Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/160

 

   2021        03          09                                   2021/ШЦТ/160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Солонго,

  шүүгдэгч Ё.С  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Ё.С т холбогдох эрүүгийн 2011005480092 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Ё.С , 1997 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, социологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ахын хамт, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 17-76 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ё.С  нь 2020 оны 2 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар сургуулийн орчим хохирогч Д.Энхнарангийн өмчлөлийн Самсунг А 30 маркийн гээгдүүлсэн 504.600 төгрөгийн үнэ бүхий гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ё.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/,

Хохирогч Д.Энхнаран нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2020 оны 2 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн ард талд байдаг эгч болох Энхтуяагийн оршин суудаг байрнаас гараад 5 дугаар сургуулийн зүүн талаас такси барьж суусан. Таксины жолоочид би “нарны гүүр давна, бэлэн мөнгө байхгүй, мобайлаар шилжүүлнэ” гэж хэлээд цүнхнээсээ өөрийнхөө Самсунг А 30 маркийн гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Тэгээд би таксины жолоочийн утсаар өөрийн 99251177, 91112577 гэсэн 2 дугаар луу залгаж үзэхэд утас холбогдохгүй байсан. Тэгээд би утсаа Энхтуяа эгчийн гэрт үлдээсэн байх гэж бодоод түүний утас руу залгахад утсаа авахгүй байсан. Маргааш өглөө нь Энхтуяа эгчтэй утсаар ярьж “миний гар утас танай гэрт үлдээсэн байна уу, хараад өгөөч” гэсэн чинь “гэрт утас чинь байхгүй байна, чи өчигдөр манай гэрээс гарахад утас чинь цүнхэнд чинь харагдаж байсан” гэсэн. Ингээд би Энхтуяа эгчийн гэрээс гараад таксинд суух замдаа утсаа цүнхнээсээ унагаасан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх 17/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №ЧД1-20-072 дугаар үнэлгээний тайланд: “...Самсунг А 30 маркийн гар утас 504.600 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 24-25/,

Мобиком корпораци ХХК-ний 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 18/2528 тоот албан бичигт: “...351598110973524 1МЕ1 кодтой утсанд ашиглаж байгаа 99301997 дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв. ...Ё.С  УШ97040792...” гэх албан бичиг /хх 36-37/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 41/, шүүгдэгч Ё.С ийн хувийн байдлын тодорхойлох баримт /хх 43-46/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 90 дүгээр тогтоол /хх 54/, шүүгдэгч Ё.С ийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 52, хохирогч Д.Энхнарангийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 48/ зэргийг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Ё.С  нь 2020 оны 2 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар сургуулийн орчим хохирогч Д.Энхнарангийн өмчлөлийн Самсунг А 30 маркийн гээгдүүлсэн 504.600 төгрөгийн үнэ бүхий гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Энхнарангийн “...2020 оны 2 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн ард талд байдаг эгч болох Энхтуяагийн оршин суудаг байрнаас гараад 5 дугаар сургуулийн зүүн талаас такси барьж суусан. Таксины жолоочид би “нарны гүүр давна, бэлэн мөнгө байхгүй, мобайлаар шилжүүлнэ” гэж хэлээд цүнхнээсээ өөрийнхөө Самсунг А 30 маркийн гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Тэгээд би таксины жолоочийн утсаар өөрийн 99251177, 91112577 гэсэн 2 дугаар луу залгаж үзэхэд утас холбогдохгүй байсан. Тэгээд би утсаа Энхтуяа эгчийн гэрт үлдээсэн байх гэж бодоод түүний утас руу залгахад утсаа авахгүй байсан. Маргааш өглөө нь Энхтуяа эгчтэй утсаар ярьж “миний гар утас танай гэрт үлдээсэн байна уу, хараад өгөөч” гэсэн чинь “гэрт утас чинь байхгүй байна, чи өчигдөр манай гэрээс гарахад утас чинь цүнхэнд чинь харагдаж байсан” гэсэн. Ингээд би Энхтуяа эгчийн гэрээс гараад таксинд суух замдаа утсаа цүнхнээсээ унагаасан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх 17/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №ЧД1-20-072 дугаар “...Самсунг А 30 маркийн гар утас 504.600 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 24-25/, Мобиком корпораци ХХК-ний 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 18/2528 тоот “...351598110973524 1МЕ1 кодтой утсанд ашиглаж байгаа 99301997 дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв. ...Ё.С  УШ97040792...” гэх албан бичиг /хх 36-37/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Д.Энхнаран нь “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ё.С ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд шүүх шүүгдэгч Ё.С ийг гээгдэл эд хөрөнгийг  бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450  нэгж буюу 450.000  төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Ё.С  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.С т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Ё.С  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ё.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг  бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.С т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.С  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Ё.С  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.С т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН