Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/07

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Даариймаа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч А.Мөнхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ямаат овогт Агвааны Мөнхтүвшинд холбогдох эрүүгийн 2010009511083 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 107 дугаар байрны 88 тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Ямаат овогт Агвааны Мөнхтүвшин РД: КВ79070314

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Мөнхтүвшин нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн Г.Уранзаяагийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гээгдүүлсэн Самсунг А-50 маркийн гар утсыг олж авч завшиж бага хэмжээнээс дээш буюу 560.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Мөнхтүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 2010009511083 дугаартай хавтаст хэргээс:

 

Хохирогч Г.Уранзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-21-р хуудас/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд Самсунг А-50 маркийн гар утсыг 560.600 төгрөгөөр үнэлэв.  /хх-ийн 25-26-р хуудас/,

 

Юнител ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичиг /хх-ийн 12-р хуудас/

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 30-р хуудас/

 

Шүүгдэгч А.Мөнхтүвшин мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 63-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Мөнхтүвшиний гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч А.Мөнхтүвшин нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны хороололд байрлах Номин худалдааны төвийн гадна хохирогч Г.Уранзаяагийн гээгдүүлсэн Самсунг А-50 маркийн гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж, 560.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Уранзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Нарны хорооллын Номин дэлгүүрийн урд талын барилгаас дүү Өнөржаргалын захиалсан номыг авах гэж очсон юм. ...Би утсаар ярьж байгаад өөрийн куртикний зүүн талын халаасанд гар утсаа хийсэн. Тээгээд 14 цаг 17 минутын орчимд Номин дэлгүүрийн орчимд найзынхаа машинд суугаад Зайсангийн Тайм скуар  үсээ засуулахаар очсон. Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Тайм скуар худалдааны төвийн харалдаа 503 дугаар байрны орцны үүдэнд машинаа байрлуулаад 502 дугаар байрны хойд талаасаа ордог “Хишиг” үсчинд ороод гар утсаа байхгүйг мэдсэн. Би гар утсаа хаана алдсанаа мэдэхгүй байна. Миний алдсан гар утас цагаан өнгийн Самсунг А-50 маркийн гадна талдаа хар хүрээтэй ягаан өнгийн “Beatiful Day” гэсэн бичиглэлтэй байсан. Миний гар утсыг 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай дүү 850.000 төгрөгөөр авч өгч байсан  ...Надад гар утсыг маань бүрэн бүтэн ямар нэгэн асуудалгүй хүлээлгэн өгсөн” гэжээ. /хх-ийн 18-21-р хуудас/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг А-50 маркийн гар утас 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 560.600 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 26-р хуудас/,

 

Юнител ХХК-ийн албан бичигт: 358583104870319 имей кодтой утсанд 80884527 дугаарыг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хийж ашигласан байна. 80884527 дугаарын эзэмшигч Мөнхтүвшиний Мөнх-Үйлс УЦ03300335 Улаанбаатар, Хан-Уул дүүрэг 2-р хороо Чингисийн өргөн чөлөө гудамж 107-р байр 88 тоот гэжээ.  /хх-ийн 12-р хуудас/

 

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А.Мөнхтүвшингөөс цагаан өнгийн 358583104870319 имей кодтой “Самсунг А-50” маркийн гар утас хураан авч, Г.Уранзаяад хүлээлгэн өгсөн /хх-ийн 30-р хуудас/

 

Шүүгдэгч А.Мөнхтүвшингийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Нарны хорооллын Номин руу хүн хүргэж өгөхөөр өөрийн 81-98 УБК улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн автомашинтай явж байтал Номин дэлгүүрийн арын автомашины зогсоолын хоосон зайд гар утас харагдсан. Очоод үзтэл Самсунг А-50 маркийн эмэгтэй хүний зурагтай хавтастай гар утас байсан. Би тэр гар утсыг аваад өөрөө барьж байсан. Ингээд 11 дүгээр сард цагдаа дуудаад гээгдэл утас авсан байна гэж хэлсэн. Цагдаа дээр ирээд гар утасны эзэнд нь буцааж өгсөн. Хохирлоо барагдуулсан тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан баримтуудаар энэхүү гэмт хэрэг нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хороололд байрлах Номин худалдааны төвийн гадна гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8-д “уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч хэргийн харьяаллын талаар маргаж мэтгэлцээгүй, хэргийг тус шүүхээр шийдвэрлүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэсэн санал гаргасан ба  хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

          Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, тодруулбал гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч А.Мөнхтүвшин нь хохирогч Г.Уранзаяагийн гээгдүүлсэн гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, өөртөө авч завшсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон, бусдын  гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 Иймд шүүгдэгч А.Мөнхтүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

Шүүгдэгч А.Мөнхтүвшингийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.Уранзаяад 560.600 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь гар устыг биет байдлаар буцаан өгсөн /хх-ийн 30-р хуудас/ байх тул шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүйд тооцов.

          Шүүгдэгч А.Мөнхтүвшин нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

          Шүүгдэгч А.Мөнхтүвшин нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгч А.Мөнхтүвшинд ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч А.Мөнхтүвшингийн цалин хөлс, орлогын боломжийг харгалзан үзэж торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Мөнхтүвшинд мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Мөнхтүвшин нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ямаат овогт Агвааны Мөнхтүвшинг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхтүвшинг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Мөнхтүвшинд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Мөнхтүвшин нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Мөнхтүвшинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР