Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/01406

 

Э.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00729 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1057 дугаар магадлалтай

Э.Аын нэхэмжлэлтэй

Н.Ад холбогдох

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, Сургуулийн гудамжны 1581 тоотод байрлах газрын орц гарцыг хаасан 1570 тоот тэмдэглэл бүхий задгай газрыг албадан чөлөөлж орц, гарц гаргахыг хариуцагч Н.Ад даалгах иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Маахүүхэний хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Түвшинтулга, хариуцагч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.А нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн сургуулийн гудамжны 1581 тоот 18652311663050 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрын хууль ёсоор өмчлөгч юм. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000032418 дугаартай 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн бүртгэлийн Г-2204008013 тоот гэрчилгээ, хувийн сууцны зориулалттай 25 м.кв үл хөдлөх хөрөнгө өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204022484 тоот бүртгэлтэй улсын бүртгэлийн 000059511 дугаар гэрчилгээ зэргээр тогтоогддог. Гэтэл өмчлөгчийн орц, гарцыг хааж буй 1570 тоот тэмдэглэл бүхий задгай газрыг хууль бусаар эзэмшдэг иргэн Н.А нь өмчлөгчийн эрхийг зөрчиж хууль бусаар газар эзэмшиж, хашаа барьсан байдаг. Тэрээр тус газрыг эзэмших хууль ёсны эрхгүй болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1244 тоот тайлбар хүргүүлэх тухай албан бичиг зэргээс тодорхой харагдана. Мөн хууль бусаар газар эзэмшиж газар өмчлөгч этгээдийн эрхийг зөрчсөн талаар холбогдох мэргэжлийн байгууллагаас удаа дараа шаардах хуудас хүргүүлсэн байдаг. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Газрын албанаас хоёр удаа шаардах хуудас хүргүүлж, хашааг албадан чөлөөлөх ажиллагаа хийсэн. Иймд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, Сургуулийн гудамж 1581 тоотод байрлах газрын орц, гарцыг хааж барьсан иргэн Н.Аг уг хаягт байрлах 1570 тоот тэмдэглэл бүхий задгай газрыг албадан чөлөөлж орц, гарц гаргахыг даалгах нэхэмжлэлийг хангана уу гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.А миний бие 2005 онд Ж.Баянзул гэдэг иргэнээс хашаандаа жижиг шавар байшинтай 540 м.кв талбайтай, 18652311641016 нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, газар эзэмших 77022861 дугаар гэрчилгээтэй газрыг худалдаж аваад тухайн хашааг өргөтгөх, өөрчлөх ямар нэгэн засваргүйгээр анх худалдаж авсан хэвээр нь байлгаж байгаа. Хашааны хаалга нь урагшаа харсан байрлалтай, тухайн газрын хэмжээ нэмэгдэж өөрчлөгдөөгүй, хашааны газраа сунгаагүй өнөөдөр хүртэл 12 жил амьдарч байна. Нэхэмжлэгчийн газар нь 2008 оноос өмнө н.Гэрэлчулуун, н.Оргил нарын эзэмшилд байсан ба 2008-2013 онуудад газрын орц гарцын маргаан байгаагүй. Нэхэмжлэгч 2013 оноос хашааныхаа ар талд 1582 тоот эзэнгүй хашаа үүсгэж, урьд хэсгийн хашаагаа өмнөх айлынхаа хашаатай тулгаж сунган барьж нарийн гудамжийг битүүлснээс өөрөө өөрийнхээ орц, гарцыг хаасан. Нэхэмжлэгчийн ар талын 1582 тоот хашааны эзэмшигч, өмчлөгчийн талаар дүүргийн газрын мэдээллийн санд ямар ч бүртгэл байхгүй байдаг.

Дээрх нөхцөл байдлын талаар Газрын харилцаа, барилга геодези зураг зүйн газрын 2014 оны 02 дугаар сарын 07-ны 1/144 тоот болон дүгнэлтийн хавсралт зургаар тодорхой гаргаж шүүхэд ирүүлсэн нь өмнөх хавтаст хэрэгт авагдсан. 2009 оноос хойш би өнөөг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн Газрын албанд 540 м.кв талбайтай газраа эзэмших, өмчлөхөөр хүсэлт гаргасан боловч өмнөх эзэмшигчийг байлцуулах шаардлагатай гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахгүй буцаасан. 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр газраа худалдсан Ж.Баянзулыг олж Газрын албатай уулзуулан бичиг хийлгэж дахин хүсэлт гаргахад маргаантай байгаа гэх үндэслэлээр миний 12 жил амьдарч байгаа газрыг өмчлүүлэх асуудлыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэхгүй хохироосоор байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00729 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ад холбогдох Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 4а хэсэг, Сургуулийн гудамж, 1581 тоотод байрлах газрын орц, гарцыг хаасан 1570 тоот тэмдэглэл бүхий задгай газрыг албадан чөлөөлж, орц, гарц гаргахыг хариуцагч Н.Ад даалгах тухай нэхэмжлэгч Э.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжад төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.А, хариуцагч Н.А нараас шинжээчийн ажлын хөлсөнд 425 425 төгрөгийг тус тус гаргуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1057 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00729 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Маахүүхэний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Э.А нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн сургуулийн гудамжны 1581 тоот 18652311663050 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м2 газрыг хууль ёсоор өмчлөгч юм. Энэ нь УБЕГ-ын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000032418 дугаартай 2008 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн бүртгэлийн Г-2204008013 тоот гэрчилгээ, Мөн хаяг дахь хувийн сууцны зориулалттай 25м2 үл хөдлөх хөрөнгө өмчилдөг болох нь улсын бүртгэлийн Ү-2204022484 тоот бүртгэлтэй УБЕГ-ын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000059511 дугаартай гэрчилгээ зэргээр тогтоогдог. Тэрээр үл хөдлөх хөрөнгө /газар, хувийн сууцыг/ хууль ёсны дагуу өмчлөгч этгээд юм.

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Н.Ад холбогдуулан Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 4А хэсэг, сургуулийн гудамж 1581 тоотод байрлах газрын орц, гарцыг хаасан 1570 тэмдэглэл бүхий газрыг хууль бусаар эзэмшиж буй иргэний газрыг албадан чөлөөлж орц, гарц гаргахыг хариуцагч Н.Ад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах байдлаар хууль хэрэглээний хувьд алдаа гаргалаа гэж үзэж байна. Учир нь:

Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын эзэмшил газрыг хөрш залгаа гэж үзээгүй, улмаар Иргэний хуулийн 134, 138 дугаар зүйлийн зохицуулалт буюу хөршийн эрхийн харилцаанаас үүдэх нийтийн эзэмшлийн зам, талбайруу гарах орц, гарц хаасантай холбоотой хуулийн зохицуулалтыг энэ маргаанд хамааралгүй гэж яагаад үзсэн түүний шалтгаан эрх зүйн үндэслэл ойлгомжгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36.1.Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно. 38.1.Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно хэмээн заасан билээ. Гэтэл газраа хууль ёсоор өмчлөх эрхтэй этгээд хариуцагчаас болж өмчлөх эрхээ хэрэгжүүлж, хашаа, байшинд амьдарч чадахгүй, захиран зарцуулж чадахгүй өдий хүрсэн байхад өмчлөгчийн эрхийг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь шүүхээс дээрх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэнгүй гэж үзэхэд хүргэж байна.

Хоёр. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж буй үндэслэлийн тухайд

Иргэн Н.А нь хууль бусаар газар эзэмшиж газар өмчлөгч этгээдийн эрхийг зөрчсөн болохыг холбогдох мэргэжлийн байгууллагаас тогтоон удаа дараах шаардах хуудас хүргүүлсэн байдаг. Тухайлбал, Тус иргэнд Баянзүрх дүүргийн газрын албанаас 2 удаа шаардах хуудас хүргүүлж, хашааг албадан чөлөөлөх ажиллагааг ч хийсэн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс эл нөхцөл байдал, холбогдох нотлох баримтыг огт үнэлээгүй, өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтыг бүрэн дүүрэн, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлсэнгүй. Энэ талаарх гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг давж заалдах шатны шүүх мөн л харгалзан үзэж дүгнэлт хийсэнгүй.

Түүнчлэн хэрэгт авагдсан Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2014 оны шинжээчийн дүгнэлтээс ч нэхэмжлэгч Э.Аын Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн сургуулийн гудамжны 1581 а тоот 18652311663050 нэгж талбар бүхий газрыг хариуцагч Н.Агийн 1570 тоот кадастрын зурагтай газар хаасан болохыг тогтоосон дүгнэлт байгаа. Үүнээс хойш бодит байдал яг хэвээрээ энэ маргаан үргэлжилж байгаа. Гэтэл шүүхээс 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн А/17 дугаартай дүгнэлтийг туйлын үнэн гэж үзэж үнэлж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.5-д заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Н.Ад холбогдуулан орц гарцыг хааж байгаа 1570 тэмдэглэл бүхий газрыг чөлөөлж, орц гарц гаргахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Э.А нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн сургуулийн гудамжны 1581 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 700мкв газрын өмчлөгч бөгөөд өмчлөгчийн орц гарцыг хааж байгаа гэх 1570 тэмдэглэлд байрлах газрыг хариуцагч Н.А 2005 оноос хойш эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагчийн үйлдэл саад учруулж байна гэж үзэж энэ үйлдлээ зогсоохыг хариуцагчаас шаардсан нь хууль зөрчөөгүй, харин энэ тохиолдолд хариуцагчийн саад учруулж буй дээрх үйлдэл нь хууль зөрчсөн байхыг шаардана.

Хариуцагч Н.А нь маргаж буй газрыг Баянзүрх дүүргийн Сургуулийн гудамжны 321 тоот хаягаар иргэн Баянзулын нэр дээр бүртгэлтэй байхад нь 2005 онд худалдан авч, түүнээс хойш эзэмшиж байгаа, газрын албанд хандаж бүртгэлийг шилжүүлэхийг хүссэнд “маргаантай” гэх үндэслэлээр бүртгэлийг шилжүүлээгүй үйл баримт тогтоогджээ.

Хариуцагчийн эзэмшил хууль зөрчөөгүй, хариуцагчийн хашаалсан газар нэхэмжлэгчийн өмчилж буй газрын орц, гарцыг хаагаагүй болох нь Нийслэлийн газрын кадастр мэдээллийн сангийн 2017 оны зураг болон архивын кадастрын зургийн мэдээллийн сан дахь кадастрын  зургаар тогтоогдсон, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газрыг хашаалахдаа бусдын эзэмшилд олгогддоггүй, орц, гарц байдлаар бүртгэгдсэн газартай 148.6мкв-аар давхцуулан хашаалсан нь тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2. дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг зөрчөөгүй байх боловч нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтыг шүүхийн шийдвэрт заасан байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн дээрх алдааг засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэнгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн Дөрөвдүгээр дэд бүлэгт зохицуулсан Хөршийн эрх зүйн харилцаатай холбоогүй, энэ бүлэгт заасан зохицуулалтад хамааралгүй тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засч, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1057 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00729 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...106.1.” гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Маахүүхэний гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Маахүүхэний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД