл байна, тухайн гэмтэл нь гэмтлийн хүндрэлээс болж нас барсан байна гэж дүгнэлт гаргадаг. Тийм учраас энэ тархины гэмтэл нь хүндрэл өгөөгүй, шууд тархины няцрал, дарагдал, цус харвалтаас болоод богино хугацаанд нас барсан болохоор гэмтлийн зэрэг тогтоохгүй гэж дүгнэлт гаргасан...Хүнд хэлбэрийн осголт гэдэг нь тухайн яаралтай тусламжийн эмчийн тавьсан онош ... Тархины гэмтлээс болж нас барсан. Энэ осголт гэдэг нь зүгээр дагалдах онош гэж явдаг. Хэрвээ эмнэлэг 1 дүгээр онош гэж тавихдаа яг нас барсан үндсэн оношоо тавьж байгаа. 2 дээр нь хүндрэлээ тавьдаг. 3 дээр нь үндсэн оноштойгоо хамааралгүй онош тавьдаг. Үүнийг хүнд хэлбэрийн осголт гэж тавьсан...” гэв./шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч П.Б-ын буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.А нь амь насаа алдсан нь тогтоогдсон. Гэрчүүдийн мэдүүлгийн дагуу. Хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх нь зөв гэж үзлээ гэжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч П.Б-ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 29-өөс 2020 оны 08 дугаар сарын 30-нд шилжих шөнө 24 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэр 15-31 тоот хашааны гадна зүүн хойд буланд байрлах цэнхэр амбаарт Ж.А-ийг агсам тавилаа гэж гараараа олон удаа цохиж, түүний биед тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтэл үүсгэн санаатай алсан үйлдэл нь хүний амьд явах эрхэд санаатай халдсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч П.Б гэм буруутай болох нь:
Хохирогч Ж.А-ны шүүх хуралдаанд өгсөн “...Би Бигэр сумд ачаа буулгаад цаашаа хот явах байсан. Тэгсэн чинь эхнэр залгаад ахын бие муу байна. Хүнд зодуулсан юм шиг байна. Чи ирэхгүй бол болохгүй юм шиг байна гэсэн. Тэгээд би ачаа буулгаад даргатай яриад эргээд машинтайгаа 16 цагийн үед ирсэн. Ажлын газар дээрээ машинаа тавиад гэр лүү явж байхдаа өнгөрсөн гэдгийг нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шинжээч Д.Даваахүүгийн шүүх хуралдаанд өгсөн “...Талийгаач Ж.А-ийн биед 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэмэлтээр дүгнэлт гаргасан ... Ер нь авч байгаа гэмтэл нь хүнд гэмтэл гэдэг нь тодорхой гэмтэл байгаа юм. Энэ гэмтлээсээ болоод шууд нас барсан учраас гэмтлийн зэрэг тогтоохгүй байгаа. Хэрвээ энэ гэмтлээсээ болоод хүндрэл үүсээд нас барсан бол бид нар гэмтлийн зэрэг тогтоох журмын эдийн эдэд хүнд гэмтэл байна, тухайн гэмтэл нь гэмтлийн хүндрэлээс болж нас барсан байна гэж дүгнэлт гаргадаг. Тийм учраас энэ тархины гэмтэл нь хүндрэл өгөөгүй, шууд тархины няцрал, дарагдал, цус харвалтаас болоод богино хугацаанд нас барсан болохоор гэмтлийн зэрэг тогтоохгүй гэж дүгнэлт гаргасан .Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл ангиллаар бол хүнд зэргийн гэмтэлд хамаарна...... Тархины гэмтлээс болж нас барсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Р.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...10 цагийн үед манай нөхрийн бүл ах Дашдорж над руу утсаар яриад манай гэрийн урд хүрээд ир, А хүнд зодуулсан ухаангүй байна гэхээр нь би очсон. Есөнбулаг сумын Оргил багийн Замын тэнгэр нэртэй зочид буудлын доод талд нэг амбаарын хойд талд А ахыг түшүүлээд суулгасан, Д ах, нэг ахтай хамт зогсож байсан. А ахын зүүн талын хөмсөгнөөс цус гарсан, баруун нүд хөхөрч хавдсан, нүүр нь энэ тэндээ шарх сорвитой цус болсон байдалтай, гуталгүй, оймстой, цамц, өмдтэй бороонд норсон байдалтай байсан. Тухайн үед бороо орж байсан. Тэгээд Д ах эмнэлэг, цагдаа дуудсан гээд зогсож байсан. Тэгээд бид нар яараад А ахыг эмнэлэг рүү миний машинд хэвтүүлээд аваад явсан. Эмнэлэг дээр авч очиход яаралтай тусламжийн тасагт хэвтүүлээд, эмч нар ирж үзээд, эмчилгээ хийлгэж байгаад тархиндаа хүнд гэмтэлтэй байна. Яаралтай хагалгаанд оруулах заалттай байна. Гэр бүл, хамаатан садангууд нь байна уу гэж байтал 15 цагийн үед нас барсан ... Намайг анх очиход ямар ч ухаангүй байсан. Ухаангүй байсаар байгаад нас барсан. Би анх очоод А ахыг амбаар налуулаад суулгасан байхад нь зургийг нь гар утсаараа дарсан. Нэг зураг байгаа...Тэр хажуугийн амбаарын үүднээс чирч гаргасан бололтой ул мөр байсан. Газар нойтон бороо орж байсан болохоор тод мөр байсан. Д ах хэлэхдээ энэ амбаараас чирч гаргаж ирсэн байна, сая Бямбажав гэх хүн 2 гутлыг нь гаргаж ирж шидчихээд буцаад орчихлоо гэж хэлсэн.....” гэсэн мэдүүлэг/1-р ХХ67-69/,
Гэрч А.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “... Би өглөө 09 цаг 50 минутын үед босоод гэрээ шүүрдчихээд нойлын цаас дуусчихсан байхаар нь гэрийнхээ баруун талд байдаг Оргил цаг гэх нэртэй дэлгүүр дүү ороод “Өд” гэдэг нойлын цаас асуутал дуусчихсан байгаа өдөр тийшээ ирнэ гэж хэлсэн. Тэгээд би тэндээсээ гараад эгцээрээ гэрийнхээ араар өнгөрөөд хашааныхаа зүүн хойд талд байх амбаарын хажуугаар гараад урагш нарийн гудмаар гараад дэлгүүр орохоор явж байтал амбаарын хажууд очиход Баба гэж дууддаг, бүтэн нэрийг нь мэдэхгүй ах мөн нэг танихгүй эрэгтэй хүнийг цэнхэр өнгийн санагдаж байна цамцны захнаас нь чирээд гаргаж ирээд нүүрэн хэсгээр нь газар луу харуулаад хэвтүүлчихээд энэ ингэдэг юм гэж хэлж байсан. Тэгээд би тэр хүнийг харахад газарт хэвтүүлсэн хүний нүүрний зүүн талын хэсэг нь цус болсон харагдсан. Тэгээд би айгаад гэр лүүгээ харайж ороод ээж Н-д Баба нэг хүнийг амбаараасаа гаргаад хэвтүүлчихсэн байна гэж хэлсэн чинь жоохон байж байгаад гарч яваад буцаж орж ирэхдээ согтуу хүмүүс нэгнийгээ зодсон юм шиг байна гэж хэлсэн... Тухайн эрэгтэй хүн ямар нэгэн ухаангүй бололтой чирүүлээд гарч ирсэн. Цамцны захнаас нь татаад бие нь чирэгдээд гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ70-72/,
Гэрч М.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...10 цагийн орчмын үед манай охин М нь Оргил цаг гэх дэлгүүр орж Өд гэдэг нойлын цаас авахаар явсан чинь байхгүй болохоор нь уруудаад гэрийнхээ хойгуур тойроод эмнэлгийн ар талд байдаг дэлгүүр орохоор явсан чинь Баба ах нэг хүн амбаараасаа чирээд гаргаад хаячихлаа, би айгаад дэлгүүр явж чадсангүй гээд гэртээ ороод ирсэн. Би 5-10 минутын хугацааны дараа гэрээсээ гараад харсан чинь бид нар Баба гэж дууддаг Бямбажав ах өөрийнхөө амьдардаг цэнхэр амбаарын хажууд өчигдрөөс хойш хамт байсан нэг танихгүй эрэгтэйг газарт хэвтүүлчихсэн гутлаа өмс гээд нөгөө хүн нь ямар нэгэн гутал өмсөөгүй, саарал өнгийн оймстой, хар өнгийн өмдтэй байсан санагдаж байна. Тэр танихгүй эрэггэй хүний нүүр, ам нь нил цус болчихсон харагдсан. Ямар нэгэн хөдөлгөөн байхгүй харагдсан...Би дуугараад байдаггүй юм. Тэр хоёроос өөр хүн байгаагүй. Хоорондоо зодолдсон юм уу яасан юм мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ73-75/,
Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад дахин өгсөн “...29-ний өдөр дэлгүүртээ сууж байтал 17 цаг 50 минутын орчимд А нь ганцаараа орж ирээд танай хүү Б-ийн данс руу би хүнээр 30000 төгрөг хийлгэсэн. Тэр мөнгөө авъя гэж хэлсэн. Тэгээд надаас 30000 төгрөг бэлнээр аваад тус мөнгөнөөсөө 8800 төгрөгөөр 0.5-тай Хараа архи 1 шилийг, 2000 төгрөгийн Улаан шонхор тамхи 1 ширхэг, 1400 төгрөгийн кола ундаа 1 ширхэгийг тус тус аваад тооцоо нь 12200 төгрөг болоод хариулт болох 17800 төгрөгийг бэлнээр аваад явсан ... Хар хөх өнгийн саравчтай малгайтай, хар хөх өнгийн куртктай, хар өнгийн өндөр түрүүтэй бакалтай явж байсан. Өмдийг нь анзаараагүй ... Ямар нэгэн шарх сорвигүй байсан. Би маш сайн харсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ77-79/,
Гэрч П.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Ж.А нь 2020 оны 08 дугаар сарын эхээр хөдөөнөөс аймагт ирээд гадуур архи уугаад яваад байсан юм. Манай гэрийн урд талд амбаарт амьдардаг Б гэх хүнтэй хамт архи уугаад гэрт нь хоноод байсан. Манайх ойрхон болохоор би ажиглаад хараад байсан. Хамгийн сүүлд талийгаачтай 2020 оны 08 дугаар сарын 29-ний өглөө эрт 07 цаг 30 минутын үед өглөөний гүйлт хийгээд шүтээний өндөрлөг дээр очиход Б, талийгаач Ж.А хоёр хамт явж байсан. Юу хийж яваа юм та хоёр гэж асуухад овоогоо тойроод явж байна гэж байсан ... Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 30-ны өглөө би өглөөний гүйлт дасгалаа хийчихээд Б, А хоёр овоон дээр ирээгүй байхаар нь гэртээ харих замдаа 08 цагийн үед байх Б-ын амьдардаг амбаарын хаалга онгорхой байхаар нь яваад очтол С, Б хоёр нэг шил Хамаг монгол нэртэй архи уугаад дуусах гэж байсан. А падушкан дээр хэвтэж байсан. Наадахаа босгоодох гэхэд тэр 2 энэ архи уугаагүй юм, бид 2л ууж байна” гэж байсан. Би хөөе А гээд чанга дуугаар 2 удаа дуудахад сэрэхгүй унтаад байсан. Хөл нь хөдөлж байсан, би царайг нь сайн ажиглаагүй, үүдэн дээрээс нь хальт харчихаад яваад өгсөн. Тэгээд би 11 цагийн үед байх бороо орж байсан. Би эмийн сан явах гээд урагшаа яваад Б-ын амбаарын хажуугаар гараад явж байтал амбаарын хойд талд борооны усан дээр нэг хүн доошоо хараад хэвтэж байхаар нь очоод хартал А байсан. Гуталгүй, оймстой, дээгүүрээ ноосон цамцтай, өмдтэйгөө хэвтэж байсан. Надтай хамт Ц гэж залуу явж байсан. Бид хоёр өргөөд босгоод иртэл нүүр ам нь нил цус болсон байдалтай, ухаан байхгүй, хурхираад байсан. Тэгээд амбаар түшүүлж суулгаад, Ц борооны цуваараа хуччихаад эмнэлэг рүү ярьж түргэн дуудаад, цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд тэр хавиар мөр хартал Б-ын амбаарын үүднээс чирсэн байдалтай мөр гарсан байсан. Би Б-ын амбаарын хаалгыг цохитол хаалгаа нээхгүй байж байгаад Б согтуу гарч ирээд А-ийн хоёр хромон гутлыг барьж гарч ирээд май энэ гутлыг нь ав гэж шидчихээд буцаж амбаартаа ороод хаалгаа цоожилсон. Тэгээд түргэн тусламж ирэхгүй удаад байхаар нь өөрсдөө машинаар эмнэлэгт хүргэж очсон ... Би А-ийн төрсөн дүүгийн эхнэр О руу утсаар ярьж дуудсан. Удалгүй О машинтай ирсэн. Тэгээд бид нар нойтон салфетикаар А-ийн нүүрийг арчихад зүүн талын хөмсөг нь язарсан шархтай, цус гарч байсан, баруун нүд нь хөхрөөд хавдсан, энэ тэндээ жижиг, жижиг шалбархай, халцарсан шархтай байсан. Оюун гар утсан дээрээ А-ийн нүүрийг арчихаас өмнө зургийг нь дарж авсан байгаа... Тэр өдөр шүтээний өндөрлөг дээр таарахад талийгаачийн нүүр болон биед нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, зүгээр эрүүл саруул явж байсан. Ямар нэгэн өвдөж зовуурилсан шинж ажиглагдаагүй, инээлдээд явж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ83-85/,
Гэрч Ж.С-ын мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би өглөө 09 цагийн үед Б-ын амьдардаг амбаарт нь очсон. Намайг очиход А, Б хоёр хамт байсан. А унтаж байсан, Б боссон байсан. Б бид хоёр явж “Баянговь” дэлгүүрээс нэг шил Хамаг монгол нэртэй архи худалдан авч, Б-ын гэрт ирж уусан. Би архи хувааж уучихаад гэр рүүгээ явсан... А нь Б-ын амбаарт матраасан дээр хувцастайгаа унтаж байсан. Сэрэхгүй унтаад байсан, надтай юм яриагүй, ухаангүй унтаж байсан. Намайг ирснийг мэдээгүй байх. Б бид 2 яваад дэлгүүр орж архи авч ирээд уух үед Алтангэрэл сэрэхгүй байхаар нь татаж сэрээх гэтэл сэрэхгүй унтаад байсан. За за унтаж байг” гээд бид хоёр архиа хувааж уусан. А-ийн нүүр нь энэ тэндээ шалбарч, халцарсан байсан. Энэ яачихсан юм бэ гэхэд Б шургаад унасан юм байлгүй гэж байсан. А хурхираад нам унтаад байсан. Б хэлэхдээ энэ манайд хэдэн өдөр хонож байгаа юм гэсэн... ” гэсэн мэдүүлэг /1-р ХХ88-91/,
Гэрч Ж.А-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Талийгаач миний 86666084 гэсэн дугаар руу залгаад Охин Х рүү анги засварын мөнгө өгөх гээд байна. Өөр хүний данс явуулъя, 20,000 төгрөг хийчих гэж хэлэхээр нь би тэр хүний данс руу 30.000 төгрөг хийсэн.Би талийгаачийн өгсөн дансыг одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан Өлзий гэсэн нэр орсон данс байсан... Маргааш өглөө нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас бэр дүү О над руу залгаад Ж.А ахыг нас барсан байна гэж хэлсэн юм... ” гэсэн мэдүүлэг /1-р ХХ106-107/,
Шүүгдэгч П.Б-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Талийгаач согтуу орж ирээд бид 2 авч ирсэн архийг нь хувааж уусан. Тэгээд талийгаач их согтоод би ядарсан хүн, өнгөрсөн хүн, ална шүү гээд орилж чарлаад агсам тавиад миний үснээс гараараа бариад татахаар нь би 2 удаа нүүрэн тус газар нь алгадаж аваад хойшоо падушк дээр унахаар нь хөнжлөөр толгой дээрээс нь дарж байгаад унтуулсан... бид 2 дээр, доороо орж ноцолдсон, тэр үед би гараа атгаж байгаад А-ийг цохиод байсан, харанхуй байсан болохоор яг биеийн хаана нь цохисноо мэдэхгүй байна. Арай хийж дээрээс нь хөнжлөөр дараад цээжин хэсгээр нь биеэрээ дарж байгаад унтах шиг болохоор нь босоод өөрийнхөө орон дээр унтсан... Тэр шөнө талийгаач манай амбаараас гараагүй, миний хажууд хоносон... Би 2020 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 07-08 цагийн үед босоод амбаарынхаа хаалгыг нээсэн, талийгаач унтаж байсан, ямар нэгэн үйлдэл хийгээгүй, үг хэлээгүй. Удалгүй С манайд ирсэн. С бид хоёр Баянговь дэлгүүрээс очиж нэг шил Хамаг Монгол нэртэй архи худалдаж аваад буцаж амбаарт ирээд хувааж уусан. Тэр үед талийгаач хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Нүүр нь улаан цоохор болсон байсан. С хараад наад нүүр амаа яасан юм гэхэд талийгаач үг хэлж хариулаагүй. С удалгүй явсан. Би хэсэг байж байгаад А-ийг сэрээж босгох гээд татахад босохгүй байсан, жавьжаар нь цустай цэр гарсан байсан. Тэр үед бороо орж байсан болохоор би А-ийг бороонд сэргээх санаатай арай хийж чирч гудчаад гаргаж амбаарын хойд талд суулгасан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ239-242/,
Шинжээч Т.Алтайбаатарын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн “... 1. Талийгаачийн биед тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, дух, баруун хөмсөг, баруун дээд зовхи, баруун нүдний баруун тал, баруун шанаа, баруун хацар, хамрын нуруу, зүүн хацар, зүүн шанаа, зүүн нүдний зүүн тал, зүүн чихний урд хэсэг, зүүн чихний дэлбэн, эрүү, зүүн чихний ар хэсэг, баруун мөр, баруун ташаан толгой, зүүн ташаан толгой, баруун гарын сарвуу, баруун өвдөг, зүүн гуя, баруун өгзөг, зүүн мөр, зүүн шуунд зулгаралт, зүүн хөмсгөнд шарх, баруун дээд зовхи, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3 Талийгаачийн биед учирсан тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтлүүдийн улмаас талийгаач нь нас барсан учир гэмтлийн зэрэг тогтоохгүй. Харин зүүн хөмсгөнд байх шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө 24 цагийн дотор үүсэх боломжтой.
5 Талийгаачийн цуснаас спиртийн зүйл илрээгүй.
6. Талийгаачийн цусны бүлгийг тогтоох боломжгүй байна.
7. Талийгаачийн тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтлүүдийн улмаас тархи дарагдаж амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна.
8. Шинжилгээгээр талийгаач нь артерийн даралт ихдэх өвчин, зүрхний архаг цус хомсрох өвчин, судас хатуурах өвчин, элэг өөхлөлт зэрэг архаг хууч өвчинтэй байжээ...” гэсэн дүгнэлт /1-р ХХ148-153/,
Шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай хавтаст хэргийн материалаар дахин шинжилгээ хийсэн “... 1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа /250мл/, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтлүүд нь богино хугацаанд үүссэн ба дээрх гэмтлүүдтэй шууд шалтгаант холбоотой нас барсан, хүндрэл үүсээгүй учир гэмтлийн зэрэг тогтоохгүй...., 2. Талийгаачийн биед учирсан гэмтлүүдээс гавал тархинд үүссэн гэмтэл нь олон тооны хавсарсан хүнд гэмтлүүд учир эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн ч амь насыг аврах боломж муутай байна.” гэсэн дүгнэлт /2-р ХХ118-121/,
П.Б-ын өмсөж явсан хувцсанд хийсэн шинжээч Г.Ганцэцэгийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3701 дугаартай “... 1. Шинжилгээнд ирүүлсэн хүрмэнд ханзралт шинээр, бор судалтай улбар шар цамц, түдүүлтэй хар саарал өмд, хар саарал өмд, дотоожинд урагдалт, гогодолт, түлэгдэлт, цооролт хуучин эдэлгээний явцад гарсан байна.
2. Хэзээ гарсан цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Хэмжээ байрлалыг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ123-130/,
П.Б-ын өмсөж явсан хувцсанд хийсэн шинжээч Г.Ганцэцэгийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3700 дугаартай “... 1. Шинжилгээнд ирүүлсэн шоотой саарал цамцанд товчны бэхэлгээний утасны тасралт шинээр, уг цамцанд гарсан түлэгдэлт, гогодолт, хар саарал өмдөнд гарсан гогодолт хар хос оймсонд гарсан цооролт, баруун гутланд гарсан хугаралт хуучин эдэлгээний явцад гарсан байна. Хэзээ гарсан цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Хэмжээ байрлалыг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ135-142/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р ХХ6-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /1-р ХХ12-17/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1-р ХХ39-54/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1-р ХХ55-61/, гэрч Р.О-ийн гаргаж өгсөн амь хохирогч Ж.А-ийн фото зураг/1-р ХХ199/, яаралтай тусламжийн хуудас /1-р ХХ227-230/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримт, эд мөрийн баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэдийн төлөөлөгч Ш.Бүрэнсүрэнгийн “Шүүгдэгч П.Б-ын буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.А нь амь насаа алдсан нь тогтоогдсон. Гэрчүүдийн мэдүүлгийн дагуу. Хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх нь зөв гэж үзлээ” гэсэн саналыг шүүх иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн гэж үзэн шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо харгалзан үзсэн болно.
Шүүдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгээс харахад энэ гэмт хэргийг хэн үйлдсэн юм бэ? Үнэхээр энэ П.Б гэдэг хүн үйлдсэн юм уу? Эсхүл талийгаач өөрөө архи ууж яваад юм руу унаад гэмтсэн юм уу? гэдэг нь тогтоогдоогүй байна. Гэмт хэрэг хаана үйлдэгдсэн гэдэг нь тогтоогдоогүй байна гэж үзэж байна.” гэсэн дүгнэлт нь Оргил цаг болон Баянбуурал хүнсний дэлгүүрүүдийн гадна болон дотор талын камерт үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон гэрч П.Д-ийн “...Манай гэрийн урд талд амбаарт амьдардаг Б гэх хүнтэй хамт архи уугаад гэрт нь хоноод байсан. Манайх ойрхон болохоор би ажиглаад хараад байсан. Хамгийн сүүлд талийгаачтай 2020 оны 08 дугаар сарын 29-ний өглөө эрт 07 цаг 30 минутын үед өглөөний гүйлт хийгээд шүтээний өндөрлөг дээр очиход Б, талийгаач Ж.А хоёр хамт явж байсан. Юу хийж яваа юм та хоёр гэж асуухад овоогоо тойроод явж байна гэж байсан ... Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 30-ны өглөө би өглөөний гүйлт дасгалаа хийчихээд Б, А хоёр овоон дээр ирээгүй байхаар нь гэртээ харих замдаа 08 цагийн үед байх Б-ын амьдардаг амбаарын хаалга онгорхой байхаар нь яваад очтол С, Б хоёр нэг шил Хамаг монгол нэртэй архи уугаад дуусах гэж байсан. А падушкан дээр хэвтэж байсан...” гэсэн, амь хохирогч Ж.А-ийн 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдийн 17 цаг 50 минутын орчим худалдан авалт хийсэн Баянговь хүний дэлгүүрийн худалдагч Б.Б-ын “...29-ний өдөр дэлгүүртээ сууж байтал 17 цаг 50 минутын орчимд А нь ганцаараа орж ирээд танай хүү Б-ийн данс руу би хүнээр 30000 төгрөг хийлгэсэн. Тэр мөнгөө авъя гэж хэлсэн. Тэгээд надаас 30000 төгрөг бэлнээр аваад тус мөнгөнөөсөө 8800 төгрөгөөр 0.5-тай Хараа архи 1 шилийг, 2000 төгрөгийн Улаан шонхор тамхи 1 ширхэг, 1400 төгрөгийн кола ундаа 1 ширхэгийг тус тус аваад тооцоо нь 12200 төгрөг болоод хариулт болох 17800 төгрөгийг бэлнээр аваад явсан ... Хар хөх өнгийн саравчтай малгайтай, хар хөх өнгийн куртктай, хар өнгийн өндөр түрүүтэй бакалтай явж байсан. Өмдийг нь анзаараагүй ... Ямар нэгэн шарх сорвигүй байсан. Би маш сайн харсан” гэсэн улсын яллагчийн дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Бнь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Шүүх сэтгэц эмгэг судлалын “... 3. П.Бүнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, 4. П.Бхэрэг хариуцах чадвартай...” гэсэн дүгнэлт/2-р ХХ19-23/-ээр шүүгдэгч П.Бөөрийн үйлдлийн бодит шинж чанарыг ухамсарлах, удирдан жолоодох оюун ухааны бололцоотой буюу хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гээд 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч П.Б-ын шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хэдийгээр баримтаар нэхэмжилсэн хохирол байхгүй боловч хохирол хор уршгийг нөхөн төлөх талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй, түүнчлэн уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан үүнийг нөхөн төлөх, арилгах боломгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хорих ялаас хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч П.Б-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт “Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 6 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ.” гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч П.Б-т 8/найм/ жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн тул хуулийн дээрх зохицуулалтыг баримтлан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШТ/08 дугаартай тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 16 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Иймээс хохирогч Ж.А-ы нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдаагүй бөгөөд амь хохирогч Ж.А-ийн банкны зээлийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, харин амь хохирогч Ж.А-ийн охин А.Х нь 11 дүгээр ангид суралцдаг,18 насанд хүрээгүй болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа/1-р ХХ214/-аар тогтоогдож байх тул хууль тогтоомжийн дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож зөрүүг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч П.Б-ын саарал өнгийн куртик 1ш, амь хохирогч Ж.А-ийн шоотой саарал өнгийн цамц 1ш устгаж, дүрс бичлэг бүхий 4ш CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогтой П-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ыг 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Б-т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Б-ын цагдан хоригдсон 16 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч П.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Хохирогч Ж.А-ын нэхэмжилсэн 1500000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч П.Б-ын саарал өнгийн куртик 1 ширхэг, амь хохирогч Ж.А-ийн шоотой саарал өнгийн цамц 1 ширхгийг устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, дүрс бичлэг бүхий 4 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧИД Ч.МӨНХТУЯА
Д.САРАНТУЯА