Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 103/2017/00123

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Аз Өсөх Билэг” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, 16 дугаар байрны 03  тоотод оршин суух  Тугчин овогт Содномрэнцэнгийн Амарбатад холбогдох барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлт 17.820.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд “Аз Өсөх Билэг” ХХК-ийг төлөөлж захирал  Б.Уранбилэг, хариуцагч  С.Амарбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Даваажав, нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Аз Өсөх Билэг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Амарбат нь 2015.09.02-ны өдөр барьцааны гэрээ байгуулж  6.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй зээлдэж авсан. Барьцаанд БРА 43-18 улсын дугаартай 1997 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн HYUNDAI FS415DL0 маркын автомашиныг манай компаний нэр дээр шилжүүлэн барьцаалсан. Анх зээл авахдаа зээлдэгч С.Амарбат нь барилгын ажилд Хятад улсаас хөрөнгө оруулалт орж ирнэ тэр болтол мөнгө хэрэгтэй байна гээд зээл авсан. 2015 оны 10 сарын 02-ны өдөр үндсэн зээлийг хүүгийн хамт хаах байсан боловч ямар ч төлөлт хийгээгүй, утсаар олон удаа ярьж ирж уулзаж байсан ба барьцааны гэрээнд сунгалт хийсэн. Уулзах болгонд санхүүжилт ирээгүй байна, ороод ирвэл удахгүй төлнө, машинаа зарах арга хэмжээ авъя гээд явсан боловч одоо хүртэл ямар нэг хариу өгөхгүй байна. Хамгийн сүүлд 2016 оны 09 сарын 02-ны өдөр утас руу нь өнөөдөр ямар нэг хариу өгөхгүй бол шүүхэд өглөө гэж мэссеж бичсэн боловч хариу өгөөгүй. 2016 оны 10 сарын 07-ны өдөр уулзахад 7 хоног хүлээгээч барьцаанд тавьсан машинаа зарах арга хэмжээ авъя гэсэн. Хэлснээр нь 7 хоног хүлээсэн боловч ирсэнгүй. Утас руу нь залгахаар утсаа авахгүй, ээж, эхнэртэй нь утсаар ярьж зээлдэгчийг манай компанитай холбоо барь гэж хэлээд өгөөч гэхэд ямар нэг хариу  ирээгүй. Аргаа бараад 12 сарын дундуур гэрт  нь очиж уулзахад төлөх боломжгүй байна, мөнгө олох талаар арга хэмжээ авч байгаа боловч үр дүнд хүрэхгүй байна, барьцаанд тавьсан машинаа авах юм уу гэхээр нь машиныхаа зурагийг нь  явуулчих зар тавиад өгье гэсэн бас л ямар нэг хариу өгөөгүй. Өдий болтол бүтэн 1 жил 4 сарын хугацаанд зөндөө харж хүлээлээ. Энэ хугацаанд анх зээл авснаас хойш ямар ч хүү төлөөгүй. Иймд Амарбатаас үндсэн зээл 6.000.000 төгрөг, хүү 5.880.000 төгрөг, алданги 5.940.000 төгрөг, нийт 17.820.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбилэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Амарбат нь манайд машин барьцаалж 6.000.000 төгрөгийн зээл авсан, хүү алдангитайгаа нийлээд 17.820.000 төгрөг болсон. Машины бичиг баримтыг манайх өөрийн нэр дээр шилжүүлээд, Амарбатад өөрт нь эзэмшиж байх эрхийг нь олгосон. Анх 1 сарын хугацаатай зээлсэн, хугацаандаа төлж чадахгүй бол манайх машиныг нь 12.000.000 төгрөгөөр авахаар гэрээндээ тусгасан, хугацаандаа төлж чадаагүй гэрээгээ сунгасан. Машиныг нь авах гэхээр  зээлийн төлбөрт үнэ нь хүрэхгүй, он нь хуучин, Монгол улсад орж ирээд удаж байгаа машин байна лээ. Тиймээс үүргээ барьцаа хөрөнгөөр хангуулахгүй гэв.

Хариуцагч С.Амарбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аз Өсөх Билэг ХХК-д БРА 43-18 улсын  дугаартай автомашиныг  барьцаалж  6.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн.  Зээлээ төлөхгүй бол 1 сар болоод машиныг 12.000.000 төгрөгөөр бодож авахаар тохиролцож гэрээ хийсэн. Гэрээний хугацаа  дууссан боловч гэрээний үүргээ ямар нэг байдлаар гүйцэтгэх боломжгүй хөрөнгө оруулалт орж ирээгүй байсан учир бид харилцан тохиролцож гэрээний хугацааг 2016.07 сард нөхөж сунгасан. Нэхэмжилж байгаа 17.820.000 төгрөгөөс үндсэн зээл 6.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа, харин хүү, алданги үндсэн зээлийн үнийн дүнгээс хэт их өндөр гарч ирсэн нь Монгол Улсын Иргэний хуулийн агуулгыг зөрчиж байна гэж үзэж байгаа тул хүү алдангийг шүүхээс багасгаж өгөхийг хүсэж байна, одоогоор эрхэлсэн ажилгүй, төлөх төлбөрийн боломж бололцоогүй байна. Машинаа зарах гэсэн боловч хүмүүсийн эдийн засгийн байдал муу байгаа учраас худалдаж авах хүн байхгүй байна. Зээлээ барьцаа хөрөнгөөрөө хангуулах хүсэлтэй байна. Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу хүү, алдангийн хэмжээг шүүхээр багасгаж тооцуулах хүсэлтэй байна. Миний машин анх орж ирэхдээ 28.000.000 төгрөгийн үнэтэй машин байсан, одоогийн зах зээлийн ханш нь 20.000.000 төгрөг байгаа, ийм үнэтэй машинаа шууд өрөндөө тооцож өгөх харамсалтай байсан, эдний байгууллагын санхүүгийн тайланг манай аав гаргадаг, эднийх тайландаа хүү алдангиа тусгадаггүй юм байна лээ. Би 6.000.000 төгрөг зээлдэж авсан, одоо надаас 3 дахин нугалж нэхэж байгаа нь хэт их байгаа учраас зөвшөөрөхгүй байгаа   гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                             ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч “Аз Өсөх Билэг” ХХК нь хариуцагч С.Амарбатад холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 6.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5.880.000 төгрөг, алданги 5.940.000 төгрөг, нийт 17.820.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг  шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь 17.820.000 төгрөгөөс үндсэн зээл 6.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү алданги нь анх авсан үндсэн зээлээс хэт өндөр байгаа учраас Иргэний хуульд заасны дагуу хүү алдангийг багасгаж тооцуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахгүй, учир нь барьцаа хөрөнгө нь Монголд орж ирээд удсан, үйлдвэрлэсэн он нь хуучин, зах зээл дээр өндөр үнээр зарагдахгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй гэж тус тус маргаж байна.  

Нэхэмжлэгч “Аз Өсөх Билэг” ХХК , хариуцагч С.Амарбат  нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу автомашин барьцаалсан барьцаат зээлийн гэрээг  2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулж, 6.000.000 төгрөгийг   1 сарын хугацаатай олгожээ.  Зээлийн гэрээгээр зээлийн хүүг сарын 7 хувийн хүүтэй байхаар тохиролцож, графикт заасан үндсэн зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд  хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг  зээлдүүлэгчид үл маргах журмаар төлөхөөр гэрээгээр тохиролцсон байна.

Гэрээний хугацаа 2015 оны 10 сарын 02 ны өдөр дууссан байх ба гэрээний   хугацааг 2015.10.02-ноос 2016.03.02 хүртэл, 2016.03.02-ноос 2016.11.02 хүртэл тус тус 2 удаа сунгаж гэрээний үргэлжилсэн хугацаа 2016.11.02-ны өдрөөр дуусгавар болсон, зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй 1 жил 4 сар болсон  болох нь талуудын хооронд 2015.09.02-ны өдөр байгуулагдсан “Барьцааны гэрээ”, талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байх ба тухайн үйл баримтуудад талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох  бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй  ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг  тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 232 дугаар зүйлийн 232.6-д “ Хуульд болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн  0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус зааснаар  зээлдэгч Амарбат нь үндсэн зээлд 6.000.000 төгрөг, хүүд 5.880.000 төгрөг, алдангид 5.940.000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч С.Амарбат нь зээлийн хүү, алдангийг хэт өндөр байна гэсэн үндэслэлээр багасгаж тооцох хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны  ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол  түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заажээ.

Зээлийн гэрээний  хүү нь зөвхөн зээлдэгчийн ашиг сонирхолд нийцсэн байх нь өрөөсгөл ойлголт бөгөөд гэрээний харилцаанд оролцогч хоёр талын хууль ёсны  ашиг сонирхол хоёулаа  зээлийн гэрээнд агуулагдах ёстой. Зээлийн хүүгийн зохистой хэмжээг барьцаалан зээлдүүлэх газар, банк, банк бус санхүүгийн байгууллага, эрх бүхий зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудаас олгох зээлийн хүүгийн дундаж, иргэд хуулийн этгээдийн хоорондын тухайн орон нутагт тогтсон хүүгийн дундаж зэргийг харгалзан тогтоодог. Энэ талаарх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй бөгөөд сарын хүүг талууд харилцан тохиролцож 7 хувиар тогтоосныг хэт өндөр гэж үзэх үндэслэлгүй  байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “ Анзын хэмжээ хэт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан “Барьцааны гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.6-д “Зээл буцаан төлөх хуваарийг 5 болон түүнээс дээш хоногоор зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг авалгүйгээр тухайн автомашиныг хаана байгаа газраас нь зээлийн ажилтан жолоодон авч ирж зогсоолд тавина. Хэрэв 10 хоногийн дотор зээл хүүгээ төлөөгүй тохиолдолд барьцаанд байгаа хөрөнгийг худалдан борлуулах эрхийг эдэлнэ, автомашиныг авчрахад гарсан зардлыг зээлдэгч хариуцана”, 2 дугаар зүйлийн 2.1.5-д “ Зээлдэгч зээл, зээлийн хүүг төлөх хугацаанаас 5 болон түүнээс дээш хугацаагаар хоцорсон  тохиолдолд зээлдүүлэгч барьцааны машиныг шууд хураан авах эрхтэй”, 3 дугаар зүйлийн 3.5-д “Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд  зээлдүүлэгч барьцаалсан хөрөнгийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар үл маргах журмаар хураан авч албадан борлуулан хохирлоо гаргуулан авна”, 3.5.2-д Энэхүү гэрээний 3.5 заалтын дагуу гэрээний үүргийг хангуулахаар болсон тохиолдолд зээлдэгч түргэн зарах үнэ буюу 12.000.000 төгрөгөөр бусдад зарж хохирлоо гарган авахыг Амарбат би зөвшөөрч байна. Зээлдэгч зээл болон барьцаа хөрөнгөтэй холбоотой нөхцлийг хүлээн зөвшөөрсөн болно” гэх зэргээр зээлдүүлэгч өөрт илтэд ашигтай заалтуудыг гэрээндээ тусгасан боловч зээлдүүлэгч нь дээрх өөрт олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, зээлдүүлэгч гэрээнд заасан дээрх  заалтуудыг хэрэгжүүлсэн бол зээлдэгчийн төлөх зээлийн   хүү 5.880.000 төгрөг, алданги 5.940.000 төгрөг, үндсэн зээл 6.000.000 төгрөг нь 17.820.000 төгрөг болтлоо өсөхгүй байсан, ингэж өссөн нь зээлдэгчийн үүргээ хугацаандаа биелүүлээгүйтэй холбоотой хэдий ч  зээлдүүлэгчийн гэрээнд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах боломжтой байсан боловч хандаагүй  байх тул анх авсан зээлийн хэмжээ, зээлдэгчийн зээлийг эргэн төлөх төлбөрийн чадвар, зээлийн гэрээний нөхцөл, зээл эргэн төлөгдөх боломж, зээлдэгчийн хувийн байдал зэргийг  харгалзан алдангийг шүүх бууруулан тооцож анх авсан 6.000.000 төгрөгийн үндсэн зээлийн хүү, алдангид 8.256.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох нь  зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохирол учруулахгүй гэж  үзлээ.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх боловч нэхэмжлэгч байгууллага нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргаагүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хариуцагчийн хүсэлтийг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч “Аз Өсөх Билэг” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт барьцаалан зээлдэх газраас барьцаа хөрөнгөтэй зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгө барьцаанд бариулахыг шаардах эрхийг зохицуулсан заалттай нийцээгүй, барьцааны гэрээгээр хөдлөх хөрөнгө болох машиныг барьцаалсан боловч  барьцааны зүйлийг зээлдүүлэгчийн эзэмшилд бодитойгоор шилжүүлээгүй, гэрээгээр зээлдэгчийн өөрийнх нь  эзэмшил, ашиглалтад байлгасан байх тул  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэв.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Амарбатаас үндсэн зээлд 6.000.000 төгрөг, зээлийн хүүд 5.880.000 төгрөг, зээлдүүлэгчийн нэхэмжилсэн алданги 5.940.000 төгрөгийг 60 хувиар бууруулан  алдангид 2.376.000 төгрөг, нийт 14.256.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 3.564.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14.256.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 229.230 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар   зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6,  232.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Тугчин овогт  Содномрэнцэнгийн Амарбатаас  зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 14.256.000 /арван дөрвөн сая, хоёр зуун тавин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Аз Өсөх Билэг ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.564.000  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 247.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Амарбатаас 229.230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Аз Өсөх Билэг ХХК-д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.ЦЭЦЭГДУЛАМ