| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2021/0237/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/250 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/250
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,
улсын яллагч: Т.Отгонтөгс /томилолтоор/,
шүүгдэгч: Э.... нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э....т холбогдох 2108001870215 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэнхэр суманд 1990 оны 7 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 21-р хороо ... тоот бүртгэлтэй, одоо ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо ...тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:.../ Жинчин овогт ...ын ... нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.... нь 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо ...тоотод байрлах гэртээ Н....ийн нүүрэн тус газарт гараараа цохих, үсдэх зэргээр зодон түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч Н....ийн: ...Би 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө буюу Даваа гаригт .... ганцаараа ...ийн гэр рүү ороод...бид хоёр хэрэлдэж байхад ... босч ирээд миний уруул руу гараараа цохиод үсдээд авсан. Би үснээсээ гарыг нь тавиулах гээд ноцолдож байгаад болиулсан.... гэх мэдүүлэг /хх-21-22, 25/,
-Шинжээчийн 2021.01.18-ны өдрийн 651 дугаартай: “...Н....ийн биед дээд уруулын гадна хэсэг хоншоорын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстад язралт, эрүү, хацар зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-42-43/ зэрэг баримтаар,
Шүүгдэгч Э.... нь Н....тэй “хадам эх ...г доромжилж, хөөн гаргасан” гэх шалтгааны улмаас маргалдсан болох нь :
Хохирогч Н....ийн: ...Мэндхорлоогийн гэрийн гадаа нөхрийн хамт очоод хүү рүүгээ залгаад ... эгчийгээ аваад гараад ир, хамт явж шинжилгээ өгье гэж хэлсэн. Удалгүй ... эгч манай хүүтэй гарч ирээд машинд суугаад уйлаад байхаар нь юу болсон талаар асуухад Мэндхорлоогийн эхнэр ... “яасан эрт босдог юм, шкафны хаалга ямар их онгойлгодог юм” гэх зэргээр элдэв бусаар хэлээд байна гэхээр нь би ... эгчийг нөхөр ...той хамт эмнэлэг рүү явуулаад ганцаараа ...ийн гэр рүү ороод “чи яагаад ... эгчийг ирэх болгонд есөн шидээр доромжилж хөөж гаргадаг яачихсан хүн бэ?” гэж хэлэхэд ... “наад мэдрэл муутай, эрэмдэг авгайгаа аваад зайл, угаасаа гэртээ байлгахгүй, та нар тэгээд яах юм” гэх зэргээр бид хоёр хэрэлдэж байхад ... босч ирээд миний уруул руу гараараа цохиод үсдээд авсан гэх мэдүүлэг /хх-21-22, 25/
-Гэрч Н....гийн: “...2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эмнэлэгт хэвтэх байсан юм. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн хүү Мэндхорлоогийн гэрт усанд орох гээд очиж хоносон. Тухайн үед уурхайд хүү ажилтай байсан болохоор 2 ач, бэрийн хамт хоносон. Өглөө эрт босоод усанд орох гээд хувцас авах гээд шкаф онгойлгоход бэр ... “тэнэг авгай минь хар үүрээр босоод яасан их шкаф онгойлгодог юм гээд унтаж амармаар байна” гэхээр нь би өөдөөс нь хэрэлдэж байгаад больсон. Удалгүй ... залгаад гараад ир гэхээр нь би уйлаад ...т гомдоод гарсан. Тэндээс гараад машинд суухад ... хараад яагаад уйлчихсан юм гэхээр нь “... намайг тахир дутуугаар доромжлоод байна” гэж хэлэхэд ... “хадам ээжийгээ яахаараа доромжилдог юм, та яваад шинжилгээгээ өгч бай” гэж хэлээд ...ийн гэр лүү орсон. Би ...ийн нөхөртэй хамт шинжилгээ өгөх гээд очиход цаг нь өнгөрсөн гээд өгч чадаагүй буцаад ...ийн гэрт ирэхэд ...ийн нүүр нь зүсэгдсэн, уруул нь сэтэрсэн байдалтай байсан. ...ийн нүүр ам нь зүгээр байсан. Би ...ээс юу болсон бэ? гэж асуухад ... нүүр ам урчихлаа гэж хэлсэн. Удалгүй миний араас миний төрсөн дүү ... орж ирээд ... ... хоёр хэрэлдэж байгаад тэр хоёр үснээсээ зулгаацалдаж байхад ...ийн нөхөр нь салгасан. ... цагдаад дуудлага өгчихөөд бид нар гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-32-33/,
-Гэрч Н....гийн: “...2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байж байхад 10 цагийн үед ... над руу залгаад Мэндхорлоогийн гэрт ирчихсэн байна, Борорчимэг ... эгчийг доромжлоод хөөж гаргаад, би юм хэлэх гээд орж ирэхэд миний нүүр амыг урчихлаа та ирж учрыг нь олоорой, би ажилдаа явлаа” гэж хэлэхээр нь би гэрээсээ хүү Хашчулуунтай хамт гараад Мэндхорлоогийн гэрт ирсэн. Намайг ирэхэд ..., ..., ... 3 хүүхдүүдтэй хамт байсан. Би ...т “чи яагаад дандаа бие муутай хүнийг доромжилж байдаг юм, тэгээд ...ийг яагаад зодож байгаа юм, муу ч сайн ч чиний хадам ээж биздээ, чамд ямар ч хүмүүжил алга” гэж хэлэхэд ... буйдан дээрээс босч ирээд намайг үсдээд доошоо дарахад манай хүү Хашчулуун бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би “аав, ээжийг чинь дуудна, чи эрүүл саруул бид нарыг ингэж байгаа юм чинь, өвчтэй хүнийг яаж доромжилж, зодсон бол” гэж хэлээд ...ийн ээж рүү нь залгаж дуудаад бас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй 2 цагдаа, ...ийн ээж, аав нь ирэхээр нь бид нар яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-36-37/,
- Гэрч Б....ын: Мэндхоролын гэрийн гадаа 9 цагийн үед очсон. Тухайн үед Мэндхоролын гэрт манай хүүхэд Энхгэрэл байсан болохоор утсаар яриад ... эгчийг дагуулаад гараад ир гэж хэлсэн. Удалгүй манай хүүхэд Энхгэрэл, ... эгч хоёр гарч ирж миний машинд суусан. ... гэч машинд орж ирэнгүүтээ уйлаад эхэлсэн. Манай эхнэр ... учрыг асуухад ... эг “манай бэр ... намайг өглөө босоод эмнэлэгт үзүүлэх гэж бэлдэж усанд орж хувцас хунараа янзалсман янз бүрээр харааж загнаад байна гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэр ... яахаараа хөгшин хүнийг ингэж байдаг юм. Би орж уулзана, та нар яьж шинжилгээ өгчихөөд ир гэж машинаас буугаад үлдсэн. Тэгээд би ... эгчийг авч 10-р хороонд шинжилгээ өгч байгаа газар осон. Цаг хоцоросон байна гэхээр нь буцаад Мэндхоролын гэр рүү явж очоод тэдний гэр лүү орсон ...ийн амнаас нь цус гарчихсан Борчимэг тэр хоёр хэрэлдээд байж байсан. Манай эхнэр Чимэгээ гэдэг эгчийгээ дуудсан. Чимэгээ эгч удалгүй ирсэн. Тэгээд ...т хандаж “би яагаад хүн зодож байгаа юм” гэсэн. ... бас Чимэгээ эгчтэй маргаж үснээс нь зулгааж авсан. Тэр үед бид нар салгаад Чимэгээ эгч цагдаад дуудаж ...ийг цагдаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-39/ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Э....ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.... нь хадам эх ...тай таарамжгүй харилцаатай тухайгаа шүүхэд мэдүүлсэн ба хадам эх Н....гийн төрсөн дүү ...тэй маргалдан зодолдож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно. Түүний мэдүүлэг хэрэгт авагдсан, хуулийн шаардлага хангаж цуглуулж бэхжүүлсэн хохирогч Н...., гэрч Н...., Б...., Н.... нарын мэдүүлэг /хх21-22, 25, 32-33, 36-37, 39/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2021.01.18-ны өдрийн 651 дугаартай дүгнэлт /хх42-43/ зэргээр батлагдаж байх тул яллагдагч Э....ийн “... Манай Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо ...тоотод амьдардаг юм. Тэгсэн 2020 оны 11 дүгээр сард хадам ээж ... манайд Дархан-Уул аймгаас ирж байх болсон. Тэгээд манайд амьдарч байхдаа надтай янз бүрийн байдлаар хэрүүл хийгээд намайг янз бүрээр хэл амаар доромжлоод байдаг байсан. Тэрнээс болж би хадам ээжтэйгээ таарамжгүй харилцаатай байсан. Тэгсэн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө манай хадам ээж 04 цагийн үед босчихоод гал тогоонд орж ус гоожуулаад хамаг шкаф онгойлгож ухаад хаалга үүдийг нь саваад байхаар нь би ээжид хандаж “та одоо харанхуй шөнө босчихоод юу хийгээд байгаа юм бэ” гэсэн чинь манай хадам ээж над руу хандаж “хуц п... минь чамд ямар хамаатай юм” гэж надад хэлсэн тэрнээс болж бид хоёр хоорондоо жоохон маргасан. Тэгээд манай хадам ээж гэрт байж байгаад өглөө 08 цагийн үед 29 дүгээр хороо орно гээд явсан. Тэгээд удалгүй буцаж гэртээ орж ирээд байж байсан чинь хадам ээж ...гийн төрсөн дүү ... эгч 09 цаг өнгөрч байхад манай байрны гадаа ирээд манай хадам ээжийг утсаар гараад ир гэж хэлсэн тэр үед манай хадам ээж ... дуудаж байна гээд гэрээс тэдний нэг хүүхэд байсныг дагуулаад гараад явсан. Хэсэг хугацааны дараа ... эгч манай гэрийн хаалгыг нүдэж орж ирээд шууд над руу “чи муу миний эгчийг ямар их дээрэлхдэг юм чамайг олон удаа тэвчиж байна” гэж орилоод хувцсаа тайлж шидээд над руу дайрсан тэр үед би бас урдаас нь барьцалдаж авч хоорондоо ноцолдсон. Тэр үед ... эгчийн нүүрийг би самардаж, уруул сэтэрч цус гарсан байсан. Тэгсэн ... эгч өөрийн төрсөн эгч Чимэгээг утсаар манайд хүрээд ир гэж хэлээд байж байсан, гаднаас ... эгчийн нөхөр ... ах, хадам ээж ... нар ороод ирсэн. Тэд нарын араас удалгүй Чимэгээ эгч орж ирээд намайг хэл амаар доромжлоод над руу дайрч үсдээд авахаар нь би Чимэгээ эгчийг зөрүүлж үсдэж авсан. Тэр хооронд манай хадам ээж бас намайг хажуугаас цохиж авч байсан. Тэгж байтал ... цагдаа дуудсан. Тийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлгийг /хх-55-56/ нотлох баримтаар тооцож, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.... нь хохирогч Н....тэй “хадам эхийгээ доромжилж, хөөж гаргасан” гэх шалтгаанаар маргалдаж хэрэлдэж байх явцдаа Н....ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, үсдэх зэргээр зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э....ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Н....ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна.
Хохирогч Н.... “Би биеэ шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмчид л үзүүлсэн. Өөр ямар нэг байдлаар эмчилгээ хийлгээгүй. Эмчилгээтэй холбоотой ямар нэг зардал мөнгө гараагүй. Э....ээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж /хх-25/, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийн талаар ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй учир хэлэлцэхгүй орхилоо. Харин хохирогч Н....ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь баримтаар нотлогдсон тул шаардлагатай гэж үзвэл жичдээ нэхэмжлэх эрхтэй гэдгийг энэхүү тогтоолын “тогтоох” хэсэгт дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.... нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-57/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.... нь “хадам эх Н.... архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, байнга хэл амаар доромжилж, гадуурхдаг” гэж шүүхэд мэдүүлсэн нь баримтаар нотлогдоогүй тул тухайн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч Э.... нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагчаас Э....т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргалаа. Шүүх шүүгдэгч Э.... нь 4, 5 настай хүүхдүүдээ харж асрамжилдаг, нөхөр нь уул уурхайн салбарт ээлжийн ажилтай үед хүүхдүүдийг харж асрамжлах хүн бүлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдэх боломжгүй гэж үзлээ.
Иймд дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Э....ийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Жинчин овогт ...ын ...ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жинчин овогт ...ын ...ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э....т торгох ялыг энэхүү шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 120000 төгрөгөөр 5 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч Э.... нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Н.... иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.... нь эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Э....ийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э....т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солино гэдгийг Э....т мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ