Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/50

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Б.Соёлмаа, шүүгдэгч Г.С, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулэан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Г-ын С-д холбогдох эрүүгийн 20100 2405 10811 дугаартай хэргийг 2020 оны 12 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн хот тохижилтын газарт жолооч ажилтай, ам бүл 1, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Г овогт Г-ын С- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Г.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, хххх тоотод урьд хамтран амьдарч байсан И.Ныг боож унаган, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

- мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, хххх тоотод урьд хамтран амьдарч байсан И.Нын гэрийн хаалгыг “хаалгаа тайлсангүй” гэх шалтгаанаар гаднаас нь лоомоор хөшин эвдэн орж, иргэн И.Нын эзэмшлийн 49 инчийн ЛСД зурагтыг архины шилээр цохиж хагалан, эд хөрөнгийг устгаж гэмтээн, бусдад 1.676.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд  холбогджээ.

                                  

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Хэрэг гардаг өдөр хохирогч бид хоёр салчихсан байсан. Тэгээд би хардалтын улмаас хохирогчтой маргасан юм. Би гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч И.Нт 4.0 сая төгрөгийг нөхөн төлсөн байгаа. Хохирогч бид хоёр гэрлэлтийн баталгаатай, хамт амьдраад 5 гаруй жил болсон ба 2020 оны 5 сараас хойш тусдаа амьдарч байгаа. Хохирогч эм тарианы мөнгө хэрэгтэй байна гэхээр нь нэмж хэдэн төгрөг өгсөн. Би хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

Эрүүгийн 20100 0000 0552 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг учрал болсон гэх Хххх тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-06х, 07-11х/,

 

2. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 11 сарын 17-ны өдрийн ХУ2-20-794 дугаартай:

“...Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 11 сарын 10-ны өдрийн байдлаар 1.676.600 /нэг сая зургаан зуун далан зургаан мянга зургаан зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч И.Нын эд зүйлсийн үнэлгээг тогтоосон үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 16-17х/,

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13099 дугаартай:

1. И.Нын биед тархи доргилт, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, баруун гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 20-21х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад И.Нын хохирогчоор өгсөн:

“...Би охин Ү.Ц-ын байранд одоогийн нөхөр Г.Сгийн хамтаар амьдарч байгаад таарч тохирохгүй байсан учир 2020 оны 3 сарын сүүлээс хамт амьдрахаа больсон. Гэтэл 2020 оны 11 сарын 11-ний өглөө үүрээр 04-05 цагийн орчимд намайг гэрийн мухарт унтаж байхад гэрийн хаалга хүчтэй нүдээд байхаар нь айгаад 102 дугаар руу залгаж “манай хаалгыг хүн хүчтэй нүдээд байна, хурдлаарай” гэж дуудсан.

Гэтэл удалгүй гэрийн хаалгыг улам хүчтэй нүдэж байгаад, манай хаалгыг Г.С 2 метр орчим хэмжээтэй лоомоор эвдээд ороод ирсэн. Ингээд шууд намайг боож газар унагасан. Тухайн үед аль гараараа намайг боосныг санахгүй байна. Мөн баруун гараараа миний зүүн шанаа орчимд 1 удаа цохисон. Намайг боож газарт унагаад дахин боох гэхэд гар нь хальтирсан ба энэ үед би түүний хоёр хөлний завсраар гарч зугтаасан.

Гэрээсээ гараад 9 давхарт очиход лифт дуугарах чимээ гарсан ба 11 давхарт буюу манай гэр байрлах давхарт зогсохоор нь дээшээ гарахад манай гэрийн үүдэнд хоёр цагдаа ирчихсэн байсан. Тэгээд тэр хоёр цагдаатай хамт гэртээ орсон. Тэгэхэд Г.С “Хараа” нэртэй архины шилээр яг биднийг орох үед манай гэрийн том өрөөнд байсан 49 инчийн смарт Монекс зурагтыг цохиод хагалсан. Надтай хамт орсон цагдаагийн нэг нь Г.Сг аваад гэрээс гарсан. ...Манай гэрийн зурагт эвдсэн хохирлын мөнгө болох нийт 4.0 сая төгрөгийг авсан, надад дахин нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х/,

 

5. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2020 оны 12 сарын 01-ны өдрийн тогтоол /хэргийн 54х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Сгийн яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр И.Нтай 2020 оны 5 сарын 23-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байсан. Уг байрыг И.Н нь ганцаараа түрээслэн амьдарч байгаа бөгөөд би 2020 оны 11 сарын 11-ний өдөр түүнийг хардаж, гэрт нь очоод хаалгыг нь эвдэн ороод зурагтыг нь эвдсэн. Тухайн үед И.Ныг өөр хүнтэй байна гэж бодоод дээрх үйлдлийг хийсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 47х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 24х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 30х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 34х/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 35х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 36х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн байгууллагын шинжээч эмч, хөрөнгийн үнэлгээчин нар гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Сгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүгдэгч Г.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр И.Ныг хаалгаа тайлсангүй гэснээр шалтаглан түүний амьдарч буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү вилла хотхоны 1404 дүгээр байрны 64 тоот дахь гэрийн хаалгыг лоом төмрөөр хөшиж гэрт нь нэвтрэн орж,  И.Ныг боож унаган нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл  мэндэд нь “...тархи доргилт, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, баруун гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- мөн гэрт нь байсан мөн 49 инчийн ЛСД зурагтыг архины шилээр цохин эвдэж гэмтээснээс 1.676.600 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн: 

- хохирогч И.Нын: “...Би охин Ү.Ц-ын байранд одоогийн нөхөр Г.Сгийн хамтаар амьдарч байгаад таарч тохирохгүй байсан учир 2020 оны 3 сарын сүүлээс хамт амьдрахаа больсон. Гэтэл 2020 оны 11 сарын 11-ний өглөө үүрээр 04-05 цагийн орчимд намайг гэрийн мухарт унтаж байхад гэрийн хаалга хүчтэй нүдээд байхаар нь айгаад 102 дугаар руу залгаж “манай хаалгыг хүн хүчтэй нүдээд байна, хурдлаарай” гэж дуудсан. Гэтэл удалгүй гэрийн хаалгыг улам хүчтэй нүдэж байгаад, манай хаалгыг Г.С 2 метр орчим хэмжээтэй лоомоор эвдээд ороод ирсэн. Ингээд шууд намайг боож газар унагасан. Тухайн үед аль гараараа намайг боосныг санахгүй байна. Мөн баруун гараараа миний зүүн шанаа орчимд 1 удаа цохисон. Намайг боож газарт унагаад дахин боох гэхэд гар нь хальтирсан ба энэ үед би түүний хоёр хөлний завсраар гарч зугатаасан.

Гэрээсээ гараад 9 давхарт очиход лифт дуугарах чимээ гарсан ба 11 давхарт буюу манай гэр байрлах давхарт зогсохоор нь дээшээ гарахад манай гэрийн үүдэнд хоёр цагдаа ирчихсэн байсан. Тэгээд тэр хоёр цагдаатай хамт гэртээ орсон. Тэгэхэд Г.С “Хараа” нэртэй архины шилээр яг биднийг орох үед манай гэрийн том өрөөнд байсан 49 инчийн смарт Монекс зурагтыг цохиод хагалсан. Надтай хамт орсон цагдаагийн нэг нь Г.Сг аваад гэрээс гарсан. ...Манай гэрийн зурагт эвдсэн хохирлын мөнгө болох нийт 4.0 сая төгрөгийг авсан, надад дахин нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х/,

- Хэрэг учрал болсон Хххх тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-06х, 07-11х/,

- “И.Нын биед тархи доргилт, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, баруун гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13099 дугаартай дүгнэлт  /хэргийн 20-21х/,

- “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 11 сарын 10-ны өдрийн байдлаар 1.676.600 /нэг сая зургаан зуун далан зургаан мянга зургаан зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч И.Нын ЛСД 49 инчийн зурагтын  үнэлгээг тогтоосон Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийх эрх бүхий  “Дамно” ХХК-ийн 2020 оны 11 сарын 17-ны өдрийн ХУ2-20-794 дугаартай тайлан, дүгнэлт /хэргийн 16-17х/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2020 оны 12 сарын 01-ны өдрийн тогтоол /хэргийн 54х/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч, шүүгдэгчээр өгсөн Г.Сгийн мэдүүлэг баримтууд /хэргийн 47х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

 

Хохирогч И.Нын биед учирсан “...тархи доргилт, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, баруун гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Сгийн түүнийг боож унагаах, цохих зэрэг үйлдлээс үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

Мөн шүүгдэгч нь хохирогч И.Нын гэрийн хаалгыг хаалгыг лоомоор хөшиж онгойлгон нэвтрэн орж, гэрт нь байсан мөн 49 инчийн ЛСД зурагтыг архины шилээр цохиж хагалан гэмтээснээс эд хөрөнгөд нь 1.676.600 /нэг сая зургаан зуун далан зургаан мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангажээ.

Хан-Уул дүүргийн прокуророос Г.Сгийн дээрх гэм буруутай үйлдэл тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон, үндэслэл бүхий байна.  

Шүүгдэгч Г.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.   

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч И.Н нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...хохирол болох 4.0 сая төгрөгийг шүүгдэгчээс хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй.” талаар мэдүүлсэн ба өөр баримт бүхий хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.

Иймээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж дүгнэв. . 

Шүүгдэгч Г.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 24х/ тогтоогдсон.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарх гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.  

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Дээрх нөхцөл байдалд үндэслэн шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэгт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан Г.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Сг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 1.300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял гэж тогтоож, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэсэн болно.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг лоомыг зохих журмын дагуу устгуулахар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэхээр шийдвэрлэж, энэ хэрэгт шүүгдэгч Г.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                           

                                                                ТОГТООХ нь:

 

1. Г овогт Г-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг,

- мөн Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Г.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,  

- мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасныг баримтлан Г.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, Г.Сгийн биечлэн эдлэх ялыг нийт 1.300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял гэж тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохиролд тооцон Г.С нь хохирогч И.Нт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг лоомыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт Г.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД