Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2022/0373/З |
Дугаар | 221/МА2022/0659 |
Огноо | 2022-10-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2022/0659
2022 оны 10 сарын 13-ны өдөр 221/МА2022/0659
“ЧХБ” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Г
Гомдол гаргагч: “ЧХБ” ХХК
Хариуцагч: ХДК-ийн ХШХ-ийн АХШУБ-гч П.С
Гомдлын шаардлага: “ХДК-ийн ХШХ-ийн АХШУБ-гч П.С-ын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0056503 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн хэмжээг багасгахыг даалгах”;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Гомдол гаргагч “ЧХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, Ц.А
Хариуцагч П.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 128/2022/0373/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “ЧХБ” ХХК нь ХДК-ийн ХШХ-ийн АХШУБ-гч П.С-т холбогдуулан “ХДК-ийн ХШХ-ийн АХШУБ-гч П.С-ын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0056503 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн хэмжээг багасгахыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2022/0608 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 5, Банкин дахь мөнгөн хадгаламжийн
даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг тус тус баримтлан “ЧХБ” ХХК-иас ХДК-ийн ХШХ-ийн АХШУБ-гч П.С-т холбогдуулан гаргасан “ХДК-ийн ХШХ-ийн АХШУБ-гч П.С-ын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0056503 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн хэмжээг багасгахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Гомдол гаргагчийн төлөөлөгч Э.Ганзориг давж заалдах гомдолдоо: "”ЧХБ” ХХК" нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2022/0608 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийг тал бүрээс нь бүрэн судлалгүй зөвхөн тооцоолол хийх аргаар хэргийг шийдвэрлэсэн нь тухайн хэргийг хуулийн хэм хэмжээг бүрэн ойлгоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх талаар маш тодорхой дурдсан байна. Өөрөөр хэлбэл, ХДК нь Монгол банкны бодлогын хүүг хэрэглэхдээ 2020 оны 1, 2 дугаар улиралд жилийг сараар, сарыг хоногоор тооцож торгууль ногдуулсан байгаа нь тухай хуулийн үзэл баримтлалыг зөвөөр ашиглаж хуулийн хэм хэмжээг дагаж мөрдсөн байна.
3.2. Гэтэл ХДК-ийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч П.С нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 04/01 дугаартай актыг үйлдэхдээ Монгол банкны бодлогын хүүг бүхэл дүнгээр тооцох болж, энэ талаар өөрийн харьяалагдах байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр дур мэдэн торгууль ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д заасны бүхэлд нь зөрчиж, хориглоогүй асуудлаар зохицуулалт тогтоож ялгамжтай хандсан байна. Энгийнээр тайлбарлавал, ХДК-ийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч нь өөрт ашигтай байдлаар торгуулийг ногдуулах боломжтой бөгөөд яг энэ байдал 2020 оны 1,2 дугаар улиралд "“ЧХБ” ХХК-ийг хоногоор тооцож торгоод, 2022 оны 1 дүгээр улиралд хоногоор тооцохгүйгээр торгосон үйлдэл гарч хуулиар хориглоогүй байхад дур мэдэн торгуульд ногдуулах хоногийг жилээр тооцож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болоод байна.
3.3. Монгол банк нь бодлогын хүүгээр нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг зохицуулах зорилготойгоор банкуудад ашиглах хүүгийн өсөлт бууралтыг макро, микро түвшинд хянаж, үүгээрээ дамжуулж Монгол Улсын эдийн засгийг зарим хүрээнд тодорхойлдог. Мөн уг бодлогын хүү нь жилд хэдэн ч удаа өөрчлөгдөж болох бөгөөд тэр бүрт банкуудын зээлийн хүүтэй уялдсан байдаг. Энэ хэрээрээ хүүгийн дарамтанд өртүүлэхгүйн тулд тухайн хэрэгжиж байгаа бодлогын хүүтэй уялдсан зээлийн хүү нь хоногоор тоологдож эдийн засгийг тогтвортой байлгах үндэс суурь болдог.
3.4. Гэтэл ХДК-ийн улсын байцаагч нь бодлогын хүүг хэрэгжүүлэхдээ гомдол шийдвэрлэх үеийн бодлогын хүүг бүтэн жилээр тооцож торгууль ногдуулж байгаа нь илэрхий шударга бус үйлдэл болоод байна. Учир нь "“ЧХБ” ХХК нь хадгаламжийн даатгалын хураамжийг бүтэн жил төлөөгүй бол банкны хувьд торгуулахдаа бүтэн жилийн хүүгээр торгуулахад гомдолгүй юм. Гэтэл бодлогын хүүгийн зохицуулж байгаа харилцаа нь жилийг сараар, сарыг өдрөөр тооцож хүү ногдуулах, зээлдэгчийг төлбөрийн дарамтгүй байхаар зохицуулсан харилцаа бөгөөд яг энэ үндсэн ойлголтоороо хадгаламжийн даатгалын хураамж төлөөгүй тохиолдолд бодлогын хүүг ашиглаж торгууль ногдуулах бол хураамж төлөөгүй өдөрт нь тооцож хүүгийн дарамт үүсгэхгүйгээр тopгyyль ногдуулах ёстой байна. Энэ нь шударга байна.
3.5. Харин энэ талаар хуулийн хэм хэмжээнд тодорхой заагаагүй боловч хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт хийж болохгүй гэж маш тодорхой заасан байна. Үүнээс харахад хэзээ нэг өдөр ХДК-ийн улсын байцаагч нь өөр банканд мөн торгууль ногдуулахдаа буцаад хүүгээр тооцох боллоо гэж ямар ч хуулийн үндэслэлгүйгээр өөрт ашигтай байдлыг үүсгэж хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
3.6. Иймд "“ЧХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХДК-ийн ХШХ-ийн АХШУБ-гч П.С-т холбогдох хэргийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2022/0608 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
3. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
3.1. Эрх бүхий албан тушаалтан болох ХДК-ийн хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч П.С зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №0056503 дугаар шийтгэлийн хуудсаар “ЧХБ” ХХК-ийг “2022 оны 1 дүгээр улирлын хадгаламжийн даатгалын хураамж төлөх үүргээ биелүүлээгүй, хураамж саатуулсан” гэсэн үндэслэлээр үйлдсэн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 5-д заасныг баримтлан 4 131 294 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3.2. Хэрэгт авагдсан баримтуудаар “ЧХБ” ХХК нь Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан хадгаламжийн даатгалын хураамжийн журмын дагуу төлбөл зохих 2021 оны 10, 11, 12 сарын /1 дүгээр улирлын/ хадгаламжийн даатгалын улирлын хураамж 35 924 295 төгрөгийг ХДК-д төлөх Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.
3.3. Харин талуудын маргааны зүйл нь Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 5-д “Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан хадгаламжийн хураамжийн дагуу хуульд заасан хураамжийг төлөөгүй, эсхүл төлбөл зохих хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийн гүйцэтгээгүй дүнгээс Монгол банкны бодлогын хүү дээр 5 хувийг нэмсэн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн зохицуулалтын “Монгол банкны бодлогын хүү”-г хэрхэн тооцож, торгуулийн шийтгэлийг оногдуулах эсэх дээр маргасан байна.
3.4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд болон давж заалдах гомдолд “...бодлогын хүүг зохицуулж байгаа харилцаа нь жилийг сараар, сарыг өдрөөр тооцож хүү ногдуулах, зээлдэгчийн төлбөрийг дарамтгүй байхаар зохицуулсан харилцаа ... даатгалын хураамж төлөөгүй тохиолдолд бодлогын хүүг ашиглаж торгууль ногдуулах бол хураамж төлөөгүй өдөрт нь тооцож ... торгууль ногдуулах ёстой ..” гэсэн байх бөгөөд энэхүү үндэслэлээ Монгол банкны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №Б-11/313 тоот албан бичгийг/ хавтас хэргийн 23 тал/ үндэслэн тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
3.5. Учир нь зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэлийг оногдуулж хариуцлага хүлээлгэхэд Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын зохицуулалтыг баримтлахгүй юм. Тодруулбал,
3.6. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам” нь банкны /арилжааны банк/ хүү бодоход баримтлах зарчмыг тодорхойлох, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийг ил тод байлгах хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан байх бөгөөд уг журмын 2.2 дахь заалт нь банкны зээлийн харилцаанаас үүссэн зээл, хадгаламж, үнэт цаасны өгөөж, хямдруулалт бодож тооцох аргачлалын талаар тусгажээ.
3.7. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэх бөгөөд зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд торгох шийтгэл оногдуулахад дээрх журмын зохицуулалт хамааралгүй.
3.8. Иймд нэхэмжлэгчийн “Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэсэн заалтыг бүхэлд нь зөрчиж хориглоогүй асуудлаар зохицуулалт тогтоож ялгамжтай хандсан” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
3.9. Монгол банкны бодлогын хүү 6.5 хувь болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон, торгох шийтгэлийн хэмжээг Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 5-д заасны дагуу тооцож 4 131 294 төгрөгийн /хугацаандаа төлөгдөөгүй хадгаламжийн даатгалын хураамж 35 924 295 төгрөг /6,5%+5%/=4 131 294 төгрөг/ болох мөнгөн төлбөрийн хэмжээгээр торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зөрчөөгүй байна.
4. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий талаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА