Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/113

 

  2021        02          04                                   2021/ШЦТ/113

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч А.Нямсүрэн,

            шүүгдэгч Б.Г  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.Г т холбогдох эрүүгийн 2011000001097 дугаар хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Б.Г , 1991 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-2 дугаар гудамжны 8 тоотод оршин суух,

2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 9 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 209 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Г  нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 32-ын автобусны буудлаас автобусанд суусан Ц.Ану-Эрдэний куртикний халааснаас Самсунг галакси эс10 5жи /кейстэй/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.163.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г  нь мэдүүлэхдээ: “...2020 оны 10 сарын 21-ний өдөр миний охины гар хугарсан байсан тул охиныхоо сургууль руу очиж багштай нь уулзах гэж яваад хохирогчийн утсыг авсан. Би утсыг унтраалгүй 3 орчим цаг нээлттэй байлгасан. Гэтэл 17 цагийн орчим над руу цагдаагийн байгууллагаас холбогдож утсыг авч ир гэж хэлсэн. Би гар утсыг оройн 18 цагт цагдаагийн хэлтэст аваачиж өгсөн. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Өөрийн мэдэлгүй авчихсан. Тухайн үед эхнэр минь архины хамааралтай гээд эмчилгээнд явсан байсан...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,

Хохирогч Ц.Ану-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 32-ын автобусны буудлаас Ч-27 чиглэлийн 18-055 дугаартай автобусанд суусан. Автобусанд явж байгаад 39-р сургууль өнгөрч байхад халааснаасаа өөрийн Самсунг галакси эс-10 5жи загварын ягаан өнгийн гар утсаа хулгайд алдчихсан. Тэгээд тэр хавьдаа автобуснаас буусан. Намайг автобусанд явж байхад хөх өнгийн өдөн богино куртиктэй саравчтай малгайтай 30-40 орчим насны гэмээр эрэгтэй хүн миний хажууд шахаад зогсоод байсан тэгээд 39-р сургуулийн буудал дээр гэнэт буугаад явчихсан. Тэр хүнийг сэжиглэж байна. Би алдсан гар утсаа авсан. Гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх 6/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №НЦУГ-20-284 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...2019 онд Солонгос улсаас захиалан авч байсан Самсунг галакси эс 10 5жи маркийн гар утас, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Теди худалдааны төвөөс худалдаж авсан ягаан өнгийн хамгаалалттай резенэн кейс нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.163.500 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 13-14/,

Шүүгдэгч Б.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Би тогтоолд дурдсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх 50/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 18/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 21/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 19/, шүүгдэгч Б.Г т холбогдох шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 29-32/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1135 дугаар дүгнэлт /хх 44-45/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г  нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 32-ын автобусны буудлаас автобусанд суусан Ц.Ану-Эрдэний куртикний халааснаас Самсунг галакси эс10 5жи /кейстэй/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.163.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, хохирогч Ц.Ану-Эрдэнийн “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 32-ын автобусны буудлаас Ч-27 чиглэлийн 18-055 дугаартай автобусанд суусан. Автобусанд явж байгаад 39-р сургууль өнгөрч байхад халааснаасаа өөрийн Самсунг галакси эс-10 5жи загварын ягаан өнгийн гар утсаа хулгайд алдчихсан. Тэгээд тэр хавьдаа автобуснаас буусан. Намайг автобусанд явж байхад хөх өнгийн өдөн богино куртиктэй саравчтай малгайтай 30-40 орчим насны гэмээр эрэгтэй хүн миний хажууд шахаад зогсоод байсан тэгээд 39-р сургуулийн буудал дээр гэнэт буугаад явчихсан. Тэр хүнийг сэжиглэж байна. Би алдсан гар утсаа авсан. Гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх 6/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №НЦУГ-20-284 дугаар “...2019 онд Солонгос улсаас захиалан авч байсан Самсунг галакси эс 10 5жи маркийн гар утас, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Теди худалдааны төвөөс худалдаж авсан ягаан өнгийн хамгаалалттай резенэн кейс нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.163.500 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 13-14/, шүүгдэгч Б.Г ын “...Би тогтоолд дурдсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх 50/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Б.Г  нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч Ц.Ану-Эрдэнэд алдагдсан гар утсыг биет байдлаар нь буцаан өгч хохирлыг барагдуулсан, мөн хохирогч нь “...гомдол, саналгүй...” гэх тул шүүгдэгч Б.Г ыг түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх, шүүгдэгч Б.Г т ял шийтгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Г ын 2021.01.07-ны өдрөөс 2021.02.03-ны өдрийг хүртэл нийт 28 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 28 /хорин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  зүйлгүй, шүүгдэгч Б.Г  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН