Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/28

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч М.Сайнзаяа, шүүгдэгч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагаас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.З ид холбогдох 163/2021/0022/Э индекстэй, эрүүгийн 2015003660009 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ...ийн “Ц” гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Д.З.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.З ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.З ийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өмнөх өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хохиролд 5000000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг, эрүүгийн 2015003660009 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.З  нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн ...ийн нутагт **-** БУА улсын дугаартай, хар өнгийн “Toyota Harrier” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас шороон зам дээр явж байсан явган зорчигч Э.Д ийг мөргөж, түүний биед сээрний 11 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн болон ослын газарт үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн ...ийн нутагт ... тал дээр байх шороон зам дээр болсон байв. ...Тус газарт тээврийн хэрэгсэл олон удаа хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалж газарт үүсгэгдэх тээврийн хэрэгслийн мөрийг илрүүлэх боломжгүй байв... ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5 тал/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6 тал/,

Хохирогч Э.Д ийн өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр салхилахаар гэрээсээ гарсан, 10 цагийн үед байсан. Тэгээд явж байхад манай хашаанаас ойролцоогоор ертөнцийн зүгээр баруун талд 300-400 орчим метрийн зайд шороон зам дээр алхаж явахад араас машин ирээд мөргөсөн. Би газар унасан. Машины жолооч намайг замаас гаргачихаад машин руу зүглээд явсан. ...миний нуруу хугарч, тархи толгой доргисон. Би эмчилгээний мөнгө болох 5 сая төгрөгийг З аас авсан” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,

Гэрч А.Ч гийн өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цагийн үед манай хашаанд нэг машин орж ирээд “эгчээ тэнд танай хүүг машин дайрчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад харсан чинь манай хүү харганы хажууд хэвтэж байсан. Тэгээд би цагдаа, эмнэлэг дуудсан. Би хэргийн холбогдогчоос хүүгийнхээ эрүүл мэндийн талаар Улаанбаатар хот явж үзүүлж хэвтэн эмчлүүлсэн зардлаа гаргуулж авсан” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,

Гэрч М.С гийн өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 11 цаг 20 минутын үед Д  машинд мөргүүлсэн гэж дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу манайхаас эмнэлгийн машин ослын газарт очиж Д ийг эмнэлэгт авчирсан. Ослын газарт очиход Д  дөрвөн хөллөөд доошоо харчихсан байж байсан. Үзлэг хийхэд биеийн байдал хүндэвтэр, ухаантай, дохиогоор асуулт асуухад дохиогоор хариулна. Биед ил харагдах шарх, хугарал гэмтэл тодорхойлогдохгүй, нуруу аарцаг, түнхний үеэр хөдлөхөд эмзэглэлтэй, хөлөө атирсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,

Гэрч Ш.Г ын өгсөн: “Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 11 цагийн үед хашаан дотроо малын саравч барьж байхад манай урд машин сигналдсан. Би юу болоод байна гээд саравчин дээрээс харахад хар өнгийн Харрер маркийн тээврийн хэрэгсэл зам дээр явж байгаа хүн рүү сигналдаад хойноос нь явж очоод мөргөөд унагаачихсан. Тэгээд машин зогсоод жолооч нь буугаад машиныхаа урдаас мөргөсөн хүнийг татаж замаас хойш нь гаргасан. Тэгснээ шууд нөгөө хүнээ орхиод Э  гуайн хашаа руу яваад орсон. Нөгөө мөргүүлсэн хүн газраас босч ирээд нэлээн хэд алхаж яваад газарт суугаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,

Гэрч С.Б ын өгсөн: “...намайг С ын хашаанаас гараад явж байхад нөгөө хар өнгийн машинтай жолооч шороон зам дээр явж байсан хүнийг мөргөчих шиг болсон. Би хажуугаар нь явж өнгөрч байхад явган хүнийг машин мөргөж газарт унагаасан бололтой байсан. Тэр явган зорчигч манай сумын иргэн Э  гуайн хүү болох Д  байсан. Тэгээд би ослын газраас ойрхон Э  гуайн гэр байдаг учраас гэрт нь очиж Д ийн ээж Ч  эгчид “хүүг нь машин мөргөсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 13ны өдрийн 13096 дугаартай: “Э.Д ийн биед сээрний 11 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдад нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-30-31 тал/,

Мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн: “Жолооч Д.З  нь 2003 оны 08 дугаар сарын 14-ний өдөр жолооч болсон байна. Жолооны В ангилалтай, №302949 дугаартай жолоочийн үнэмлэх хүчинтэй төлөвтэй байна. Жолооч Д.З  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийнх 12 дугаар зүйлийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Осол болох үеийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй...” гэх магадлагаа /хх-34 тал/,

Шүүгдэгч Д.З ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11-12 цагийн үед би ...т байх гэрээсээ өөрийн эзэмшлийн **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ гараад ...ийн нутагт буюу сумын төвийн баруун захад байдаг Шонхор клубод хамт хичээллэж байсан С  аваргын хашаанд оччихоод эргээд сумын төв рүү явж байтал шороон зам дээр үл таних 20 гаруй насны эрэгтэй замын голд алхаж байсан. Тэгэхээр нь би хурдаа багасгаад зам дээр явж байгаа залууг замаас гаргах гэж 2-3 удаа машиныхаа дуут дохиог өгсөн боловч уг залуу замаас гарахгүй яваад байсан. Тухайн үед уг залууг замаас гарчих байх гэж бодоод явсаар байгаад машины урд гүперний зүүн урд хэсгээрээ мөргөж газарт унагаасан юм. Тэгээд би машинаасаа буугаад нөгөө машинд мөргүүлсэн хүн дээр очиход манай сумын Э  гуайн хүү байсан. Тэгээд би Э  гуайн гэрт очиж хүүг нь осолд орсон талаар хэлсэн. Удаагүй цагдаа болон эмнэлгийн ажилчид ирсэн” гэх мэдүүлэг /хх-50-51 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Д , гэрч А.Ч , М.С , Ш.Г , С.Б  нарын өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч Д.З ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.З  жолоодож явсан; аюул саад учирсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас явган зорчигчийг мөргөж уг осол гарсан болохыг шууд болон шууд бусаар гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ. Булган аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн магадлагаанаас үзэхэд зам тээврийн осол гарахад шүүгдэгч Д.З ийн суурин газрын гаднах замд тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүй, хөдөлгөөний явцад аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Д ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.З ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Д.З  нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэсэн байна, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.З ийн үйлдэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Э.Д  гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардалд нийт 5000000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-65-66 тал/ байна. Иймд хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Д.З ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.З ийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Э.Д ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.З ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.З ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.З  нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ...т мал маллан амьдардаг зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 52-58 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, багийн засаг даргын тодорхойлолт, оршин суух хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.З ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.З  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г овогт Д.З ийг Эрүүгийнхуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Д.З ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.З  нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.З ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Шүүгдэгч Д.З  нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              С.ЦЭРЭНХАНД