Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/23

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа /томилолтоор/,

шүүгдэгч Д.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Д-ын Б-д холбогдох эрүүгийн 20100 2406 1101 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “Асартайн говь” ХХК-д операторчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Д-ын Б /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 1-24 тоот хашаанд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Г.М-тэй өр тооцооны асуудлаас болж маргалдан, түүний толгойн тус газарт нь гараараа цохиж, биед нь “...дух, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, тархи доргилт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.   

                                               

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж тайлбар гаргасан. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Прокурорын хяналтын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Цаашид ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 2406 1101 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.М-гийн хохирогчоор өгсөн:

“...Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, 24 тоотод урьд нь хамт ажилладаг байсан Бгийн гэрт өр, төлбөр тооцооны асуудал байсан учраас мөнгөө авахаар очсон. Тэдний гэрт Бгийн эхнэр, хүүхдүүд нь байсан. Би Б-г “гэрээсээ гараад ир” гэхэд тэрээр ганцаараа гараад ирсэн. Тэгээд надтай юм ярьж байснаа гэнэт үсдээд, гараараа толгой руу цохиод байсан. Тэгэхэд эхнэр нь гарч ирж салгахаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, санал нийлж байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийг хурдан шийдүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19х, 20х/,

 

2. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13013 дугаартай:

1.2. Г.М-гийн биед дух, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 11-12х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-гийн яллагдагчаар өгсөн:

“...Манай ажлын газрын эмэгтэй болох Г.М нь ер нь над руу байнга утсаар залгаад, мессеж бичээд байдаг юм. Утсаар залгаад байхаар нь утсыг нь аваагүй, мөн дугаарыг нь блоклочихсон. Тэгэхэд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний 23 цагийн үед манай гэрт хүрээд ирсэн. Яаж манай гэрийг олж ирсэн талаар бол мэдэхгүй байна. Тэгээд манай гэрийн хаалгаар шагайгаад “гараад ир” гэхээр нь би хувцсаа өмсөөд гараад очиход М онцын зүйл яриагүй.

Би түүнээс “надаас юу хүсээд байгаа юм бэ” гэж асуухад олигтой зүйл хэлээгүй. Манай эхнэр лүү элдвийн мессеж бичээд байсан талаар гэнэт бодогдоод би түүнийг 2-3 удаа алгадчихсан. Тэгээд М цагдаад дуудлага өгсөн. ...Хийсэн хэрэгтээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-40х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 29х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 30х/, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 31х/, шүүгдэгч Д.Б-гээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 45х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн байгууллагын шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 45х/ 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 265 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрснөөр эрүүгийн 20100 2406 1101 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар прокуророос ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Б нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 1-24 тоот хашаанд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Г.Мг “манай эхнэр лүү элдвийн мессеж явууллаа” гэсэн шалтгаанаар түүний толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь “...дух, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн

- ШШҮХ-ийн шинжээчийн: “...Г.М-гийн биед дух, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13013 дугаартай дүгнэлт /хэргийн 11-12х/,

- хохирогч Г.М-гийн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, 24 тоотод урьд нь хамт ажилладаг байсан Бгийн гэрт өр, төлбөр тооцооны асуудао байсан учраас мөнгөө авахаар очсон. Тэдний гэрт Бгийн эхнэр, хүүхдүүд нь байсан. Би Бг “гэрээсээ гараад ир” гэхэд тэрээр ганцаараа гараад ирсэн. Тэгээд надтай юм ярьж байснаа гэнэт үсдээд, гараараа толгой руу цохиод байсан. Тэгэхэд эхнэр нь гарч ирж салгахаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, санал нийлж байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийг хурдан шийдүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19х, 20х/ болон шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 39-40х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Г.М-гийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...дух, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, тархи доргилтгэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.Б нь түүний толгой, нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Д.Бгийн дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон байна.  

 

Хэргийн шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Г.М-гийн биед учирсан “...дух, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Энэ хэргийн хохирогч Г.М нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү.” хэмээн хүсэлт гаргаж /хэргийн 20х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.

Иймээс шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 29х/ тогтоогдсон.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарх гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Х овогт Д-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Х овогт Д-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг ШШГТХ-ийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтооосн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт Д.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.М нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД