| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0018/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/27 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/27
2021 01 14 2021/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-гийн Э-ад холбогдох эрүүгийн 20100 0000 1024 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 104 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ц-гийн Э- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ц.Э нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 дугаар байрны 13 тоотод 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 03 цагийн орчимд эхнэр /хохирогч/ Я.Г-тэй маргалдан зодож, биед нь “...духанд шарх, зулгаралт, зүүн бугалга, зүүн мөр, зүүн гарын шуу, баруун гарын сарвуу, баруун мөрөнд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. .
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад шүүхэд нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, дахиж ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 0000 1024 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я.Г-ийн хохирогчоор өгсөн:
“...Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2 найзын хамт саунд орчихоод Хүүхдийн зуугийн тэнд байдаг паб-д ороод сууж байхад нөхөр Э над руу залгаад “би харьж байна” гэхээр нь би байгаа газраа зааж өгсөн. Мөн “хүүхдүүдээ айлд үлдээсэн, ирэхээр чинь хүүхдүүдээ аваад хамт харъя” гэж хэлсэн. Удалгүй нөхөр Э хүрч ирээд найзуудтайгаа виски уусан гэж хэлсэн ба хамт байсан найзын нөхөр машинтай ирэхээр нь хүүхдүүдээ аваад гэртээ хүргүүлсэн. Тэгээд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 68 дугаар байранд байх гэртээ шөнийн 00 цагийн үед Ц.Э, хамт ирсэн найзууддаа хоол хийж өгөөд, 1 шил архи задалж ууцгаасан.
Гэхдээ нээх их уугаагүй, хоол болоод найз нар нь хоол идчихээд гараад явсан. Шөнө 03:00 цагийн үед би унтах гээд хэвтэж байхад Э үснээс зулгаагаад босгож ирээд толгой руу гараараа 5-6 удаа цохиод агсан согтуу тавьсан. Энэ үед гаднаас найз Бурмаа “утсаа мартчихсан байна” гээд гэрт ороод ирсэн ба намайг салгах гэхэд манай нөхөр Э миний уруул руу цохисон ба миний бүрмэл шүд унасан. Тэгэхэд Бурмаа гаднаас Нараа эгчийг нөхөртэй нь хамт дуудсан. Тэр хоёр орж ирээд салгахаар нь би нөхөр Эын халааснаас өөрийн гар утсаа аваад Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөн духнаас цус гарсан байхаар нь түргэн тусламж дуудаж үзүүлээд, духан дээрээ оёдол тавиулсан.
Бид хоёр маргалдаагүй, намайг шууд зодсон. Өмнө нь Япон Улсад байдаг төрсөн дүүтэй бичсэн мессежийг уншсан юм шиг байна лээ. Чи яагаад намайг муулаад байгаа юм бэ гэж байсан. ...Өмнө нь 2-3 удаа зодож байсан ба тухайн үед нь цагдаагийн байгууллагад нэг удаа хандаж байсан. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х/,
2. “Хүчирхийллийн эрсдлийн түвшинг “бага” гэж дүгнэсэн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ баримт /хэргийн 07-08х/,
3. ШШҮХ-ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12366 тоот:
1. Я.Г-ийн биед духанд шарх, зулгаралт, зүүн бугалга, зүүн мөр, зүүн гарын шуу, баруун гарын сарвуу, баруун мөрөнд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 18-19х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Эын яллагдагчаар өгсөн:
“...Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байгаад найз ирэхээр нь нэг шил архи уусан. Тэгээд гэртээ харих гээд явж байхад 19:00 цагийн үед манай эхнэр Я.Г- над руу утасдаад “Хүүхдийн зуугийн тэнд паб-д сууж байна, хүүхдүүдээ хажуу айлд үлдээсэн, хүрээд ир, хамт харъя” гэхээр нь очоод хамт сууж байхад найзых нь нөхөр машинтай хүрч ирэхээр нь хүүхдүүдээ айлаас аваад Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 68-13 тоотод байх гэртээ хүргүүлсэн. Тэгээд эхнэрийн найз нарыг “манайд орооч, хоол хийж өгье” гээд бүгдээрээ хамт ороод хоол хийж идээд, нэг шил архи задалж уусан. Тэр өдөр манай эхнэр хоол унд хийж байхад туслахгүй, “цай унд хийгээд өгчих” гэхэд ааш муутай байсан бөгөөд өмнө нь эхнэр Ганцэцэг Японд байдаг төрсөн дүүдээ миний талаар “хүүхэн шуухантай орооцолддог” гэх мэтчилэн муу муухайгаар бичсэн байсныг хараад иймд байдлаар харж явдаг юм байна гэж дотроо бодож явсан.
Тэгээд Я.Г- янз бүрийн ааш гаргахаар нь найзууд нь санаа зовоод “хононо” гэж байснаа харихаар болж, би эхнэр хүүхдүүдийн хамт гэртээ үлдсэн. Тэгээд эхнэр над руу орилоод дайраад байхаар нь “чамайг ийм ааштай болохоор чинь найз нар чинь хононо гэж байгаад болиод явчихлаа, найз нөхдөө ирж байхад аяга цай унд хийгээд өгчихгүй” гээд хэрүүл маргаан гарсан.
Энэ үед толгой руу нь 2-3 удаа гараараа цохиход духнаас нь цус гарсан. Тэгэхэд гаднаас Бурмаа “утсаа мартчихжээ” гээд орж ирээд бид хоёрыг салгасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэх баримтын хуулбар /хэргийн 29х/, Эын Анужин, Эын Оюунболор нарын төрсний гэрчилгээний хуулбар баримт /хэргийн 39-40х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 40х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 4 сарын 04-ний өдрийн 104 дугаар шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 68-71х/ баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд зохих журмын дагуу шалгагдан тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Эын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Э нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 дугаар байрны 13 тоотод 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 03 цагийн орчим эхнэр Я.Г-тэй “Ор хөнжлийн асуудлаа дүүдээ ярьж, муу муухайгаар хэллээ. Найз нөхдөө ирэхэд хоол унд бэлдэж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гараараа нүүр, толгой руу 2-3 удаа цохиж зодон биед нь “...духанд шарх, зулгаралт, зүүн бугалга, зүүн мөр, зүүн гарын шуу, баруун гарын сарвуу, баруун мөрөнд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:
- хохирогч Я.Г-ийн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2 найзын хамт саунд орчихоод Хүүхдийн зуугийн тэнд байдаг пабад ороод сууж байхад нөхөр Э над руу залгаад “би харьж байна” гэхээр нь би байгаа газраа зааж өгсөн, мөн “хүүхдүүдээ айлд үлдээсэн, ирэхээр чинь хүүхдүүдээ аваад хамт харъя” гэж хэлсэн. Удалгүй нөхөр Э хүрч ирээд найзуудтайгаа виски уусан гэж хэлсэн. Тэгэхээр нь хамт байсан найзын нөхөр машинтай ирэхээр нь хүүхдүүдээ аваад гэртээ хүргүүлсэн. Тэгээд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 68 дугаар байранд байх гэртээ шөнийн 00 цагийн үед Э хамт ирсэн найзууддаа хоол хийж өгөөд, 1 шил архи задалж ууцгаасан. Гэхдээ нээх их уугаагүй, хоол болоод найз нар нь хоол идчихээд гараад явсан. Шөнө 03:00 цагийн үед би унтах гээд хэвтэж байхад Э үснээс зулгаагаад босгож ирээд толгой руу гараараа 5-6 удаа цохиод агсан согтуу тавьсан. Энэ үед гаднаас найз Бурмаа “утсаа мартчихсан байна” гээд гэрт ороод ирсэн ба намайг салгах гэхэд манай нөхөр Э миний уруул руу цохисон ба миний бүрмэл шүд унасан. Тэгэхэд Бурмаа гаднаас Нараа эгчийг нөхөртэй нь хамт дуудсан. Тэр хоёр орж ирээд салгахаар нь би нөхөр Эын халааснаас өөрийн гар утсаа аваад Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөн духнаас цус гарсан байхаар нь түргэн тусламж дуудаж үзүүлээд духан дээрээ оёдол тавиулсан.
Бид хоёр маргалдаагүй, намайг шууд зодсон. Өмнө нь Япон Улсад байдаг төрсөн дүүтэй бичсэн мессежийг уншсан юм шиг байна лээ. Чи яагаад намайг муулаад байгаа юм бэ гэж байсан. ...Өмнө нь 2-3 удаа зодож байсан ба тухайн үед нь цагдаагийн байгууллагад нэг удаа хандаж байсан. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х/,
- ШШҮХ-ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12366 тоот:
1. Я.Г-ийн биед духанд шарх, зулгаралт, зүүн бугалга, зүүн мөр, зүүн гарын шуу, баруун гарын сарвуу, баруун мөрөнд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 18-19х/,
- “Эрсдлийн түвшин бага” гэж дүгнэсэн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ баримт /хэргийн 07-08х/ болон шүүгдэгч Ц.Эын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 26-27х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хохирогч Я.Г-ийн биед учирсан “духанд шарх, зулгаралт, зүүн бугалга, зүүн мөр, зүүн гарын шуу, баруун гарын сарвуу, баруун мөрөнд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ц.Э түүний толгой, нүүр рүү цохих зэргээр зодсон үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хэргийн хохирогч Я.Г-, шүүгдэгч Ц.Э нар нь дундаасаа үр хүүхэдтэй, эхнэр, нөхөр болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу уг хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд юм.
Нөгөөтэйгүүр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.
Шүүгдэгч Ц.Э нь эхнэр Я.Г-ийг “Ор хөнжлийн асуудлаа дүүдээ ярьж, муу муухайгаар хэллээ, найз нөхдөө ирэхэд хоол унд бэлдэж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар бие махбодид хүч хэрэглэн халдаж нүүр, толгой руу гараараа цохиж зодон бие махбодын хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжтэй байна.
Прокуророос Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон ба хэргийн талаар нотолбол зохих байдлууд шалгагдан тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Эыг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.
Хэргийн хохирогч Я.Г-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Я.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө “...Гомдолтой..” хэмээн мэдүүлж /хэргийн 12-13х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 40х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 69-71х/ тус тус авагдсан ба урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм. Тодруулбал: “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.
Шүүх, шүүгдэгч Ц.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт Ц.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Я.Г- нь баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Ц-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б овогт Ц-гийн Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Ц.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Я.Г- нь баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД