| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0803/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/788 |
| Огноо | 2020-12-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/788
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М овогт Т-ийн Аод холбогдох эрүүгийн 20100 2064 1025 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч П.Энхболд, шүүгдэгч Т.А нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, М овогт Т-ийн А /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Т.А нь 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд иргэн Х.Б-гаас “23.910.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Хүрд өргөө” ХХК-ийн Өргөө хотхоны шинээр баригдаж байгаа орон сууцны 46.1 мкв талбайтай 2 өрөө байрны урьдчилгаанд өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “уг мөнгийг урьдчилгаанд өгсөн” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хувийн хэрэгцээндээ захиран зарцуулж бага хэмжээнээс дээш хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би Б эгчийн байранд амьдраад удаж байгаа бөгөөд бид хоёр сайн танилын харилцаатай байдаг. Надад байрны урьдчилгаанд төлөөрэй гэсэн мөнгийг би өөрийн хувийн бизнестээ зарцуулаад, тухайн үед нь буцааж өгч чадаагүй. Гэм буругаа хүлээн зөвшөөрч, прокурорын хяналтын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлт болон улсын яллагчаас гаргаж буй эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч дэмжиж байна. Хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 2064 1025 дугаартай хэргээс:
1. Н.Н-гийн Хаан банкин дахь 5039хххх72 тоот данснаас 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Т.Аын Хаан банкин дахь 5021хххх07 тоот дансанд нийт 23.912.000 төгрөг шилжүүлсэн талаарх мэдээлэл бүхий мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 05-07х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.Н-гийн хохирогчоор өгсөн:
“...Манай төрсөн эгчийн том охин Х-ийн Б нь Канад Улсад амьдраад 10 гаран жил болж байгаа юм. Манай дүү өөрийн хүү, охин хоёртоо байр авах гээд А гэх залуутай ярьсан гэсэн. Тэр залуу нь гадуур явж “байр ямар үнэтэй байгаа, урьдчилгаа төлбөрт хэдэн төгрөг өгөх эсэх асуудлыг мэдээд өгье” гэж хэлээд улмаар “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрд Өргөө” ХХК-ийн “Өргөө” хотхоны шинээр баригдаж байгаа амины орон сууцнаас 46.1 мкв хэмжээтэй 2 өрөө байрыг захиалахаар боллоо, урьдчилгаа төлбөр 23.910.000 төгрөг болох юм байна” гэхээр нь манай дүү Б уг мөнгийг Аод шууд өгөлгүй, надаар дамжуулан өгүүлсэн. Би А гэх залуугийн Хаан банкин дахь 5021хххх07 тоот дансанд 2020 оны 9 сарын 24-ний өдөр 6.0 сая төгрөг, 2020 оны 9 сарын 26-ны өдөр 5.360.000 төгрөг, 2020 оны 10 сарын 01-ний өдөр 6.212.000 төгрөг, 2020 оны 10 сарын 02-ны өдөр 6.340.000 төгрөг, нийт 23.910.000 төгрөг шилжүүлээд, мөнгө өгсөн баримтаа Хан-Уул дүүрэгт байрлах нотариатаар баталгаажуулах болсон.
Тэгэхэд А гэх залуу уг мөнгөөр байрны урьдчилгаа төлбөр төлөөгүй, өөрөө үрчихсэн байсан. ...А нь надад “бүх мөнгийг байрны урьдчилгаа төлбөрт өгчихсөн байгаа” гэхээр нь Хан-Уул дүүргийн нотариат дээр очоод нийт 23.910.000 төгрөг авсан гэх баримт хийлгэх гэхэд нотариатч нь “байрны урьдчилгаа төлбөрт өгсөн гэсэн дансны гүйлгээний хуулга баримтаа аваад ир” гэхэд А нь 3 ширхэг банкны баримт авч ирж үзүүлсэн. Гэтэл уг баримтууд нь байрны урьдчилгаа төлсөн биш, өөр гүйлгээний мөнгө шилжүүлсэн хуурамч баримт байсан юм. Ингээд А гэх залууг цагдаад барьж өгсөн.
...А нь 2020 оны 10 сарын 07-ны өдөр 1.0 сая төгрөг, 2020 оны 10 сарын 28-ны өдөр 22.912.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Одоо хохирол бүрэн төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,
3. Т овогтой А-ын Хаан банкин дахь 5021хххх07 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 48-51х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.А-ын яллагдагчаар өгсөн:
“...Би өөрийн танил Б эгчийн байранд 5 жилийн хугацаанд амьдарч байгаа, бид хоёр их дотно байдаг. Тэгээд эгч надад “Монголд байр авах хэрэгтэй байна, чи гайгүй байр байвал сураглаж байгаарай” гэж захиж байсан. Б эгч өөрөө Канад Улсад амьдарч байгаа бөгөөд өөрийн нагац ах Нэргүйд байрны урьдчилгаа мөнгө шилжүүлсэн байсан.
Би Н ахаас 4 удаагийн гуйвуулгаар 23.910.000 төгрөг авсан. Би өөрөө хувиараа дархлааны бүтээгдэхүүн зарж борлуулдаг бөгөөд Нэргүй ахаас авсан мөнгөө өөрийн бизнест зарцуулаад, буцааж өгч чадаагүй. Тэгээд Цагдаагийн байгууллагаас надаас мэдүүлэг авсаны дараа 2020 оны 10 сарын 07-ны өдөр 1.0 сая төгрөг, 2020 оны 10 сарын 28-ны өдөр 22.912.000 төгрөг шилжүүлж, хохиролгүй болгосон. Би өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 42х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 43х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 44-45х/, шүүгдэгч Т.Аоос өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 56х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч Т.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлөн прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг /хэргийн 56х/ гаргаснаар 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 253 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг хүлээн авч хангасан, прокуророос шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, /хэргийн 61-62х/ эрүүгийн 20100 2064 1025 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Аын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Т.А нь 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд иргэн Х.Б-гаас “23.910.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Хүрд өргөө” ХХК-ийн Өргөө хотхоны шинээр баригдаж байгаа орон сууцны 46.1 мкв талбайтай 2 өрөө байрны урьдчилгаанд өгнө” гэж 23.910.000 төгрөг авсан атлаа байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлэлгүйгээр өөрийн хувийн хэрэглээнд ашиглаж захиран зарцуулж ашигласан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
- Н.Н-гийн Хаан банкин дахь 5039хххх72 тоот данснаас 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Т.Аын Хаан банкин дахь 5021хххх07 тоот дансанд нийт 23.912.000 төгрөг шилжүүлсэн талаарх мэдээлэл бүхий мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 05-07х/,
- хохирогч В.Н-гийн: “...Манай төрсөн эгчийн том охин Хишигдалайгийн Б нь Канад Улсад амьдраад 10 гаран жил болж байгаа юм. Манай дүү өөрийн хүү, охин хоёртоо байр авах гээд А гэх залуутай ярьсан гэсэн. Тэр залуу нь гадуур явж “байр ямар үнэтэй байгаа, урьдчилгаа төлбөрт хэдэн төгрөг өгөх эсэх асуудлыг мэдээд өгье” гэж хэлээд улмаар “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрд Өргөө” ХХК-ийн “Өргөө” хотхоны шинээр баригдаж байгаа амины орон сууцнаас 46.1 мкв хэмжээтэй 2 өрөө байрыг захиалахаар боллоо, урьдчилгаа төлбөр 23.910.000 төгрөг болох юм байна” гэхээр нь манай дүү уг мөнгийг Аод шууд өгөлгүй, надаар дамжуулан өгүүлсэн. Би А гэх залуугийн Хаан банкин дахь 5021хххх07 тоот дансанд 2020 оны 9 сарын 24-ний өдөр 6.0 сая төгрөг, 2020 оны 9 сарын 26-ны өдөр 5.360.000 төгрөг, 2020 оны 10 сарын 01-ний өдөр 6.212.000 төгрөг, 2020 оны 10 сарын 02-ны өдөр 6.340.000 төгрөг, нийт 23.910.000 төгрөг шилжүүлээд, мөнгө өгсөн баримтаа Хан-Уул дүүрэгт байрлах нотариатаар баталгаажуулсан юм.
Тэгэхэд А гэх залуу уг мөнгөөр байрны урьдчилгаа төлбөр төлөөгүй, өөрөө үрчихсэн байсан. ...А нь надад “бүх мөнгийг байрны урьдчилгаа төлбөрт өгчихсөн байгаа” гэхээр нь Хан-Уул дүүргийн нотариат дээр очиж нийт 23.910.000 төгрөг авсан гэх баримт хийлгэх гэхэд нотариатч “байрны урьдчилгаа төлбөрт өгсөн гэсэн дансны гүйлгээний хуулга аваад ир” гэхэд А нь 3 ширхэг банкны баримт авч ирж үзүүлсэн. Гэтэл энэ нь байрны урьдчилгаа төлбөр төлсөн баримт биш, өөр гүйлгээний мөнгө шилжүүлсэн хуурамч баримт байсан. Ингээд А гэх залууг цагдаад барьж өгсөн.
...А нь 2020 оны 10 сарын 07-ны өдөр 1.0 сая төгрөг, 2020 оны 10 сарын 28-ны өдөр 22.912.000 төгрөгийг шилжүүлж төлсөн. Одоо хохирол бүрэн төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,
- Тэрбиш овогтой Аын Хаан банкин дахь 5021хххх07 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 48-51х/ болон шүүгдэгч Т.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 34-35х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон.
Шүүгдэгч Т.А нь иргэн Х.Б-д “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрд Өргөө” ХХК-ийн “Өргөө” хотхоны шинээр баригдаж байгаа амины орон сууцнаас 46.1 мкв хэмжээтэй 2 өрөө байрыг захиалахаар боллоо, урьдчилгаа төлбөр 23.910.000 төгрөг болох юм байна” гэж Н.Н-гийн дансаар дамжуулан 23.912.000 төгрөг шилжүүлэн авсан атлаа байрны урьдчилгаа төлбөрт төлбөр хийлгүйгээр өөрийн хувийн хэрэглээнд захиран зарцуулж ашигласан гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авах” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Аыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 23.912.000 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлж барагдуулсан бөгөөд тэрээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болыг тэмдэглэв.
“Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Шүүгдэгч Т.Аын хувьд гэмт хэрэг үйлдэж хохирогч Н.Н-д учруулсан эд хөрөнгийн хохирол болох 23.912.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан нь:
- хохирогч Н.Н-гийн: “...Би Т.Аоос 23.912.000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн тодорхойлолт /хэргийн 55х/ баримтаар тогтоогдсон тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 36х/ тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Т.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Аод 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааа тогтоож шийдвэлэв.
Энэ хэрэгт Т.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ю.Нэргүй /Х.Б-/ нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М овогт Т-ийн Аыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Аыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Т.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Т.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ю.Нэргүй /Х.Б-/ нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Т.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД