Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/134

 

   2021        02          26                                   2021/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч М.Энхбаатар,

хохирогч Э.Зулбаяр,

  шүүгдэгч У.Г  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн У.Г ад холбогдох эрүүгийн 2111000000088 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Боржигон овгийн У.Г , 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн хот тохижилтын газарт ачигч ажилтай, ам бүл 7, эхнэр, 4 хүүхэд, 1 зээгийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1030 тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 659 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнссэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч У.Г  нь согтуугаар 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн орой 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1030 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Э.Зулбаяртай “залгаад байхад гар утсаа авсангүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүн рүү гар утас авч шидэх, гэрийн унь хугалж толгой болон дал орчимд нь 2-3 удаа цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Э.Зулбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Манай хүүхдүүд миний утсаар тоглож байсан тул дуудлага ирж байгааг мэдээгүй. Үүнээс өмнө ямар нэгэн байдлаар намайг гэмтээж байгаагүй. Надаас уучлалт гуйж бид эвлэрсэн байгаа...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 9/,

Хохирогч Э.Зулбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2021 оны 1 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед би гэртээ өөрийн 2 хүүхэд болох 10 настай, эрэгтэй Г.Батжаргал, 9 настай, эрэгтэй Г.Батнасан, зээ хүүхэд болох 2 настай, эрэгтэй Б.Мөнхбадрах нарын хамт хоол ундаа хийгээд сууж байтал манай нөхөр Галбадрах ажлаасаа тараад нилээн согтуу байдалтай гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд над руу “өдөр чам руу залгахад утсаа авахгүй байна” гэсэн шалтгаанаар надтай маргалдаж эхэлсэн. Миний утсыг өдөр нь хүүхдүүд оролдож байгаад дууг нь хаасан байсныг би мэдээгүй юм. Ингэж хэрүүл хийж байгаад Галбадрах миний утсыг болон өөрийнхөө гар утсыг авч над руу шидсэн боловч намайг оноогүй. Миний гар утас эвдэрсэн зүйл болоогүй, харин өөрийнх нь гар утас эвдэрсэн. Тэгээд хоёр хүүхдээ дагуулж явна гэж уурлаж байгаад гэрээс гарч яваад удалгүй эргэж 2 хүүхдээ дагуулан орж ирээд гал дээр тавьсан байсан ус над руу самардаж цацаад, намайг хувцсаа солих гээд тайлж байтал Галбадрах нь гэрийн 1 унь хугалж аваад хугархайгаар нь миний толгой руу 1 удаа, баруун дал орчимд 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би түүний гараас хугархай унийг нь булааж аваад шалан дээр хаячхаад гарч гэрийн гадаа сууж байтал цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх 14-15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 834 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: “...Э.Зулбаярын биед зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 22-23/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/, шүүгдэгч У.Г ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 37/, шүүгдэгч У.Г ад холбогдох шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 50-53/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 17 дугаар тогтоол /хх 66-67/, шүүгдэгч У.Г ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 65/, хохирогч Э.Зулбаярын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 64/ баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч У.Г  нь согтуугаар 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн орой 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1030 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Э.Зулбаяртай “залгаад байхад гар утсаа авсангүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүн рүү гар утас авч шидэх, гэрийн унь хугалж толгой болон дал орчимд нь 2-3 удаа цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/, хохирогч Э.Зулбаярын “...2021 оны 1 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед би гэртээ өөрийн 2 хүүхэд болох 10 настай, эрэгтэй Г.Батжаргал, 9 настай, эрэгтэй Г.Батнасан, зээ хүүхэд болох 2 настай, эрэгтэй Б.Мөнхбадрах нарын хамт хоол ундаа хийгээд сууж байтал манай нөхөр Галбадрах ажлаасаа тараад нилээн согтуу байдалтай гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд над руу “өдөр чам руу залгахад утсаа авахгүй байна” гэсэн шалтгаанаар надтай маргалдаж эхэлсэн. Миний утсыг өдөр нь хүүхдүүд оролдож байгаад дууг нь хаасан байсныг би мэдээгүй юм. Ингэж хэрүүл хийж байгаад Галбадрах миний утсыг болон өөрийнхөө гар утсыг авч над руу шидсэн боловч намайг оноогүй. Миний гар утас эвдэрсэн зүйл болоогүй, харин өөрийнх нь гар утас эвдэрсэн. Тэгээд хоёр хүүхдээ дагуулж явна гэж уурлаж байгаад гэрээс гарч яваад удалгүй эргэж 2 хүүхдээ дагуулан орж ирээд гал дээр тавьсан байсан ус над руу самардаж цацаад, намайг хувцсаа солих гээд тайлж байтал Галбадрах нь гэрийн 1 унь хугалж аваад хугархайгаар нь миний толгой руу 1 удаа, баруун дал орчимд 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би түүний гараас хугархай унийг нь булааж аваад шалан дээр хаячхаад гарч гэрийн гадаа сууж байтал цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх 14-15/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 834 дүгээр шинжээчийн “...Э.Зулбаярын биед зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 22-23/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Э.Зулбаяр нь “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч У.Г ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд шүүх шүүгдэгч У.Г ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600  нэгж буюу 600.000  төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч У.Г ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч У.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 97 см урттай, 25.5 см урттай, 48 см урттай улбар шар өнгийн унины хугархай хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн У.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г ад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч У.Г  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 97 см урттай, 25.5 см урттай, 48 см урттай улбар шар өнгийн унины хугархай хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Г ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН