Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2018/0317

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, 

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 өөрийн байр.

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын ....Х тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосныг хууль бусад тооцуулах, хайгуулын ХҮ-..... дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.М нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь 2005 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт Баруун уурхайт нэртэй 1475.19 гектар талбай бүхий хайгуулын ХҮ-.... дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/116 тоот албан тоотоор нөөцийн тайлангаа ЭБМЗ-д хүргүүлсэн. Ашигт малтмал газраас энэхүү тайланг ЭБМЗ-өөр хэлэлцүүлэх мэдэгдэх хуудсыг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ашигт малтмалын газрын 4-7089 албан тоотоороо манайд мэдэгдэж нөөцийн тайлан хүлээн авснаа нотолсон. Манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу эзэмшиж байсан. Нөөцийн тайлангаа хүргүүлж байна гэдэг маань Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн гэдгийг нотолно. ЭБМЗ нь 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ХХ-03-15 тоот дүгнэлтээ гаргасан. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нөөцийн тайланг батлуулах хүсэлтийг 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шийдвэрлэсэн нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй төрийн байгууллагуудын зохион байгуулалт муугаас болсон гэж үзэж байна. Нөөцийн тайлан батлах хугацаанд буюу 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр манай хайгуулын тусгай зөвшөөрлийн 9 жилийн хугацаа дууссан байдаг. Энэ тухай 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15/02 тоот албан бичигт манай ....Х тусгай зөвшөөрлийг нөөцийн тайлан батлагдтал хэвээр үлдээж өгөхийг хүссэн. /Ашигт малтмалын газраас хариу өгөөгүй/.  Ингээд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмалын газрын даргын “Нөөц бүртгэх тухай” Н/53 дугаар тушаалаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн. Тиймээс манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд шаардлагатай баримтуудыг бүрдүүлсэн. 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 9062Х хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нь Урт нэртэй хуулийн талбайд давхцалгүй гэсэн 05/5235 тоот дүгнэлт гарсан. 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас ....Х хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд “Төмрийн орд ашиглах” байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гарч цаашид нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн.

Ашигт малтмал газрын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №6/1476 тоот албан бичигт 1 сарын дотор ЭБМЗ-д нөөцийн тайланг хэлэлцүүлэхийг мэдэгдсэн. Заасан хугацаанд нь буюу 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст бүх бичиг баримтаа бүрдүүлэн 15/11 тоотоор хүргүүлсэн боловч нэг ч удаа хариу ирүүлээгүй. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын №7/8985 "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” тоот ирсэн. Уг тоотод манай хүсэлтийг хангахаас татгалзсан тухай байсан. Энэхүү мэдэгдлийг эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтанд  2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасан бөгөөд гомдлын хариу 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 2/376 тоотоор ирсэн. Хариу нь гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн утгатай.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийн “Ж” ХХК нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг, Баруун уурхайт нэртэй 1475.19 гектар талбай бүхий хайгуулын ХҮ-.... дугаартай тусгай зөвшөөрлийг Ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс болон тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Баруун уурхайт-1 нэртэй 1476 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ....Х тоот тусгай зөвшөөрөл нь 2005 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ шийдвэрээр анх олгогдсон бөгөөд 2006 онд “Ж” ХХК-д шилжүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордны нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордны нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө”, 48.4-т “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл “Ж” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас боломжит хугацааны өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хандана гэсэн үг. Гэтэл “Ж” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд нөөц батлуулах тайлангаа хүргүүлсэн боловч хэлэлцэгдээгүй байсаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ХХ-03-15 тоот дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн н/53 тоот дээрх талбайд хамаарагдах нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тушаал гарсан байна. Дээрх хугацаанд компаниас хүсэлт ирүүлж байсан ч хариу өгөөгүй байна. Нөөцөд бүртгүүлсний дараа “Ж” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирүүлснийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч Кадастрын өргөдлийн бүртгэлд бүртгэсэн боловч тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй” боловч мөн хуулийн 25 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах журмыг зохицуулсан байх бөгөөд өргөдөлд “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”-ийг хавсаргахаар заасан байдаг. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, хуулийн хугацаанд гаргаж ашиглалтын тусгай зөвшөөрөл авч чадаагүй нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас боломжит хугацааны өмнө хандаагүйгээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөө талаас бол Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн онцгой эрхийнхээ дагуу авах” эрхтэй байхаар хуульчилсан нь тухайн талбайд хайгуулын ажил гүйцэтгэж зардал гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар үзүүлж буй давуу байдал юм. Хариуцагч байгууллагын үйл ажиллагааны удаашралтай байдлаас хамаарч ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 604 тоот шийдвэр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гарч, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан шаардлага хангаагүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаанд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь анх тус шүүхэд хандан “Ашигт малтмалын хайгуулын ....Х тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосныг хууль бусад тооцуулах, хайгуулын ХҮ-..... дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийн “Ж” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хайгуулын ХҮ-..... дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” хэмээн тодруулсан.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт байрлах “Баруун Уурхайт-1” нэртэй 1476 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын .....Х дугаар тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн  /хуучин нэрээр/ даргын 2005 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэрээр иргэн Х.У-т олгожээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргасан хүсэлтийн үндсэн дээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1311 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Ж” ХХК-нд шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийг хавсралтанд тэмдэглэгээ хийсэн байна. 

Улмаар нэхэмжлэгчийн шаардах эрх дуусгавар болох хүртэл хугацаанд хамаарах эрх зүйн хэм хэмжээ болох 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн /Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх/  21.1.4. “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулах” хэмээн заасанчлан нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн үндсэн дээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2007 оны 2425 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг /эхний удаа/ 2011 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар, 2010 оны 1357 дугаар шийдвэрээр /хоёр дахь удаа/ 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар тус тус сунгажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, 25 дугаар зүйлийн 25.1-д “энэ хуулийн 24.1, 24.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж тус тус заасан байжээ.

Хуулийн энэхүү заалтын дагуу нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ....Х дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх нийт 9 жилийн хугацаа 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болох бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан энэ хугацааны дотор ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдлөө гаргах эрхтэй байжээ.

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх хугацааны дотор ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаагүй болох нь “Ж” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан “Ж” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 15/11 тоот “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэх тухай” албан бичиг, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NM-025582 дугаарт бүртгэгдсэн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэх тухай” өргөдөл, мөн өдрийн огноо бүхий Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсаар тус тус тогтоогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “нөөцийн тайлангаа хүргүүлж байна гэдэг маань Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн гэдгийг нотолно”, ”бид 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн а/116 болон 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15/02 тоот албан бичгээр манай ....Х тусгай зөвшөөрлийн талбайг нөөцийн тайлан батлагдтал хүчинтэй байлгаж өгөхийг хүсэж хандаж байсан” хэмээн маргаж байх боловч “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхээр Эрдэс баялгийн зөвлөлд хүргүүлэх” болон “ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх” гэсэн хоёр ойлголт нь тус тусдаа үр дагавар бүхий ойлголтууд бөгөөд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нь түүнийг эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамаарах хууль зүйн факт юм.

Өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон хугацааны дээд хязгаарт /9 жилийн/  хүрсэн нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг бүр мөсөн дуусгавар болгох хууль зүйн факт болохын хувьд хэн нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшигч эсхүл хариуцагч байгууллагын хүсэл зориг, шийдвэрээс үл хамааран хэрэгжих учиртай.

Нэгэнт нэхэмжлэгчээс хуульд заасан хугацааны дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдлөө гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тодорхой тогтоогдож байхад Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3-т заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Ж” ХХК-нд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноор хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын ХҮ-.... дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээн, нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах боломжгүй.

Иймд, “Ж” ХХК-иас гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь “хайгуулын ажлын үр дүнгийн тайлан”-г хуульд заасан журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэсэн эсэх асуудлаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ж” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийн “Ж” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хайгуулын ХҮ-009062 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА