| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0017/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/39 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/39
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ц овогт Б-гийн Б-д холбогдох эрүүгийн 20100 2094 0998 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ц овогт Б-гийн Б- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Э-тай “цалин өгөөгүй учраас ажилдаа очихгүй” гэж хэлсний улмаас маргалдан, улмаар зодож биед нь “...баруун хацрын төвгөр, баруун хацрын хазагдсан шарх, баруун мөр, баруун, зүүн дал, цээжний зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. .
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би бригадын ахлах хийдэг юм. Тухайн өдөр Э ах “ажил хийхгүй” гэхээр нь араас нь очиж уулзсан. Яагаад ажил хийхгүй байгаа талаар асуухад “мөнгө төгрөг өгдөггүй” гээд над руу уурлаад дайраад байсан. “Барилгын гүйцэтгэл ороод ирэх юм бол цалин мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. Намайг очиход Э ах архи уусан байсан. Би мөнгө төгрөг байхгүй гэхээр нь 2 шил архи авч өгөөд хамт уусан. Тэгээд маргалдаад ийм явдал болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 2094 0998 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-ын хохирогчоор өгсөн:
“...Би 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө тухайн үед ажиллаж байсан “Билгүүн монгол” нэртэй барилгын компани дээрээ очоод удалгүй ажлаасаа явж найз Батболдын гэрт очсон. Батболд бид хоёр дэлгүүрээс 0.75 литрийн архи 1 шилийг авч Батболдын гэрийн урд талын таньдаг айлд орж хувааж уусан. Тэгэхэд миний машинаас эд зүйлээ авах гээд хамт ажилладаг Б, Рагчаасүрэн нар ирсэн. Тэд нар мөн 0.75 литрийн 1 шил архи авч, нөгөө айлдаа бид нар хувааж уусан. Тухайн архийг ууж дууссаны дараа би Батболдын гэр рүү ганцаараа орж унтсан, харин тэд нар нөгөө айлдаа уугаад үлдсэн. Тэгээд би унтаж сэрээд, барагцаагаар 19 цагийн үед Батболдын гэрээс гараад Нисэхийн эцсийн буудал руу автобусанд суух гээд явсан. Тэгэхэд буудал дээр Б, Рагчаасүрэн хоёр согтуу зогсож байсан ба би очоод уулзсан.
Би Бд хандаж “би сар гаран ажиллачихлаа, чи цалингаа өгөөч” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгэхэд намайг элгэдэхээр нь би зөрүүлээд бариад авсан. Б миний баруун хацарнаас хазаад түлхэж унагасан. Бид хоёр ноцолдсон бөгөөд энэ үед Рагчаасүрэн бид хоёрыг салгасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/,
2. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11169 дугаартай:
1. Б.Э-ын биед баруун хацрын төвгөр, баруун хацрын хазагдсан шарх, баруун мөр, баруун, зүүн дал, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, хазах, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 36-37х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бгийн яллагдагчаар өгсөн:
“...Би 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн ажил дээрээ 10 цаг өнгөрч байх үед ирэхэд хамт ажилладаг Э ах ганцаараа машинтайгаа хөдөлж байсан. Тэгэхээр нь би түүнээс “хаашаа явах гэж байгаа юм бэ” гэхэд “хүнтэй уулзчихаад ирье” гэж хэлсэн. Үүнээс хойш 12 цаг өнгөрч байхад Э ах руу залгахад “нутгийн ахындаа ууж байна” гэж хэлсэн. Тэгээд цуг ажилладаг Рагчаасүрэн нь явах шаардлагатай болсон бөгөөд хувцсаа Э ахын машинаас авах гээд бид хоёр Э ахын байгаа газар буюу Нисэхийн эцэст очсон.
Тэр айлд очиход Э ах болон түүнээс гадна 3 ах байсан бөгөөд Рагчаасүрэн бид хоёр 0.75 литрийн Хараа архи авч хамт уусан. Тэгээд тэр айлын хашаанд санагдаж байна, Э ах бид хоёр ажлаас болж маргалдан хоорондоо хэд хэдэн удаа цохилцсон. ...Зарим үйл явдлыг би согтолтоос болж санахгүй байна, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 20х, 48х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 50х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 55х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Э- нь “ажлын хөлс өгөхгүй байна” гэснээс маргалдаж, улмаар таарамжгүй харилцаа үүсгэж, түүний баруун хацрыг хазах, гараараа цохиж түлхэлцэх зэргээр зодож, Б.Э-ын эрүүл мэндэд “...баруун хацрын төвгөр, баруун хацрын хазагдсан шарх, баруун мөр, баруун, зүүн дал, цээжний зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- хохирогч Б.Э-ын: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө тухайн үед ажиллаж байсан “Билгүүн монгол” нэртэй барилгын компани дээрээ очоод удалгүй ажлаасаа явж найз Батболдын гэрт очсон. Батболд бид хоёр дэлгүүрээс 0.75 литрийн архи 1 шилийг авч Батболдын гэрийн урд талын таньдаг айлд орж хувааж уусан. Тэгэхэд миний машинаас эд зүйлээ авах гээд хамт ажилладаг Б, Рагчаасүрэн нар ирсэн. Тэд нар мөн 0.75 литрийн 1 шил архи авч, нөгөө айлдаа бид нар хувааж уусан. ...Би Бд хандаж “би сар гаран ажиллачихлаа, чи цалингаа өгөөч” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгэхэд намайг элгэдэхээр нь би зөрүүлээд бариад авсан. Б миний баруун хацарнаас хазаад түлхэж унагасан. Бид хоёр ноцолдсон бөгөөд энэ үед Рагчаасүрэн бид хоёрыг салгасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...Б.Э-ын биед баруун хацрын төвгөр, баруун хацрын хазагдсан шарх, баруун мөр, баруун, зүүн дал, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, хазах, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11169 дугаартай дүгнэлт /хэргийн 36-37х/ болон шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 44х/ нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Б.Э-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...баруун хацрын төвгөр, баруун хацрын хазагдсан шарх, баруун мөр, баруун, зүүн дал, цээжний зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Б нь тодорхой шалтгааны улмаас түүний баруун хацрыг хазаж, мөр, гар руу нь гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос Б.Бгийн дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон үндэслэл бүхий байна.
Хэргийн шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байна.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэргийн хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд учирсан “...баруун хацрын төвгөр, баруун хацрын хазагдсан шарх, баруун мөр, баруун, зүүн дал, цээжний зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зүйлшгүй зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүсэх үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хэргийн хохирогч Б.Э- нь эмчилгээний зардалд 138.000 /нэг зуун гучин найман мянга/ төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан Мөнгөн шилжүүлэг /хэргийн 57х/ баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчээс гаргуулах баримт бүхий хохирол, хор уршгийн нөхөн төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад /хэргийн 55х/ тэмдэглэгджээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдлыг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыгтус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ц овогт Б-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ц овогт Б-гийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохиролд хохирогч Б.Э-ын нэхэмжилсэн 138.000 /нэг зуун гучин найман мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Б нь нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.
5. Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД