Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 412

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Б

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар.

Нэхэмжлэлийн шаардлага: “2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 332 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Ж.Болормааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг Ж.Б-д олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 291 дүгээр тогтоолоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Энэ хугацаанд нэхэмжлэгч миний бие ямар нэгэн алдаа дутагдалд, сахилгын зөрчил гаргалгүй сайн ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 332 дугаар тогтоолоор Ж.Б-г ажлаас чөлөөлжээ. Уг тогтоол Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн аль зүйл заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй, нөгөө талаар нотлох баримтгүй шийдвэрлэгдсэн нь тогтоолыг хууль бус болох үндэслэлийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-23.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй, зөрчилгүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай тогтоол гарсан байна. Иймд нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заагдсанаар нэхэмжлэл гаргаж байна” гэв.

Нэхэмжлэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.Б нь 30 жил тус салбарт ажилласан мэргэшсэн албан хаагч юм. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын 291 тогтоолоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон.

 Гэтэл тодорхойгүй шалтгааны улмаас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 332 тоот тогтоолоор түүнийг ажлаас халсан байдаг. Ажлаас халсан үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйл 35.1 дэх хэсгийг заан тайлбарладаг. Төрийн албаны зөвлөлөөс санал аваагүй гэх тайлбар нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан төрийн албан хаагчийн баталгааг зөрчиж байна. Хариуцагч тайлбарлахдаа гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Ц нь Засгийн газарт санал ирүүлээгүй учраас Ж.Б-г ажилд томилсон тогтоол хууль бус гэж тайлбарладаг. Санал аваагүй үйлдэл нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл биш Засгийн газрын хэрэг эрхлэх газрын үндсэн ажлын хүрээнд хамаарах асуудал. Засгийн газар Төрийн албаны зөвлөлийн саналыг нөхөж аваад алдаагаа засах боломжтой байсан. 

Ж.Б-г ажлаас халагдсаны дараа хариуцагчдын зүгээс илтээр нэр төрд нь халдаж, түүний олон жилийн хөдөлмөрийг гутаасан шинжтэй үйлдлийг удаа дараа гаргасан. Тодруулбал Засгийн газар тогтоол гаргахдаа Төрийн албаны зөвлөлөөс санал аваагүй, төрийн албаны зөвлөлөөс зарласан шалгаруулалтад оролцсон 4 хүний хамгийн доор жагсаж үнэлэгдсэн гэх мэтээр ажлаас халсан үндэслэлээ төсөөллийн байдлаар тайлбарлаж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөөгүй. Өмнөх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд буцаан томилох тухай шүүхийн шийдвэр гарсны дагуу Засгийн газрын зүгээс шийдвэрийг биелүүлсэн боловч Б.Б-ыг уг албан тушаалд томилох нь хуульд нийцэхгүй, 0-18 насны 1 сая хүүхэд Монгол оронд сурч боловсорч, хүмүүжиж байна. Ийм учраас мэргэшсэн

 хүнийг энэ албан тушаалд томилох ёстой, гэж үзэн Төрийн албаны зөвлөлөөс хүлээн авахаас татгалзсан. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Ц нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн бол гэрчлэх байсан. Ж.Б-г ажилд томилсон тухай Төрийн албаны зүгээс Засгийн газарт хүргүүлсэн санал нь ажлаас халах үндэслэл болохгүй, энэ хүнийг мэргэшсэн болохыг тодорхойлсон учраас саналаа дахин шинээр нөхөж аваад, хэлбэрийн төдий алдаагаа засаад явах боломжтой гэж тайлбарладаг. Миний үйлчлүүлэгч салбарын сайдтайгаа таарамжгүй харилцаатайгаас болж хохирч байна. Иймд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 332 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Ж.Б-г Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг Ж.Б-д олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж өгнө үү” гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Монгол Улсын Төрийн албан зөвлөлөөс Засгийн газрын хэрэг эрхлэх газарт 2017 оны 1102 дугаар албан бичгээр иргэн Ж.Б-г Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон Засгийн газрын 2017 оны 291 дүгээр тогтоол нь Төрийн албан тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 34, 40 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн тул Засгийн газрын 291 дүгээр тогтоолыг хуульд нийцүүлэх талаар арга хэмжээг авах талаар хандаж байсан. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 218 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс захиргааны хэрэг үүсгэн шалгаж тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 980 дугаар шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11, Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын дагуу тус яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Т.Ган-Эрдэнийг Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон байна. 

Гэтэл Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 291 дүгээр тогтоолоор иргэн Ж.Б-г Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон нь маргаан бүхий захиргааны акт шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан төдийгүй зохих хууль, тогтоомжийн хүрээнд төрийн албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч гүйцэтгэж байхад дахин томилгоог яаравчлан хийсэн нь хууль зөрчсөн алдаатай шийдвэр болсон. Иймд хууль зөрчсөн захиргааны актыг хуульд нийцүүлэхээр Засгийн газрын 291 дүгээр тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор Ж.Б-г ажлаас нь чөлөөлсөн” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1102 тоот хуулийн хэрэгжилтийг хангуулах зөвлөмжийн дагуу Ж.Б-г Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 332 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Засгийн газар нь 332 дугаар тогтоолыг гаргахдаа Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжинд дурдсан Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Б-г томилохдоо Төрийн албаны тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан Улсын Их Хурлаас баталсан журмаа зөрчсөн шийдвэрээ хуульд нийцүүлэн өөрөө хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн шаардлагадаа дурдсан үндэслэлтэй нийцэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 113 дугаар тогтоолоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 4 хүнээс дарааллаар 4 дүгээрт орж нөөцөд бүртгэгдсэн болохыг нотолсон нотолгоо болохоос Төрийн нарийн бичгийн даргад шууд томилох үндэслэл болохгүй. 

Засгийн газар нь Ж.Б-г томилохдоо дээрх 113 дугаар тогтоолыг үндэслэл болгон Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.14, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-ийг тус тус зөрчсөн тухай Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийн хүрээнд нийцүүлэн Засгийн газар өмнөх тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д, 39.6-д нийцсэн байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т “Засгийн газрын

тогтоол захирамж нь хууль тогтоомжид нь нийцээгүй бол Засгийн газар өөрөөр буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасан байна. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02 тоот дүгнэлт гарсан байх бөгөөд энэ тогтоолыг захиргааны хэргийн шүүх хуульд нийцүүлэн хэрэглэхгүй байгаа талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/142 тоот албан бичгээр Улсын Дээд шүүхэд хүргүүлжээ. Иймд дээрх нэхэмжлэл бүхий маргааны шийдвэрлэхдээ Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 тоот дүгнэлт, Улсын Их Хурлын 2005 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолыг харгалзан үзэж Ж.Б-ийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд Засгийн газрын итгэмжлэлээр явж байгаа боловч Төрийн албаны зөвлөлийг төлөөлөн оролцож байгаа. Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж, бичиг явуулсны дагуу Засгийн газрын тогтоолоор нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөн асуудал үүссэн байна. Тус зөвлөмжийн агуулгаас дурдвал тухайн албан тушаал албан тушаалыг сул орон тоо гэж үзэх ёстой. Гэвч өмнө нь ажиллаж байсан хүн Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшиж, томилогдсон бөгөөд үүнийг Засгийн газар хүлээн зөвшөөрсөн боловч шүүхэд хандаад маргаантай байгаа учир уг албан тушаалыг сул орон гэж үзэх боломжгүй.

Магадгүй Б.Б гэдэг хүн албан тушаалдаа томилогдсоны дараа Ж.Б шүүхэд хандаад явах нь зүйтэй болов уу. Төрийн албаны зөвлөлөөс явуулсан саналд “...нэр дэвшиж, сонгон шалгаруулалт явуулан томилох нь хуульд нийцнэ” гэсэн агуулгатай байдаг. Ж.Б-г хувь хүний хувьд мэргэжлийн ур чадвар, туршлагагүй гэж дүгнэсэн зүйл байхгүй. Б.Б-ыг ажилд нь эгүүлээд томил гэсэн гурван  шатны шүүхийн шийдвэр гарсан” гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 332 дугаар тогтоолоор “Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 1102 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн 1. Ажилд томилох тухай Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 291 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Ж.Б-г Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсүгэй” хэмээн шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Ж.Б уг тогтоолыг эс зөвшөөрөн, тус шүүхэд хандан “Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 332 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ж.Б-г Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа:

“Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 332 дугаар тогтоолыг хүчингүй болгож, иргэн Ж.Б-г Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалинг Ж.Б-д олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгах” хэмээн нэмэгдүүлсэн.

Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Б нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Засгийн газар 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 291 дүгээр тогтоол гарган Ж.Б-г /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны шалгалтад тэнцэж, нөөцийн 4-т бүртгэгдсэн/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохдоо хуульд заасан журмыг зөрчсөн гэх асуудалд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Ийм байтал хуулийн хэрэгжилтийг хангуулах нэрийдлээр хуулийн тодорхой үндэслэлгүйгээр, нэхэмжлэгчид тайлбар гаргах боломж олголгүй ажлаас чөлөөлсөн” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас татгалзлалын үндэслэлээ “Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 1102 тоот  зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурлаар баталсан журам зөрчсөн шийдвэрээ Засгийн газар өөрөө хуульд нийцүүлэх хүрээнд хүчингүй болгосон” гэж тус тус тайлбарлан маргадаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 217 дугаар тогтоолоор иргэн Б.Б-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Улмаар 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн  “Ажилд томилох тухай” 291 дүгээр тогтоолоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн 4-т бүртгэгдсэн нэхэмжлэгч Ж.Б-г уг албан тушаалд томилжээ.

Гэвч хариуцагчийн энэхүү 2017 оны “Ажилд томилох тухай” 291 дүгээр тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн  351 дүгээр зүйлийн 351.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ийн 34, 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн болох нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 113 дугаар болон 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1102 дугаар албан бичиг, Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар, холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2-т заасанчлан Засгийн газар хууль тогтоомжид нийцээгүй тогтоол, захирамжаа өөрөө хүчингүй болгох эрхтэй.

Хуульд заасан хариуцагчийн энэхүү үндсэн бүрэн эрх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” болон Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д заасан “хууль дээдлэх” зарчимд нийцсэн байдлаар хэрэгжих учиртай.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн оролцогчдоос гаргасан тайлбар зэргээс үзэхэд хариуцагч Засгийн газар нь маргаан бүхий акт болох  2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 332 дугаар тогтоолыг гаргахдаа тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Ж.Б-д Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасан эрхийг эдлүүлээгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасанчлан сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа нотолсон ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “... /захиргааны акт/ үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмуудыг хангасан байх талаар тусгайлан заасан. 

2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд буцаан томилох шаардлагын тухайд: 

Шүүхээс тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэж байх хугацаанд иргэн Б.Б-ны нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох “Ажлаас чөлөөлөх тухай” Засгийн газрын 2017 оны 217 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 247 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасанчлан нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Б-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон байх тул нэхэмжлэгч Ж.Б-г Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй байна. 

 

Иймд нэхэмжлэгч Ж.Б-ийн нэхэмжлэлийн 1, 3 дугаар шаардлага болох Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 332 дугаар тогтоолыг хүчингүй болгох, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гаргах хүртэлх ажилгүй байсан хугацааны /141 хоног/  цалинтай тэнцэх олговор 6.604.382 төгрөгийг Засгийн газраас гаргуулах шаардлагыг тус тус хангаж, үлдэх хэсэг болох Ж.Б-г Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 332 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Ж.Б-ийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 6,604,382 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХТУЛГА