| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0027/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/56 |
| Огноо | 2021-01-26 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/56
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Б.С, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн С-т холбогдох эрүүгийн 20100 2083 1039 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, ялыг биеэр эдэлж дууссан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ийн С- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.С нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хххх тоот хашаанд Ц.М-ын эзэмшлийн хххх улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, багажны шил, автомашины 2 ширхэг толь зэргийг хагалж, гэмтээсний улмаас 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг учир дахин нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 2083 1039 дугаартай хэргээс:
1. Хэрэг учрал болсон гэх Хххх тоот хашаанд байрлах хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 08-12х/
2. 13 см өндөртэй, 17 см өргөнтэй, улаан өнгийн тал тоосго 1 ширхэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол /хэргийн 15х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.М-ын хохирогчоор өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б.С манай Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 15-112 тоото хашаанд ирсэн. Тэгээд “хүүхдээ үнсмээр байна” гээд байхаар нь хүүхэд үнсүүлээгүй. Тэрэнд уурлаад хашаанд байсан миний эзэмшлийн хххх улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн машины толийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж хугалаад хашаанд байсан тоосго аваад урд салхины шил болон хойд талын багажны шилийг цохиж хагалчихаад яваад өгсөн. Бид хоёр 2013 онд шүүхээр салсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Бизъяасүрэнгийн гэрчээр өгсөн:
“...Б.С Ц.М-ын улаан өнгийн Приус 30 маркийн автомашинд очиход Ц.М- машинаас буугаад ирсэн. Тэгээд Б.С уг автомашин дотор сууж байсан охин дээрээ очоод хаалгыг нь татаад онгойлгож чадаагүй. Тэгэхэд эргэж хараад “та нар хүүхэд сонин болгосон байна, Энххүслэн намайг хараад уйлаад байна” гэж хэлээд улаан өнгийн Приус-30 маркийн автомашины зүүн талын толийг гараараа цохиж, баруун толийг хөлөөрөө өшиглөх үед би цагдаа дуудах гээд гэртээ орж, утсаа аваад 102 дугаарт дуудлага өгсөн. Тэгээд гэрээс гараад ирэхэд Ц.М-ын автомашины урд салхины шил, арын багажны шилийг хагалаад ...Б.С явсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Сосорбарамын гэрчээр өгсөн:
“...Тэр хоёр хоорондоо ямар нэг зүйл яриад байгаа юм шиг байхаар нь би машины цонхыг онгойлгож яриаг нь сонсоход Б.С “би хоёр хүүхдээ ганц, ганц үнсээд явъя, одоо хөдөө ажлаар яваад сард 1 уулзах 30-ны өдрөө ирж чадахгүй болохоор санах байх” гэж байхаар нь энэ хоёр учраа олох байлгүй гээд утсаа оролдоод машины цонхыг хаагаад сууж байхад гэнэт машины цонх хагарах чимээ сонсогдохоор нь машинаас гараад очиход Ц.М-ын машины урд болон хойд талын цонх нь хагарчихсан, Б.С нилээн бачимдсан байдалтай харагдаж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х/,
6. Хөрөнгө, даатгалын хохирлийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ХУ2-20-746 дугаартай:
“...Иргэн Ц.М-ын хххх улсын дугаартай Toyota Prius 30 маркийн автомашины толь, багажны шил, салхины шил зэрэг хагарч хугарсан гэх эд зүйлс, хохирлын ...зах зээлийн үнийг тогтооход хохирлын дүн нь 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөг...” гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 30-31х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн:
“...Би ял сонсгож, яллагдагчаар татаж байгаа Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Машины шил, толийг би уурандаа улаан өнгийн тал тоосго бариад хагалсан нь үнэн. ...Би буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 57х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 36х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 37х, 68х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 47х/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 50-52х/, Сүхбаатарын Энхриймаа, Сүхбаатарын Энххүслэн нарын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 66-67х/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Сын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хххх тоот дахь хашаанд Б.С нь “хоёр хүүхдээ ганц, ганц үнсээд явъя, одоо хөдөө ажлаар яваад сард нэг уулзах 30-ны өдрөө ирж чадахгүй болох нь” гэхэд ”хүүхэд үнсүүлсэнгүй, уулзуулсангүй” гэсэн тодорхой сэдэлттэй шалтгааны улмаас уурлан бухимдаж, улмаар Ц.М-ын /салсан эхнэр буюу хохирогч/ эзэмшлийн хххх улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн толийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж хугалан, урд салхины шил болон хойд багажны шилийг тоосгоор цохиж хагалсан үйллдлийн улмаас Ц.М-ын эд хөрөнгөд 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгийн хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- хэрэг учрал болсон гэх Хххх тоот хашаанд байрлах хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 08-12х/
- 13 см өндөртэй, 17 см өргөнтэй, улаан өнгийн тал тоосго 1 ширхэгийг хэрэгт Эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол /хэргийн 15х/,
- хохирогч Ц.М-ын: “...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б.С манай Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 15-112 тоото хашаанд ирсэн. Тэгээд “хүүхдээ үнсмээр байна” гээд байхаар нь хүүхэд үнсүүлээгүй. Тэрэнд уурлаад хашаанд байсан миний эзэмшлийн хххх улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн машины толийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж хугалаад хашаанд байсан тоосго аваад урд салхины шил болон хойд талын багажны шилийг цохиж хагалчихаад яваад өгсөн. Бид хоёр 2013 онд шүүхээр салсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/,
- гэрч Ц.Бизъяасүрэнгийн: “...Б.С Ц.М-ын улаан өнгийн Приус 30 маркийн автомашинд очиход Ц.М- машинаас буугаад ирсэн. Тэгээд Б.С уг автомашин дотор сууж байсан охин дээрээ очоод хаалгыг нь татаад онгойлгож чадаагүй, тэгэхэд эргэж хараад “та нар хүүхэд сонин болгосон байна, Энххүслэн намайг хараад уйлаад байна” гэж хэлээд улаан өнгийн Приус-30 маркийн автомашины зүүн талын толийг гараараа цохиж, баруун толийг хөлөөрөө өшиглөх үед би цагдаа дуудах гээд гэртээ орж, утсаа аваад 102 дугаарт дуудлага өгсөн. Тэгээд гэрээс гараад ирэхэд Ц.М-ын автомашины урд салхины шил, арын багажны шилийг хагалаад ...Б.С явсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,
- гэрч З.Сосорбарамын: “...Тэр хоёр хоорондоо ямар нэг зүйл яриад байгаа юм шиг байхаар нь би машины цонхыг онгойлгож яриаг нь сонсоход Б.С “би хоёр хүүхдээ ганц ганц үнсчихээд явъя, одоо хөдөө ажлаар яваад сард нэг уулзах 30-ны өдрөө ирж чадахгүй болохоор санах байх” гэж байхаар нь энэ хоёр учраа олох байлгүй гээд утсаа оролдоод машины цонхыг хаагаад сууж байхад гэнэт машины цонх хагарах чимээ сонсогдохоор нь машинаас гараад очиход Ц.М-ын машины урд болон хойд талын цонх нь хагарчихсан, Б.С нилээн бачимдсан байдалтай харагдаж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х/,
- Хөрөнгө, даатгалын хохирлийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ХУ2-20-746 дугаартай:
“...Иргэн Ц.М-ын хххх улсын дугаартай Toyota Prius 30 маркийн автомашины толь, багажны шил, салхины шил зэрэг хагарч хугарсан гэх эд зүйлс, хохирлын ...зах зээлийн үнийг тогтооход хохирлын дүн нь 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөг...” гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 30-31х/ болон шүүгдэгч Б.Саас мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “эд хөрөнгө гэмтээх” гэж ойлгох ба тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтой байдаг.
Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдэгсэнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна.
Хэрэг гарсан 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хххх тоот дахь хашаанд Б.С нь “хоёр хүүхдээ ганц, ганц үнсээд явъя, одоо хөдөө ажлаар яваад сард нэг уулзах 30-ны өдрөө ирж чадахгүй болох нь” гэхэд нь хүүхдүүдийн эх Ц.М- нь татгалзсанаар ”хүүхэд үнсүүлсэнгүй, уулзуулсангүй” гэсэн тодорхой сэдэлттэй шалтгааны улмаас уурлан бухимдаж, улмаар Ц.М-ын /салсан эхнэр буюу хохирогч/ эзэмшлийн хххх улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн толийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөж хугалах, урд салхины шил болон хойд багажны шилийг тоосгоор цохиж хагалах зэргээр Ц.М-ын эд хөрөнгөд 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Сын гэмт үйлдлийн улмаас хохирогч Ц.М-ын эзэмшлийн хххх улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, багажны шил, автомашины 2 ширхэг толь зэрэг эд хөрөнгө нь хагарч гэмтсэн, автомашины эвдрэл хохирлын үнэлгээг нийт 780.000 төгрөг гэж тогтоосон автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийх эрх бүхий хөрөнгийн үнэлгээчин гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримт гэж шүүх үнэлсэн ба уг үнэлгээний дүн, шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн талаар хэргийн оролцогч талуудаас гомдол гаргаагүй байна.
Иймээс тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг эрх бүхий мэргэшсэн үнэлгээчийн дүгнэлтээр тогтоогдсон “780.000 төгрөг” гэж тодорхойлон тогтоосныг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэсэн ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохиролд хамаарах юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж, мөн энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” гэж мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тухайлан зааж зохицуулсан байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Сыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Хэргийн хохирогч Ц.М- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “...хохирол болох 780.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлснийг хүлээн авсан, цаашид гаргах гомдол саналгүй” тухайгаа хохирогчоор өгсөн мэдүүлэг /хэргийн 17х/ болон хэрэгт бичгээр гаргасан хүсэлтэд /хэргийн 46х/ илэрхийлсэн баримттай байна.
Иймээс шүүгдэгч Б.Сын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.С нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 47х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 50-52х/ тус тус авагдсан ба “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул урьд гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасан зэрэг нөхцөл байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Б.Сүхбатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг тоосгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, энэ хэрэгт Б.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б-ийн С-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ст 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохиролд тооцон шүүгдэгч Б.С нь хохирогч Ц.М-д 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг тоосгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт Б.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.М нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД