Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 131/ШШ2017/000112

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багт оршин суух, эмэгтэй, ВП91120601 регистрийн дугаартай, Тавнан овогт Цэрэндагвын Дуламсүрэнгийн М.Эрхэмбаяртай хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Дуламсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Мижиддоржийн Эрхэмбаяртай 2015 оны 01 сард танилцаж түүнээс хойш үерхэж байгаад улмаар жирэмсэн болж 2016 оны 04 сарын 12-ны өдөр охин Д.Амин-Эрдэнийг төрүүлсэн. М.Эрхэмбаяр бид хоёр 2015 оны 03 сараас хойш Дархан хотод хамтран амьдарч байгаад 2015 оны 06 дугаар сараас Жаргалант сумын 4 дүгээр багт хадмынхаа хажууд амьдарч эхэлсэн. Хамт амьдарч байгаад цаашид гэрлэлтээ батлуулан, хурим найраа хийнэ гэж байтал миний нөхөр М.Эрхэмбаяр нь 2016 оны 01 сарын 21-ний өдөр хээр, гадаа явж байгаад биеийн байдал гэнэт муудаж нас барсан тул нийгмийн халамжийн газар хандаж охин Д.Амин-Эрдэнэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн болов ч албан ёсны тэжээгч мөн эсэхийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн хариу өгсөн. Иймд намайг М.Эрхэмбаяртай хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Ц.Дуламсүрэнгийн иргэний үнэмлэхний, охин Д.Аминэрдэний төрсний гэрчилгээний, М.Эрхэмбаярын нас барсны гэрчилгээний хуулбарууд, Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт,  гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Э.Лхагвасүрэн, Т.Алтаншагай, Д.Наранцэцэг нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Дуламсүрэн нь М.Эрхэмбаяртай хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Энэ нь:

М.Эрхэмбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан болох нь нас барсны 0000174917-001 дугаарт бүртгүүлсэн болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.

Хүсэлт гаргагч Ц.Дуламсүрэнгийн “...Миний бие нь Мижиддоржийн Эрхэмбаяртай 2015 оны 01 сард танилцаж түүнээс хойш үерхэж байгаад улмаар жирэмсэн болж 2016 оны 04 сарын 12-ны өдөр охин Д.Амин-Эрдэнийг төрүүлсэн. М.Эрхэмбаяр бид хоёр 2015 оны 03 сараас хойш Дархан хотод хамтран амьдарч байгаад 2015 оны 06 дугаар сараас Жаргалант сумын 4 дүгээр багт хадмынхаа хажууд амьдарч эхэлсэн....” гэх шүүх болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар нь “...Энэ хоёр хүүхэд 2015 оны 06 дугаар сараас эхлээд 2016 оны 01 дүгээр сар хүртэл хадмынхаараа болон манайхаар ирэн очин байдаг байсан. Охин Ц.Дуламсүрэн жирэмсэн учраас хадмынхаа хашаанд нэг гэр бариад тусдаа гарсан байсан гэв....” гэх Ц.Дуламсүрэнгийн төрсөн эх Д.Наранцэцэгийн гэрчээр  оролцож мэдүүлсэн мэдүүлэг, “....Ц.Дуламсүрэн, М.Эрхэмбаяр нар нь 2015 оны 01 дүгээр сард танилцаад Ц.Дуламсүрэн нь Дархан хотод суралцдаг байсан учраас Дарханы оюутны байранд 2015 оны 03 дугаар сараас 2015 оны 06 дугаар сар хүртэл хамтран амьдарч байгаад нутагтаа буцаж ирээд Жаргалант сумын 4 дүгээр багт манай хажууд тусдаа гэрт 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сард хүртэл хамт амьдарсан. 2016 оны 01 дүгээр сард манай хүү өнгөрч, бэр Ц.Дуламсүрэн нь жирэмсэн хоцорсон юм. Уг нь Ц.Дуламсүрэнг аав, ээжээс нь гуйчихсан, хадаг тавьчихсан байсан. 2016 оны намар хуримыг нь хийнэ гэж төлөвлөж байсан юм...” гэх  талийгаач М.Эрхэмбаярын төрсөн эх Э.Лхагвасүрэнгийн гэрчээр оролцож мэдүүлсэн мэдүүлэг,  “....М.Эрхэмбаяр нь манай сумын оршин суугч байсан. Харин Ц.Дуламсүрэнгийн хувьд 2015 оны 12 дугаар сард түр оршин суугчийн судалгаа аваад айлуудаар явж байхад Мижиддоржийн хашаанд нь тусдаа гэрт М.Эрхэмбаяр, Ц.Дуламсүрэн нар хамт амьдарч байсан. Миний бие, багийн Засаг даргатай хамт судалгаа аваад явж байсан. Тэр үеэр Ц.Дуламсүрэн, М.Эрхэмбаяр нар нь гэрлэлтээ хэрхэн батлуулах, хүүхдээ эцгээр нь овоглох талаар надаас мэдээлэл авч байсан.....” гэх Жаргалант сумын Улсын бүртгэгч Т.Алтаншагайгийн мэдүүлэг, М.Эрхэмбаяр, Ц.Дуламсүрэн нар нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт хамтран амьдарч байсныг тодорхойлсон Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн Засаг даргын  13 тоот албан бичиг, 2015 онд Ц:Дуламсүрэн, М.Эрхэмбаяр нарын хамт авахуулсан гэх гэрэл зурагт шүүх үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь тэднийг 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт хамтран амьдарч байсан болохыг нь нотолсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116 , 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Тавнан овогт Цэрэндагвын Дуламсүрэн, Алтанбосго овогт Мижиддоржийн Эрхэмбаяр нарыг 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч,тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ