Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01373

 

Г.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2018/00816 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1196 дугаар магадлалтай

Г.Бын нэхэмжлэлтэй

“Т” ХХК-д холбогдох

Ажил олгогчоос цалин 28 897 815 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, Ц.Цогнэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б би 2010 оны 8 дугаар сард анх “Т” ХХК-д ажилд ороод 2011 оны 07 дугаар сард үндсэн ажилтан болсон. 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өрмийн мастераар дэвшин ажилласан. Ажиллаж байх хугацаанд компаниас цалинг цаг тухайд нь эсвэл сараар хойшлуулаад олгодог байсан. Ажил олгогчоос компанийн санхүүгийн нөхцөл байдлыг ойлгож ажиллахыг хүсэж, цалинг дараа олгоно хэмээн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний бичилт хийж, 2013 оны 10,11 дүгээр сарын цалин, 2014 оны цалингаас эрсдэлийн санд суутгасан суутгал, 2015 оны 8, 12 дугаар сарын цалин хөлсийг олгоогүй бөгөөд компанийн зүгээс дээрх саруудын цалин эрсдэлийн санд суутгасан суутгалд 9 648 725 төгрөгийг олгох тооцоог гаргаж өгсөн. Ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаанаар захирал н.Чинбаттай биечлэн уулзаж цалингаа шаардаж байсан. Мөн өргөдөл гомдол, хүсэлт, шаардлага бүх зүйлийг хүргүүлсэн. Гэвч бичгээр хариу өгдөггүй байсан. Эсвэл уулзаад түр хүлээж бай, дараа сард өгье гээд хойшлогдоод яваад байсан. Би өөрөө хагалгаанд орсон байхдаа хүртэл захиралд хандсан. Уучлаарай мөнгөгүй, боломжгүй байна гэж хэлдэг байсан. Сүүлдээ аргаа бараад “Т” ХХК-ийн хуульч, санхүүгийн алба, хүний нөөц, захирлын албанд тус тус шаардлага хүргүүлсэн. Санхүүгийн албанаас өгнө гэсэн албан бичиг, нотлох баримт гаргаж өгдөггүй. Чи гараараа бичиж ав, би чамд хэлээд өгье гээд санхүүгийн албаны цалингийн нягтлан тэгж ханддаг байсан. Ингээд 2017 оны 10, 11 дүгээр сард хуваагаад олгоно гэж амаар хэлсэн боловч өгөөгүй. Би цалин гаргуулах асуудлаараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид өргөдөл гаргасан боловч гомдлыг маань хүлээн аваагүй. Тиймээс 2013 оны 10, 11 дүгээр сарын цалин 8 632 883 төгрөг, 2014 оны цалингаас эрсдэлийн санд суутгасан суутгал 827 862 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын цалин 63 343 төгрөг,12 дугаар сарын цалин 124 637 төгрөг, нийт 9 648 725 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлс хугацаанд нь олголгүй хугацаа хэтрүүлсэн 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 665 хоног тутамд 0,3 хувиар тооцон алданги 19 249 090 төгрөг, нийтдээ 28 879 815 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-иас гаргуулж, 2013 оны 10, 11 дүгээр сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Б “Т” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж сар бүр тогтмол цалин авч байсан. 2011 оны 7 сарын 1-нээс 2016 оны 02 сарын 15 хүртэл ажилласан. Ажил олгогчоос олгоогүй цалин хөлс 9 648 725 төгрөгийг ямар гэрээний үндсэн дээр гаргуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй, нотлох баримтгүй байна. Алданги 19 249 090 төгрөгийн шаардлагаа нотлоогүй. 2013 оны 10, 11 дүгээр сар, 2015 оны 8,12 дугаар сард цалин хөлс авч, нийгмийн даатгал төлөгдөж байсан нь Г.Бын нийгмийн даатгалын дэвтрээс харагдана. Хөдөлмөрийн гэрээнд 0.3 хувийн алданги тооцохоор тохирсон зүйл огт байхгүй. Санхүүгийн байдлаас шалтгаалан сул зогсолттой зарим сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2018/00816 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан “Т” ХХК-д холбогдох ажил олгогчоос 28 897 815 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Г.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Г.Бын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1196 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2018/00816 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 2 547 862 төгрөг гаргаж нэхэмжлэгч Г.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 349 953 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Бын давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

эхэмжлэгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Г.Б би Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1196 дугаар магадлалыг эс зөвшөөрч, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн тухайд:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлээгүй хэмээн алдааг залруулсан хэдий ч хэрэгт ач холбогдол бүхий баримтыг бүхэлд нь зөв үнэлээгүйн улмаас ажил олгогчоос надад олгох цалин хөлсийг буруу тооцон шийдвэрлэсэнд дараах үндэслэлээр гомдолтой байна.

Хариуцагч “Т” ХХК нь ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварын төлөлтийг бууруулах, бодит хэмжээгээр төлөхгүй байх зорилгоор Хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалингийн хэмжээг багаар буюу 430 000 төгрөгөөр тусгаж, харин өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн гүйцэтгэлээр цалин хөлсийг тооцон олгож байсан нь дараах баримтаар эргэлзээгүй нотлогдсон.

...Нэхэмжлэгч Баяртогтох би “Т” ХХК-ийн ажил гүйцэтгэж байсан “Шинэ Монгол” төсөл дээр 2013 оны 10, 11 дүгээр сард өрмийн мастераар ажиллаж, нийт 2413 тууш метр НQСоrе өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн, “Асем Вилла” төсөл дээр 2015 оны 8, 12 дугаар сард өрмийн мастераар ажиллаж өрөмдлөг хийсэн нь дараах нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдсон.

...Хариуцагч “Т” ХХК нь надад дээр дурдсан ажил гүйцэтгэсний цалин хөлс 8 820 863 төгрөг, эрсдэлийн сангийн суутгал хэмээн суутгаж авсан 827 862 төгрөг, нийт 9 648 725 төгрөгийг олгоогүй байсан, түүнийг олгохоо хүлээн зөвшөөрч, удаа дараа хугацаа тохирон үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулж байсан, хамгийн сүүлд 2017 оны 10, 11 дүгээр сард 2 хуваан олгоно хэмээн олгогдоогүй цалинг олгох хугацаа тогтоож байсан болох нь дараах баримтаар эргэлзээгүй нотлогдсон.

...Шүүх дээр дурдсанчлан нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдож буй үйл баримтад үндэслэлтэй дүгнэлтийг хийлгүйгээр хариуцагч “Т” ХХК ажил олгогчийн давуу байдлаа ашиглан ажилтнууддаа итгэл төрүүлэн хүлээлгэх замаар цалин хөлсийг нь олголгүйгээр бусдын хөдөлмөрөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжих бодит боломжийг олгосон шийдвэр гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

Хоёр. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд:

Шүүх дээр дурдсанчлан эргэлзээгүй нотлогдсон үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас хэрэглэвэл зохих дараах хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийн “Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцсэн байна” гэх заалтыг, цаашлаад тус гэрээ нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хамт (тариф)-ын гурван тал (УУЯ, ЭХГУУ-ын ҮЭХ, ГУУХҮ салбарын ажил олгогч, эзэд)-т хэлэлцээр,

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн “Хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна” гэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн “Ажил олгогч нь үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журмыг баталж мөрдүүлнэ” гэх заалт ажил олгогч дээр дурдсанчлан миний нэхэмжилж буй олгогдоогүй цалин хөлсийг олгохоо баталж, хугацаа тогтоож байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн тус зүйл хэсэгт заасан журмыг баталж мөрдүүлэх үүргээ хэрэгжүүлж байсан байдлаа, мөн надад нэхэмжилж буй цалинг олгохгүй байх үндэслэлээ нотлоогүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн “ажилтны цалин хөлсийг хийснээр ... үр дүнд нь тохируулан олгоно” гэх, 49.3 дахь хэсгийн “нарийн мэргэшил, мэдлэг, мэргэжил шаардсан болон онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн үнэлгээ илүү байна” гэх заалт, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн “бусдын эрхийг зөрчих замаар хөрөнгөжих” тухай заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсгийн “Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно” гэх заалт.

Тодруулбал, шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас надад олгох цалин хөлсний хэмжээг буруу тооцож, улмаар дээр дурдсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

Гомдлыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2018/00816 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1196 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1198 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хуулийг буруу тайлбарласан, хууль зөрчсөн, хууль бус аргаар бүрдүүлсэн нотлох баримтыг үнэлсэн гэж үзэн гомдол гаргаж байна.

Магадлалын хянавал хэсэгт; Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч нотлох баримтыг зөв үнэлээгүй байх тул алдааг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав гэжээ.

Нэхэмжлэгч Г.Бын нотлох баримтгүй зүйл нэхэмжилж байгааг хариуцагч түүнийг нь хүлээн зөвшөөрсөн, үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй, тогтоогдоогүй, нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 38.5 дахь заалтуудыг ноцтой зөрчсөнийг огтхон ч анхаарч үзэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болгосон. Тухайлбал, Г.Б нь өөрийн гар утсаараа бусдад мэдэгдэлгүй нууцаар бичлэг хийж түүнийгээ нотлох баримтаар гаргаж өгсөн, үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан, хүлээн зөвшөөрсөн талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй.

Нэхэмжлэгчийг цалин хөлстэй холбоотой шаардлагаа ажил олгогчид гаргаж байсан гэж үзэхээр байна гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн, Г.Б хэзээ, хэдэн оны хэдэн сард, хаана, хэнд, ямар шаардлага гаргаж байсан талаар ямар ч баримт байхгүй. Нэхэмжлэгч Г.Б нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Гэтэл Г.Б нь ажлаасаа гарснаасаа хойш бүтэн 1 жил 8 сарын дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний эрх зүйн харилцаанд хугацаа маш чухалд тооцогддог. Мөн Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, Прокуророос дээрх асуудлаар Зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан боловч Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, үндэслэлгүй, тогтоогдоогүй гэж хэргийг хаасан.

2013 оны 10, 11 дүгээр сарын, 2015 оны 8, 12 дугаар сарын цалинг олгосон талаар баримт байхгүй байна гэж ямар ч үндэслэлгүйгээр дүгнэж магадлал гаргасан. Г.Бод аваагүй цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэр бөглөгдөөгүй орхигдсон сар гэж байхгүй байхад 4 сарын цалин 1 720 000 төгрөгийг олгоогүй гэж үзнэ гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр юм. Г.Бын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтрийн хуулбарууд хэргийн материалд нотлох баримтаар авагдсан, цалин олгоогүй сар гэж байхгүй байгааг шүүх анхаарч үзэлгүй, хууль ёсны дагуу бүрдүүлсэн нотлох баримтыг үнэлэлгүй магадлал гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т зааснаар үүргийг гүйцэтгэх хугацааг хойшлуулсан, уг хойшилсон хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон байна гэж дүгнэхээр байна гэж илтэд хуулийг зөрчсөн. Тухайлбал “Т” ХХК-ийн нэхэмжлэгчтэй үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан, хүлээн зөвшөөрсөн талаар ямар ч үйл баримт үйлдээгүй, хэрэгт авагдаагүй, Мэргэжлийн хяналт, Прокурорын байгууллагаас тогтоогоогүй байхад хууль зөрчиж Магадлал гаргаж байгаа нь ямар ашиг сонирхол байна аа. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэсэн байна. Г.Баяртоггох нь нэхэмжлээд байгаа цалин хөлс нь үнэхээр үндэслэлтэй байсан бол түүнийгээ баримтаар нотлох, шаардах эрх нь хангалттай байсан, ийм ч эрх, үүрэгтэй. Энэ эрх, үүргээ эдлээгүй нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ ч нотлоогүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь нэг ч нотлосон үйл баримтгүй, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах хууль, журам зөрчсөн, хэн гэдэг албан тушаалтны хууль бус шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргасан, түүнийг хууль бус гэж үзсэн үндэслэл, нотолгоог огт тусгаагүй байгаа.

...Иймд Г.Бын нэхэмжлэлтэй “Т” ХХК-д холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Б нь “Т” ХХК-д холбогдуулан 2013 оны 10, 11 дүгээр сарын цалин 8 632 883 төгрөг, 2014 оны цалингаас эрсдэлийн санд суутгасан суутгал 827 862 төгрөг, 2015 оны 8, 12 дугаар сарын цалин 187 980 төгрөг, нийт 9 648 725 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн  141.4.-т заасан алданги 19 249 090 төгрөг, бүгд 28 879 815 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, цалин хөлсийг цаг тухайд нь өгч байсан, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2 547 862 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Г.Б нь “Т” ХХК-ийн захирлын 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 118 тушаалаар өрмийн ажилтнаар ажилд орж, 2011 оны 11 дүгээр сарын 01-ний  өдрийн 353 тушаалаар өрмийн мастераар томилогдон ажилласан, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогджээ.

1. Дутуу олгосон нэмэгдэл хөлс, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүйн алданги нэхэмжилсэн талаар:

Зохигчдын хооронд энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэгдэж, хөдөлмөрийн эрх зүйн харилцааны оролцогч байсан тул ажилтан ажилласан хугацааны нэмэгдэл хөлсөө нэхэмжлэх эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу буруу шилжүүлснээс бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдол гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 2013 оны 10, 11 дүгээр сарын, 2015 оны 8, 12 дугаар сард олгогдоогүй нэмэгдэл хөлсийг нэхэмжилж 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь дутуу олгогдсон цалин хөлсөө нэхэмжилж энэ хугацаанд компанийн удирдлагад удаа дараа хүсэлт гаргаж байсан, компани тухай бүрд  “...орлого орж ирмэгц төлье...”, “...дараа төлье...” хэмээн хүлээн зөвшөөрч, компанийн санхүүгийн хүндрэлтэй байдлыг тайлбарлан хугацаа хойшлуулж байсан гэж тайлбарлах боловч тайлбарт дурдсан үндэслэлээр хариуцагчид хүсэлт, шаардлага гаргаж байсан тухай баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан, түр зогссон гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн энэ шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

  Иймд дутуу олгогдсон цалин хөлсийг нэхэмжилж гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1. дэх заалтад нийцсэн байх тул нэмэгдэл цалин хөлсийг хугацаандаа олгоогүй гэх үндэслэлээр нэхэмжилсэн алдангийг мөн шаардах эрхгүй болно.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг буруутгаж, “...хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь цалин хөлстэй холбоотой маргааныг ажил олгогчид гаргаж байсан байна гэж үзэхээр байна гэж дүгнэн, нэхэмжлэгчийн шаардлагыг ажил олгогч хүлээн зөвшөөрч, хойшлуулсан нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1.-д зааснаар үүргийг гүйцэтгэх хугацааг хойшлуулсан, уг хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон” гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч хэдийд ажил олгогчид хүсэлт гаргаж байсан, тухайн хугацаа нь хэзээнээс зогсож, үргэлжлүүлэн тоологдсон эсэх талаар хэрэгт баримт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдээгүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүх нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

2. 2014 оны цалингаас эрсдэлийн санд суутгасан 827 862 төгрөгийн суутгалыг нэхэмжилсэн талаар:

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.-д зааснаас  бусад үндэслэлээр ажилтны цалин хөлснөөс суутгал хийх эрхгүй.

Хариуцагч нь ажилтны цалин хөлснөөс суутгал хийсэн талаар маргаагүй бөгөөд ямар үндэслэлээр цалин хөлснөөс суутгал хийснээ баримтаар нотлоогүй, үндэслэл бүхий суутгал хийсэн нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар ажил олгогчийг энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

Нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэсгийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д хамаарах тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, алдааг засах нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1196 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2018/00816 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1., 141 дүгээр зүйлийн 141.4., Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч “Т” ХХК-иас 827 862 төгрөгийг гаргуулан Г.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 069 953 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “...дурдсугай.” гэснийг “...дурдаж, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 24 419 төгрөгийг гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн гомдлын заримыг хэсгийг хангаж, нэхэмжлэгч Г.Бын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Г.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Т” ХХК улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД