Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0679

 

 

 

 

 

 

 

 

А.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч А.С,

Нэхэмжлэгч: А.С,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан газар эзэмшүүлэх дуудлага худалдааны Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м.кв газарт холбогдох хэсэг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1099 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м2 газрыг худалдааны үйлчилгээний зориулалтаар Б.Х эзэмшүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгох, дуудлага худалдааг дахин явуулахыг хариуцагч нарт даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С,

Гуравдагч этгээд Б.Х,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Н,

Орчуулагч Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 110/2022/0023/З         

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.С нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан газар эзэмшүүлэх дуудлага худалдааны Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м.кв газарт холбогдох хэсэг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1099 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м2 газрыг худалдааны үйлчилгээний зориулалтаар   эзэмшүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгох, дуудлага худалдааг дахин явуулахыг хариуцагч нарт даалгах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0044 дугаар шийдвэрээр: 

2.1. “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.С-н шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан газар эзэмшүүлэх дуудлага худалдааны Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м2 газарт холбогдох хэсэг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1099 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м2 газрыг худалдааны үйлчилгээний зориулалтаар Б.Х эзэмшүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгох, дуудлага худалдааг дахин явуулахыг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч А.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Анхан шатны шүүх нь А.С миний нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох газрын дуудлага худалдааны маргаан бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд захиргааны хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.

3.2.Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан гэх газар эзэмшүүлэх дуудлага худалдааны Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м.кв газарт холбогдох” үйл ажиллагаа нь Газрын тухай хууль болон Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д нийцээгүй гэж үзэж байна. Уг дуудлага худалдаа явуулахад хариуцагч тал буюу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар дараах зөрчил гаргасан нь нэхэмжлэгч А.С миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчихөд хүргэсэн гэж үзэж байна.

3.2.1.Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан журмын Хоёр. “Дуудлага худалдаа явуулахад баримтлах зарчим” 2.1. “Дуудлага худалдаа явуулахад дараах зарчмыг баримтална:” 2.1.3. “нээлттэй, ил тод байх”, 2.2.4. “тэгш, шударга оролцоог хангасан байх” зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч А.Сби монгол хэл сайн мэдэхгүй бөгөөд уг дуудлага худалдаанд оролцоход олон хүн өрсөлдөж, хөтлөгчийн монгол хэл дээр хэлж байгаа үгийн утгыг сайн ойлгоогүй байсан. Өөрөөр хэлбэл уг дуудлага худалдаа өглөөний 09 цагаас оройны 22 цаг хүртэл явагдаж байгаад нэг мэдэхэд хөтлөгч дуудлага худалдаа дууссан гэж хэлж байсан. Иймд А.С би уг дуудлага худалдааны жинхэнэ утга агуулгыг монгол хэл сайн мэдээгүйгээс болж ойлгоогүйгээс өнөөдөр олон жилийн турш гагнуурын үйлчилгээ хийж байсан газраа алдаж, эдийн засгаар маш их хохирч байгаа явдалд гомдолтой байна.

3.2.2.Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан журмын Дөрөв. “Дуудлага худалдаанд оролцогч, түүний эрх, үүрэг” 4.4 “Дуудлага худалдаанд оролцогч нэг зөвлөхийн хамт оролцож болох бөгөөд зөвлөх пайз өргөх болон үнэ дуудах эрх эдлэхгүй” гэжээ. Гэтэл А.Сби уг дуудлага худалдаанд зөвлөхгүй оролцсон учраас миний зөвлөхтэй оролцох эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

3.2.3.Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан журмын Ес. “Дуудлага худалдаа явуулах”. 9,8. “Шаардлагатай тохиолдолд дуудлага худалдааны явцын талаар бүрэн дүрс бичлэг хийнэ” гэж заасан. Уг маргаан бүхий газрын дуудлага худалдаа урьд хоёр удаа явагдаж байсан амжилтгүй болж, дахин дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр гарч боловч байсан, энэ удаагийн дуудлага худалдааны оролцогч олон байсан учир зохион байгуулж буй байгууллагаас шаардлагатай гэж үзээд уг дуудлага худалдааны явцын талаар бүрэн дүрс бичлэг хийх ёстой байсан гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх хуралдаанд оролцсон тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б нь “Уг дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан, хариуцагч талаас хууль, журам зөрчөөгүй” гэж миний шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үгүйсгэсэн юм. Хариуцагч тал уг дуудлага худалдаа хууль тогтоомжийн дагуу явагдсан гэдгийг аман тайлбараар биш дуудлага худалдааны явцыг бэхжүүлсэн дүрс бичлэгээр нотлох ёстой гэж үзэж байна.

3.3.Миний өмгөөлөгчөөс уг дуудлага худалдаа нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын дагуу явагдаагүй, уг журмын зарим заалтууд ноцтой зөрчигдсөн, монгол хэл мэдэхгүй иргэнд орчуулагчаар хангаагүй, зөвлөх оролцуулах эрхээр хангаагүй гэдгийг хууль зүйн хувьд тайлбарласан боловч анхан шатны шүүх үл ойшоож, нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0044 дугаартай  шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч А.С миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, маргаанд хамаарах хууль, журмын зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдвэрийг дараах дүгнэлт, үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/440 дугаар “Газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдаа зарлах тухай” захирамжаар Өлгий сумын 11,13 дугаар багуудын нутаг дэвсгэрт хамаарах 6 байршил бүхий газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн, тус өдөр зохион байгуулагдсан  дуудлага худалдааны Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м.кв газарт хамаарах хэсэгт нэхэмжлэгч А.С анх оролцсон байх боловч ялагчаар 57.786.000 төгрөгийн үнийн санал гаргасан иргэн Б.Л тодорсон байна.

2.2. Гэвч “газрын үнийг холбогдох журамд заасан хугацаанд төлөөгүй” гэсэн үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/738 дугаартай захирамжаар дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цахим хэлбэрээр дахин явуулахаар шийдвэрлэжээ.

2.3. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин зохион байгуулсан дуудлага худалдаанд нэхэмжлэгч А.С мөн оролцож, улмаар 69.886.000 төгрөгийн үнийн санал гаргаснаар ялагчаар тодорсон байх боловч “дуудлага худалдааны үнийг холбогдох журамд заасан хугацаанд төлөөгүй” гэсэн шалтгаан үндэслэлээр  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1029 дугаар захирамжаар газрын дуудлага худалдаа явуулах ажлын хэсгийг байгуулж, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1029 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг дахин зарлахаар шийдвэрлэж, 6 нэгж талбарын газрын хэмжээ, байршил, зориулалт, анхны үнэ, дэнчингийн хэмжээг баталсанд Өлгий сум, 11 дүгээр багийн 56 м.кв газар багтсан, улмаар 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дуудлага худалдааг танхимын хэлбэрээр зохион байгуулсан, уг дуудлага худалдаанд нэхэмжлэгч А.С оролцсон байна.

2.4. Уг дуудлага худалдааны ялагчаар Б.Х тодорсон байх бөгөөд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1099 дүгээр захирамжаар “дуудлага худалдаанд оролцож, ялагчаар тодорч, дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн” гэсэн үндэслэлээр Бахытын Харшыгад Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай Тирлик захын хойд талд байршилтай 56 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

2.5. Нэхэмжлэгч А.С “... дуудлага худалдаа замбараагүй явагдсан, ... хэдэн хүн бүртгүүлсэн талаар танилцуулаагүй ... маш олон хүн орж ирээд замбараагүй байдалтай байсан ... дуудлага худалдаанд бүртгүүлээгүй Харшыга гэдэг эмэгтэй орж ирсэн ... улмаар ялагч болсон ... миний бие дуудлага худалдаанд оролцсон боловч монгол хэл мэдэхгүй учир үйл явцыг сайн ойлгоогүй ... дуудлага худалдаа холбогдох журмын дагуу явагдаагүй ...” гэсэн үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан газар эзэмшүүлэх дуудлага худалдааны Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м.кв газарт холбогдох хэсэг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1099 дүгээр захирамжийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м.кв газрыг Б.Х эзэмшүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар, мөн дуудлага худалдааг дахин явуулахыг хариуцагч нарт даалгуулахаар маргасныг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Учир нь,

2.6. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна”, 6.1.1-д “төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9.4-т “Дуудлага худалдаа явуулах Ажлын хэсгийн дарга дор дурдсан эрх, үүрэгтэй:”, 9.4.3-т “дуудлага худалдааны явцын тэмдэглэл үнэн зөв, бүрэн хөтлөгдсөн эсэхийг хянаж баталгаажуулах”, 9.5-д “Дуудлага худалдааны хөтлөгч дор дурдсан эрх, үүрэгтэй:”, 9.5.1-т “дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэж, хувийн дугаар бүхий пайз олгох”, 9.5.3-т “үнэ хаялцуулах дэгийн дарааллын талаар болон өсгөн хэлэх үнийн хэмжээг зарлаж танилцуулах”, 9.5.4-д “дуудлага худалдааны явцын тэмдэглэлийг үнэн зөв, бүрэн хөтлүүлэх”, 9.6-д “Дуудлага худалдааны тэмдэглэл хөтлөгч дор дурдсан эрх, үүрэгтэй:”, 9.6.1-д “дуудлага худалдааны явцын тэмдэглэлийг үнэн зөв, бүрэн хөтлөх”, 9.6.2-д “дуудлага худалдааны явцын тэмдэглэлд оролцогчдоор гарын үсэг зуруулах”, 9.7.1-д “дуудлага худалдаанд оролцогчдыг байраа эзлэхийг урих, оролцогч 3 дахь удаагаа урихад хүрэлцэн ирээгүй тохиолдолд түүнийг дуудлага худалдаанд оролцохоос татгалзсанд тооцож, энэ тухай тэмдэглэлд тусгана”, 9.7.5-д “хөтлөгч дуудлага худалдаанд оруулсан газрын талаар товч танилцуулж, дуудлага худалдааны өсгөн хэлэх үнийн хэмжээг дор дурдсан хүснэгтийн дагуу зарлан, дуудлага худалдаа эхлүүлнэ:”, 9.7.6.оролцогч үнийн санал хэлэхэд хөтлөгч тухайн үнийн саналыг 3 удаа давтаж хэлнэ, 9.7.7-д “бусад оролцогчид энэ журмын 9.7.6-д зааснаас дээш үнийн санал хэлээгүй тохиолдолд хөтлөгч “буулаа” гэж хэлээд “нэг”, “хоёр”, “гурав” гэж тоолсны дараа дуут дохио өгч ялагчийг зарлаж, дуудлага худалдаа хаасныг мэдэгдэнэ”, 9.7.8-д “дуудлага худалдаанд оролцогчид дуудлага худалдааны тэмдэглэлд гарын үсэг зурна”, 9.8-д “Шаардлагатай тохиолдолд дуудлага худалдааны явцын талаар бүрэн дүрс бичлэг хийнэ гэж тус тус заажээ.

2.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зохион байгуулж явуулсан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Газрын дуудлага худалдааны тэмдэглэл”[1]-д “Өлгий сум, 11-р баг 56 м.кв газрын дуудлага худалдаанд 25 иргэн материал ирүүлсэн. Үүнээс 16 иргэн оролцож иргэн Б.Х 17.800.000 төгрөгөөр ... ялалт байгуулав” гэж тэмдэглэгдсэнээс өөр байдлаар нэхэмжлэгчийн маргаж буй 56 м.кв газарт хамаарах дуудлага худалдаа хэрхэн явагдсан талаар тэмдэглэгдээгүй байна.

2.8. Өөрөөр хэлбэл, уг тэмдэглэлд дээрх журамд заасны дагуу дуудлага худалдааны оролцогчдыг бүртгэж, хувийн дугаар бүхий пайз олгосон, үнэ хаялцуулах дэгийн дарааллын талаар болон өсгөн хэлэх үнийн хэмжээг зарлаж танилцуулсан, үнийн саналыг 3 удаа давтан хэлж, дээш үнийн санал хэлээгүй тохиолдолд хөтлөгчөөс “буулаа” хэмээн зарлаж 1-3 хүртэл тоолж, дуут дохио өгч ялагчийг зарлаж, дуудлага худалдааг хаасан, монгол хэл мэдэхгүй оролцогчдыг орчуулга авах эрхээр хангасан болох нь тус тус тусгагдаагүй, хариуцагчаас уг дуудлага худалдааны үйл ажиллагаа дээр дурдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д заасны дагуу явагдсаныг нотлох тэмдэглэл бусад бичгийн баримт нотолгоог шүүхэд гаргаагүй байна.

2.9. Түүнчлэн уг тэмдэглэлд нэхэмжлэгчийн маргаж буй 56 м.кв газарт хамаарах дуудлага худалдаанд оролцохоор 25 иргэн баримт материалаа ирүүлсэн гэж тэмдэглэгдсэн байх боловч 16 оролцогчоос бусад нь ямар шалтгаанаар оролцоогүй болох /өөрсдөө татгалзсан эсэх, эсхүл зохион байгуулагчаас оролцуулахгүй гэж татгалзсан эсэх/ нь тусгагдаагүй, журамд заасны дагуу тэмдэглэлд дуудлага худалдааны оролцогчид гарын үсэг зурсан байх шаардлага хангагдаагүй байхад анхан шатны шүүх “... дуудлага худалдаа журмын дагуу явагдаагүй гэж үзэх нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх маргааныг үндэслэлгүй гэж дүгнэлээ ... гуравдагч этгээд Б.Х нь ... дуудлага худалдааны ялагч болсноор ... гэрээ байгуулж ... газрыг ... эзэмшүүлсэн нь хууль ... журмын заалтуудтай нийцсэн хууль ёсны шийдвэр байна ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

2.10. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан газар эзэмшүүлэх дуудлага худалдааны Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м.кв газарт холбогдох хэсгийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдийн баталсан хүчин төгөлдөр “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д заасантай нийцсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн холбогдох журмыг зөрчиж явагдсан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн газрын дуудлага худалдааны шийдвэрийг үндэслэн гарсан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1099 дүгээр захирамжийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м.кв газрыг Б.Х эзэмшүүлсэн хэсгийг мөн хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч нарын эдгээр маргаан бүхий шийдвэр үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч А.С эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна гэж үзлээ.

2.11. Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон маргаан бүхий захиргааны акт болох хариуцагч Баян-Өлгийн аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дуудлага худалдааны Өлгий сум, 11 дүгээр багийн 56 м.кв газарт холбогдох хэсэг, аймгийн Засаг даргын 2021 оны А/1099 дүгээр захирамжийн Б.Х холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож,  уг газрын дуудлага худалдааг хууль, журамд заасныг баримтлан дахин явуулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.  

2.12. Түүнчлэн хариуцагчаас дуудлага худалдааны үйл явцыг дээр дурдсан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9.8-д “Шаардлагатай тохиолдолд дуудлага худалдааны явцын талаар бүрэн дүрс бичлэг хийнэ” гэж заасны дагуу дүрс бичлэгээр баталгаажуулаагүй, энэ талаарх баримт нотолгоог гаргаж мэтгэлцээгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...дуудлага худалдааны тэмдэглэлд нэхэмжлэгч А.Снь 3 удаа буюу 17,000,000 төгрөг, 17,400,000 төгрөг, 17,700,000 төгрөг гэсэн 3 үнийн санал гаргасан гэж тусгагдсан, ялагч болох Б.Х нь 17,800,000 төгрөгийн үнийн санал гаргасны дараа нэхэмжлэгчээс нэмж үнийн санал гаргаагүй нь бодит байдалтай нийцэхгүй, ... 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн цахим дуудлага худалдаанд нэхэмжлэгч А.С оролцохдоо 69,886,000 төгрөгийн үнийн санал гаргаж дуудлага худалдааны ялагч болж байсан атлаа ялагч Х 17.800.000 төгрөгийн үнийн санал гаргасны дараа нэхэмжлэгчээс 100,000 төгрөгийн үнийн саналыг нэмж хэлэхэд татгалзахааргүй байсан ... хариуцагч уг дуудлага худалдаа хууль тогтоомжийн дагуу явагдсан гэдгийг аман тайлбараар биш дуудлага худалдааны явцыг бэхжүүлсэн дүрс бичлэгээр нотлох ёстой ...” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2022/0044 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан газар эзэмшүүлэх дуудлага худалдааны Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м.кв газарт холбогдох хэсэг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1099 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Б.Х эзэмшүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, дуудлага худалдааг дахин явуулахыг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

 

[1] хх-ийн 74-75