| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0829/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/24 |
| Огноо | 2021-01-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Даариймаа хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,
гэрч Х.Ариунбаяр, Д.Бавуусүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гунаабазар, түүний өмгөөлөгч Э.Батжаргал,
шүүгдэгч Д.Бавуужав, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, В.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Дамдинжавын Бавуужавт холбогдох эрүүгийн 2010002500640 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 7 дугаар байр 34 тоотод оршин суух хаягтай, “Эмиралд Плес” ХХК-ийн хувьцаа эзэмшигч / дүүргийн 20-р хороо, өөрийн үйлдвэрийн байранд бетон зуурмагийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг/, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Харчин овгийн Дамдинжавын Бавуужав, РД: /ЧЛ72041678/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Бавуужав нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Оршил финанс” ХХК-ийн эзэмшлийн 54-60 УНА улсын дугаартай “Ниссан Навара” маркийн тээврийн хэрэгслийг 23.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж Ц.Гунаабазарыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтаргана хотхоны гаднаас авч явж, бусдад худалдан борлуулсан атлаа төлбөрийг төлөлгүй “Оршил Финанс” ХХК-д 23.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Бавуужав шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хувиараа олон жил бетон зуурмагийн ажил хийсэн. Анх барилгын салбарт ажиллаж байгаад 2017 оноос эхлэн бетон зуурмагийн ажил хийсэн. Олон байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтарч ажилласан. Гунаабазар над дээр ирээд Ниссан Навара машин байна, үүнийг юм болгоод өгөөч гэхээр нь би хүнээс асууя гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа нэг хүн үзье гэхээр нь хэлсэн чинь тэгвэл надад бичиг хийгээд өг гэсэн. Гэхдээ тэр хүн Гунаабазарын машиныг голоод аваагүй. Тэгээд байж байтал дараа нь Ариунбаяр гээд нэг залуу бартераар наад машиныг чинь авъя гэхээр нь 23,000,000 төгрөг шүү гэж хэлээд явуулсан. Гэтэл Ариунбаяр ченжүүдэд үзүүлсэн чинь мөргөлдсөн машин гэж байна ш дээ. Та яагаад ийм машин хүнээс авчихсан юм бэ гэхээр нь би Гунаабазарт хэлэхэд “та олон хоног наад машинаа авч явчхаад юу яриад байгаа юм бэ, тийм юм байхгүй” гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл чамд мөнгө өгч чадахгүй, харин чи үнэ дүйцэх бетон зуурмаг ав гэсэн. Тэгээд байж байгаад 2019 оны 1 дүгээр сард би Гунаабазарт энд нэг Простер машин байна. 25,000,000 төгрөг гэсэн чинь, би ченжийн үнээр бодож авна гээд аваагүй. Тэгэхээр нь тэгвэл машинаа буцааж ав гэсэн чинь наадхаа үлдээчих, хавар бетон зуурмаг авъя гээд явсан. Тэгээд манай ах нар руу яриад 3 удаагийн үйлдлээр бетон зуурмаг авсан. Би тухайн хэргийг мэдэх гэрч нарыг асууя гэхээр мөрдөгч авч хэлэлцдэггүй. 2019 оны 10 дугаар сард Тоёота Блит машин өгөх гэтэл бас л ченжийн үнээр бодож авна гэсэн. Би 10,000,000 төгрөгийн бетон зуурмаг, 12,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Гунаабазар анх мөргөлдсөн машин биш гэж байснаа сүүлд нь манай ахад үхэр мөргөсөн гэж байсан. Мөн намайг байхгүй үед манай ах дээр очоод өртэй юмаа, бичиг хийгээд өг гээд авсан байсан. Би тэрийг сүүлд нь мэдээд яагаад бетон зуурмагийн мөнгийг хасаагүй юм бэ гээд уурласан. Бетон зуурмагийг өмнөх машины төлбөрт авсан гээд байгаа. Өмнөх машины төлбөрийг Дэлгэрцэцэг сар бүр өгч байсан. Дэлгэрцэцэг машиныг аваад надаас салсан. Дэлгэрцэцэгтэй тэр асуудлаа шийдэх ёстой. Би хэнийг ч залилаагүй. Хэнийг ч хулхидаагүй. Би эртний танилаа залилах шаардлага байхгүй. Прокурор хэт нэг талыг барьж байна. Өмнөх машины мөнгийг Дэлгэрцэцэг өгч байсан. Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангана гэж байдаг. Гунаабазар хүний юмыг дандаа хямд үнэлдэг. Шоронгийн хулгайч нар авчирч дарамталдаг байсан. Би одоо салхитын мөнгөний ордны тендерийг авчихсан төрийн ажил хийж байгаа...” гэв.
Хохирогч Ц.Гунаабазар шүүхийн хэлэлцүүлэгт “...Бавуужав бид нар нэг зусланд гардаг байсан. 2018 оны 3 дугаар сард анх Бавууцэрэн, найз Ганбаатарын хамт манай ажил дээр ирээд ахад нь зарагддаггүй Лексус машин байна үүнийг мөнгө болгоод өгөөч 50,000,000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь надад бэлэн мөнгө байхгүй байна гэсэн чинь чи зараад өгчих гэхээр нь би хүнээс асууя гэсэн. Тэгээд над руу ойр ойрхон яриад эхнэрт унуулах жижиг машин оролцуулаад ав гэсэн. Тэгэхээр нь Балжинням руу ярьсан чинь Лексус Жи Эс 450 гээд машин байна гэхээр нь Бавуужав руу яриад ийм машин зарах гээд байна, зөрүү өгөх үү гэсэн чинь өгье гэсэн. Тэгээд Балжиннямаас авсан машинаа надад зээлийн барьцаанд тавиад сарын 4 хувийн хүү төлөх гэрээ байгуулаад нотариатаар орсон. Тухайн үед Бавуужав өөрөө гарын үсэг зурж авсан машин. Дэлгэрцэцэг надад илүү түлхүүр л авчирч өгсөн. Тэгээд шороонд өгчихөөр машин байна уу мөнгийг нь удахгүй өгнө гэх гэсэн. Би “Ниссан Навара” машин байна гэхэд Бавуужав мөнгийг нь нэг сарын дотор өгье гээд аваад явсан. Бавуужав бол миний мэдэхийн 20 жил машины ченж хийсэн. Хэрвээ Ниссан Навара маркийн машин гэмтэлтэй байсан бол шууд надад өгөхөөр хэмжээний мэдлэгтэй хүн юм. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 03-нд шороо зардаг хүнд нөгөө машиныг чинь өгчихлөө нэрийг нь шилжүүлчих гэхээр нь үгүй гэсэн чинь 2 хоногийн дараа мөнгө орно гэхээр машины бичиг баримтыг шилжүүлсэн. Тэгээд дараа нь надаас зугтсан. Ажил дээр нь очихоор өөрөө байхгүй, очих болгонд хүмүүс мөнгөө авъя гээд хэрүүл маргаан болоод байж байдаг байсан. Би бараг өдөрт 150 удаа Бавуужав руу залгадаг байсан. Тэгэхэд Бавуужав хааяа нэг мессеж бичдэг байсан. Н-150 маркийн бетон 95,000 төгрөгт, н-300 маркийн бетон 145,000 төгрөгт өгье гэдэг байсан. Би бетон зуурмагийн чинь үнэд тээврийн зардал орсон биз дээ гэхэд орсон гэдэг байсан.Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Энхбаатарын хамт очиж уулзсан. Тэгээд Бавуужав руу ярихад ахтайгаа байсан. Миний мөнгийг 2 хуваагаад өгье гээд бичиг хийж өгсөн. Хэрвээ тухайн Навара маркийн машины мөнгөнд бетон зуурмаг өгсөн бол яагаад тийм бичиг хийж өгч байгаа юм. Үлдсэн 12.000.000 төгрөгтөө л бичиг хийж өгөх байсан. Бавуужав бол амаараа надад 10 гаруй машин өгчихсөн хүн. Уулзаад машиныг чинь үзье гэхээр өөрөө алга болчихдог байсан. Тэгээд ахтай нь уулзахаар өөртэй нь учраа ол гэдэг байсан. Хүн надад юм өгье гэж байхад би авахгүй байна гэж байхгүй. Тэгээд арга ядаад цагдаад өргөдөл өгсөн...” гэв.
Гэрч Д.Бавуусүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би үйлдвэрийн орлого, зарлагыг тооцдог бөгөөд байнга үйлдвэр дээрээ байдаг. Гунаабазарын Ниссан Навара маркийн машины өрөнд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1метр куб нь 170.000 төгрөгийн үнэтэй бетон зуурмагаас 32 метр куб 5.600.000 төгрөгийн бетон зуурмагийг, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 150 марктайг 8 метр куб 1.400.000 төгрөгийн бетон зуурмаг, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 24 метр куб буюу 3.960.000 төгрөгийн бетон зуурмагийг тус тус авсан. Ингээд нийт 10.960.000 төгрөгийн бетон зуурмаг авсан. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ц.Гунаабазар нь Энхбаатартай манай ажил дээр ирээд “би энэ хүнд өртэй” гээд гуйгаад байхаар нь бичиг хийж өгсөн” гэв.
Гэрч Х.Ариунбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн үйлдвэрт элс, хайрга зөөдөг байсан. Бичгээр гэрээ байгуулаагүй, амаараа тохиролцож ажил гүйцэтгэдэг байсан. 2 жилийн өмнө Бавуужав ах хүнээс 23,000,000 төгрөгөөр Ниссан Навара маркийн машин авсан, үүнийг авах уу гэхээр нь би зах зээлийн үнэ нь ийм өндөр үнэтэй биш гэдгийг нь хэлсэн. Би Бавуужаваас авсан Ниссан Навара маркийн машиныг зарах гээд зар тавьсан чинь зарагдахгүй болохоор нь Приус-20 маркийн машин, мөн бэлэн 4.000.000 төгрөг аваад зарсан. Би Бавуужав ахаас 12.000.000 төгрөгөөр тооцож машиныг чинь авъя гэж хэлсэн...” гэв.
Эрүүгийн 2010002500640 дугаартай хавтаст хэргээс:
“Оргил Финанс ХХК-аас Ниссан Навара маркийн автомашиныг 23.000.000 төгрөгөөр бодож авлаа. 1 сарын дотор мөнгийг нь гаргаж өгнө” гэх шүүгдэгч Д.Бавуужавын бичсэн бичгийн хуулбар /хх-ийн 10-р хуудас/,
“Бавуусүрэн би иргэн Гунаабазарт төлөх 23.000.000 төгрөг /машины үнэ/-г 01 дүгээр сарын 15-нд 15.000.000 төгрөг, 02 дугаар сарын 15-нд 8.000.000 төгрөгийг иргэн Гунаабазарын хүсэлтээр Б.Энхбаатарын Хаан банкны 5020403635 тоот дансанд төлөхөөр тохиролцов” гэх Д.Бавуусүрэнгийн үйлдсэн бичгийн хуулбар /хх-ийн 11-р хуудас/,
Хохирогч Ц.Гунаабазарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-20-р хуудас/,
Гэрч Б.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Гэрч Х.Ариунбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/
Гэрч Д.Бавуусүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/
Шүүгдэгч Д.Бавуужавын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-32-р хуудас/
“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас/
Авто тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн 54-60 УНА улсын дугаартай Ниссан Навара маркийн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /хх-ийн 73-р хуудас/
2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Оршил финанс” ХХК-ийн захирал Ц.Гунаабазар /зээлдүүлэгч/, Д.Бавуужав /зээлдэгч/ нарын 31/45 дугаартай Зээлийн гэрээ /хх-ийн 80-87, 95-97-р хуудас/
Бетон зуурмаг хүлээлцсэн баримт /хх-ийн 98-102-р хуудас/,
Шүүгдэгч Д.Бавуужавын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-44-р хуудас/,
Шүүгдэгч Д.Бавуужавын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 54-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 59-р хуудас/, шүүгдэгчийн Хас банк дахь дансны хуулга /хх-ийн 111-114-р хуудас/ зэрэг болно.
Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Бавуужавт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт
Шүүгдэгч Д.Бавуужав нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Оршил финанс” ХХК-ийн захирал Ц.Гунаабазараас “Ниссан Навара” маркийн тээврийн хэрэгслийг 23.000.000 төгрөгөөр худалдаж авна хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтаргана хотхоны гаднаас уг автомашиныг авч явж, бусдад худалдан борлуулсан атлаа төлбөрийг төлөлгүй “Оршил Финанс” ХХК-д 23.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Д,Бавуужав нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гараар бичсэн баталгаанд: “Оршил Финанс ХХК-аас Ниссан Навара маркийн автомашиныг 23.000.000 төгрөгөөр бодож авлаа. 1 сарын дотор мөнгийг нь гаргаж өгнө. Д.Бавуужав. РД: ЧЛ72041678” гэжээ. /хх-ийн 10-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гунаабазарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 06 сарын 30-нд урьдын танил Бавуужав зуурмагийн үйлд ажиллуулж байгаа сарын дотор мөнгийг нь өгнө гээд миний “Ниссан Навара” 2013 оны зөв талдаа рультэй хар өнгийн 54-60 УНА улсын дугаартай автомашиныг бичиг хийж өгөөд аваад явсан. Хэд хоногийн дараа Бавуужавын зуурмагийн үйлдвэрт жолооч хийдэг Ариунболд гэж хүн авах гэж байна гээд нэрийг нь шилжүүлээд өг гэж хүсээд нэрийг шилжүүлээд авсны дараанаас мөнгөө өгөхгүй, “өнөөдөр маргааш удахгүй өгнө, яг мөнгө орж ирж байна” Порд машины сэлбэгийг захиалсан байгаа сэлбэг нь орж ирэхээр өгнө гэдэг. Би машин мэддэг хүмүүсээр үнэлүүлээд авна гэхээр үгүй миний хэлсэн үнээр ав гэж тулгадаг, мөн надад зуурмаг өгсөн гэж хэлж байгаа асуудал нь өмнөх 49-33 УНЗ Лексус жс-450 маркийн автомашины төлбөрт өгсөн асуудал тэр автомашины төлбөр мөнгө нь одоог хүртэл мөн адил дуусаагүй. Би хүнд мөнгө өгөх юм тэр хүмүүсийг дагуулж Бавуужавын ажил дээр энэ хүнээс авлагатай юм гэж дагуулж очсон. Тэр Бавуужавын ах болох Бавуусүрэнтэй тэр хүмүүсийг уулзуулж миний Бавуужаваас авлагатай эсэхийг асуулгасан, энэ хугацаанд надтай уулзахгүй утсаа авахгүй ажил дээр нь очихоор байхгүй өдийг хүрсэн. Би мөнгө өгөх хүмүүсээ дагуулаад Бавуужав гэж хүнээс мөнгө авах ёстой юм гэж уулзуулах гэж 2 удаа очсон. Өөр хүн дагуулж очих юм уу, хүн явуулж дарамтлуулсан зүйл байхгүй. Миний Бавуужавт зарсан машин осолд орсон бүрэн засвар хийсэн зүйл байхгүй. Энэ хүн өөр олон хүнээс иймэрхүү байдлаар залилсан гэж сонсож байсан. Гомдолтой байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү.
...Ниссан Навара маркийн авто машины төлбөрт бетон зуурмаг өгсөн зүйл байхгүй энэ машины төлбөр гэж нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Бетон өгсөн гээд байгаа асуудал нь 2018 онд Д.Бавуужаваас би Лексус РХ автомашиныг 49.750.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Д.Бавуужав төлбөрт нь жижиг тэрэг оролцуулаад наймаа хийж болно гэж хэлсэн учир би машин зардаг Т.Балжинням гэдэг хүнд 25.000.000 төгрөг өгч орж ирсэн гаалийн бичигтэй Лексус ЖС 450 маркийн автомашиныг авч Д.Бавуужавд өгсөн дээр нь 24.750.000 төгрөгийг өгч наймаа хийж байсан. Тухайн үед би машиныг өгсөн учир нь Д.Бавуужав эхнэр уначихаар жижиг тэрэг оролцуулаад авчих гэсэн би тэгэхээр нь надад жижиг тэрэг байхгүй би Т.Балжиннямаас асууя гэсэн. Т.Балжиннямд тухайн үед уг Лексус ЖС маркийн суудлын машин байсан учир авч өгсөн юм. Тэр Лексус жс машинаа эргүүлээд манай “Оршил финнас” авто ломбардад барьцаанд тавьж манай ломбардаас 20.000.000 төгрөгийг зээлж авсан түүнээс хойш алдаг онон хүүгээ төлж явж байгаад 2018 оны 12 сараас хойш огт хүү төлбөр төлөхгүй явж байгаад төлөх ёстой төлбөрт нь суутгаж 2019 оны 08 сарын 30-ны өдөр 150 марктай 24 куб.метр бетоны 1 кубыг 130.000 төгрөгөөр бодож авсан. Үүнээс хойш 150 марктайг бас 32 кубыг 1 кубыг нь 95.000 төгрөгөөр бодож авч байсан. Энэ 2 бетон авалтын нийт мөнгөн дүн нь 6.160.000 бетон авсан. Д.Бавуужав нь манай авто ломбардаас авсан төлбөрөө өгөхгүй хүүгээ төлөхгүй байсан учир гэрээний дагуу уг Лексус жс маркийн автомашиныг 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хурааж авсан уг автомашинтай холбоотой “Оршил финанс” авто ломбардтай Д.Бавуужавын зээл авахдаа байгуулсан гэрээ, уг зээлийн одойгийн үлдэгдэл 2.700.000 төгрөгийн баримт, уг Лексус жс маркийн 4933-УНЗ улсын дугаартай автомашины тухайн үеийн торгуулсан баримт мөн би уг машины ком батарейг солиулсан баримт зэргийг хавтаст хэрэгт хавсаргаж байна. Би гэрт нь уулзах гэж олон удаа хайж очиж байсан. Нэг удаад нь очиход гэрийнхээ гадаа Субару простер машин асаах гээд асааж чадахгүй зогсож байсан. Тэгэхээр нь мөнгөө авъя гэхэд “ах нь 4 сарын 30-нд бүх мөнгийг чинь хүүтэй нь өгч дуусгая” гэж хэлээд тухайн үедээ салж байсан. Тэр үед төлбөрт чинь Субару Простер машин болон Тоёота блэйд маркийн автомашин өгье гэж огт хэлж байгаагүй. Харин Порд транзинтт, Бенз маркийн машин өгье гээд мессеж бичдэг байсан. Тэгээд авъя гэхээр утсаа авахгүй алга болчихдог байсан. Өөрөөр надтай албан ёсны төлбөртөө машин өгье гээд үзүүлж харуулсан зүйл огт байхгүй. Ийм зүйл ярьж хугацаа л хожиж байгаа байх. ...Бавуужавыг урьд өмнө нь таньдаг. Мөн намайг залилна гэж санаагүй учир анх хэлж байсанд нь итгэж уг Ниссан Навара маркийн авто машинаа өгч нэрийг нь өөр хүний нэр дээр шилжүүлэн өгсөн. Түүнд итгэсэндээ удахгүй мөнгийг маань өгчих болов уу гээд 2 жил хүлээсэн юм. Гэтэл миний итгэл болон урьд өмнөх харьцаа итгэлийг минь ашиглаж миний машиныг надаас залилж авсан. Мөнгөө нэхэхээр “өгнө” гэж хэлж цаг хугацаа хожиж явсаар өдий хүрч байна. Би энэ хүнд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-20-р хуудас/,
Гэрч Б.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ц.Гунаабазар надаас 30 сая төгрөг зээлсэн. Би Ц.Гунаабазараас мөнгөө авах гэмэт Д.Бавуужаваас мөнгө орж ирнэ түр хүлээж бай гээд байхаар үнэн яриад байгаа юм уу гэхэд Д.Бавуужавын цементийн үйлдвэр дээр 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр дагуулж очсон. Тухайн үед Д.Бавуужав ах Д.Бавуусүрэнгийн хамт хоёулаа байсан. Д.Бавуужав надад хэлэхдээ Ц.Гунаабазарт 23 сая төгрөгийг хүүтэй нь өгөх юм. Бид нар үйлдвэрийнхээ мөнгийг өгөх гээд Ц.Гунаабазарын мөнгийг удаасан, манай үйлдвэр өртэй байгаа гэж хэлсэн. Би Д.Бавуужаваас яаж батлах юм бэ, хэзээ өгөх юм бэ гэхэд Д.Бавуусүрэн нь надад өөрийнхөө гараар миний 5020403635 гэсэн Хаан банкны данс руу 2 хуваагаад 23 сая төгрөгийг хийнэ гэж баталгаа бичиж өгсөн. Энэ 23 сая төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15 сая төгрөгийг, үлдэгдэл 8 саяыг 2 дугаар сар гаргаад өгнө” гэж хэлсэн. Тэгээд 2 дугаар сарын 15-нд утсаар ярихад Бавуужав нь утсаа аваад Д.Бавуусүрэн руу ярьчих асуудлыг чинь бараг шийдсэн гэсэн. Тэгэхээр нь Д.Бавуусүрэн руу ярихад “чамд нэг машин өгье” гэхээр нь “ямар машин юм бэ” гэхэд “Япон тэрэг байгаа” гэхээр нь “одоо очоод авъя, 23 сая төгрөгт хүрэх үү” гэхэд “ямартай ч байсан тэр машиныг авч бай” гэсэн. Тэгээд авах гэтэл “энэ машиныг би найзаасаа авч байгаа. Эхнэр нь амралтад унаад явсан байна, ирэхээр нь би өөрөө аваад очъё” гэж хэлээд таг болсон” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р хуудас/
Гэрч Х.Ариунбаярын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “... “Эмирал Плас” гэх нэртэй зуурмагийн үйлдвэрийн захирал Бавуужав гэж хүнээс ажлын хөлсөндөө 12.000.000 төгрөгт бодож авсан. Би уг машиныг аваад 2 сар гаран унаад эргүүлээд зарах гэсэн боловч зарагдахгүй байхаар нь Приус-20 маркийн автомашин, зөрүү 4 сая төгрөг авч зарсан. Тэр машиныг авсан хүн нь Хөвсгөл аймаг руу явсан байх. Уг автомашины эзэн нь гээд хүнтэй Бавуужав ах дүү шиг найзууд гэж байсан. Надад тэр хүн нь өөрөө нэрийг нь өөрчилж өгч байсан. Уг автомашиныг анх авахдаа би бүтэн будагтай гэдгийг нь мэдээгүй. Зарах гэхэд хүмүүс бүтэн будсан машин байна гээд авдаггүй байсан. Мөн хар утаа их хаядаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/
“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолтод: “...2018 оны 06 дугаар сарын байдлаар Ниссан Навара маркийн дизел автомашин зах зээлийн дунджаар 25.000.000 төгрөгийн үнэтэй байсан болохыг тодорхойлов...” гэх тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас/
Авто тээврийн Үндэсний төвөөс MNTCCUD40Z0600282 арлын дугаартай, Ниссан навара маркийн 54-60 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаанд: “Оршил финанс ХХК-аас 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэн Х.Ариунбаярын эзэмшилд шилжүүлсэн, Х.Ариунбаяраас иргэн Ц.Нямцэрэнд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн, уг тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 79-01 ХОА болж өөрчлөгдсөн талаарх баримт /хх-ийн 73-75-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Бавуужав, түүний өмгөөлөгч нараас “Залилах гэмт хэрэг үйлдээгүй. Иргэний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй маргаан” хэмээн мэтгэлцэж, шүүгдэгчийг цагаатгах байр сууринаас оролцов.
Шүүгдэгч Д.Бавуужав нь “Ниссан Навара” маркийн автомашины үнэд “Эмиралд Плес” ХХК-аас хохирогчид бетон зуурмаг өгсөн хэмээн маргасан ба шүүгдэгчийн төрсөн ах Д.Бавуусүрэн шүүхийн хэлэлцүүлэг “ Ц.Гунаабазарт 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 32 куб.м 5.600.000 төгрөгийн, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 8 куб.м 1.400.000 төгрөгийн, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 24 куб.м 3.960.000 төгрөгийн, нийт 10.960.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг өгсөн” хэмээн мэдүүлсэн бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гунаабазар нь дээрх бетон зуурмагийг Д.Бавуужав “Оршил финанс” ХХК-аас 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр зээлсэн 20.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцож авсан хэмээн маргаж мэтгэлцэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гунаабазар, шүүгдэгч Д.Бавуужав нар нь хүүхэд байхдаа танилцаж нэг зусланд айл зэргэлдээ өссөн улмаар насанд хүрсэн хойноо тэдний хэн аль нь зах дээр машины ченж буюу наймаа эрхэлдэг байсан зэргээр олон жилийн турш бие биеэ мэддэг найз нөхдийн харилцаатайгаас гадна тэдний хооронд зээлийн гэрээнээс үүдэлтэй төлбөр тооцоо байжээ.
Шүүгдэгч Д.Бавуужав нь энэхүү найз нөхдийн харилцаа холбоогоо урвуугаар ашиглаж Ц.Гунаабазараас 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Ниссан Навара маркийн автомашины үнэ 23.000.000 төгрөгийг, нэг сарын дотор төлбөрийг өгнө” хэмээн хуурч автомашиныг авч явсан ба уг автомашиныг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэн Х.Ариунбаярт ажлын хөлсөнд 12.000.000 төгрөгт тооцон өгч захиран зарцуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гунаабазарын “... Д.Бавуужав машины бичиг баримтыг шилжүүлчих, 2 хоногийн дараа мөнгө нь ороод ирнэ гэхээр бичиг баримтаа шилжүүлсэн” гэх мэдүүлэг, гэрч Х.Ариунбаярын “...Би Д.Бавуужаваас Ниссан Навара маркийн автомашиныг ажлын хөлсөнд 12.000.000 төгрөгт тооцож авсан. Уг автомашины эзэн нь гээд хүнтэй Бавуужав ах дүү шиг найзууд гэж байсан. Надад тэр хүн өөрөө нэрийг нь өөрчилж өгч байсан” гэх мэдүүлэг, Авто тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаанд MNTCCUD40Z0600282 арлын дугаартай, Ниссан Навара маркийн 54-60 УНА улсын дугаартай автомашиныг “Оршил финанс” ХХК-аас 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Х.Ариунбаярын эзэмшилд шилжүүлсэн талаарх баримт зэргээр нотлогдож байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: шүүгдэгч Д.Бавуужав нь “Оршил финанс” ХХК-аас 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 18.000.000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 120 хоногийн хугацаатай зээлсэн ба Лексус Жи Эс маркийн 49-33 УНЗ улсын дугаартай автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуцийн гэрээ/ байгуулж, баталгаа гаргажээ. /хэргийн 80-87-р хуудас/ “Оршил финанс” ХХК-аас гаргасан төлбөрийн тооцоонд: Д.Бавуужав нь дээрх зээлийн гэрээний үүрэгт дансаар 9.000.000 төгрөг, мөн 6.160.000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлж, нийт 15.160.000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 18.040.000 төгрөг гэх баримтыг ирүүлжээ. /хх-ийн 96-99-р хуудас/
Гэрч Д.Бавуусүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “ Ц.Гунаабазарт Ниссан Навара маркийн автомашины үнэд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 32 куб.м 5.600.000 төгрөгийн, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 8 куб.м 1.400.000 төгрөгийн, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 24 куб.м 3.960.000 төгрөгийн, нийт 10.960.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг өгсөн. Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Бавуусүрэн би иргэн Гунаабазарт төлөх 23.000.000 төгрөгийг /машины үнэ/ хоёр хувааж, 01 дүгээр сарын 15-нд 15.000.000 төгрөг, 02 дугаар сарын 15-нд 8.000.000 төгрөгийг иргэн Гунаабазарын хүсэлтээр Б.Энхбаатарын Хаан банкны 5020403635 тоот дансанд төлөхөөр тохиролцов” гэх /хх-ийн 11-р хуудас/ бичгийг Ц.Гунаабазар, Б.Энхбаатар нарын гуйлтаар бичиж өгсөн” гэх мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гунаабазар, гэрч Б.Энхбаатар нарын мэдүүлгээр няцаагддаг ба гэрч Д.Бавуусүрэн нь шүүгдэгчийн төрсөн ах бөгөөд гэр бүлийн харилцаатай, Д.Бавуужавтай бетон зуурмагийн үйлдвэрт хамтарч ажилладаг зэргээр ашиг сонирхол нэгдмэл байхын зэрэгцээ гэрч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж чадахгүй байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.
Шүүгдэгч Д.Бавуужав нь “Ниссан Навара” машины оронд Ц.Гунаабазарт автомашин өгөхөөр удаа дараа санал болгоход авахаас татгалзсан” гэж маргасан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гунаабазараас “Д.Бавуужав нь автомашин өгнө гэдэг боловч бусдын эзэмшлийн эсхүл барьцаанд байгаа автомашин санал болгодог, эсхүл худал хэлээд өөрөө алга болдог байсан” гэж няцааж мэдүүлэв. Хохирогч нь шүүгдэгчээс бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг хохиролд тооцож авахаас татгалзсан нөхцөл байдал нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэж, цагаатгах үндэслэл болохгүй юм.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд: Шүүгдэгч Д.Бавуужав нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гунаабазартай урьдын харилцааны явцад бий болсон найз нөхдийн холбоогоо урвуулан ашиглаж Ниссан Нарава маркийн автомашиныг 23.000.000 төгрөгөөр тооцон, 1 /нэг/ сарын дотор төлбөрийг төлнө хэмээн хуурч залилсан ба тэрээр хохирогчтой урьд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт бетон зуурмаг нийлүүлсэн үнийн дүнг машины үнийг төлсөн мэтээр давхардуулан тооцох байдлаар хольж хутган төөрөгдүүлэх, хохирогчид үнийг төлөхөөс зайлсхийж, бодит байдлыг гуйвуулан иргэд хоорондын иргэний эрх зүйн харилцаа мэтээр гэмт үйлдлээ хаацайлах зорилго агуулсан гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч Д.Бавуужавын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Бавуужав, түүний өмгөөлөгч нараас: Д.Бавуужавын “Оршил финанс” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 18.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт нийлүүлсэн бетон зуурмагийн куб.метр тутмын үнийн дүн болон /Фидуцийн гэрээ/-гээр Лексус Жи Эс маркийн 49-33 УНЗ улсын дугаартай автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдүүлэгчид шилжүүлсэнтэй холбоотой маргасан нь иргэний журмаар шийдвэрлүүлэх асуудал бөгөөд энэхүү эрүүгийн хэрэгт хамааралгүй тул шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Бавуужавын гэм бурууг шийдвэрлэсэн болно.
Хохирол, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Гунаабазарт 23.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан ба шүүгдэгч Д.Бавуужав нь хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сард 10.000.000 төгрөг нийт 12.000.000 төгрөгийн хохирлыг хохирогчид нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бавуужаваас 11.000.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гунаабазарт олгож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Бавуужав нь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Д.Бавуужавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг, В.Оюун-Эрдэнэ нараас “Д.Бавуужав нь гурван охины хамт өрх толгойлж амьдардаг, анх удаа ял шийтгэгдэж байгаа хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Д.Бавуужавт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, хохирогчид учруулсан хохирлоос 12.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, насанд хүрээгүй гурван хүүхдийн хамт амьдардаг зэрэг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Бавуужав нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Харчин овогт Дамдинжавын Бавуужавыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бавуужавыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бавуужаваас 11.000.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /Оршил финанс” ХХК-ийн захирал/ Ц.Гунаабазарт олгосугай.
5. Шүүгдэгч Д.Бавуужав нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бавуужавт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР