Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1198

 

Н.Жүрмэддоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2017/00786 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Жүрмэддоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Анхбаярт холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 970 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Н.Жүрмэддорж,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа,

хариуцагч Ж.Анхбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Жүрмэддоржийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие хариуцагч Ж.Анхбаярын эхнэр П.Ариунзаяад 4 970 000 төгрөгийн барааг зээлээр 7 хоногийн хугацаатай өгөөд авч чадахгүй цагдаагийн байгууллагад хандахад нөхөр Ж.Анхбаяр нь өргөдлөө буцаачих би өөрийн биеэр төлж барагдуулна гэж надтай гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд Ж.Анхбаяраас гэрээний дагуу 4 970 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Анхбаярын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Би Н.Жүрмэддорж гэгчээс 4 970 000 төгрөгийн гурил зээлээр аваагүй. П.Ариунзаяад 5.5 тонн гурил зээлээр өгсөн гэдэг боловч үнэн хэрэгтээ 5.5 тонн гурил байсан ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. П.Ариунзаяагийн бие муудаад удаж байгаа, өгсөн авсан зүйлээ санахгүй байгаа. Энэ байдлыг нь далимдуулж тодорхой бус зүйлийг нэхэмжилж байхыг үгүйсгэхгүй. Хэнээс хэдий хэмжээний бараа авсныгаа санавал, Н.Жүрмэддоржийн нэхэмжилсэн гурилыг авсан нь тодорхой болбол би өгнө гэдгээ илэрхийлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл өмнөх зүйлээ санахгүй байгаа. Миний бие энэ хүнээс ямар нэгэн бараа зээлээр аваагүй, хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасныг баримтлан
Ж.Анхбаяраас гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 970 000 төгрөгийг гаргуулах
тухай Н.Жүрмэддоржийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Жүрмэддоржийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр ИХШХШТХ-ийн 116-р зүйлд заасан шаардлагатай нийцээгүй бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлтийг хийлгүй, миний хууль ёсны эрх ашиг сонирхолыг илтэд хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би Ж.Анхбаяртай харилцан тохиролцож; 2016 оны 01 сарын 11-ний өдөр “Төлбөр барагдуулах тухай” гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар батлуулсан. Шүүхээс “Иргэний хуулийн 243.1-д зааснаар Н.Жүрмэддорж, П.Ариунзаяа нарын хооронд гурил худалдах, худалдан авах гэрээ байгуулагсан, мөн хариуцагч П.Ариунзаяагийн өрийг Иргэний хуулийн 124.1-д зааснаар шилжүүлж авч, түүний өмнөөс төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн байна” гэж зөв дүгнэсэн боловч шийдвэрээ гаргахдаа ИХШХШТХ-ийн 40.2, 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж байна.

Шүүхээс хэрэгт авагдсан бичмэл баримт болох Баянгол дүүргийн Прокурорын газрын 1560 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор П.Ариунзаяагийн хэд хэдэн үйлдэл үүний дотор 2015 оны 11 сарын 09-ний өдөр Н.Жүрмэддоржид худалдан борлуулж мөнгийг нь өгнө гэж хэлж итгүүлэн 5500 килограмм гурилыг авч мөнгийг өгөлгүй залилан мэхэлж 4 970 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 148.3-т заасан хүнд гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна гэх боловч П.Ариунзаяаг сэтгэцийн эмгэгийн улмаас хэрэг хариуцах чадваргүй гэж үзэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. / хх-41-42 / Дээрх тогтоол нь Шүүх сэтгэц гэм судлалын 565 дугаартай дүгнэлтэд үндэслэсэн байх бөгөөд уг дүгнэлтээр П.Ариунзаяаг гэмт хэрэг үйлдэхээс өмнө, гэмт хэрэг үйлдэх үедээ түүнчлэн үйлдэснийхээ дараа өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгох чадваргүй “Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, ухаан зүүдчилэн балартах хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан болохыг тогтоожээ. Гэсэн баримтаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болоход нөлөөлжээ.

Хэрэгт авагдсан тогтоол нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. ИХШХШТХ-ийн 44-р зүйлийн 44.2-д “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн байдаг. Эрүүгийн хуулийн 24.1.1 заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Прокурорын тогтоол нь Эрүүгийн хуулийн 64, 65, 66-р зүйлийг зөрчсөн үндэслэлгүй юм. Эмнэлгийн шалгуур, хууль зүйн шалгуураар тогтоогдсон эсэх нь эргэлзээтэй, мөн тогтоол, шүүхийн шийдвэрт дурьдагдсан Шүүх сэтгэц гэм судлалын 565 дугаартай дүгнэлт нь хэрэгт байхгүй байхад иш татаж нотлох баримтаар үнэлсэн. Нотлох баримт нь бусад нотлох баримтаар давхар нотлогдох, шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ бусад баримттай харьцуулан үзэж үнэлэх гэсэн зарчим алдагдаж байна.

Шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д “Сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй” гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул гэж үзсэн нь эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцох тухай хэргийг нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний журмаар шүүх шийдвэр гаргаж шийдвэрлэдэг байхад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад хэлцэл хийгч П.Ариунзаяа нь сэтгэцийн өвчтэй үедээ хэлцэл гэрээ байгуулсан гэдгийг шүүгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад нэг талыг барьж дүгнэлт гаргаж тогтоосон явдал нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлжээ.

Мөн Иргэний хуулийн 56.1.10-д зааснаар хариуцагч Ж.Анхбаяр болон нэхэмжлэгч Н.Жүрмэддорж нарын байгуулсан “Төлбөр барагдуулах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч дээрх гэрээг “Хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардага гаргаагүй. Талууд нэгэнт тухайн нөхцөл байдалд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлж гэрээний зүйлийг зөвшөөрч гэрээг байгуулсан. Талууд уг гэрээ хэлцлийн үр дагаврын талаар маргаагүй болно. Нэхэмжлэлийн шаардлага бол Ж.Анхбаяраас “Төлбөр барагдуулах гэрээ хэлцлийн үндсэн дээр 4 970 000 төгрөг нэхэмжилж байгаа үйл баримт юм.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох талаар хүсэлт гаргасан байхад хүсэлтийг хэлэлцээгүй, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг зэргийг танилцуулаагүй шүүх хуралдааныг хийсэн нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн нотлох баримтын хүрээнд үнэлж тогтоолгүй, тухайн маргаантай харилцаанг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2017/00786 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Н.Жүрмэддорж нь хариуцагч Ж.Анхбаярт холбогдуулж гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 970 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “4 970 000 төгрөгийн үнэ бүхий 5.5 тонн гурилыг П.Ариунзаяад худалдаж, үнийг нь дараа төлөхөөр харилцан тохиролцсон боловч тэрээр төлбөрөө төлөхгүй байсан, нөхөр Ж.Анхбаяр нь түүний өмнөөс төлбөрийг төлж барагдуулах үүргийг хүлээж гэрээ байгуулсан” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Ж.Анхбаяр “нэхэмжлэгчээс гурил зээлээр аваагүй. Эхнэр П.Ариунзаяа өвчтэй байсан тул энэ тухайгаа санахгүй байгаа. Хэдий хэмжээний гурилыг авсан нь тодорхойгүй байх тул энэ талаар тогтоогдсон нөхцөлд, мөн П.Ариунзаяад холбогдуулж эрүүгийн журмаар гаргасан гомдлоо буцааж авбал мөнгийг төлнө гэдгээ илэрхийлж гэрээ байгуулсан” гэж татгалзлаа үндэслэсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Ж.Анхбаяр нь эхнэр П.Ариунзаяагийн өмнөөс 4 970 000 төгрөгийн бараа буюу гурилын үнийг төлж барагдуулахаар үүрэг хүлээж, бичгийн баримтад гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байна. Гэвч П.Ариунзаяагийн өр Ж.Анхбаярт шилжсэнтэй холбоотойгоор түүний төлөх ёстой өр төлбөр нь тодорхой үндэслэлтэй байх шаардлагатай бөгөөд П.Ариунзаяа ямар үүрэг хүлээсэн байсан болох нь хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт заасны дагуу Ж.Анхбаяр нь өмнөх үүрэг гүйцэтгэгчийн харилцаатай холбоотой хариу шаардлагыг тавих эрхтэй.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Учир нь хэрэгт авагдсан зарлагын падаан нь хүлээн авагчийн гарын үсэггүй /хх.26/, агуулахаас гурил ачиж буй гэрэл зураг нь хаана хэнд хүлээлгэн өгч буйг нотлохгүй /хх.24/, маргаж буй үйл баримтын цаг хугацаанд хамааралтай эсэх нь эргэлзээтэй, утасны мессеж эдгээрт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх.113/ зэргээр эд хөрөнгийг П.Ариунзаяад шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Шүүх талуудын хүсэл зоригоос гадуур тэдний хоорондын хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэж улмаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Иргэний хуулийн зохицуулалтыг баримталсан нь буруу байхаас гадна хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Анхбаяраас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхгүй байна.

 

   Иймд анхан шатны шүүх тухайн маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж чадаагүйг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох талаар хүсэлт гаргасан байхад хүсэлтийг хэлэлцээгүй, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг зэргийг танилцуулаагүй, шүүх хуралдааныг хийсэн нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна” гэжээ.

 

Хэргийн 120 дугаар талд нэхэмжлэгч Н.Жүрмэддоржийн гараар бичсэн баримт байх бөгөөд тэрээр өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн дээрх гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2017/00786 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар Ж.Анхбаяраас 4 970 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Жүрмэддоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

 

                                                                                 Б.НАРМАНДАХ