| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0828/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/38 |
| Огноо | 2021-01-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Даариймаа хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,
хохирогч Б.Лхагважаргал,
шүүгдэгч Д.Энхбадрах, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Богд овогт Дүгэрийн Энхбадрахад холбогдох эрүүгийн 2010018140975 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/-
Шүүгдэгч Д.Энхбадрах нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дөрвөн бэрх хотхоны авто авто зогсоол дээр байрлуулсан иргэн Б.Лхагважаргалын эзэмшлийн Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Энхбадрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Хохирогч Б.Лхагважаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө ажилдаа явах гээд 8 цаг өнгөрөөд автомашинаа унаад явах гэтэл аймар дуугараад байхаар нь нөхрөө дуудаж үзүүлэхэд “яндан чинь байхгүй байна” гэсэн. Өнгөрсөн орой байрны зогсоол дүүрчихсэн байсан болохоор гадна талын зогсоолд автомашинаа тавьсан. Дэлгүүрийн хяналтын камер шүүж харсан. Би ажилтай байсан учир манай нөхөр энэ хэргийг хөөцөлдсөн. Би сүүлд хэргийн материалтай танилцсан. Хохирлоо барагдуулаад авчихвал гомдол саналгүй...” гэв.
Эрүүгийн 2010018140975 дугаартай хэргээс:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 дугаар хуудас/
Хохирогч Б.Лхагважаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/
“Дамно” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-31 дүгээр хуудас/
Шүүгдэгч Д.Энхбадрахын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-61 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Ч.Батзулын- мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 40-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Энхбадрахын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Д.Энхбадрах нь 2020 оны 09 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дөрвөн бэрх хотхоны авто авто зогсоол дээр байрлуулсан иргэн Б.Лхагважаргалын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн автомашины янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч,1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 дугаар хуудас/
Хохирогч Б.Лхагважаргалын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 22-ны орой 22 цаг өнгөрч байхад машинаа 421 дүгээр байрны зүүн талд байрлах ил зогсоолд байрлуулаад гэртээ орсон. 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө ажилдаа явах гээд гарч ирээд машиндаа суугаад асаатал түжигнэсэн дуу гараад байсан. Тэгэхээр нь нөхрөө дуудаад үзүүлтэл нүүрсэн яндан нь хулгайд алдагдсан учир цагдаад дуудлага өгсөн. ...Өөр алдагдсан зүйл байхгүй. Приус машины сэлбэг зардаг газруудаас утсаар асуухад 1.500.000 төгрөгийн үнэтэй байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/
“Дамно” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хөндлөгын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.200.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 30-31 дүгээр хуудас/
Шүүгдэгч Д.Энхбадрахын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би эхнэр Гантунгалагийн хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баруун дөрвөн замын хажууд байх Оффис зочид буудлын 308 тоот байрыг сарын 400,000 төгрөгөөр түрээсэлдэг. Би Солонгос улсад хамт ажилдаг байсан найз Батбаяраас 01-68 УНТ улсын дугаартай Тоёота Стима загварын машиныг 3.000.000 төгрөгөөр зээлээр авсан. Мөнгө нэхэгдээд байхаар нь фейсбүүк дээр Приус 20 машины нүүрсэн яндан үнэтэй авна гэсэн заруудыг хараад нүүрсэн яндан хулгайлж мөнгөтэй болъё гэж бодоод 2020 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Оффис зочид буудлын 308 тоот гэрээсээ гарсан. Тухайн үед эхнэртэйгээ мөнгө төгрөгөөс болоод маргаантай байсан болохоор эхнэр шууд унтчихсан. Би гэрээс гараад 01-68 УЭТ улсын дугаартай Тоёота Эстима загварын хар өнгийн тээврийн хэрэгслээ унаад Төмөр зам, 10 дугаар хороолол, 3, 4 дүгээр хорооллын байрны дундуур явж Приус 20 загварын автомашинуудын доогуур тонгойж хараад янданг нь тайлах боломжтой машин хайсан. Тэр газруудаар хүн ихтэй болохоор нь машинтайгаа явсаар Таван шар өнгөрөөд Сонсголонгийн гүүр даваад Нисэхийн тойргоор эргээд Чингис хаан олон улсын нисэх буудлын зүг явж байтал замын хойно байрны хажууд харанхуй зогсоол дээр автомашинууд байрлуулсан байхаар нь хойшоо хашаан дундуур явсан шороон замаар явсаар дөрвөн ижилхэн байрны зүүн хойд чигтэй зогсоолын төмөр хашааны гадна тээврийн хэрэгслээ байрлуулаад зогсоолын төмөр хашаа руу орж Приус 20 машины яндангууд үзэж байгаад зогсоолын хойд хэсэгт байрлуулсан цагаан өнгийн Приус 20 машины доогуур харахад нүүрсэн яндан нь байсан. Би эргээд автомашин дээрээ очоод өөрийн машинаа уг байрнуудын баруун хойно аваачиж байрлуулаад машинаасаа дамократаа аваад цагаан Приус 20 машиныг жолооч талаас нь өргөж байтал хойд хашааны нэг айлаас хүн гараад ирэхээр машин дээрээ очоод хөдлөөд явж байгаад Нисэхийн тойргоор тойрч явснаа дамократаа авъя гэж бодоод буцаад очсон. Ойр хавьд хүн харагдахгүй байхаар нь 14-ийн дорцовоор урд талаас нь хоёр, хойд талаас нь хоёр нийт дөрвөн боолт тайлж яндангийн шүүлтүүрийг салгаж авсан. Маргааш нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн үед гэрээс гараад Цайз зах дээр яндан зардаг хүнтэй уулзахаар тохирсон байсан болохоор Төмөрт Транс зах дээр очсон. Би өмнө нь Да хүрээ зах дээр яндан худалдаж авна гээд явж байхад нь таарч “яндан хэдээр авах уу” гэж асуухад “бичиг баримтгүй янданг 700,000 төгрөгөөр, машинтайгаа бол 900,000 төгрөгөөр авна” гэж байсан. Тэр хүнийг дугаараа өгчих би яндан авч ирж өгье гэхэд дугаараа өгөхгүй. Яндан зарахаар бол Төмөрт Трансын үүдэнд 13 цаг 30 минутаас 14 цагийн хооронд байж байна гэж байсан. Тэгээд тэр хүн зогсож байхаар нь хулгайлсан яндангаа 700,000 төгрөгөөр зарсан. Би мөнгөөр түрээсийн байрны мөнгөө 1 сараар сунгаад үлдсэнээр нь хоол хүнс аваад хэрэглээд дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Энхбадрах болон түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Шүүгдэгч Д.Энхбадрах нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Б.Лхагважаргалын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн автомашины янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Энхбадрахын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан байна.
Хохирогч Б.Лхагважаргалын Тоёота Приус-20 автомашины нүүрсэн янданг “Дамно” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд: 1.200.000 төгрөгөөр /хх-ийн 30-31-р хуудас/ үнэлсэн баримт хэрэгт авагджээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лхагважаргалд 1.200.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад хохирогч Б.Лхагважаргалд 200.000 төгрөгийг бэлнээр нөхөн төлсөн ба гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирол нөхөн төлөх 5 хоногийн завсарлага авч үлдсэн 1.000.000 төгрөгийг хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Энхбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгааг харгалзан тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Д.Энхбадрахад холбогдох хэргийг хэлэлцэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Д.Энхбадрах нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу хүлээн зөвшөөрч байгаа, хувиараа тээвэр хийж орлого олдог зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд засарч хүмүүжих боломж олгох үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Энхбадрахад мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Энхбадрах нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Богд овогт Дүгэрийн Энхбадрахыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхбадрахыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Энхбадрахад оршин суух газар, ажлаа өөрчилсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхбадрах нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Энхбадрахад мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Энхбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхбадрах нь хохирогч Б.Лхагважаргалд 1.200.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Энхбадрахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР