Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/116

 

    2021        02          04                                   2021/ШЦТ/116

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр , 

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Ч.Т  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Байдраг овгийн Ч.Т т холбогдох эрүүгийн 2011018461160 дугаар хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Байдраг овгийн Ч.Т , 1998 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян Уулын 16-11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .   

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ч.Т  нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 19 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт дэвсгэрт Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна хохирогч М.Дагийсүрэнг бусадтай маргалдаж байх үед нь газар унагах, зүүн шанаа руу удаа цохих, хоолойг нь заамдах зэргээр эрүүл мэндэд “...зүүн шуунд цус хуралт, баруун гарын эрхий, дунд хуруу, зүүн гарын сарвуунд зулгаралт, тархи доргилт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Хохирогч М.Дагийсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18 цаг 30 минутын орчим байх өөрийн ажил болох Алтжин бөмбөгөр худалдааны төв дотор ажлаа хийж байхад урьд нь үерхэж байсан Төгсбаяр над руу залгаад би ирчихсэн байна, гараад ир гэж ярихаар нь хойд хаалган дээр гараад очтол Төгсбаяр найз охин Оюундарь мөн найз охин нь нэг эмэгтэйн хамт байсан. Тэгээд Оюундарь нь намайг худалч гэх мэтээр хэл амаар доромжилж над руу дайраад миний үснээс зулгаахаар нь харилцан түүний үсийг зулгаасан, тэгээд голоор Төгсбаяр салгаад намайг цээж рүү түлхээд толгойгоор хана мөргүүлсэн. Энэ үед манай ээж гарч ирэхэд Төгсбаяр гараа тавьсан. Манай ээжийг гарч ирэхэд Төгсбаярын найз охин нь манай ээжийг “балай авгай” гэж хэл амаар доромжилчхоод явахаар нь би араас нь очоод “манай ээжийг юу гээд байгаа юм бэ” гэтэл Төгсбаяр намайг заамдаж барьж аваад газар унагаад сэгсчээд зүүн шанаа руу 2 удаа цохисон. Тэгээд босгож ирээд машин руу хоолойгоор заамдчихаад шахаад тэгээд удалгүй яваад өгсөн учраас би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх 15-16/,  

Гэрч А.Оюундарь нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Дагийсүрэн над руу дайрсан ба Төгсбаяр тухайн үед салгах гээд хана руу түлхсэн, нэг удаа алгадсан, салгах гээд гараас нь татахад газар унасан өөр зүйл болоогүй, ямар нэгэн байдлаар газар унагаад цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 22/,

Гэрч Н.Мөнхнаран нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Төгсбаяр Дагийсүрэнг дайраад байхаар нь түлхээд байсан мөн нэг удаа алгадсан. Оюундарь бид хоёрын араас орилоод гүйгээд ирсэн ба тухайн үед Төгсбаяр гараараа хаасан чинь гарыг нь мөргөөд унах шиг болсон...” гэх мэдүүлэг /хх 23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн №12484 дугаар дүгнэлтэд: “...М.Дагийсүрэнгийн биед зүүн шуунд цус хуралт, баруун гарын эрхий, дунд хуруу, зүүн гарын сарвуунд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх 25-26/,

             Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 40/,  хохирогч М.Дагийсүрэнгийн эрүүл мэндийн тодорхойлох баримт /хх 29-32/, хохирогч М.Дагийсүрэнгийн “...гомдол саналгүй...” гэх хүсэлт /хх 51/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Т  нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 19 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт дэвсгэрт Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна хохирогч М.Дагийсүрэнг бусадтай маргалдаж байх үед нь газар унагах, зүүн шанаа руу нь цохих, хоолойг нь заамдах зэргээр эрүүл мэндэд “...зүүн шуунд цус хуралт, баруун гарын эрхий, дунд хуруу, зүүн гарын сарвуунд зулгаралт, тархи доргилт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Дагийсүрэнгийн “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18 цаг 30 минутын орчим байх өөрийн ажил болох Алтжин бөмбөгөр худалдааны төв дотор ажлаа хийж байхад урьд нь үерхэж байсан Төгсбаяр над руу залгаад би ирчихсэн байна, гараад ир гэж ярихаар нь хойд хаалган дээр гараад очтол Төгсбаяр найз охин Оюундарь мөн найз охин нь нэг эмэгтэйн хамт байсан. Тэгээд Оюундарь нь намайг худалч гэх мэтээр хэл амаар доромжилж над руу дайраад миний үснээс зулгаахаар нь харилцан түүний үсийг зулгаасан, тэгээд голоор Төгсбаяр салгаад намайг цээж рүү түлхээд толгойгоор хана мөргүүлсэн. Энэ үед манай ээж гарч ирэхэд Төгсбаяр гараа тавьсан. Манай ээжийг гарч ирэхэд Төгсбаярын найз охин нь манай ээжийг “балай авгай” гэж хэл амаар доромжилчхоод явахаар нь би араас нь очоод “манай ээжийг юу гээд байгаа юм бэ” гэтэл Төгсбаяр намайг заамдаж барьж аваад газар унагаад сэгсчээд зүүн шанаа руу 2 удаа цохисон. Тэгээд босгож ирээд машин руу хоолойгоор заамдчихаад шахаад тэгээд удалгүй яваад өгсөн учраас би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх 15-16/, гэрч А.Оюундарийн “...Дагийсүрэн над руу дайрсан ба Төгсбаяр тухайн үед салгах гээд хана руу түлхсэн, нэг удаа алгадсан, салгах гээд гараас нь татахад газар унасан өөр зүйл болоогүй, ямар нэгэн байдлаар газар унагаад цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 22/, гэрч Н.Мөнхнарангийн “...Төгсбаяр Дагийсүрэнг дайраад байхаар нь түлхээд байсан мөн нэг удаа алгадсан. Оюундарь бид хоёрын араас орилоод гүйгээд ирсэн ба тухайн үед Төгсбаяр гараараа хаасан чинь гарыг нь мөргөөд унах шиг болсон...” гэх мэдүүлэг /хх 23/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн №12484 дугаар “...М.Дагийсүрэнгийн биед зүүн шуунд цус хуралт, баруун гарын эрхий, дунд хуруу, зүүн гарын сарвуунд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх 25-26/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Т  нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Ч.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч М.Дагийсүрэн нь “...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ч.Т ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Ч.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар торгох ял шийтгэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Ч.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Ч.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Байдраг овгийн Ч.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Ч.Т  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН