| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0004/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/08 |
| Огноо | 2021-01-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Даариймаа хөтөлж,
улсын яллагч Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалаг,
шүүгдэгч Б.Мөнгөншагай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баатаржавын Мөнгөншагайд холбогдох эрүүгийн 2009000001481 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, ах, хоёр дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 9 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Баатаржавын Мөнгөншагай/ РД: УЖ01302232/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь бусадтай бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 20 дугаар гудамжны үзүүрт байх “Гоймондоо” зоогийн газрын лангуун доороос иргэн Т.Үүрийнтуяагийн Самсунг А-50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 671.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Мөнгөншагай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2009000001481 дугаартай хэргээс:
Эрүүгийн 2009000001178 дугаартай хэргээс Б.Мөнгөншагайд холбогдох хэргийг тусгаарласан прокурорын тогтоол /хх-ийн 01-04 дүгээр хуудас/
Гэмт хэргийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүлээж авсан бүртгэл, тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 50-52 дугаар хуудас/
2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Л.Бямбадоржоос Самсунг А-50 гар утас хураан авч, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Т.Үүрийнтуяад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 55-56 дугаар хуудас/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-ийн 57-60 дугаар хуудас/
Хохирогч Т.Үүрийнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-69 дүгээр хуудас/
Гэрч Л.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/
“Дамно” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 77-78 дугаар хуудас/
Л.Бямбадорж иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохоос татгалзсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 91 дүгээр хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 98-101 дүгээр хуудас/
Тусгаарлагдсан хэргийн өсвөр насны яллагдагч М.Даваадорж, Г.Дагвадорж нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 102-107 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Мөнгөншагайн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 113-116 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 83-р хуудас/, эцэг тогтоосон тухай лавлагаа /хх-ийн 84-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 88-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн 2009000001178 дугаартай хэргээс яллагдагч Б.Мөнгөншагайд холбогдох хэргийг тусгаарласан прокурорын тогтоол /хх-ийн 01-04 дүгээр хуудас/-оор шүүгдэгч Б.Мөнгөншагайд холбогдох хэргийг тусгаарласан байна. Шүүх Б.Мөнгөншагайд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь бусадтай бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 20 дугаар гудамжинд байрлах “Гоймондоо” зоогийн газрын лангуун доороос хохирогч Т.Үүрийнтуяагийн “Самсунг А-50” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 671.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
“Гоймондоо” гуанзны дотор байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...15-18 орчим насны 3 залуу орж ирэв. 14 цаг 24 минут 20 секундэд ногоон цамцтай залуу нь хөргөгчөөс ундаа авч лангууны доор ямар эд зүйл байгааг тонгойж харав, ...хар фудволктой, цагаан цамцтай 2 залуу зоогийн газрын баруун хойд талд байсан хөргөгчөөс ямар нэгэн зүйл авах гэж зоогийн газрын ажилтныг дуудахад ногоон цамцтай залуу лангууны доор байсан гар утсыг зүүн гараараа авч халаасандаа хийв...” гэх тэмдэглэл, фото зураг /хх-ийн 57-60 дугаар хуудас/,
Хохирогч Т.Үүрийнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн 20 дугаар гудамжны баруун үзүүрт “Гоймондоо” нэртэй зоогийн газар ажиллуулдаг. Өнөөдөр 14 цагийн үед 14-16 орчим насны 3 залуу орж ирээд гоймон чанах уу, 4-5 ширхэг өндөг зарчих гээд янз бүрийн юм асууж байгаад гарсан. Араас нь 25 орчим насны эрэгтэй хүн орж ирээд утсаараа яриулчих гэж гуйгаад байхаар нь ширээний доор байсан Самсунг А-50 маркийн гар утсаа авч өгөх гэтэл алга болсон байсан. Ломбардын эзэн Ариунбилэгээр хяналтын камерыг шүүлгэж үзэхэд зоогийн газарт орж ирсэн 3 залуугийн ногоон өнгийн фудволктой залуу нь ширээний доор байсан гар утсыг хулгайлсан байсан. ...Ногоон цамцтай хүүхдийн нөгөө 2 нь өндөг авъя гээд намайг саатуулаад байсан. ...Би гар утсаа буцааж авсан учраас гомдолгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэжээ. /хх-ийн 63-69 дүгээр хуудас/
Гэрч Л.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гар утас худалдаж авах гэж үнэгүй.мн сайтад ороход Самсунг А-50 загварын гар утас зарна гэсэн зар байсан. Уг зарын дагуу холбогдож орой 19 цагийн үед Багшийн дээдийн автобусны буудал дээр 30 орчим насны 170 см өндөртэй эрэгтэй хүнтэй уулзаж бэлнээр 500.000 төгрөг, өөрийнхөө ашиглаж байсан Самсунг S-7 маркийн гар утсыг өгч худалдаж авсан. Цэнэглэгч, чихэвч, хайрцаг нь байхгүй байсан. Гар утсыг худалдаж авахдаа хулгайн гар утас байсныг мэдээгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/
“Дамно” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг А-50 маркийн гар утас зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 671.200 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 77-78 дугаар хуудас/
2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Л.Бямбадоржоос Самсунг А-50 гар утас хураан авч, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Т.Үүрийнтуяад хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 55-56 дугаар хуудас/
Тусгаарлагдсан хэргийн өсвөр насны яллагдагч М.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Зарим тохиолдолд би хүнийг нь саатуулдаг байсан, заримдаа өөрөө юм авдаг байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 103 дугаар хуудас/
Тусгаарлагдсан хэргийн өсвөр насны яллагдагч Г.Дагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би М.Даваадорж, хоч нь Жоёо гэх хүүхэдтэй хамт Гоймондоо нэртэй жижиг цайны газар руу орсон. Тухайн цайны газарт ороход бид нар архи уучихсан нэлээд согтсон байсан. Жоёо бид хоёр тухайн эгчийн хөргөгчийн урд очоод өндөг авна гэж саатуулж байх хооронд текны ард талд байсан Самсунг А-50 маркийн гар утсыг Даваадорж авсан. Утсыг нь яасан талаараа санахгүй байна. Ямар ч байсан мөнгөөр нь архи ууж байснаа санаж байна. Их согтсон болохоор сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-107 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Мөнгөншагайн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бичлэг дээр гарч байгаа гар утас авч байгаа нь Даваадорж, миний хажууд зогсож байгаа нь Дагвадорж байна. Би хохирол барагдуулна. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-116 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилд авах байдлаар илэрдэг. Гэм буруугийн хувьд шууд санаатай шунахай сэдэлттэй ашиг олох зорилготой байдаг.
Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь бусадтай бүлэглэн /Г.Давгадорж, М.Даваадорж нартай/ хохирогч Т.Үүрийнтуяагийн Самсунг А-50 маркийн гар утасыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Мөнгөншагайг бусадтай бүлэглэн хохирогчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд хөрөнгийг хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Эрүүгийн 2009000001178 дугаартай хэргээс шүүгдэгч Б.Мөнгөншагайд холбогдох хэргийг тусгаарласан байна. Шүүх Б.Мөнгөншагайд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан байна.
Хохирогч Т.Үүрийнтуяагийн Самсунг А-50 маркийн гар утсыг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: 671.200 төгрөгөөр /хх-ийн 77-78-р хуудас/ үнэлсэн баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь хохирогч Т.Үүрийнтуяад учирсан эд хөрөнгийн хохирлыг сайн дураар нөхөн төлөөгүй ч мөрдөн байцаалтын шатанд гар утсыг худалдаж авсан Л.Бямбадоржоос хураан авч хохирогчид биет байдлаар хүлээлгэн өгсөн байх ба Л.Бямбадорж нь нэхэмжлэх зүйлгүй тул иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохоос татгалзсан хүсэлтээ бичгээр гаргасан байх тул Б.Мөнгөншагайг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь бусадтай бүлэглэн хохирогчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд хөрөнгийг хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна. Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялын санкцитай.
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөншагайд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Б.Мөнгөншагайд ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчоос “өндөг худалдаж авья” хэмээн анхаарлыг сарниулах зэргээр гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харьцуулан дүгнээд түүнд хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэв. Шүүгдэгч Б.Мөнгөншагайд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүнийг цаашид засарч хүмүүжих, нийгэмшүүлэх ач холбогдолтой гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөншагайд 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Мөнгөншагайд мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээв.
Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Баатаржавын Мөнгөншагайг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Мөнгөншагайд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Мөнгөншагайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР