Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2018/ДШМ/016

 

Д.Цд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Д.Ц

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Цгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Цд холбогдох эрүүгийн 1814000000009 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өөлд овогт Д.Ц, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Д.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг, 13 дугаар гудамж 2 тоотод иргэн Э.Нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Д.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Өөлд овогт Д.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дугаар зүйлийн 164.1, 164.2-д зааснаар гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлд зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Д.Цгийн эзэмшлийн “Тоёото ист” маркийн 1744 БНХ улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх авто машиныг эзэмшигч Д.Цд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Д.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс надад гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. Би хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байгаа бөгөөд 5, 2 настай болон 10 сартай 3 хүүхдээ асран гэртээ байдаг, нөхөр маань Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багт мал маллаж өвөлжиж, манай нутагт зуд болж 1 сар гаруй цасан шуурга, шуурч, мал дээрээ ганцаараа байгаа. Би хэрэгт холбогдсон байдлаасаа болж хөдөө гэр рүүгээ явж чадахгүй аймгийн төвд байна. Миний 5-аас доош насны 3 хүүхэдтэй, ар гэрт байгалийн гамшигт үзэгдэл болж байгаа гэм буруугаа хүлээж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан шийтгэх тогтоолыг өөрчилж, торгох ялаар шийтгэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Ц тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Би 3 хүүхдээ гэртээ асардаг, бага хүүхэд ларангиттай. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд миний нуруу өвдөж, хөл доголдог тул нийтэд тустай ажил хийх боломжгүй байна. Иймд торгох ялаар шийтгэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Д.Цгийн үйлдсэн хэрэг нь тогтоогдсон, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Д.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг, 13 дугаар гудамж, 02 тоотод иргэн Э.Нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Нийн “...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байхад ээж намайг хажуу талын айлаас юм аваад ир гэж хэлж би гэрээс гарсан чинь хашааны хаалга хүн аймаар чанга, чанга нүдээд байхаар нь би хэн бэ гээд очиход Д.Ц эгч зогсож байсан. Тэгээд намайг хаалга онгойлгоод өгөхөд юу юугүй намайг үсдэж дарж аваад миний мөр рүү, нүүр рүү цохиж элдэв нэгээр хэлж хэл амаар доромжилж эхэлсэн, тэгж байгаад үс тавихад нь би зугатааж гэр рүүгээ орсон чинь гэрт араас дагаад ороод ирсэн, тэгэхэд манай гэрт ээж байсан бөгөөд Д.Ц нь энэ янхан чинь хот яваагүй Соокотой янхандсан байна гээд намайг үсдээд орон дээр дарж нүүр гар самардаж байхад ээж дундуур ороод салгах гэхэд дийлэхгүй байсан, тэгтэл гаднаас манай хажуу талын айлын эгч ******* орж ирж ээжтэй хамжин надаас салгасан..., ...Д.Цд зодуулаад баруун нүд өвдөөд улайгаад байгаа, мөн нуруу руу их цохиж авсан учир нуруу энд тэнд хөхөрсөн. Мөн миний нүүр дух хүзүү гарыг майжсан учир арьс зулгарсан байсан. Д.Ц нь миний үснээс хүчтэй зулгааснаас болж тархи доргиж, баруун нүд өвдөж улайсан, нуруу, мөр рүү цохиж хөхөрсөн, нүүр, дух, хүзүү хэсэгт майжиж урсан гэмтэл учирсан...”, “...биеийн байдал гайгүй байгаа, миний хувьд Д.Ц гэж хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгүүд, /хх-ийн 16-20, 27-29-р тал/

Гэрч *******ын “...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хашааны гадаа хүн орилоход нь гарахад манай охин Э.Н өмнөөс гүйгээд ирсэн, араас нь Д.Ц гэр рүү орж ирээд манай охиныг үсдэж аваад тархи, толгой руу, цээж рүү нь гараараа цохиод байсан, би дундуур нь ороод салгах гэхэд хүчрээгүй манай охины толгойтой үснээс зулгаагаад тавихгүй байсан, гаднаас манай дүү ******* орж ирээд ноцолдож байж салгасан. Дахиад манай охины үснээс барьж аваад зодоод, орилоод чарлаад байхаар нь би дүүтэйгээ ноцолдож байж салгасан…” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р тал/,

Гэрч *******гийн “...2017 оны 12 дугаар сарын 18-нд гэртээ байхад гадаа янхан минь гээд хүн орилоод эгчийнх рүү орж байсан. Би жаахан байж байгаад эгчийндээ ороход Д.Ц нь Э.Нийн үснээс зулгаасан манай эгч ******* болиоч гээд салгах гээд байсан. Д.Ц янхан, бузар минь тагнуулын албанаас та хоёрын яриаг авсан гээд дайраад байсан..., ...эгч *******ын гэрт ороход гэрийнх нь зүүн талын орон дээр Э.Нийн үснээс нь зулгааж дарсан байдалтай Д.Ц гэж манай сумын хүн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32, 33-35-р тал/

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №31 тоот хохирогч Э.Нийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор хийсэн шинжээчийн “...1. Э.Нийн биед баруун нүдний алимны доргилт, тархи доргилт, нуруу мөрөнд цус хуралт, дух, хүзүү, хамар, гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Иргэн Э.Нийн биед 2017.12.18-ны өдрөөс өмнө гэмтэл учирсан гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 47-48-р тал/ Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Д.Цгийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилжээ.

Дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Цд түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан төрөл хэмжээний хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн хэдий ч тэрээр 10 сартайгаас 05 насны 3 хүүхдээ асардаг байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж торгох ялаар шийтгэж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн биеийн байцаалтыг бичихдээ түүний төрсөн огноог ойлгомжгүй, буруу бичсэн байгаа бөгөөд цаашид энэ төрлийн алдаа зөрчлийг гаргахгүй байхыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Өөлд овогт Д.Цг гурван зуун / 300 / цагийн хуагцаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Өөлд овогт Д.Цг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмээний буюу нэг сая төгрөгөөр /1.000.000/ торгох ялаар шийтгэсүгэй...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дугаар зүйлийн 164.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан гурван зуун / 300 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар нэг мянган /1000/ нэгжтэй тэнцэх хэмээний буюу нэг сая төгрөгөөр /1.000.000/ торгох ялыг шүүгдэгч Д.Цг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тогтоосугай...” гэж

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлд зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.Цд мэдэгдсүгэй...” гэж тус тус өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                 ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                             Н.ЭНХМАА