Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/02

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/,

шүүгдэгч Д.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Д-ын Б-д холбогдох эрүүгийн 20100 2342 1051 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “Мөнхийн үсэг” ХХК-д гэрээт дизайнер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Д-ын Б- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 11 дүгэээр сарын 06-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Мөнхийн үсэг” группын спорт зааланд сагсан бөмбөгийн тэмцээний үеэр шүүгч хийж байсан Н.Д-г “буруу шүүлээ, техникийн алдаа өглөө” гэж уурлан улмаар түүнийг заалнаас дуудаж гарган нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, толгой руу нь 3-4 удаа гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь “дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                   

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. .

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлнө. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 2342 1051 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Д-гийн хохирогчоор өгсөн:

“...2020 оны 11 сарын 06-ны өдөр 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Мөнхийн үсэг группын спорт зааланд сагсан бөмбөгийн тэмцээний тоглолтонд шүүгч хийж байхад 10 оноогоор хожигдож байсан багийн тоглогч 1 номерийн өмсгөлтэй Баттулга гэх залуу намайг “буруу харлаа, буруу шүүгээд байна” гэхээр нь “чи дуугай тоглоорой” гэж хэлсэн. Тэгэхэд “чи муу харахгүй байна” гэхээр нь би техникийн алдаа өгсөн. Тэгээд тоглолт дуусахад над дээр хүрч ирээд “чи муу надад техникийн алдаа өгдөг хэн бэ, гараад ир” гэхээр нь би дагаад явж байхад заалны гадаа гарч ирээд миний нүүр рүү шууд мөргөсөн.

Тэгээд миний толгой руу 3-4 удаа гараараа цохисон. Би зодуулаад байж байхад хажуунаас танихгүй хүмүүс тэр залууг надаас салгасанаар би Цагдаагийн байгууллагад хандах болсон юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10х/,

 

2. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12892 дугаартай:

1. Н.Д-гийн биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 16-17х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-ын яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай байгууллага Хан-Уул дүүргийн Мөнхийн үсэг группын спорт зааланд сагсны тэмцээн зохион байгуулсан. Тухайн тэмцээний үеэр манай тоглолтыг шүүж байсан шүүгч надад зүгээр байхад техникийн алдаа өгч, намайг талбайгаас гаргаж суулгасан. Тэгээд тэмцээн дуусахад би өнөөх шүүгчийг гараад ир гэж гадаа дуудаж гаргаж ирээд нүүрэн хэсэгт нь нэг удаа мөргөхөд хүмүүс бид хоёрыг салгасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 30х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 32х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 35х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 36х/, шүүгдэгч Д.Бас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 40х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлснээр хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 40х/ 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 260 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг  танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрснөөр эрүүгийн 20100 2342 1051 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар прокуророос ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 11 дүгэээр сарын 06-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Мөнхийн үсэг” группын спорт зааланд сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох үедээ, уг тэмцээнд шүүгчээр ажилласан Н.Д-г “тэмцээнийг буруу шүүж, зөрчилгүй байхад техникийн алдаа өгч, талбайгаас гаргасан” гэдгээр шалтгалан маргаан үүсгэж, улмаар түүнийг заалнаас дуудаж гарган нүүрэн тус газарт мөргөх, толгой хэсэгт гаргаараа цохиж зодон биед нь “дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн

- хохирогч Н.Д-гийн: “...2020 оны 11 сарын 06-ны өдөр 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Мөнхийн үсэг группын спорт зааланд сагсан бөмбөгийн тэмцээний тоглолтонд шүүгч хийж байхад 10 оноогоор хожигдож байсан багийн тоглогч 1 номерийн өмсгөлтэй Баттулга гэх залуу намайг “буруу харлаа, буруу шүүгээд байна” гэхээр нь “чи дуугай тоглоорой” гэж хэлсэн. Тэгэхэд “чи муу харахгүй байна” гэхээр нь би техникийн алдаа өгсөн. Тэгээд тоглолт дуусахад над дээр хүрч ирээд “чи муу надад техникийн алдаа өгдөг хэн бэ, гараад ир” гэхээр нь би дагаад явж байхад заалны гадаа гарч ирээд миний нүүр рүү шууд мөргөсөн. Тэгээд миний толгой руу 3-4 гараараа цохисон. Би зодуулаад байж байхад хажуунаас танихгүй хүмүүс тэр залууг надаас салгасанаар би Цагдаагийн байгууллагад хандах болсон юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний “...Н.Д-гийн биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12892 дугаартай дүгнэлт /хэргийн 16-17х/ болон шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 25х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Н.Д-гийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.Б нь түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөх, гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Д.Б-ын дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон байна.   

 

Хэргийн шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Иймд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Н.Амарбаясгалангийн биед учирсан “...дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Н.Д- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй ба хэрэгт толгойн компьютер томограммын зураг авахуулсан төлбөрт 120.000 төгрөг төлсөн төлбөрийн баримтыг хавсарган ирүүлсэн тул уг 120.000 төгрөгийг хохирлын нөхөн төлбөрт тооцон шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 36х/ тогтоогдсон.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарх гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэж шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Д.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Т овогт Д-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Т овогт Д-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохиролд тооцон Д.Бас 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:/, Новогт Н-ын Дад олгосугай.

 

5. Энэ хэрэгт Д.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД