Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2022/0695

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 118/2022/0018/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХХК нь “Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. “Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд бусад иргэн, хуулийн этгээдийг оролцох эрхийг хангаагүй, журмын 2.1.1-д заасан тэгш, шударга оролцоог хангасан байх зарчим зөрчигдсөн” гэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

3.2. Завхан аймгийн Засаг даргаас 2019 оны А/138 дугаар захирамжаар Улиастай сумын Жинст багийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ард худалдаа үйлчилгээ, зочид буудлын цогцолбор барих зориулалтаар 629 м.кв газрыг төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр олгохоор шийдвэрлэж, аймгийн Засаг даргын А/137 дугаартай захирамжаар төсөл сонгон шалгаруулах комиссыг байгуулсан байдаг. Тухайлбал төрийн байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр газрыг олгохоор шийдвэрлэж, албан ёсны сайтад зарлал байршуулан комисс нь хуралдаж Х ХХК-д олгосон байхад нэхэмжлэгч талын буруутай хууль бус үйлдлийн улмаас тэгш, шударга оролцоог хангасан байх зарчим зөрчигдсөн байдлаар дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.

3.3. Мөн аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 дугаартай захирамжийн үндэслэл нь “... Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн байхад шүүх дээрх дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, эд хөрөнгөд илт хохиролтой шийдвэр гаргасан.

3.4. Захиргааны байгууллага Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 дугаартай захирамж буюу захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийн эрхийг хангах, оролцогчийг сонсох, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулах гэх мэт захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хийгээгүй байхад шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх хэсэгт заасан “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэсэн заалттай нийцэж байгаа гэж үндэслэлгүй бөгөөд хэт нэг талыг барьсан тайлбар гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хууль, захиргааны хэр хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан нотлох баримт байхгүй байхад ямар баримтад үндэслэн дээрх заалтад нийцэж байгаа гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж гаргасан тайлбартаа:

4.1. “Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргасан байна. Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/137 дугаар Комисс томилох тухай захирамжаар Улиастай сумын Жинст багийн нутагт 629 м.кв газарт орон сууцны зориулалтаар газар олгохоор нээлттэй зарлагдсан төсөл сонгон шалгаруулах комиссыг томилсон байна.

4.2. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийн 7.1-д төсөл сонгон шалгаруулалтын зарыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлэхээр заасан байна. Гэвч 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/162 дугаар захирамжаар тухайн газрыг Х ХХК-д эзэмшүүлсэн нь хууль бус болсон гэж үзэж байна.

4.3. Засгийн газрын тогтоол 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлж, ашиглуулна гэж заасан байна. Төсөл сонгон шалгаруулалт анхнаасаа хууль бус болсон гэдэг нь харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:              

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/162 дугаар захирамжаар Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар 629 м.кв газрыг Х ХХК-д эзэмшүүлжээ.

3.1. Гэвч “Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэр Маамын Лхагвын гудамж 2-208б тоотод байрлалтай зочид буудлын зориулалттай 629 м.кв газар нь Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 дугаар захирамжаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/162 дугаар захирамжийн Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3.2. Нэхэмжлэгч Х ХХК тус захирамжийг эс зөвшөөрч, Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэсний дагуу маргаан бүхий газрын төсөл сонгон шалгаруулалттай холбоотой баримт ирүүлэхийг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Завхан аймаг дахь Захиргааны хэргийн шүүх 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 118/АБ2022/0153 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

4.1. Уг албан бичгийн дагуу Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Улиастай сумын Жинст баг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ард байрлах Х ХХК-ийн барих барилгын төсөл сонгон шалгаруулалтын материал”-ыг анхан шатны шүүхэд ирүүлсэн нь тус газрын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 352 тоот албан бичгээр тогтоогдож байна.

4.2. Гэвч хэргийг хянан шийдвэрлэж дууссаны дараа 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 118/АБ2022/0207 тоот албан бичгээр уг материал буюу 1 хавтас 206 хуудас нотлох баримтыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт буцаан хүргүүлсэн байна.

4.3. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийдэг.

4.4. Гэвч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн тус баримтыг буцаан гаргасан тул хэрэгт дүгнэлт хийх боломжгүй байна.

5. Түүнчлэн нэхэмжлэгч Х ХХК-аас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “Газар олголтын баримт 22 хуудас, Зочид буудлын барилгад зарцуулсан зардлын баримт 34 хуудас” гээд нийт 56 хуудас баримт хавсаргаж өгчээ.

5.1. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа хавсаргасан баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд байна ...” гэсэн үндэслэлээр 22 хуудас баримтыг нэхэмжлэгчид буцаан хүргүүлж, үлдэх 34 хуудас баримтыг хэрэгт авч, давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

5.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-д “Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэжээ.

5.3. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо хавсаргаж ирүүлсэн анхан шатны шүүхээр хэлэлцээгүй баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөнө.

5.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.4-т “Давж заалдах гомдлыг тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүх хүлээн авч, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэрэгт хавсаргаж болно” гэж заасан байхад анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримтыг хүлээн авч, гомдолд хавсарган давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ