Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1197

 

 “Кредит банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00596 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Кредит банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Даш, Д.Содтулга нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 39 863 154 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд ХУД-ийн 4-р хороо, Яармаг/17110/ Наадамчдын зам, 107-р байрны 83 тоот 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан,

Хариуцагчийн өмгөөлөгч  С.Үлэмж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Кредит банк" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.Даш, Д.Содтулга нар нь “Кредит банк” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2200391355 дугаартай иргэдийн хэрэглээний, барьцаат зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг жилийн 22.8 хувь, сарын дундаж хүү 1,9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцааны гэрээ байгуулж, С.Дашийн өмчлөлийн ХУД-ийн 4-р хороо, Яармаг/17110/ Наадамчдын зам, 107-р байрны 83 тоот 74 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. С.Даш, Д.Содтулга нар нь зээл хүүний төлөлтийн графикийг зөрчиж эхэлсэн, зээл хүүгээ төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч график төлөлтөд оруулаагүй бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойш өнөөг хүртэл ямар нэгэн төлөлт хийлгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул барьцаат зээлийн гэрээний 8.2.4-т заасны дагуу цуцалж зээл, зээлийн хүү, нэмэгдэл хүү болох, зээлийн үлдэгдэл 32 918 233 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 5 280 959 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 101 949 төгрөг, нийт 33 301 141 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 324 456 төгрөгийн хамт “Кредит банк” ХХК-д олгуулах, зээл, хүүний төлбөрөө төлж барагдуулаагүй нөхцөлд барьцаа хөрөнгө болох ХУД-ийн 4-р хороо, Яармаг/17110/ Наадамчдын зам, 107-р байрны 83 тоот 74 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Ү-2206024616 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 39 863 154 төгрөг болгож нэмэгдүүлсэн гэжээ.

 

Хариуцагч С.Дашийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: “Кредит банк” ХХК нь 2014.05.06-ны өдөр иргэн С.Даштай байгуулсан хэрэглээний зээлийн 2200391355 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэвч тухайн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ бөгөөд хэт их нэг талыг барьсан иргэн С.Дашийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөн байна. Түүнчлэн зээл төлөлтийн график болон тооцоолол дээр санал нийлэхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Даш, Д.Содтулга нараас 33 301 141 төгрөг гаргуулж, “Кредит банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 562 013 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Даш, Д.Содтулга нараас 324 456 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Кредит банк" ХХК-д олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444 399 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч С.Үлэмжийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож зээлийн гэрээний үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд хэрэгт бүрэн дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 452.2 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцох тухай зохицуулалт орсон байдаг. Хариуцагч нарын зүгээс гэрээнд заасан хугацаа дуусаагүй байгаа бөгөөд гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж байгаа тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцох нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч байгууллага нь зээлийн хүүний төлөлтөөс нэмэгдүүлсэн хүү гэж 115 547 төгрөг авсан байгаа нь дансны хуулгаас харагдаж байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан нэмэгдүүлсэн хүүг хулээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нийт төлсөн нэмэгдүүлсэн хүүг зээлийн үндсэн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй байсан. Иргэний хуулийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөрийг барагдуулахдаа эхний ээлжинд үндсэн төлбөрийг барагдуулж, дараа нь хүүг барагдуулах арга хэмжээ авах тухай хуульчилсан байдаг. Нэхэмжлэгч нь зээлийг Монгол банкны активыг ангилах журмын дагуу 2015 оны 12 дугаар сард эрсдэлтэй зээлийн ангилалд хамааруулах ёстой байсан бөгөөд дээрх хугацаанаас эхлэн үндсэн зээлийг тэргүүн ээлжинд гаргуулах үүрэгтэй байсан боловч дээрх үүргээ биелүүлэлгүй зөвхөн хүүгийн төлбөрийг авч байсныг шүүгч нягталж үзээгүй бөгөөд дээрх байдал миний үйлчлүүлэгчдийн эрх зүйн байдлыг дордуулж тодорхой хэмжээнд эд хөрөнгийн хувьд хохирол хүлээх нөхцөл байдлыг бүрдүүлэн өгч байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүүг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хоорондын эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлж, үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч "Кредит банк" ХХК нь хариуцагч С.Даш, Д.Содтулга нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39 863 154 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн гэрээ хэт нэг талыг барьж хийгдсэн, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Талууд 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.9 хувийн хүүтэй зээлдэх, зээлдүүлэхээр тохиролцон 2200391355 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, /хх-5-7/ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг /17110/ Наадамчдын зам 107 дугаар байр, 83 тоот хаягт байрлах, Ү-2206024616 улсын бүртгэлийн дугаартай, 74 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг уг зээлийн гэрээний үүрэгт барьцаалжээ./хх-8-9/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд эдгээр гэрээ нь бичгийн хэлбэрээр байгуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр гэрээ болох талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэрээний дагуу зээлдэгч нар 50 000 000 төгрөгийг хүлээн авсан, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч С.Дашийн хүсэлтээр зээл, зээлийн хүүг төлөх хуваарийг шинэчлэн баталсан, уг хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ хариуцагч нар зөрчсөн, төлөгдсөн төлбөрийн үнийн дүн зэрэгт зохигч маргаагүй.

 

Харин төлөгдсөн мөнгийг зөв суутган тооцсон эсэх, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлтэй эсэхэд хариуцагч нар маргасан.

 

Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул банк өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзсэн нь зээлийн гэрээний 8.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

 

Банк нэхэмжлэл гаргахдаа гэрээг цуцалж гэрээний үр дагаврыг тооцож нэхэмжилсэн ба цуцлагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас шаардах боломжгүй гэж үзэн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн, гэрээ цуцласнаас хойшхи хугацааны зээлийн хүүг төлөх үүрэг хариуцагч нарт үүсэхгүй юм. 

 

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дуусахаар байгаа хэдий ч уг зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хуваарийн дагуу зээл болон хүүгийн төлбөрийг тогтмол хугацаанд төлөөгүйгээс хугацаанаас өмнө гэрээг цуцласан, энэ нь зээлийн гэрээний үүргээс зээлдэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй ба гэрээний 7.1-д эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалтад нийцжээ.

 

Дээр дурдсан гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан байх ба хэт нэг талыг барьсан зээлийн гэрээ гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй, хариуцагчийн зээл хүүгийн тооцооллыг зөвшөөрөхгүй, үүрэг гүйцэтгэх дараалал зөрчсөн, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө гаргуулах, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах 2 шаардлага гаргасан байхад шүүх 1 шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн, шийдвэрийн үндэслэх хэсэгт 2 шаардлагын талаар дүгнэсэн боловч тогтоох хэсэгт мөнгөн хөрөнгө гаргуулахаар шийдвэрлэж, 2 дахь шаардлагыг шийдвэрлээгүй орхисон байгаад нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

Анхан шатны шүүх хариуцагч С.Даш, Д.Содтулга нараас 33 301 141 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын  өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ 

                          

                                          ШҮҮГЧИД                                       Ш.ОЮУНХАНД                                                                                                 

                                                                                    

                                                                                                  Б.НАРМАНДАХ