| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0801/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/30 |
| Огноо | 2021-01-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/30
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт В-ын Ч-д холбогдох эрүүгийн 20030 0469 0408 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Дэлгэрмаа, хохирогч Ш.А, шүүгдэгч В.Ч нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хаан хатан” СӨХ-д харуул ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт В-ын Ч- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч В.Ч нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Алтай” хотхоны зүүн талын замд “Toyota prius” маркийн 16-96 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Ш.Аг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад тус тус зааснаар хэргийн шүүгдэгч В.Ч, хохирогч Ш.А нар нь “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхтэй бөгөөд тэдгээр нь хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэн аль нь “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, бичгээр гаргасан хүсэлт/ тул хохирогч, шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь шүүх хүлээн авч, хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Чы өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би 1994 онд жолооч болсон. Би Замын хөдөлгөөний дүрмээ мэднэ. Миний машины тоормос муу байсны улмаас осол хэрэг гаргасан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан юм. Би машинаа зогсоох арга хэмжээ авсан боловч машины тоормос бариагүй.
Би хохирогчид нэмж хохирол одоогоор төлөөгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.500.000 төгрөгийг хохирол эмчилгээний зардалд төлсөн. Осол хэрэг гарах үед жолоодон явсан Тоёото приус 16-96 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн машин байгаа юм.
Хэрэг учрал болох үед 17 цаг өнгөрч байсан. Гадаа гэгээтэй, бороо ороогүй, зам хальтиргаагүй байсан. Би ойролцоогоор 20 километр цагийн хурдтай явж байсан юм. Мөн би бүрэн бус тээврийн хэрэгслээр зорчих ёсгүйгээ мэдэж байгаа. Хохирогчид учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нөхөн төлж барагдуулна. Ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Агаас:
“...2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ажлаа тараад Алтай хотхоны нарны гүүрэн дээр явган хүний гарцаар зам гараад явж байсан. Зам гараад явж байхад нүд ирмэх зуур замын хашлага руу шидэгдсэн. Тухайн үед толгойгоороо мөргөхгүй юм шүү гэж бодоод унахдаа эгэмээ хугалсан. Манай хүүхдүүд Алтай хотхонд оёдол засвар ажиллуулдаг.
Манай нөхөр хөдөө орон нутагт ажиллаж байгаад ажлаасаа дуудагдан ирж намайг асарч байгаа. Миний хувьд одоо хүртэл хөл дээрээ бүрэн зогсож чадахгүй, дөрвөн хөлтэй таягтай явж байна. Хэдий хугацаанд бүрэн эдгэрч зүгээр болохыг мэдэх боломжгүй, цаашид эмчилгээ сувилгаа шаардлагатай. Шүүгдэгч Ч нь мөрдөн байцаалтын шатанд надад 1.500.000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн. Өөр төлбөр төлөөгүй, дахин надтай холбогдож яриагүй, сэтгэл гаргаагүйд гомдолтой байна.
Ковид-19 гэх айхтар өвчин гараад эмнэлгээр үзүүлж явж чадахгүй байна. Одоо миний хувьд ариун цэврийн өрөө орсон ч юм тулж явж байна. Юм тулахгүйгээр явна гэсэн ойлголт байхгүй. Мөн би өөрөө Алтай хотхонд байр түрээслэн оёдол эсгүүрийн ажил хийдэг байсан, ослоос үүссэн гэмтлийн улмаас удаан сууж ажиллах боломжгүй болсон. Оёдол захиалгын ажлаа хийж байхдаа дор хаяж өдөртөө 30.000 төгрөгийн орлого олчихдог байсан. Энэ боломж хязгаарлагдаж орлогогүй болсон. Өдрийн ажлын орлого зарлагын дэвтэр байдаг, гэхдээ хэрэгт гаргаж өгөөгүй.
Миний баруун хөлний өвдөгний доогуур цууралттай, зүүн эгэм хугарсан, хамрын таславч цуурсан. Цаашид хамрын таславчийн хагалгаанд орох шаардлагатай. Хөлний хагалгаанд ороод хөл дээрээ явсан тохиролдолд хамрын таславчийн хагалгаанд ор гэж эмч зөвлөсөн. Хагалгааны төлбөр нь 1.500.000 төгрөг байдаг юм байна. Гэмтлийн эмнэлэгт 9 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан. Эмнэлгийн зүгээс одоо хийх эмчилгээ байхгүй, ясны хугарал цуурал нь өөрөө бороолж эдгэнэ гэдгийг хэлсэн.
Шүүгдэгчээс надад өгсөн 1.500.000 төгрөг нь бүрэн эмчилгээ хийлгэхэд хаанаа ч хүрэхгүй байна. Манай нөхөр Ш.Нямдарь нь “Их Модун” ХХК-ийн барилга дээр бригад ахалж ажилладаг байсан. Намайг осолд орсноос хойш асарч сувилан ажлаа хийхгүй, цалин орлогогүй болсон. Иймд одоо шүүгдэгч Чаас хохиролд тооцон нийт 16.100.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ нь: Цаашид хийлгэх эмчилгээний төлбөрийн /хамрын хагалгаа хийлгэх/ 1.500.000 төгрөг, олох байсан орлогыг сард 900.000 төгрөгөөр тооцож, нийт 12 сараар бодоход 10.800.000 төгрөг /30хоног, өдрийн 30.000 төгрөгийн орлоготой/, нөхрийн ажилгүй байсан хугацаа 9, 10 сарын цалин нийт 3.800.000 төгрөг, нийт 16.100.000 төгрөг нэхэмжлэх хохирлын тооцоо гарч байгаа юм. Шүүгдэгчээс өмнө өгсөн 1.500.000 төгрөг нь одоо нэхэмжилж буй хохирлын тооцоонд хамаарахгүй, өмнө гарсан эмчилгээний зардалд тооцогдоно. Нөхөр Нямдарийн цалин хөлсний тодорхойлолт баримтыг байгууллагаас нь авч хэрэгт өгсөн байгаа. Шүүгдэгч В.Ч цаашид Замын хөдөлгөөний дүрмээ сайн судалж, анхаарал болгоомжтой байхгүй бол над шиг олон хүн бэртээж гэмтээх вий гэж захиж хэлмээр байна. Мөн өөрийн ойр дотны хүндээ ч хэлж анхааруулж байгаа. Зам тээврийн осол үнэхээр хэцүү юм байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20030 0469 0408 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 05-09х, 12х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Агийн хохирогчоор өгсөн:
“...Би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Алтай” хотхоны дунд байдаг “Бэрс” худалдааны төвд хувиараа оёдлын газар ажиллуулдаг юм. Манай ажил ер нь 19 цагийн орчим дуусаад тардаг. 2020 оны 9 дүгээр сарын 09-ний орой 19 цаг 40 минутын орчим би ажлаасаа ганцаараа гараад, гэртээ харих гээд “Алтай” хотхоны зүүн талын явган хүний эхний гарцаар гарсан. Тэгээд замын голд очоод дараагийн буюу хойшоо гүүр рүү явдаг замын явган хүний гарцаар явж байхад юу юугүй гэнэт нэг машин хурдтай орж ирээд намайг мөргөсөн.
Би нэг мэдэхэд уг машины хамар дээр нь хэвтэж байсан. Тухайн үед жолооч нь айсандаа ч юм уу гэнэт ухас хийсэн ба би машиных нь хамар дээрээс газарт шидэгдээд унасан. Би газарт унахдаа замын голын хашлаган дээр гараараа дараад эгэмээ хугалсан. Тэгэхэд намайг мөргөсөн жолооч хөдлөөд хажуугийн автобусны буудал өнгөрч зогсоод, буцаж над дээр ирсэн ба удалгүй түргэн тусламжийн эмч нар ирээд намайг аваад явсан.
Би явган хүний гарцаар гарч явсан. ...Осол болсон өдрөөс хойш жолооч В.Ч нийт 460.000 төгрөг өгсөн. Би гомдолтой байна, би нэг сард лангуун дээрээ 340.000 төгрөгийн түрээс төлдөг, мөн эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Нямдарийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:
“...2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр намайг хөдөө ажил дээр байхад манай дүү залгаад “эхнэр Ш.Аг авто осолд орсон байна” гэж хэлсэн. Тэгээд би тэр орой Улаанбаатар хот руу гараад маргааш өглөө нь ирсэн. Тэрнээс хойш би ажилдаа яваагүй бөгөөд эхнэр Ш.Аг сахиж байна. Би сард 1.950.000 төгрөгийн цалин авдаг, одоогоор эхнэрээ сахиад хөдөө ажил руугаа явж чадахгүй байгаа. Нийт 2 сарын цалин болох 3.900.000 төгрөгийг буруутай жолоочоос нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х/,
4. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10419 тоот актын:
1. Ш.А-н биед бүсэлхий нурууны 4-р нугалмын их биеийн сэтэрсэн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, хамар болон зүүн чамархай зулай, баруун хөлийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүүр, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоодлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 36-37х/,
5. 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 175 дугаартай мөрдөгчийн магадлагаа баримтад:
“1. Toyoto prius 16-96 УНЦ улсын дугаартай автомашины жолооч Ванчиг-Осор овогтой Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Шагдарсүрэн овогтой Алимаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэжээ /хэргийн 49х/,
6. Хохирогч Ш.Агийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 73-81х, 84-88х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч В.Чы яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 9 сарын 09-ний орой 19 цагийн үед өөрийн эзэмшлийн Toyota Prius 20 маркийн 16-96 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодон таксинд явж байсан ба Нарны гүүрний хойд талын замд явж байхад явган хүний гарц дээр баруун талаас зүүн гар тийш зам хөндлөн 3 хүн гарсан. Би баруун тийш дараад 1 хүнийг нь мөргөсөн. Тэгээд зогсоод мөргүүлсэн хүн дээр очиход толгой болон хамарнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан, тухайн үед би ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо явж байсан юм. Би явган зорчигчийг миний явж байсан зорчих хэсэг рүү орж ирэх үед нь харсан.
Тухайн ослоос миний биед гэмтэл учраагүй, миний машины урд копуд цөмөрсөн байсан. Уг авто замын осол миний буруутай үйлдлээс болсон гэж үзэж байна. Би хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлж барагдуулсан. Цаашид эмчилгээний зардалд гарах мөнгийг төлж барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 57х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Ч.Анхбаяр /хэргийн 31-32х/, Б.Цэнд-Аюуш /хэргийн 33-34х/ нарын мэдүүлэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 59х/ баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 61х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 66х/, “Хаан Хатан” СӨХ-ийн ажлын газрын тодорхойлолт /хэргийн 69х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч гаргасан, байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч В.Чы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч В.Ч нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний 19 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Алтай” хотхоны зүүн талын замд “Toyota prius” маркийн 16-96 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Ш.Аг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ш.А нь биедээ “...бүсэлхий нурууны 4-р нугалмын их биеийн сэтэрсэн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, хамар болон зүүн чамархай зулай, баруун хөлийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүүр, баруун, зүүн сарвуунд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл авч, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан:
- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 05-09х, 12х/,
- хохирогч Ш.Агийн: “...Би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Алтай” хотхоны дунд байдаг “Бэрс” худалдааны төвд хувиараа оёдлын газар ажиллуулдаг юм. Манай ажил ер нь 19 цагийн орчим дуусаад тардаг. 2020 оны 9 дүгээр сарын 09-ний орой 19 цаг 40 минутын орчим би ажлаасаа ганцаараа гараад, гэртээ харих гээд “Алтай” хотхоны зүүн талын явган хүний эхний гарцаар гарсан. Тэгээд замын голд очоод дараагийн буюу хойшоо гүүр рүү явдаг замын явган хүний гарцаар явж байхад юу юугүй гэнэт нэг машин хурдтай орж ирээд намайг мөргөсөн. Би нэг мэдэхэд уг машины хамар дээр нь хэвтэж байсан. Тухайн үед жолооч нь айсандаа ч юм уу гэнэт ухас хийсэн ба би машиных нь хамар дээрээс газарт шидэгдээд унасан. Би газарт унахдаа замын голын хашлаган дээр гараараа дараад эгэмээ хугалсан. Тэгэхэд намайг мөргөсөн жолооч хөдлөөд хажуугийн автобусны буудал өнгөрч зогсоод, буцаж над дээр ирсэн ба удалгүй түргэн тусламжийн эмч нар ирээд намайг аваад явсан. Би явган хүний гарцаар гарч явсан. ...Осол болсон өдрөөс хойш жолооч В.Ч нийт 460.000 төгрөг өгсөн. Би гомдолтой байна, би нэг сард лангуун дээрээ 340.000 төгрөгийн түрээс төлдөг, мөн эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,
- иргэний нэхэмжлэгч Ш.Нямдарийн: “...2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр намайг хөдөө ажил дээр байхад манай дүү залгаад эхнэр Ш.Аг авто осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би тэр орой Улаанбаатар хот руу гараад маргааш өглөө нь ирсэн. Тэрнээс хойш би ажилдаа яваагүй бөгөөд эхнэр Ш.Аг сахиж байна. Би сард 1.950.000 төгрөгийн цалин авдаг, одоогоор эхнэрээ сахиад хөдөө ажил руугаа явж чадахгүй байгаа. Нийт 2 сарын цалин болох 3.900.000 төгрөгийг буруутай жолоочоос нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х/,
- “...Ш.Агийн биед бүсэлхий нурууны 4-р нугалмын их биеийн сэтэрсэн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, хамар болон зүүн чамархай зулай, баруун хөлийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүүр, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоодлоо, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10419 тоот дүгнэлт /хэргийн 36-37х/,
- “Toyoto prius 16-96 УНЦ улсын дугаартай автомашины жолооч Ванчиг-Осор овогтой Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна, явган зорчигч Шагдарсүрэн овогтой Алимаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 175 дугаартай мөрдөгчийн магадлагаа баримт /хэргийн 49х/,
- хохирогч Ш.Агийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 73-81х, 84-88х/ болон шүүгдэгч В.Чы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 57х/ зэрэг бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Уг зам тээврийн осол хэрэг нь Баянгол дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэр, Энгельсийн гудамж, Нарны гүүрний урд талд, Цагаан гэгээ ордны баруун талын замд буюу Алтай хотхоны зүүн талын замд гарсан болох нь зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хэргийн 05-12х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Тээврийн прокуророос осол хэрэг гарсан газрыг Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр гэж буруу тодорхойлж яллах дүгнэлт үйлдэн хэргийг тус шүүхэд шилжүүлэн ирүүлсэн ба хэргийн оролцогч талууд шүүхийн харьяалалд маргаагүй, энэ талаар хүсэлт санал гараагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмын дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэж, зам тээврийн осол хэрэг гарсан газрыг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Алтай хотхоны зүүн талын замд гэж зөвтгөн залруулсныг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчлагдсан.
Шүүгдэгч В.Ч нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний 19 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хороо буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлд Нарны гүүр өгсөхөөр явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ш.Аг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас явган зорчигч буюу хохирогч Ш.Агийн эрүүл мэндэд “...бүсэлхий нурууны 4-р нугалмын их биеийн сэтэрсэн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, хамар болон зүүн чамархай зулай, баруун хөлийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүүр, баруун, зүүн сарвуунд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Тээврийн прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилсэн нь хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч В.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч В.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч Ш.Агийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол тооцогдох бөгөөд уг гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсноос олох байсан орлого, хөдөлмөрийн хөлс, бусад зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдох юм.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Хэргийн хохирогч Ш.Агаас осол гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон цаашид гарах эмчилгээний зардал төлбөр, гэмтлийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж түрээслэн ажиллуулж байсан оёдол, эсгүүрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах боломжгүй болсноос олох байсан орлого, мөн нөхөр Ш.Нямдарь өвчтөн асрамжилан ажилгүй байсан хугацааны цалин олговор зэрэгт 16.100.000 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх шаардлага нэхэмжлэл гаргасан.
Хохирогчоос хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой хэрэгт гаргаж өгсөн хэргийн 83-88 дугаар талд авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд бичгээр гаргасан нэхэмжлэл баримтыг шүүх нэг бүрчлэн судлан шинжлэхэд хохирогч Ш.Агийн эмчилгээний зардалд зарцуулагдсан баримт бүхий хохирлын мөнгөн дүн нийт 1.361.522 төгрөгийн үнийн дүн бүхий баримт хэрэгт авагдсан.
Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч В.Ч нь 1.500.000 төгрөгийг эмчилгээний төлбөрт тооцон шилжүүлэн төлснийг хохирогч Ш.А нь хүлээн авсан хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн баримттай байна. /хх-15х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/
Түүнчлэн шүүх, хохирогчийн нэхэмжлэлээс шүүх цаашид гарах хамрын хагалгаанд орох зардлын 1.500.000 төгрөг, өвчний учир ажилгүй байсан хугацаанд олох байсан ашиг орлого 10.800.000 төгрөг болон түүний нөхөр, хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ш..Нямдарь нь эхнэрээ өвчтэй байхад нь асрамжилж, 2020 оны 9, 10 дугаар саруудад ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй тул ажилгүй байсан хугацааны цалин олговор 3.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах шүүх нотлох баримтын бүрдэл хангалтгүй тул эрүүгийн хэргийн хамт нэг мөр хянан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь дээрх нэхэмжлэлд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг юм.
Шүүгдэгч В.Ч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 59 дүгээр талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт баримттай гарсан зардлыг нөхөн төлсөн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн баримттайы зардлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болон хохирогчийн цаашид хийлгэх эмчилгээ үйлчилгээний болон бусад гарсан баримттай зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааа тогтоож шийдвэлэх нь зүйтэй гэж үзэв.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын саналд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулвал зохих үндсэн ял дээр нэмж 01 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг нэмж оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авч хангаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх талаар тухайлсан зохицуулалт байхгүй, нөгөө талаар мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ял оногдуулж болно” гэсэн заасан зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш бөгөөд тухайн хэргийн хувьд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм бурууд маргаагүй, анх удаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч В.Чд шүүхээс оногдуулсан торгох ял дээр эрх хасах нэмэгдэл ялыг нэмж оногдуулах зайлшгүй шаардлага үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж, улсын яллагчийн дээрх саналыг хүлээн аваагүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч В.Ч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт В-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Чд 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар В.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт баримттай гарсан эмчилгээний зардлын 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг В.Ч нь хохирогч Ш.Ад нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.А нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний болон бусад зардалд тооцон нэхэмжилсэн 16.100.000 /арван зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь энэхүү нэхэмжлэлд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Энэ хэрэгт В.Ч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан В.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД