Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2018/ДШМ/019

 

Г.От холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Г.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.От холбогдох эрүүгийн 1714000000133 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Тарвагачин овогт Г.О, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,

Г.О нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ноос 2017 оны 11 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах Сонголт группийн байранд үйл ажиллагаа явуулдаг Т.Оийн ажилуулдаг гар утас засварын газарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад 830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Тарвагачин овогт Г.Оыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Отыг 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Г.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцож, Г.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Оын гаргасан давж заалдах гомдолдоо: Миний ээж бие муутай тэтгэврийн хөгшин байдаг, би Номун далай цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн “Г” бүлэгт суралцдаг. Би муу хүүхдүүдэд уруу татагдсанаасаа болж ийм муухай гэмт хэрэг хийсэндээ маш их гэмшиж харамсаж байна. Эрхэм шүүгч нар намайг цаашид хичээл номонд минь явуулж өгөөч гэж гуйж байна. Би дахин муу хүүхдүүдтэй нийлж ийм муухай гэмт хэрэг хийхгүй гэдгээ та бүхэнд амлаж байна. Аав ээжийнхээ үгэнд орж хичээл номондоо шамдан суралцаж зөв төлөвтэй сайн хүн болно гэдгээ та бүхэнд амлаж байна. Та бүхэн энэрэнгүй зөөлөн сэтгэл гаргаж өршөөж өгнө үү гэжээ.

Өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгчөөс Г.Оын хувийн байдал, насны байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзэн дараах үндэслэлийг гаргаж байна.

Г.О нь 1999 оны 03 дугаар сарын 10-нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 18 нас, 10 сартай, Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн 12/Г ангид сурдаг, бүрэн дунд сургуулийн төгсөх ангид байхдаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэмт хэрэг үйлдэхээс өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ар гэр, ахуй амьдралын хувьд амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д Эрүүгийн хариуцлагын зорлиго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэнэ, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно, хуулийн 4-т хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болохгүй гэснээс дүгнэхэд хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүмүүжлийн чанартай албадлагын арга эмжээ хэрэглэх боломжийг хууль тогтоогчоос олгожээ. Энэ хуулийг Г.От хэрэглэх боломжтой байна.

Учир нь Г.О нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийнхээ хохирлыг төлсөн, түүний хувьд эцэг эх дүүгийн хамт амьдардаг, хамгийн гол нь бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийг төгсөж цаашид сурч боловсорч нийгэмших бүрэн боломжтой байдал нь хэрэгт авагдсан түүний хувийн байдалтай холбоотой баримтуудаас тодорхой харагддаг.

Мөн зан харьцааны хувьд гэнэн томоогүй, хүүхдээрээ байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд холбогдсон хэргийн тухайн зүйл ангид заасан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Өсвөр насны хүнийг нийгмээс тусгаарлан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь түүнийг цээрлүүлэх дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх зорилготой ч эрүүгийн хариуцлагын бас нэгэн зорилго болох нийгэмшүүлэх зорилгыг ханган Г.Оыг хүмүүжүүлэх, эцэг эх, анги хамт олны дунд байлгаж сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, дахин ийм хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй учир энэ боломжийг олгож өгөхийг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 2-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Г.Оыг эцэг эхийн хараа хяналтад байлгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Та бүхэн надад боломж олгож хорих ял эдлүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Би дахин ийм гэмт хэрэг хийхгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчөөр нь оролцож байна. Г.О нь төгсөх ангийн сурагч тул хуульд заасан боломжийг ашиглан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. Хүүхдийн хувьд бол маш төлөв томоотой хүүхэд байгаа гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч нь 12 дугаар ангид суралцдаг, нэн ядуу өрхөд хамаардаг өрхийн гишүүн юм. Сургуулиа төгсөх шатандаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо төлсөн, хохирогч гомдолгүй гэсэн, өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон насны байдлыг нь харгалзан үзэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Г.О нь хүнд гэмт хэрэг үйлдсэн, анхан шатны шүүхээс хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Г.О нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ноос 2017 оны 11 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах “Сонголт” группийн байранд үйл ажиллагаа явуулдаг Т.Оийн гар утас засварын газарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч зөөврийн компьютер, гар утас, гар утасны цэнэглэгч, утасны чихэвч зэрэг эд зүйлийг хулгайлж 830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Оийн “...2017 оны 11 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн үед ажлаасаа гарсан, би маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн үед ажил дээрээ ирсэн чинь манай ажлын өрөөний цонх хагарчихсан байсан тэгээд би хулгай орсон байна гэж бодоод цагдаад мэдэгдсэн..., ...Notebook нэг ширхэг, Iphone 5 гар утас 2 ширхэг, S5 гар утас 1 ширхэг, Note2 гар утас 1 ширхэг, F120 гар утас 1 ширхэг, F200 гар утас 2 ширхэг, цагаан өнгийн утас цэнэглэгч 1 ширхэг, гар утасны чихэвч 1 ширхэг эд зүйлс алга болсон байна лээ..., алдагдсан эд зүйлээ бүгдийг буцаан авсан, одоо надад буруутай этгээдээс нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-15-р тал/

Насанд хүрээгүй гэрч *******гийн “...Г.О манай гэрийн гадаа ирж уулзаад явсны маргааш нь надтай дахин ирж уулзаад миний гар утас байгаа юм зарах гэсэн юм, чи зараад өгөөч гэж iphone5 гар утас гаргаж ирээд 55.000 төгрөгөөр зарж гитараа авах гэсэн юм гэсэн. Ингээд би хуучин ангийнхаа Б.Ган-Эрдэнэ гэж хүүхдэд үзүүлсэн чинь авъя гээд авах болж мөнгийг нь аваад Г.Оын гитарыг ломбарднаас авч өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18-р тал/

Насанд хүрээгүй гэрч ******* “...2017 оны 11 дүгээр сарын эхээр найз *******гээс 55.000 төгрөгөөр Iphone5 гар утас худалдаж аваад кодыг нь гаргуулах гээд засварчин дээр ирсэн чинь энэ утас чинь хулгайн утас байна гээд би найз *******гээс худалдаж авсан гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р тал/,

Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн орон тооны бус комиссын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн

Notebook 1ш 250.000

Iphone 5 гар утас 2ш 200.000

S5 гар утас 1ш 50.000

Note2 гар утас 1ш 100.000

F120 гар утас 1ш 60.000

F200 гар утас 2ш 150.000

Утасны цэнэглэгч 1ш 5.000

Гар утасны чихэвч 1ш 15.000 гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 29-30-р тал/ Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар болон анхан, давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 4-8-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих асуудлууд”-ыг хангалттай шалгаж тодруулан Г.Оын үйлдсэн “хулгайлах” гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилжээ.

Дээр дурдагдсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, уг нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч ******* нараас Г.О нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, төгсөх ангийн сурагч тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргажээ.

Г.О нь 18 нас 07 сартай байхдаа Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэргийг үйлдсэн бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэг буюу “Өсвөр насны хүнд хариуцлага хүлээлгэх”, 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэрэгт үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найманд насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Г.От уг бүлгийг хэрэглэн ял оногдуулах боломжгүй юм.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 4-т “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй”, мөн зүйлийн 5-д “Шүүхээс арван найманд насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” хэмээн заасан хэдий ч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлийн 1.5-д заасан сэтгэцийн өвчинтэй холбогдолгүй боловч ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүйн улмаас өөрийнхөө үйлдлийн холбогдлыг бүрэн ойлгож байгаа эсэхэд эргэлзээ төрсөн, уг байдал нь тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон этгээдэд хэрэглэгдэх заалт юм.

Иймд давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хуулийн боломжгүй болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хувийн байдал зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчлан тогтоосон доод хэмжээний хорих ялын хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул Г.Оын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 81 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсон болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.О нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 81 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                 ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                             Н.ЭНХМАА