Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 183/2018/00587/И |
Дугаар | 001/ХТ2018/01726 |
Огноо | 2018-11-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2018/01726
Ж ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00751 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1249 дүгээр магадлалтай,
Ж ийн нэхэмжлэлтэй,
Б д холбогдох
107,295,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Б , түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, хариуцагч Б , хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Иргэн Ж би 2006 онд Б тай харилцан тохиролцсоны дагуу Дорнод аймгийн Чингисийн далан өртөөнөөс Мардайн чиглэлд тавигдсан Төрийн өмчийн хорооны мэдлийн 93 км төмөр замыг худалдан авахаар тохиролцсон. Төмөр замын нийт үнэ нь 440 сая төгрөг байсан. Төмөр замыг худалдан авахад миний зүгээс 318,890,000 төгрөгийг өөрөөсөө болон миний үүсгэн байгуулсан “Ирмүүн” ХХК-иас төлж барагдуулсан. Төмөр зам худалдан авахад би Б гаас илүү мөнгө төлсөн учир Төрийн өмчийн хорооноос худалдах-худалдан авах 4373 тоот гэрээний дагуу үлдэгдэл мөнгөө төлөхгүй бол гэрээг цуцална, миний зүгээс эхэлж төлсөн мөнгийг улсын орлого болгоно гэж удаа дараа шаардаж байсан учир эхэлж оруулсан хөрөнгөө хамгаалахын тулд мөнгө нэмж төлсөөр нийт төмөр замын үнийн 72.5 хувийг буюу 318,890,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг шахаж байж Б гаар төлүүлсэн. Ингээд тухайн төмөр замыг Б гийн эзэмшлийн Бүрхээст хайрхан ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн. Төмөр замыг хурдан хугацаанд зарж борлуулан ашиг олох зорилготой байсан боловч хугацаа их шаардагдах болсон. Б надад мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшлийн “Бүрхээст хайрхан” ХХК-д өөр хүн хувьцаа эзэмшигчээр оруулснаас бид анх маргалдсан. Дараа нь “Тачбин” ХХК-ийг байгуулан Ж би 50 хувь, Б г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тус тус бүртгүүлэн “Бүрхээст хайрхан” ХХК-аас 93 км төмөр замаа “Тачбин” ХХК руу шилжүүлж, өмч хөрөнгөндөө хяналт тавин ажиллаж эхэлсэн. Төмөр замын 20 км тутамд айл буулган, тэдгээр хүмүүст цалин хөлс төлж, харуул хамгаалалт гарган ажиллаж эхэлсэн. 2016 он хүртэл харуул хамгаалалтын цалинг төмөр зам худалдан авахад оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ буюу Ж би 72.5 хувийг нь Б 27.5 хувийг нь төлдөг байсан. Энэ 10 жилийн хугацаанд би илүү хөрөнгө гаргасан учир өмчийн 72.5 хувийн эзэмшигч гэдэгтээ баттай итгэж арчлан хамгаалж, ашиглаж ирсэн. 2016 оны 1 дүгээр сард өмчөө хамгаалах зорилгоор байгуулсан “Тачбин” ХХК-д Б нь 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлснээ ашиглан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б нэхэмжлэл гаргаж, өөрийгөө дээрх 93 км төмөр замын 50 хувийг эзэмшдэг болохыг тогтоолгохоор болж тус иргэний хэрэг маргаан 3 шатны шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж дууссан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/01264 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1440 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 001/ХТ2017/01380 дугаар тогтоолуудад үйл явдал, оруулсан мөнгөний талаар маш тодорхой тусгаж тодорхойлж гаргасан. Хяналтын шатны шүүх Ж , Б нар нь хамтран ажиллаж байсан байна, хамтран ажиллах гэрээнд оруулсан хураамж хэмжээний талаар маргаж өөр өөрийнхөөрөө тайлбарлах боловч хураамжийн талаар харилцан тохиролцсон баримтгүй тул Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д заасны дагуу тэнцүү хэмжээгээр, ...дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэж, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт зохицуулсан тул хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 93 км төмөр замыг нэхэмжлэгч, хариуцагч тус бүр тэнцүү хэмжээтэй буюу тус тус 46.5 км-ээр өмчлөх эрхтэй байна, энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах эрхтэй гэж үзээд тогтоох хэсэгтээ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1440 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын 108.1 гэснийг 487 дугаар зүйлийн 487.1 гэж нэмж магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн. Тухайн хэрэг маргааныг дуусан дуустал би илүү хөрөнгө оруулсан, түүнийхээ хэмжээгээр тус төмөр замын 72.5 хувийг эзэмших эрхтэй гэдэгтээ итгэж явсан. Иргэн хүнийхээ хувьд шүүхийн эцэслэн гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээн зөвшөөрч байгаа. Хэдийгээр гурван шатны шүүх миний хувьд шударга бус шийдвэр гаргасан гэж дотроо боддог ч шүүх миний эрх ашгийг хамгаалсан заалтыг хянах хэсэгтээ оруулсан байдаг. Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн магадлалын 10 дугаар талд хариуцагч нь хамтран ажиллах гэрээний дагуу төмөр зам худалдан авахад нэхэмжлэгчээс илүү үнэ төлсөн, түүнчлэн уг төмөр замыг арчлахад илүү зардал гаргасантай холбогдох асуудлыг энэ хэргийн хүрээнд шийдвэрлээгүй, гагцхүү талуудын хоорондын хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон үр дагаварт хөрөнгө хуваарилахтай холбоотой гуравдагч этгээдийн Бүрхээст хайрхан ХХК-ийн хувьцаа эзэмших эрхтэй эсэх, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж тодорхой тусгасан тул дээрх заалттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага дараах үндэслэлээр гаргаж байна. Ж миний үүсгэн байгуулж, 100 хувийн хувьцааг нь дангаар эзэмшдэг “Ирмүүн” ХХК-с Төрийн өмчийн хороонд тушаах нэрийдлээр Б гийн авсан 75,188,000 төгрөгийг, төмөр замын нийт үнэ 440 сая төгрөг бөгөөд шүүхээс иргэн Ж намайг 243,702,000 төгрөг тушаасан гэж тогтоосон. Иймд илүү төлсөн мөнгө болох 23,702,000 төгрөгийг, харуул хамгаалалтын зардалд надаас 31 810 000 төгрөг Б гаас 15,000,000 төгрөг гарсан нь шүүхээр тогтоогдсон. Нийтдээ Ж болон Б нараас 46,810,000 төгрөг харуул хамгаалалтын зардалд төлөгдсөн байдаг. Энэ мөнгөн дүнгээс Б гийн дутуу төлсөн 8,405,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Иймд Б гаас миний илүү төлсөн мөнгө болох нийт 107,295,000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Энэ хэрэгт гэрчээр оролцсон Г.Баянмөнх ямар ч хамааралгүй этгээд бөгөөд 14,800,000 төгрөг төлсөн гэсэн баримт хэрэгт хавсаргасан боловч худал материал юм. Г.Баянмөнхөөс 7,400,000 төгрөг гарсан бөгөөд энэ мөнгө нь надад өгөх өглөгөө өгсөн. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор хамтын үйл ажиллагаа шууд дуусгавар болохгүй. Эхлээд биелээгүй хэсгийг дуусгавар болгох ёстой, дараа нь үлдэх хөрөнгийн жагсаалтыг талууд хуваарилах ёстой гэхдээ хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон тохиолдолд хамтын үйл ажиллагааны зорилго болон талуудын эрх үүрэгт өөрчлөлт орно. Ашиг олох зорилгын өмнө биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгох зорилго орж ирнэ гэж Иргэний хуулийн 2010 оны тайлбарт тайлбарласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Ж нь нэхэмжлэлийн шаардлагаа Төмөр зам худалдан авахад болон арчлахад илүү төлсөн 107,295,000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон байх ба “Ирмүүн” ХХК-аас Төрийн өмчийн хороонд тушаах нэрийдлээр авсан 75,188,000 төгрөг, төмөр зам худалдан авахад илүү төлсөн мөнгө болох 23,702,000 төгрөг, харуул хамгаалалтын зардалд Б гийн дутуу төлсөн 8,405,000 төгрөгийг тус тус надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Б миний бие иргэн Ж т холбогдуулан Дорнод аймгийн Чингисийн далан өртөөнөөс Мардайн хүртэлх 93 км төмөр замын өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байсан ба нэхэмжлэгч Ж нь уг төмөр замыг худалдан авахад 318 890 000 төгрөг оруулсан болохыг тогтоолгож, оруулсан хөрөнгийн хэмжээгээр тухайн төмөр замын 72.5 хувь буюу 67.4 км төмөр замын өмчлөгч болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан болно. Энэхүү иргэний хэргийг ...Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн болно. Энэ хэргийн хүрээнд иргэн Ж ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх дүгнэлт хийхдээ одоо тус шүүхэд гаргасан Ирмүүн ХХК-аас төмөр зам худалдан авахад авсан гэх 75,188,000 төгрөгтэй холбогдуулан дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/012364 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасны дагуу хариуцагч Ж ийг “Тачбин” ХХК-ийн хөрөнгө болох төмөр замыг худалдан авахад 243,702,000 төгрөг оруулсан болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75,188,000 төгрөгт холбогдох хэсгийг болон “Тачбин” ХХК-ийн хөрөнгө болох төмөр замын 72.5 хувийн өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар шүүх Ж ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна. Мөн уг иргэний хэргийг шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэрээр Ж ийг төмөр замыг худалдан авахад 243,702,000 төгрөг оруулсан болохыг тогтоохдоо Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.1, 487 дугаар зүйлийн 487.1-д заасныг тус тус баримтлан талууд хамтран ажиллах гэрээнд оруулах хураамж, хувь хэмжээг гэрээгээр тухайлан тохиролцоогүй байх тул тэдний оруулсан хураамжийн хэмжээг хуулиар зохицуулах нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг. Улсын Дээд шүүхийн 001/XT2017/01380 дугаар тогтоолд ...дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй... гэж Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д зохицуулсан тул хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 93 км төмөр замыг нэхэмжлэгч, хариуцагч нар тус бүр тэнцүү хэмжээтэй буюу тус тус 46.5 км-ээр өмчлөх эрхтэй байна гэж үзлээ. Иймд хариуцагч Ж ийн хамтын үйл ажиллагаанд 318,890,000 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоолгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно гэж дүгнэсэн байна. Ийнхүү Ж ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох 243,702,000 төгрөг тушаасны зарим хэсэг болох илүү төлсөн гэх 23,702,000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа учраас шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй. Ж нь төмөр замын харуул хамгаалалтын зардалд нийт 46,810,000 төгрөг төлөгдсөнөөс намайг 8,405,000 төгрөг дутуу төлсөн гэх үндэслэлээр энэ мөнгөн дүнг надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь 93 км төмөр замын харуул хамгаалалтын зардлыг Б миний бие нь Ж , Г.Баянмөнх нарын хамтаар cap сараар хариуцан төлөхөөр тохиролцож, харуулын цалинд cap бүр 500,000 төгрөг шилжүүлж байсан ба би миний хувьд 15,560,000 төгрөг өнгөрсөн хугацаанд төлсөн. Ж нь өнгөрсөн хугацаанд харуул хамгаалалтын цалинд нийт 46,810,000 төгрөг төлсөн болохыг тооцож үзээд, зөвхөн миний төлсөн мөнгийг хасч тооцсон байна. Гэтэл бид хоёроос гадна Г.Баянмөнх харуул хамгаалалтын зардалд 14,800,000 төгрөг төлсөн байдаг. Ийм учраас Ж нь харуул хамгаалалтын зардалд дутуу төлсөн гэх үндэслэлээр 8,405,000 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй. 2006 онд худалдаж авсан төмөр замыг 2007 онд Тачбин ХХК-ийг байгуулаад хоёулаа 50, 50 хувийн хувьцаа эзэмшихээр тохиролцсон шийдвэр гарснаар нэхэмжлэгч Ж өөрийн оруулсан хөрөнгө 318,890,000 төгрөг компанийн хөрөнгө, энэ хөрөнгийг бид хоёр 50, 50 хувиар эзэмшиж ашиглахаар тохиролцоод улсын бүртгэлд бүртгүүлсэн дээр өмнөх шүүхийн шийдвэрүүд үндэслэж гарсан. Нэгэнт шүүхийн шийдвэрээр таны оруулсан 318,890,000 төгрөг “Тачбин” ХХК-ийн хөрөнгө болсон байна. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт хамтран өмчлөх дундын хөрөнгө, хамтарч ажилласан байна гэх байдлыг үндэслэж худалдаж аваад компанийн 2 гишүүн хамтарч ажиллахаар тохиролцоод нэхэж байгаа нь үндэслэлгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00751 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 477 дугаар зүйлийн 477.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б гаас 25,107,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын 75,188,000 төгрөгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ж ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 694,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б гаас 283,485 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1249 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00751 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б гаас 25,107,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж т олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 82,188,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг 2 гэж, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж, 5 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.
Хариуцагч талаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцэж гараагүйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэг, 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг хэрэглэн нэхэмжлэгч Ж ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б гаас 25,107,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/012364 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1440 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 001/ХТ2017/01380 дугаар тогтоолоор Ж , Б нар нь маргааны зүйл болох төмөр замыг адил тэнцүү 50, 50 хувийн өмчлөх эрхтэй болохыг тогтоосон боловч Ж ийн илүү төлсөн 23,702,000 төгрөгийн зөрүүг гаргуулах эсэхийг шийдвэрлээгүй байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь дээр дурдсан 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоор нэхэмжлэгч Ж ийн төмөр зам худалдан авахад төлбөл зохих төлбөрөөс илүү төлсөн гэх 23,702,000 төгрөгийн талаарх үйл баримт, нотлох баримтуудыг дүгнэж, нэхэмжлэгч, хариуцагч нар 93 км төмөр замыг худалдан авсны дараа 2007 онд “Тачбин” ХХК-г үүсгэн байгуулж, уг төмөр замыг тус компанийн үндсэн хөрөнгөөр тооцож, талууд тус компанийн хувьцааг 50, 50 хувиар тэнцүү хэмжээтэй эзэмшихээр шийдвэрлэсэн нь талууд хамтран өмчлөх хөрөнгөнд оруулсан хувь хэмжээгээ эцэслэн тохиролцсон байна гэж дүгнэж шийдвэрлэсэн байдаг. Мөн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1440 дүгээр магадлалд “...Талууд хамтран ажиллах гэрээнд оруулсан хураамжийн хэмжээний талаар маргаж, өөр өөрийнхөөрөө тайлбарлах боловч хураамжийн талаар харилцан тохиролцсон баримтгүй тул Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар талууд тэнцүү хэмжээгээр хариуцна” гэж дүгнэснийг хяналтын шатны шүүх үндэслэл бүхий гэж дүгнэсэн байдаг. Улсын Дээд шүүхийн 001/ХТ2017/01380 дугаар тогтоолд “ ...Талууд хамтран өмчлөх хөрөнгөнд оруулсан хураамжийн хэмжээг хэрхэн тодорхойлсноо баримтаар нотлоогүй тул тэдний оруулсан хураамжийн хэмжээг хуулиар зохицуулах нь зүйтэй. ...дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй...” гэж Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт зохицуулсан тул хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 93 км төмөр замыг нэхэмжлэгч, хариуцагч нар тус бүр тэнцүү хэмжээтэй буюу тус бүр 46.5 км-ээр өмчлөх эрхтэй байна. Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй. Иймд Ж ийн хамтын үйл ажиллагаанд 318,890,000 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоож, төмөр замын 72.5 хувь буюу 67.5 км төмөр замыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна” гэж үзсэн байна. Гэтэл нэхэмжлэгч Ж нь уг хэрэгт нэхэмжилсэн 318,890,000 төгрөгийн зарим хэсэг болох 75,188,000 төгрөгийг дахин шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх гэж оролдож, энэ байдлыг нь зөвтгөж буй давж заалдах шатны шүүхийн дүгнэлт ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг зөрчиж гарсан байна. Ийнхүү дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор 440,000 төгрөгийн өртөг бүхий төмөр зам худалдан авсан талууд болох Ж , Б нарын оруулсан хураамжийн тухай асуудлыг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэсэн байгаа тул давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагын хэсэг болох 25,107,000 төгрөгийг ханган шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 75,188,000 төгрөгт холбогдох хэсгийг ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосныг буруу гэж үзэж шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, Иргэний Хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул 75,188,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.
2. Давж заалдах шатны шүүх хариуцагчаас төмөр замын харуул хамгаалалтын зардалд 1,405,000 төгрөгийг дутуу төлсөн гэх үндэслэлээр гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх төмөр замын харуул хамгаалалтын зардалд 46,810,000 төгрөгийн цалинг төлсөн байна гэж үзээд, уг зардлыг 50, 50 хувиар хариуцах үүрэгтэй гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Энэхүү хэрэгт гэрчээр оролцсон Г.Баянмөнх нь төмөр замын харуул хамгаалалтын зардлыг нэхэмжлэгч, хариуцагч нарын хамтаар гурвуулаа хариуцан төлөхөөр тохиролцсон учраас гарсан зардлын өөрт ногдох хэсгийг төлсөн тухай бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгч, манаачийн цалинд 14,800,000 төгрөг төлснөө гэрчийн мэдүүлэгтээ маш тодорхой тайлбарласан байгаа. Гэтэл шүүх гэрч Г.Баянмөнхийн мэдүүлгийг уг маргаанд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэлгүйгээр, хариуцагчаас 1,405,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна. Иймд гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн магадлалыг хянан үзэж, уг магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ж нь хариуцагч Б д холбогдуулан төмөр зам худалдан авахтай холбоотой гарсан зардалд 107,295,000.00 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч Б эс зөвшөөрч, энэ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчид 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 93 км төмөр замыг “Бүрхээст хайрхан” ХХК-ийн нэр дээр Төрийн өмчийн хорооноос хувьчлалаар худалдан авсан, хожим талуудын хооронд төмөр замын өмчлөлтэй холбоотой маргаан үүссэн нь шүүхээр шийдвэрлэгдэж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.02-ны 102/ШШ/2017/01264 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.06.23-ны өдрийн 1440 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017.11.10-ны өдрийн 001/ХТ2017/01380 дугаар тогтоол гарчээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б Төрийн өмчийн хороонд тушаах нэрийдлээр 75,188,000.00 төгрөг авсныг, түүнчлэн Ж нь төмөр зам худалдан авахад төлвөл зохих төлбөрөөс илүү төлсөн 23,702,000.00 төгрөгийг, харуул хамгаалалтын зардалд хариуцагчийн төлвөл зохих 8,405,000.00 төгрөгийг гаргуулахаар шаардахдаа энэ нэхэмжлэл нь дээрх шүүхийн шийдвэрт хамаарахгүй, шийдвэрлэгдээгүй асуудал, давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ талаар дүгнэсэн гэжээ.
Зохигчдын хооронд өмнө нь үүсч, гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн төмөр замын өмчлөлтэй холбоотой маргаанд Б нь “Тачбин” ХХК, Ж нарт холбогдуулан “....Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгч болохыг тогтоолгож, уг хөрөнгийн ногдох хувийг Б гийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэл гаргасан, харин Ж нь “...төмөр замыг худалдан авахад 318,890,000.00 төгрөг оруулсан болохыг тогтоолгох, уг хөрөнгийн 72,5 хувь буюу 67,4 км замын өмчлөгч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан, түүнчлэн гуравдагч этгээд Ц.Эрдэнэ нь “...Бүрхээст хайрхан ХХК-ийн 100 хувийн эзэмшигч болохыг тогтоолгох, “Тачбин” ХХК болон “Бүрхээст хайрхан” ХХК-ийн хооронд хийсэн худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах”-аар бие даасан шаардлага гаргасан байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.02-ны 102/ШШ/2017/01264 шийдвэрээр Б гийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин Ж ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд төмөр замыг худалдаж авахад Ж ийг 243,702,000.00 төгрөг оруулсан болохыг тогтоож, үлдэх 75,188,000.00 төгрөгт холбогдох болон төмөр замын 72.5 хувийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг, мөн гуравдагч этгээд Ц.Эрдэнийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.06.23-ны өдрийн 1440 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан бол Дээд шүүхийн 2017.11.10-ны өдрийн 001/ХТ2017/01380 дугаар тогтоолоор магадлалд хууль хэрэглээний нэмэлт оруулжээ.
Нэг. 75,188,000.00 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан гурван шатны шүүхийн дээрх шийдвэрээс үзэхэд, Ж нь 93 км төмөр зам худалдан авахад 318,890,000.00 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх түүнийг 243,702,000.00 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоож, үлдэх 75,188,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байхад нэхэмжлэгч Ж “...хариуцагч Б Төрийн өмчийн хороонд тушаахаар 75,188,000.00 төгрөгийг авсан боловч тушаагаагүй” гэж дахин шаардлага гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нийцсэн гэж үзэхгүй тул энэ шаардлагад хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүйгээс гадна нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдож, шийдвэрлэгдсэн үйл баримт юм.
Харин давж заалдах шатны шүүх “... “Ирмүүн” ХХК-иас хариуцагч Б гийн Төрийн өмчийн хорооноос худалдан авсан төмөр замын төлбөрт төлөхөөр шилжүүлэн авсан гэх 75 188 000 төгрөгийн асуудлыг 3 шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлээгүй байтал анхан шатны шүүх өмнө нь шүүх шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь буруу” гэж анхан шатны шүүхийг буруутгасан атлаа “...нэхэмжлэгч Ж ийн хариуцагч Б гаас 75 188 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, зөрчилтэй байх тул магадлалын үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзэхгүй.
Хоёр: 23,702,000.00 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:
Зохигчдын хооронд төмөр замын өмчлөлтэй холбоотой өмнө нь үүссэн маргааныг гурван шатны шүүх шийдвэрлэхдээ “...хамтран ажиллах гэрээнд талуудын оруулсан хөрөнгийн талаар шүүхээс дүгнэж, төмөр замын өмчлөлийн хувь хэмжээг тогтоосон” байхад анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ж ийн “...төмөр зам худалдан авахад төлвөл зохих төлбөрөөс илүү төлсөн гэсэн” шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40,2-т нийцсэн гэж үзэхгүй.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.02-ны 102/ШШ/2017/01264 шийдвэрт ”...төмөр замыг худалдан авч, Төрийн өмчийн хорооноос 2006 оны 9 сарын 11-ний өдөр “Бүрхээст хайрхан” ХХК-д өмчлөгчийн эрхийн гэрчилгээ өгснөөр тус төмөр замын өмчлөгч нь нь “Бүрхээст хайрхан” ХХК болсон байна. Улмаар “Бүрхээст хайрхан” ХХК-ийн захирал Б , хариуцагч Ж нар төмөр замыг цааш нь худалдан борлуулж, ашиг олох зорилгоор “Тачбин” ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн хөрөнгөд төмөр замыг шилжүүлэн хувьцааг 50:50 хувиар эзэмшихээр дүрмээ батлан, 2007 оны өдөр компанийг улсын бүртгэлд бүртгүүлжээ” гэж дүгнээд “...зохигч талууд ...төмөр замыг “Тачбин” ХХК-ийн хөрөнгө гэх үйл баримтын талаар маргаагүй” гэжээ.
Түүнчлэн “...замыг худалдан авахдаа нэхэмжлэгч “Бүрхээст хайрхан” ХХК-ийн захирал Б 196,298,000.00 төгрөг, хариуцагч Ж нь 243,702,000.00 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болох нь баримтаар нотлогдож байна. Гэхдээ Б , Ж нар нь “Тачбин” ХХК-ийн дүрмэндээ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1,000,000.00 төгрөгөөр тодорхойлж, хувь нийлүүлэгчийн өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь хэмжээг 50, 50 хувиар эзэмшихээр тусгажээ” гэсэн байна. /xx-13 ар,14/
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.06.23-ны өдрийн 1440 дугаар магадлалд “...нар ямар нэгэн хуулийн этгээд байгуулахгүйгээр иргэнийхээ хувьд анх төмөр замыг худалдан авч Б 196,298,000.00 төгрөг, Ж нь 243,702,000.00 төгрөг төлсөн болох нь ...баримтаар нотлогдсон боловч энэ нь хэргийн бусд баримтуудтай харьцуулан үнэлэхэд хамтран ажиллах гэрээнд оруулах хураамжийн хэмжээг тогтоосон нөхцөл гэж эргэлзээгүй нотлохгүй. Талууд хамтран худалдан авсан төмөр замыг нэхэмжлэгч Б гийн эзэмшлийн “Бүрхээст хайрхан” ХХК-ийн өмчлөлд бүртгүүлсэн, улмаар талуудын тэнцүү хэмжээгээр хувьцаа эзэмшдэг “Тачбин” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн байдал нь талууд уг төмөр замыг зарж борлуулан, ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэсэн хэлцэл хийх тухай талуудын хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болохыг үгүйсгэх учиргүй” гэж тус тус дүгнэжээ. /xx-22 ар,23/
Нэхэмжлэгч Ж инь давж заалдах шатны шүүхийн магадлалд “хариуцагч нь хамтран ажиллах гэрээний дагуу төмөр зам худалдан авахад нэхэмжлэгчээс илүү үнэ төлсөн, түүнчлэн уг төмөр замыг арчлахад илүү зардал гаргасантай холбоотой асуудлыг энэ хэргийн хүрээнд шийдвэрлээгүй” гэж дурдсаныг энэхүү шаардлагынхаа үндэслэл болгосон байх боловч Улсын Дээд шүүхийн 2017.11.10-ны өдрийн 001/ХТ2017/01380 дугаар тогтоолд “...хариуцагч Ж ийн хамтын үйл ажиллагаанд 318,890,000.00 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоож, төмөр замын 72.5 хувь буюу 67.5 км төмөр замыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно” гэж дүгнээд давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлага болж буй 23,702,000.00 төгрөг нь дээрх 318,890,000.00 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд багтсан, түүнчлэн энэ нь шүүхээр өмнө нь шийдвэрлэгдсэн төмөр замын 72.5 хувийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон үйл баримтыг энэ удаа нэхэмжлэлийн бие даасан шаардлага болгосон байна.
Гэвч зохигчдын хооронд үүссэн хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон хөрөнгийн хувь хэмжээг тогтоосон шүүхийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн илүү төлсөн гэсэн 23,702,000.00 төгрөг багтсан, шүүх Иргэний хуулийн Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.3-т заасны дагуу Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д заасныг баримтлан маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байх тул 23,702,000.00 төгрөгийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нийцнэ гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.
Гурав: Харуул хамгаалалтын зардал 8,405,000.00 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд,
Зохигчид төмөр замын харуул хамгаалалтын нийт зардал 46,810,000.00 төгрөг болсон тухайд талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж дүгнэн, харуул хамгаалалтын зардал төлөх үүргийг хэрхэн хуваарилсан тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул зохигчдыг тэнцүү хэмжээгээр хариуцах үүрэгтэй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д нийцсэн байна. Түүнчлэн зохигчдын худалдан авсан төмөр замын харуул хамгаалалтын зардлын талаар шүүхээр өмнө нь шийдвэрлэгдээгүй буюу шаардлагын энэ хэсэг дээрх 318,890,000.00 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ороогүй байна.
Нэхэмжлэгчийн харуул хамгаалалтын зардалд 8,405,000.00 төгрөгийн шаардлагаас 1,405,000.00 төгрөгийг хариуцагч Б гаас гаргуулахаар шүүх шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ж ийн нэхэмжлэлийн шаардлагаас 25,107,000.00 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй нь буруу юм.
Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1249 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00751 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б гаас 1,405,000.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,000,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, хоёр дахь заалтын “75,188,000” гэснийг “98,890,000.00” гэж, гурав дах заалтын “283,485” гэснийг “37.430” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 283,485 /хоёр зуун наян гурван мянга дөрвөн зуун наян тав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН