| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0050/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/54 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/54
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт М-рын Л-д холбогдох эрүүгийн 20100 0000 0002 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч М.Л, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эх, ах, эгчийн хүүхдийн амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дугаар зүйлийн 621.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жил 06 сарын хугацаагаар хойшлуулсныг мөн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай Шүүгчийн захирамжаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жил 06 сарын хугацаагаар хойшлуулсан хугацаанаас үлдсэн 04 сар 01 хоногийн хугацаанаас чөлөөлж шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт М-рын Л- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч М.Л нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн О.А-ын Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж буй “Хаппи резидент” хотхоны А1 блокын 12 дугаар давхарын 2 дугаар айлд байрлан ажиллаж байхдаа мартаж үлдээсэн “Самсунг А51” маркийн гар утсыг олж аван, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 871.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч М.Лхагвын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад одоо нэмж гаргах тайлбар мэдүүлэг байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтээ дэмжиж байна. Хохирогчийн гар утсыг биет байдлаар нь буцаан өгч хохирлыг бүрэн барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 0000 0002 дугаартай хэргээс:
1. Эд зүйл хураан авч, хохирогч О.А-од Samsung A51 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай Мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 07-08х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.А-ын хохирогчоор өгсөн:
“...Би 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Билгүүн Монгол” ХХК-д барилгын туслахаар ажилд орсон. ...Би 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр томилгоот хуваарийн дагуу ээлжит үүрэг гүйцэтгэхээр хотхонд очсон юм. Манай ээлжинд гарах ажилчид үүрэг гүйцэтгэх хугацаанд А блокийн В1 давхарт байрлах Узелийн өрөөнд байдаг юм. ...Тэгээд орой ажлаасаа буугаад харьж явахдаа дуу сонсох гээд цүнхнээсээ гар утсаа хайгаад олоогүй ба ажил дээрээ үлдээсэн байна гэж бодсон.
Маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед ажил дээрээ ирээд урьд нь байрлаж байсан өрөө рүү ороод утсаа хайгаад олоогүй. Цуг ажилладаг Оюунчимэг гэх эмэгтэй надад “А1 блокийн 11 дүгээр давхарын 4 дүгээр айлд байрладаг Л гэх залуу чиний алга болгосон утастай ижил гар утас бариад явж байсныг харсан” гэж хэлэхээр нь би Л гэх залууд “Би Самсунг А51 маркийн гар утсаа алга болгочихлоо, чамайг миний гар утастай адилхан гар утас бариад явж байсныг хүмүүс харсан байна. Миний алга болгосон гар утастай имей код нь тохирч байгаа эсэхийг хармаар байна” гэхэд “би чиний гар утсыг аваагүй, өөрөө Самсунг маркийн хар өнгийн утастай” гэж хэлсэн. ...Би гар утсаа буцаагаад авсан байгаа, надад ямар нэгэн гомдол санал алга.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х, 12х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Нандинбаатарын гэрчээр өгсөн:
“...Л надад “энэ утсыг форматлаад өгөөч” гээд цэнхэр өнгийн Самсунг маркийн утас өгөхөөр нь харсан чинь мэдэхгүй, товчлуургүй утас байхаар нь “би мэдэхгүй утас болохоор чадахгүй юм байна” гэж хэлээд буцааж өгсөн. Ингээд маргааш болоход Л нөгөө Самсунг маркийн цэнхэр артай гар утсыг барьчихсан явж байсан.
...Дараа нь гаднаас нэг хүн орж ирээд “Би хэд хоногийн өмнө алга болгосон юм. Танайд ажиллаж байгаа энэ залуу барьж явсаныг хүмүүс харсан байна” гээд Л руу зааж өрөөгөөр шалгаад яваад өгсөн. ...Тэгэхээр нь энэ аваад нуусан байж магадгүй гэж бодоод хэвтэж байсан газар нь буюу хөөсөнцөрийг нь авч үзэхэд нөгөө цэнхэр өнгийн артай Самсунг маркийн гар утас гараад ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Цэрэнхандсүрэнгийн гэрчээр өгсөн:
“...Л 20 цагийн үед бригадын дарга Нандинбаатар болон Амгаа, Гануух, Оюук нарын дэргэд халааснаасаа Самсунг 51 маркийн цэнхэр өнгийн гар утас гаргаж ирээд “Би Нисэх орж, хамаатны ахтайгаа уулзсан чинь утасныхаа кодыг гаргаж чадахгүй байна. намайг авах уу гэхээр нь би өөрийн 2 утасныхаа нэгийг оронд нь өгөөд дараа нь нэг хонь өгөхөөр тохиролцоод солиод ирчихлээ” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/,
5. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХУ2-20-827 дугаартай:
“...үнэлэгдэж буй Samsung A51 маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 12 сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 871.920 /найман зуун далан нэгэн мянга есөн зуун хорь/ төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 22-23х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Л-ын яллагдагчаар өгсөн:
“...Шалан дээр цэнхэр өнгийн Самсунг 51 маркийн гар утас байхаар нь уг утсыг аваад өөрийн байрлаж байгаа өрөө болох А1 блокны 11 дүгээр давхарын өрөөний хөнжил гудас хийдэг цүнхний урд талын халаас руу хийсэн. ...Ингээд тэр утсанд байсан Юнителийн сим картыг авч хаяаад оронд нь өөрийн 80хххх80 дугаарыг хийсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х/ мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 40х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 44х/, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 52-55х/, мөн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар баримтууд /хэргийн 56-58х/, шүүгдэгч М.Лас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 63х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, хөрөнгө үнэлгээний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн үнэлгээчин гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч О.А- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн баримттай ба шүүгдэгч М.Лас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 63х/ 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг шүүгдэгч М.Лд танилцуулж, эрүүгийн 20100 0000 0002 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Лхагвын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч М.Л нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж буй “Хаппи резидент” хотхоны А1 блокын 12 дугаар давхарын 2 дугаар айлд байрлан ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус байрны 12 дугаар давхрын 4 дүгээр айлд О.А-ын орхиж явсан “Самсунг А51” маркийн цэнхэр өнгийн гар утсыг олж аван, улмаар өөрийн 80хххх80 дугаарын сим картыг хийж ашигласан үйл хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- эд зүйл хураан авсан, Эд зүйл хүлээлгэн өгсөн /хохирогч О.А-од Samsung A51 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн/ тухай Мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 07-08х/,
- хохирогч О.А-ын: “...Би 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр томилгоот хуваарийн дагуу ээлжит үүрэг гүйцэтгэхээр хотхонд очсон юм. Манай ээлжинд гарах ажилчид үүрэг гүйцэтгэх хугацаанд А блокийн В1 давхарт байрлах Узелийн өрөөнд байдаг юм. ...Тэгээд орой ажлаасаа буугаад харьж явахдаа дуу сонсох гээд цүнхнээсээ гар утсаа хайгаад олоогүй ба ажил дээрээ үлдээсэн байна гэж бодсон.
Маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед ажил дээрээ ирээд урьд нь байрлаж байсан өрөө рүү ороод утсаа хайгаад олоогүй. Цуг ажилладаг Оюунчимэг гэх эмэгтэй надад А1 блокийн 11 дүгээр давхарын 4 дүгээр айлд байрладаг Л гэх залуу чиний алга болгосон утастай ижил гар утас бариад явж байсныг харсан гэж хэлэхээр нь би Л гэх залууд “Би Самсунг А51 маркийн гар утсаа алга болгочихлоо, чамайг миний гар утастай адилхан гар утас бариад явж байсныг хүмүүс харсан байна. Миний алга болгосон гар утастай имей код нь тохирч байгаа эсэхийг хармаар байна” гэхэд “би чиний гар утсыг аваагүй, өөрөө Самсунг маркийн хар өнгийн утастай” гэж хэлсэн. ...Би гар утсаа буцаагаад авсан байгаа, надад ямар нэгэн гомдол санал алга.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х, 12х/,
- гэрч Г.Нандинбаатарын: “...Л надад “энэ утсыг форматлаад өгөөч” гээд цэнхэр өнгийн Самсунг маркийн утас өгөхөөр нь харсан чинь мэдэхгүй, товчлуургүй утас байхаар нь “би мэдэхгүй утас болохоор чадахгүй юм байна” гэж хэлээд буцааж өгсөн. Ингээд маргааш болоход Л нөгөө Самсунг маркийн цэнхэр артай гар утсыг барьчихсан явж байсан. ...Дараа нь гаднаас нэг хүн орж ирээд “би хэд хоногийн өмнө алга болгосон юм. Танайд ажиллаж байгаа энэ залуу барьж явсаныг хүмүүс харсан байна” гээд Л руу зааж өрөөгөө шалгаад яваад өгсөн. ...Тэгэхээр нь энэ аваад нуусан байж магадгүй гэж бодоод хэвтэж байсан газар нь буюу хөөсөнцөрийг нь авч үзэхэд нөгөө цэнхэр өнгийн артай Самсунг маркийн гар утас гараад ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,
- гэрч Э.Цэрэнхандсүрэнгийн: “...Л 20 цагийн үед бригадын дарга Нандинбаатар болон Амгаа, Гануух, Оюук нарын дэргэд халааснаасаа Самсунг 51 маркийн цэнхэр өнгийн гар утас гаргаж ирээд “Би Нисэх орж, хамаатны ахтайгаа уулзсан чинь утасныхаа кодыг гаргаж чадахгүй байна. Намайг авах уу гэхээр нь би өөрийн 2 утасныхаа нэгийг оронд нь өгөөд дараа нь нэг хонь өгөхөөр тохиролцоод солиод ирчихлээ” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/,
- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХУ2-20-827 дугаартай:
“...үнэлэгдэж буй Samsung A51 маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 12 сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 871.920 /найман зуун далан нэгэн мянга есөн зуун хорь/ төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 22-23х/,
- Шүүгдэгч М.Лхагвын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 38-39х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно.
Эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэх ба өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж ашигласан шууд санаатай үйлдлийг гээгдэл эд хөрөнгийг завших гэж ойлгох бөгөөд “...гээгдэл эд хөрөнгө,...бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсаныг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан.
Хэргийн нөхцөлд шүүгдэгч М.Л нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж буй “Хаппи резидент” хотхоны А1 блокын 12 дугаар давхарын 2 дугаар айлд байрлан ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус байрны 12 дугаар давхрын 4 дүгээр айлд О.А-ын орхиж явсан “Самсунг А51” маркийн цэнхэр артай гар утсыг олж аван, улмаар уг утас нь бусдын өмчлөл, эзэмшилийнх гэдгийг мэдсээр байж өөрийн 80хххх80 дугаарын сим картыг хийж ашигласан үйлдэл нь “...эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө, ...завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилан тогтоосон.
Хэрэгт шинжээчээр томилогдон ажилласан Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээний 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХУ2-20-827 дугаартай дүгнэлтээр хохирогч О.А-ын гээгдүүлсэн “Самсунг А51” маркийн гар утсыг хэрэг гарсан тухайн цаг үеийн зах зээлийн хандлагын аргаар үнэлж, үнийг 871.920 төгрөг /найман зуун далан нэгэн мянга есөн зуун хорь/ гэж тогтоосон /хэргийн 22-23х/ ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хохирлын бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.
Шүүгдэгч М.Л нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх урьд гаргасан хүсэлтээ дэмжсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч О.А-ын алдагдсан гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан болох нь хохирогчийн “...Би гар утсаа хүлээн авсан, ... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12х/, Эд зүйл хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 7-8х/ баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос М.Лхагвын дээрх гэмт үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.
Иймд шүүгдэгч М.Лхагвыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Л нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 44х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 52-55х/ тус тус авагдсан ба урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм. Тодруулбал: “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасан нөхцөл байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугээ хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй.
Энэ хэрэгт М.Л нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.А- нь “хохирол төлбөр биет байдлаар нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт М-ын Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Л-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Л нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Лд мэдэгдэж анхааруулсугай.
4. Энэ хэрэгт М.Л нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.А- нь “хохирол төлбөр биет байдлаар нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД