Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/37

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэг,

хохирогч Э.Одбаяр,

шүүгдэгч Ч.Жигжидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дөрвөд далай хаан овогт Чулуунбаатарын Жигжидсүрэнд холбогдох эрүүгийн 2010021471027 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчин 41 дүгээр гудамж 266 тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Гранд Вилла хотхоны б-34 тоотод амьдарч байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Дөрвөд далай хаан овогт Амарсайханы Жигжидсүрэн байсныг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үрчлэлт хүчингүйд тооцож, Чулуунбаатарын Жигжидсүрэн гэж өөрчлөгдсөн  /РД:УД92072717/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Жигжидсүрэн нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт баарны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Одбаярыг ямар нэг шалтаг шалтгаангүй толгойн  тус газар нь 2 удаа өшиглөж, нүүр рүү нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зулайн зөөлөн эдэд цус хуралт, духанд няцарсан шарх, хацар хэвлийд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Жигжидсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Э.Одбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Минт шөнийн цэнгээний клубийн гадаа Ч.Жигжидсүрэн намайг цохисон. Би өмнө нь тархи толгойны эмчилгээ хийлгэж байсан. Эмчилгээ хийлгээд дуусаж байтал ийм явдал болсон тул дараа өдрөөс нь дахин эмчилгээгээ хийлгэж эхэлсэн. Би цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай учраас эмчилгээний зардалд нэхэмжилнэ” гэв.

 

Эрүүгийн 2010021471027 дугаартай хэргээс:

 

Хохирогч Э.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

            Гэрч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №11751 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 36-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Жигжидсүрэнгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ч.Жигжидсүрэн нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт баарны гадна архи согтуурсан үедээ шалтгаангүйгээр хохирогч Э.Одбаярыг цохиж, өшиглөх  зэргээр зодож эрүүл мэндэд нь зулайн зөөлөн эдэд цус хуралт, духанд няцарсан шарх, хацар хэвлийд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Э.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би Минт бааранд ажлын залуучуудтай сууж байгаад гараад таксинд суух гээд хаалгыг онгойлгох үед миний араас нэг үл таних хүн татахад би боржур дээр толгойгоороо унахад өнөөх залуу миний толгойн тус газар зүүн хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Намайг босоод ирэх үед миний нүдний хажууд өшиглөөд өндийж байхад нүүр рүү гараараа цохисон. Тэгээд нөгөө үл таних залуу цаашаа зугтаахаар нь би араас нь гүйж очоод барьж авсан. Таксины жолоочоор цагдаа дуудуулсан ба удалгүй цагдаа ирээд аваад явсан. Би намайг зодсон хүнийг танихгүй ба бааран дотор хараагүй. Дараа нь цагдаагийн машин дотор явж байхдаа надад хандаад “ахаа хүн андуурчихжээ” гэж хэлсэн. Тэр залуу их согтуу биш байсан яагаад гэвэл маш хурдан хөдөлж намайг зодсон. Би бодохдоо тэр залууг намайг дээрэмдэх гэж байна гэж бодсон. Харагдах байдал нь эрүүл байсан ба ямар ч шалтгаангүй гэнэт зодож цохисон ба зугтах оролдлого хийсэн. Намайг зодуулж байх үед хажууд таксины жолооч залуу харж байсан. ...Одоогийн байдлаар би 900.000 төгрөгийн эм тариа хэрэглэсэн түүний баримтыг өгсөн. Цаашид тархиндаа эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтэх шаардлагатай байна. Би гомдолтой байна. Ажлаа хийгээд явж байсан бол мөнгө төгрөгийн гачигдалд орохгүй байх байсан. Би Ч.Жигжидсүрэнгээс 2.000.000 төгрөг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

            Гэрч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 04 цагийн үед Минт баарны гадаа Хюнда Аванти маркийн хар өнгийн 15-10 УНҮ улсын дугаартай автомашинаараа таксинд явах гээд зорчигч хүлээгээд байж байтал нэг ах ирээд баруун хойд талын хаалга онгойлгоод суух гэтэл нэг үл таних 30 орчим насны бас нэг ах ирээд тэр ахыг учир зүггүй цохиж зодоод эхэлсэн. Би буух гэтэл тэр хоёр салсан. Би буугаад машин тэргээ хартал миний машины баруун талын хаалгыг хонхойтол цохиод будгийг нь ховхолчихсон байсан. Тэгээд тэр ах зугтах гэтэл нөгөө ах бариад авсан. Цагдаад дуудлага өгсөн ба удалгүй цагдаа ирээд тэр хоёр ах цагдаагийн машинд суугаад явахаар нь би өөрийн машинтайгаа араас дагаад иртэл нөгөө зодсон ахыг эрүүлжүүлэх саатуулах байранд хийсэн. Би нөгөө зодуулсан Одбаяр гэх хүнийг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №11751 дугаартай шинжээчийн  дүгнэлтэд: “...1. Э.Одбаярын биед зулайн эдэд цус хуралт, духанд няцарсан шарх, хацар, хэвлийд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

         

Шүүгдэгч Ч.Жигжидсүрэн нь хохирогч Э.Одбаярыг цохисны улмаас хохирогчийн биед “зулайн эдэд цус хуралт, духанд няцарсан шарх, хацар, хэвлийд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцралбүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

          Иймд шүүгдэгч Ч.Жигжидсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч Ч.Жигжидсүрэн нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

     

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

          “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Одбаярын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл учирсан ба хохирогчийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хохирогч Э.Одбаяр нь эмчилгээ, оношилгоо болон эм тарианы зардалд зарцуулсан баримтууд /хх-ийн 54-62-р хуудас/ гаргаж өгсөн ба шүүгдэгчээс 2.000.000 төгрөг нэхэмжлэв.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үзвэл: Хохирогч Э.Одбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 14-23-ны хооронд эмнэлгийн магадалгаатай байсан нь баримтаар нотлогдож байна. Гэвч тэрээр “Макс групп” ХХК-д ахлах тогоочоор сарын хэдэн төгрөгийн цалин, хөлстэй ажилладаг, түүнчлэн эмнэлгийн чөлөөтэй байхдаа дутуу авсан цалин хөлс нь хэдэн төгрөг болохыг тооцсон баримтаа ирүүлээгүй байна.  

Шүүхээс хохирогч Э.Одбаярын эмчилгээ, оношилгоо болон эм тарианы зардалтай холбоотой баримтаас хэргийн 54-р талд авагдсан 893.480 төгрөгийн зардлыг шүүгдэгч Ч.Жигжидсүрэнгээс гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогч Э.Одбаярт 1.000.000 /нэг сая/ төгрөг нөхөн төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

          Харин хохирогч Э.Одбаяр нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Жигжидсүрэнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч Ч.Жигжидсүрэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан гэм хороос баримтаар нотолж байгаа зардлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог хувийн байдал болон цаг үеийн нөхцөл байдлаас орлого олох боломж хязгаарлагдсан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Жигжидсүрэнд мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Жигжидсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Дөрвөд далай хаан овогт Чулуунбаатарын Жигжидсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Жигжидсүрэнг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Жигжидсүрэнд оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Жигжидсүрэнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ч.Жигжидсүрэн нь хохирогч Э.Одбаярт 1.000.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

5. Хохирогч Э.Одбаяр нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ч.Жигжидсүрэнгээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ч.Жигжидсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Жигжидсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР