Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч К.У , П.А , П.Б , Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан К.У , П.А , П.Б , Д.Б  нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015000000231 дугаартай, 163/2020/0016/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Булган аймгийн ...ийн нутагт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А овогтой К.У,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Булган аймгийн ...ийн нутагт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,Х овогтой П.А,

Шүүгдэгч: онгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон аймаг ...од оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, О овогтой П.Б ,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, Бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Булган аймгийн ...ийн нутагт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогтой Д.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.У , П.А , Д.Б , П.Б  нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн ...ийн нутаг “Ц” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр /Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 128 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, тэдгээрийг хэрэглэх, хяналт тавих журам" -ын 3.4-д заасан “.Эрхийн бичгийг хуурамчаар үйлдэх, хуулбарлах, олшруулах, бусдад шилжүүлэхийг хориглоно.”/ гэснийг зөрчин ойгоос нийт 4.4834 метр куб мод бэлтгэж 1.200.237 төгрөгийн хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 3.600.711 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.У гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б  өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

2015000000231 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Иргэний нэхэмжлэгч Ж.А гийн өгсөн: “...Мод бэлтгэх эрхийн бичгийг тухайн багийг хариуцсан байгаль хамгаалагчид сум дундын ойн ангиар мод бэлтгэх талбайн тусгаарлалтыг хийлгэж түүнийгээ үндэслэн мод бэлтгэх эрхийн бичгийг олгодог. Эрхийн бичгийг олгохдоо хаанаас авах газар нутгийг тусгаж авах хоног хугацааг нэг бүрчлэн тусгаж өгдөг юм. Заасан газраас өөр газраас авах, хоног хугацаа хэтрэх, эрхийн бичгийн сунгалт хийлгэхгүй байх, эрхийн бичигт засвар хийх зэрэг нь тухайн эрхийн бичиг нь хүчингүй болгох үндэслэл болдог. Дээрх иргэд нь хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдож байна. Тухайн байгаль хамгаалагч мод бэлтгэх газраа өөрийн биеэр очиж иргэдэд заан өгч бэлтгүүлж тээвэрлэлтэнд хяналт тавих үүрэгтэй. Тус сумын Уньт багт надтай адил эрх мэдэлтэй албан тушаалтан байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.П  ажиллаж байгаа. Баг тус бүрт 2-3 газарт тусгаарлалт хийгдсэн байдаг. Уньт багт Задгай, Хавчуу гэх газар тусгаарлалт хийгдсэн байгаа. Дээрх иргэд нь эдгээр газраас өөр газраас мод бэлтгэсэн байгаа юм. Иргэн Т нь Уньт багийн Задгай гэх газраас мод бэлтгэсэн боловч тусгаарлагдсан талбайгаас гадна талаас нь модоо бэлтгэсэн байна. Цамын хүнгүй гэх газарт талбайн тусгаарлалт хийгдээгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Шинжээч Ш.Даваахүүгийн өгсөн: “... Иргэн К.У  мод бэлтгэсэн талбай нь зөвшөөрөгдөөгүй талбай юм. Уг газар ямар нэгэн тусгаарлалт хийгээгүй газар. Мод бэлтгэх зөвшөөрөл авсан иргэн бүр тухайн орон нутгийн ойн ангийн тусгаарласан газарт байгаль хамгаалагч, байгаль орчны улсын хяналтын байцаагч нараар заалгаж байж модоо бэлтгэх ёстой байдаг. Гэтэл К.У  анхнаасаа тусгаарлалт хийгээгүй газраас мод бэлтгэсэн нь хууль зөрчсөн асуудал юм... П.Б  анхнаасаа тусгаарлалт хийгээгүй газраас мод бэлтгэсэн нь хууль зөрчсөн асуудал...Д.Б  анхнаасаа тусгаарлалт хийгээгүй газраас мод бэлтгэсэн нь хууль зөрчсөн...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 59, 160, 242 дугаар хуудас/,

Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “...Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай мод, уг мод нь түлшинд хэрэглэх мод байна. Хутаг-Өндөр сумын Уньтийн “Цамын хүнгүй” гэх газар 2020 онд талбай тусгаарлалтын ажил хийгдээгүй болно. Тээвэрлэж явсан мод нь 26 ширхэг байсан бөгөөд хэмжилтээр 2.66 метр куб байна. Уг модыг тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл нь эрхийн бичиггүй явж байсан. Экологи эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын засгийн газрын 106-р тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны А/176-р тушаалын хавсралт, Ойн тухай хуулийн 18.3.4-р зүйл, 47.2.11 “байгаль орчин хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийг үндэс болгон шинэс 2.66x267707.1.0=7121017 тогтоов...” гэсэн дүгнэлт /1-р ХХ-ийн 62 дугаар хуудас/ Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “...Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай мод, уг мод нь түлшинд хэрэглэх мод байна. Хутаг-Өндөр сумын Уньтийн “Цамын хүнгүй” гэх газар 2020 онд талбай тусгаарлалтын ажил хийгдээгүй болно. Тээвэрлэж явсан мод нь 23 ширхэг байсан бөгөөд хэмжилтээр 0.8774 метр куб байна. Уг модыг тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл нь эрхийн бичиггүй явж байсан. Экологи эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын засгийн газрын 106-р тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны А/176-р тушаалын хавсралт, Ойн тухай хуулийн 18.3.4-р зүйл, 47.2.11 “байгаль орчин хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийг үндэс болгон шинэс:0.8774x267707x1.0=234886Ж тогтоов...” гэсэн дүгнэлт /1-р ХХ-ийн 163 дугаар хуудас/

Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “...Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай мод, уг мод нь түлшинд хэрэглэх мод байна. Хутаг-Өндөр сумын Уньтийн “Цамын хүнгүй” гэх газар 2020 онд талбай тусгаарлалтын ажил хийгдээгүй болно. Тээвэрлэж явсан мод нь 23 ширхэг байсан бөгөөд хэмжилтээр 0.946 метр куб байна. Уг модыг тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл нь эрхийн бичиггүй явж байсан. Экологи эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын засгийн газрын 106-р тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны А/176-р тушаалын хавсралт, Ойн тухай хуулийн 18.3.4-р зүйл, 47.2.11 “байгаль орчин хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийг үндэс болгон шинэс 0.946x267707.1.0=2532507 тогтоов...” гэсэн дүгнэлт /1- р ХХ-ийн 237 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 1-р хх-ийн 2-4, 8-10, 1416 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1ххийн 25-32, 132-139, 209-216 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 33-35, 140-142, 219-221 дүгээр хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 36-38, 143-144, 217-221 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1хх-ийн 41, 43 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /1хх-ийн 129 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 64-65, 165-166, 238-239, 2хх-ийн 122-124 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 95, 189, 2хх-ийн 18, 21 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг.

  Шүүгдэгч К.У , П.А , П.Б , Д.Б  нар нь бүлэглэн дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн ...ийн нутаг “Ц” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр /Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 128 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, тэдгээрийг хэрэглэх, хяналт тавих журам" -ын 3.4-д заасан “Эрхийн бичгийг хуурамчаар үйлдэх, хуулбарлах, олшруулах, бусдад шилжүүлэхийг хориглоно.”/ гэснийг зөрчин ойгоос 72 ширхэг буюу нийт 4.4834 метр куб мод бэлтгэж 1200237 төгрөгийн хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 3700711 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч К.У , П.А , П.Б , Д.Б  нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүх шүүгдэгч К.У , П.А , П.Б , Д.Б  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.У , П.А , П.Б , Д.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан тэдэнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч К.У , П.А , П.Б , Д.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд гар цахилгаан хөрөө нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 93500 төгрөгний үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, гэмт хэргийн улмаас битүүмжлэн 4.4834 метр куб буюу 72 ширхэг шинэс төрлийн мод тус бүрийг улсын төсөвт шилжүүлэх, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУЛ улсын дугаартай хөх өнгийн портер загварын 4500000 төгрөгийн үнэ бүхий, **-** БУА улсын дугаартай цагаан өнгийн портер загварын 1600000 төгрөгийн үнэ бүхий, **-** УНК цагаан өнгийн Мицибуши миникаб загварын 1800000 төгрөгний үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийг шүүгдэгч К.У , П.Б , Д.Б  нараас тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул тэднээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч К.У , П.А , П.Б , Д.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна...

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогтой К.У ,Х овогтой П.А , О овогтой П.Б, Б овогтой Д.Б  нарыг бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-тзаасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч К.У , П.А , П.Б , Д.Б  нарыг тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэнийбичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар хэрэгт эдмөрийн баримтаар хураагдан ирсэн 93500 төгрөгний үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, гэмт хэргийн улмаас битүүмжлэн 4.4834 метр куб буюу 72 ширхэг шинэс төрлийн мод тус бүрийг улсын төсөвт шилжүүлэх, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУЛ улсын дугаартай хөх өнгийн портер загварын 4500000 төгрөгийн үнэ бүхий, **-** БУА улсын дугаартай цагаан өнгийн портер загварын 1600000 төгрөгийн үнэ бүхий, **-** УНК цагаан өнгийн Мицибуши миникаб загварын 1800000 төгрөгний үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийг шүүгдэгч К.У , П.Б , Д.Б  нараас тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгч К.У , П.А , П.Б , Д.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэдзааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         Ж.ДЭЛГЭРМӨРӨН