Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2018/ДШМ/017

 

М.Нд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч М.Н

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/21 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор *******ы бичсэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №02 тоот эсэргүүцлээр М.Нд холбогдох эрүүгийн 1714000000197 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Идэрзаяа овогт М.Н, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2011 оны 07 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан,

М.Н нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 24 цагийн үед иргэн Л.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас М.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ -ыг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: М.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар М.Нг хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар М.Н нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Нд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар М.Н нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар М.Нгийн эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч Б.Нд буцаан олгож шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор ******* 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар эсэргүүцэлдээ: М.Н нь 2017 оны 12 дугаар сарын 09-нөөс 2017 оны 12 дугаар сарын 10-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Усны аж ахуйн 1 дүгээр гудамжны 1 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Л.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Л.Г, яллагдагч М.Н нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 15 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.

М.Нгийн үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад М.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 дахь заалтаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял оногдуулжээ.

Гэтэл М.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхад тэр үйлдэлд нь гэм буруутайд тооцоогүй мөртлөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцлүүдийн аль хэсгээр хүндрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар албадан ажил хийлгэх ял оногдуулсан нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-д “Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана. 1.1-д “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох, 1.2-д “шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Тухайн хэрэгт хяналтын прокурор Д.Цогжавхлан хяналт тавьж байсан. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэр алдаатай байсан тул дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтууд болон М.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаанаас /хх-ийн 49-р тал/ үзвэл түүний эцгийн овог нь “Мөнхбат” гэж байхад хавтаст хэргийн 70-73 дугаар талд авагдсан “Яллах дүгнэлт”-д “Батмөнх”-н Н гэсэн, мөн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тухайн гэмт хэргийг үйлдсэн газар зэргийг тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.1, 3.2-д тус тус заасан шаардлагад нийцээгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож М.Нд холбогдох хэргийг магадлалд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар прокурор *******ы бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

М.Нгийн хувийн байдал, гэмт хэргийн ангилал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/21 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож эрүүгийн 1714000000197 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол М.Нд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                         Н.ЭНХМАА