Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2018/ДШМ/018

 

Н.Бод холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Н.Б

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Бын гаргасан давж заалдах гомдлоор Н.Бод холбогдох эрүүгийн 1714000000171 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Н.Б, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

1997 оны 12 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих,

1998 оны 02 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 6 сар хорих,

2004 оны 08 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих,

2009 оны 06 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар баривчлах,

2011 оны 08 дугаар сарын 01-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулан уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож байсан,

2014 оны 02 дугаар сарын 28-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах,

2017 оны 10 дугаар сарын 18-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,

Н.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 11-р гудамжны “Цагаан хайрхан” нэртэй хүнсний дэлгүүрийн урд талд иргэн Ж.Зыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Н.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Боржигон овогт Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолоор Н.Бод оногдуулсан 2 жил хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар сольж тооцон 1 сар 20 хоног хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Н.Бод оногдуулсан 2 жил 1 сар 20 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Н.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Н.Бын эзэмшлийн “Нокиа” 1661 маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд, хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар иштэй хутгыг устгаж, Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа тул эрхэм шүүгч та бүхэн 2 жил 1 сар 20 хоног хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсч байна. Миний эхнэр бие муутай гэртээ 2 хүүхдээ асран харж байдаг. Эхнэр маань ажил хийх боломжгүй тул ар гэрийн минь амьдрал хэцүү байгаа, ээжийг минь харж хандах хүн байхгүй, ээж маань хөгшин настай хүн тул би ээж, эхнэр, хүүхдээ харж ханддаг юм.

Миний бие Н.Б нь улирлын чанартай ажил хийж мөнгөөр нь ар гэрийнхээ амьдралыг залгуулдаг, дахин ийм хэрэг хийхгүй гэдгээ та бүхэнд амлаж байгаа тул ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Н.Бын үйлдсэн хэрэг нь тогтоогдсон. Анхан шатны шүүх түүний өмнөх тэнсэгдсэн ял шийтгэлийг нэмж нэгтгэн хорих ял эдлэх хугацааг тогтоосон нь үндэслэлтэй зөв болжээ. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлаж үзвэл Н.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 11-р гудамжны “Цагаан хайрхан” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Ж.Зыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ж.Зын “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн орой 17 цагийн үед эхнэр С.Нгийн хамтаар хойд гудам болох 11 дүгээр гудамжны “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүр ортол С.С, Н.Б нар байж байсан, намайг Н.Б нь өдрийн томроод байсан банди байна шдээ гээд байсан. Тэгээд би гэр рүүгээ орохоор дэлгүүрээс гартал араас Н.Б, С.С хоёр гарч ирээд намайг Н.Б дуудаад чи өдөр их том байсан шүү гэхээр нь би яасан бэ гэсэн чинь Н.Б чи амжихгүй шүү гээд миний мөр хэсэг рүү нэг удаа цохиод авахаар би зөрүүлээд цохих гэсэн чинь хальт цохисон чинь Н.Б хутга гаргаж ирээд миний хэвлий хэсэгт хутгалж авсан, тухайн үед С.С манай эхнэр С.Н хажууд байсан бөгөөд би зугтаагаад хашаа руу орох гэтэл миний хэвлий хэсгээс цус гарч байсан..., ...манай эхнэр цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-н 18-19-р тал/

Гэрч С.Нгийн “...тэгтэл гадаа зодоон болсон байхаар нь гараад иртэл Н.Б манай нөхөр хоёр барилцаад авсан байхаар нь би юу болж байна гэсэн чинь Н.Б нь өдрийн томроод байсан бандийг зодох гэж байна гээд манай нөхрийг цохиод авсан, манай нөхөр гараараа цохих гэтэл оноогүй, тэгтэл Н.Б нь гартаа хутга барьсан манай нөхрийн хэвлийн тус газар нэг удаа хутгалж авсан, би нөхрөө татаж аваад хашаа руу зугтаагаад орсон. Тэгтэл Н.Б араас дутуу хутгалчихлаа зүрхэнд нь хутгалах байсан юм гээд араас хөөгөөд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р тал/,

Гэрч С.Сын “...Цагаан хайрхан гэх дэлгүүрт ороод 1 шил архи аваад зогсож байсан чинь гаднаас Ж.З эхнэртэйгээ орж ирсэн. Н.Б архи аваад түрүүлээд гараад явсан, тэгтэл араас нь Ж.З эхнэртэйгээ гараад явсан. Би дэлгүүрээс шоколад авах гээд зогсож байтал дэлгүүр дотор байсан жаахан банди гадаа зодоон болоод байна гэхээр нь гараад иртэл зодоон болсон Ж.Зыг Н.Б хутгалсан гэхээр нь би Н.Боос чи хутгалсан юм уу гэж асуусан чинь үгүй би хутгалаагүй миний хармаан дотроос хутга унасан юм гэж хэлсэн..., ...намайг дэлгүүрээс гараад ирсэн чинь Н.Б нь Ж.Зыг хутгалсан гэж тэнд байсан хүмүүс хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р тал/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №630 тоот хохирогч Ж.Зын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор хийсэн шинжээчийн “...1. Ж.Зын биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих асуудлууд”-ыг хангалттай шалгаж тодруулан Н.Бын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилжээ.

Дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Н.Б нь өмнө нь нийт 7 удаа ял шийтгэгдэж байсан, 2017 оны 10 дугаар сарын 18-нд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №190 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих оногдуулан, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоног хорих ялаар сольж, уг ялуудыг хооронд нь нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэсэнийг буруутгах боломжгүй бөгөөд энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Бын анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 61 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                 ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                             Н.ЭНХМАА